Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01296

 

2021           10            28                                          001/ХТ2021/01296

 

“............ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00023 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 385 дугаар магадлалтай,

“............ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

............д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 35,045,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх зээлдэгч ............тай 2017.03.30-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017.09.14-ний өдөр дууссан боловч зээлдэгч ............ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд ............ас 2017.03.30-ны өдрийн 17017 дугаартай зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 16,853,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,192,000 төгрөг нийт 35,045,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд манай эгч С.Амгалан 28-08 дугаартай Тоёота блэйд маркийн автомашин барьцаанд тавьж, “............ ББСБ” ХХК-иас 5,000,000 төгрөгийн зээл авсан, тэгээд эгч гадаад явсан, зээлийн хүү, алданги нь 14,000,000 төгрөг гарсан. Тэгээд би 15,000,000 төгрөг болгож хийнэ гээд зөвшөөрөх үү гэхэд зөвшөөрнө гээд гарын үсэг зурсан. Би 15,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, С.Амгалан эгчийн зээлд тооцуулан төлж, автомашиныг чөлөөлж авсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 онд Барс капитал ББСБ ХХК нь, ............ын төрсөн эгч С.Амгалантай зээлийн гэрээ байгуулж, С.Амгалан нь өөрийн өмчлөлийн 28-08 дугаартай Тоёота блэйд маркийн автомашиныг барьцаанд тавьж, 15,000,000 төгрөгийг авсан байдаг. Ийнхүү зээлээ төлж явсаар 5,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байтал С.Амгалан 2015 онд гадаад явж, тус зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон. Ийнхүү ............ нь төрсөн эгчийнхээ барьцаанд тавьсан автомашиныг барьцаанаас чөлөөлж авах гэтэл шинэ зээлийн гэрээ байгуулах ёстой гээд зээлийн гэрээг байгуулсан байдаг. “............ ББСБ” ХХК нь ............тай 2017.03.30-ны өдөр 17017 дугаартай зээлийн гэрээг байгуулсан, тус зээлийн гэрээтэй хамт 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж ............ын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Баянтуул суурин гудамж 6 дугаар тойрог, 622 тоотод байрлах, нэгж талбарын ............ дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-............дугаартай газар, 623 тоотод байрлах, нэгж талбарын ............ дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-............ дугаартай газар, 624 тоотод байрлах, нэгж талбарын ............ дугаартай газар, 625 тоотод байрлах, нэгж талбарын ............ дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-............ дугаартай газар, 626 тоотод байрлах, нэгж талбарын ............дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-............ дугаартай газар буюу нийт 10,000 м.кв газрыг барьцаанд 18,496,000 төгрөгөөр тавьсан байна. Зээлийн гэрээний дагуу ............ нь дансаар болон бэлнээр 15,000,000 төгрөгийг авч байгаагүй, зээлийн гэрээг байгуулахдаа Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлгийг баримтлан байгуулсан байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн байна. Иймд зээлийн гэрээ нь бодитойгоор хийгдсэн гэх үндэслэлгүй байх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Ийнхүү тус гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй байна. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд 2017.03.30-ны 17017 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2017.03.30-ны өдрийн 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, 5 газрыг барьцаалсан гэрээ хийсэн гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00023 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч ............ас 35 045 000 төгрөгийг гаргуулан ............ ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай ............ын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 333 175 төгрөг, хариуцагчаас төлсөн 250 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 333 175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 385 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна. Иймд хариуцагч С.Батулгаас үндсэн зээлийн 15,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 16,853,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,192,000 төгрөг нийт 35,045,000 төгрөгийг гаргуулан “............ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2014 онд нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК болон хариуцагч ............ын төрсөн эгч С.Амгалан нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн 2808 дугаартай “Тоуоta blade” загварын автомашиныг барьцаанд нь тавьж 5,000,000 төгрөгийг авсан байна. С.Амгалан нь 2015 онд гадаад явснаар зээлийн эргэн төлөлт удааширч, улмаар зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдсээр 14,000,000 төгрөг болжээ. ............ нь төрсөн эгчийнхээ барьцаанд тавьсан машиныг барьцаанаас чөлөөлж авах гэтэл шинээр зээлийн гэрээ байгуулах ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу өөрийнхөө нэрээр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч “............ ББСБ” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээнд зааснаар уг мөнгийг бэлнээр болон дансаар ............д хулээлгэж өгөөгуй болно. Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан 2017.03.31-ний өдрийн зарлагын баримтад зурагдсан гарын үсэг ............ын гарын үсэг мөн болох нь шинжээчийн 55852 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон боловч хариуцагчийн зүгээс тухай үед гарын үсэг зурсанаа санахгүй байгаа талаар тайлбарласнаар дээрх дүгнэлтийг гаргасан. Энэхүү баримтыг үйлдэхдээ “зээлийн гэрээний дагуу бэлнээр олгов” гэж бичүүлсэн атлаа бэлнээр мөнгө өгөөгүй болно. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснийг зөрчиж байх бөгөөд зээлийн гэрээ нь байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК нь хариуцагч ............ыг тус зээлийг аваагүй, эгчийнхээ зээлийг чөлөөлөхийн тулд зээлийн гэрээг байгуулсан хэмээн тайлбар өгсөөр байтал анхан шатны шүүх ............ыг зээл авсан мэтээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасны дагуу 17017 тоот зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. Гэтэл “............ ББСБ” ХХК нь 17017 тоот зээлийн гэрээний 2.1.3-д заасан “3ээлдэгчийн ... дансанд бүхэлд нь хэсэгчлэн, бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэсэн заалтын дагуу ............д 15,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй болно. Иймд шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК нь хариуцагч ............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,045,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь 2017.03.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээний дагуу үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжтой тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2017.03.30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “............ ББСБ” ХХК нь 15,000,000 төгрөгийг, сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, ............ нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон, 2017.03.31-ний өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн баримт байх боловч хариуцагч нь эгч Амгалангийн зээлд барьцаалсан машиныг авахын тулд зээлийн гэрээг байгуулсан, уг мөнгийг Амгалангийн зээлд тооцсон, бодит байдалд зээл аваагүй гэж маргажээ. /хх-ийн 11-12, 63-67-р тал/

Маргааны үйл баримтын талаар шүүх хуралдаан дээр тодруулсан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Амгалан зээлтэй байсан, хариуцагч нь барьцааны зүйл болох машиныг чөлөөлөхийг хүсч, зээлийн гэрээ байгуулсан, гэрээгээр авсан 14 сая гаруй төгрөгийг Амгалангийн зээлд төлөөд үлдэх мөнгийг өөрөө авч ашигласан талаар тайлбар гаргаснаас үзвэл маргааны үйл баримт тодорхой болсон байна.

Эрх зүйн харилцааг үүсгэхэд чиглэсэн талуудын хүсэл зоригийн тохиролцоо нь гэрээ  бөгөөд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тооцогддог. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Зээлдэгч нь зээл авах хүсэл зорилгогүйгээр барьцааны зүйлийг чөлөөлж авах зорилгоор, зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу шилжүүлсэн зээл өөр этгээд буюу Амгалангийн зээлийн төлбөрт төлөгдөж, барьцааны зүйлийг нь өгч байгаа зээлдүүлэгч “............ ББСБ”-ын үйлдлээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх гэрээний агуулгыг бус хэлбэрийг илүү анхаарсан нь хууль хэрэглээний алдаатай болсон байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл “...зээл авах хүсэл зориг байгаагүй, эгч Амгалангийн зээл 5,000,000 гаруй төгрөг байхад зээлдүүлэгч нь зээлийн гэрээ байгуулахыг шаардсан, мөнгийг аваагүй...” гэсэн агуулгатай байгаа нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бус харин хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гэж үзэхээр байх ба сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хангах үндэслэлтэй байжээ. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгждэггүй, салгаж үл болох эрх бөгөөд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг тул хариуцагч нь 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Шүүхийн шийдвэр, магадлалд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 385 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ............ас 35,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10, 56.2-т заасныг баримтлан “............ ББСБ” ХХК, ............ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч ............ас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-д олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...хариуцагч ............ас 333,175 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун далан таван/ төгрөгийг” гэснийг “хариуцагч ............ас 232,950 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 333,175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД