| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/220 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч У.Анхжаргал нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бунд Тавнан овогт Наранхүүгийн Чд холбогдох эрүүгийн 2202007220018 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бунд Тавнан овогт Наранхүүгийн Ч, /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, “Тэрра мэд” ХХК-д эмч төлөөлөгч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өнөр” хороолол 9-122 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай ногоон өнгийн өвс мэт нунтаг 81,6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биед авч явж хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Н.Ч нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Ч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай ногоон өнгийн өвс мэт нунтаг 81,6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биед авч явж хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
Шүүгдэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2016 онд хэрэглэж үзсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр мэлхий хадны эсрэг талд байрлах ургамал ургаж байгааг нь хараад түүсэн. Тухайн өвсний талаар интернэт орчноос мэдээлэл авч зургийг нь харж байсан болохоор төстэй харагдаад байхаар нь түүж аваад тэгээд Улаанбаатар хотод авч ирээд өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо 9-12 тоотод хатаагаад өөрөө хэрэглэж байсан. Тэгээд би өөрийн хэрэглэж байсан өвснөөс үлдсэн өвсийг биедээ авч явж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Би өөрийн хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5752 дугаартай дүгнэлтэд:
Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Н.Ч УП99062714 2022.11.14” гэсэн хаягтай шээснээс Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх /хавтаст хэргийн 47-50-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5780 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс “дельта-9” тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илэрсэн. “2” гэж дугаарласан гялгар ууттай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цааснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 81,6 гр байсан ба 0,1 гр-г шинжилгээнд зарцуулав..." гэх /хавтаст хэргийн 40-43 дугаар тал/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1188 дугаартай дүгнэлтэд:
Н.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Н.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Н.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Ч нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Н.Ч нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. Н.Ч нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх баримт, шинж үгүй байна...” гэх /хавтаст хэргийн 55-56-р тал/,
зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай ногоон өнгийн өвс мэт нунтаг 81,6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биед авч явж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч Н.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай 90 грамм өвс мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тунгалаг цаас зэргийг устгаж,
Зиплок түгжээтэй гялгар уутанд хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бунд Тавнан овогт Наранхүүгийн Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тунгалаг цаас зэргийг устгаж, Зиплок түгжээтэй гялгар уутанд хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД