Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

  2023        03            21                                    2022/ШЦТ/96

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Т.Д

Хохирогч Б.Д

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жд холбогдох эрүүгийн 2325000000048 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

  Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 9-16 тоотод хохирогч Б.Дтой “хүн мэнд мэдэж байхад хүнтэй мэндэлсэнгүй, хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн толгойн хэсэгт хоолны төмөр хусуураар цохиж эрүүл мэндэд нь духанд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

   

            -шүүгдэгч С.Жы мэдүүлсэн: Энэ хүнийг цохисон нь үнэн. Миний буруу. Манай дүүтэй хамтран амьдарч гэрт нь байсан хүн юм билээ. Биднийг ороод сууж байхад энэ хүн гаднаас орж ирсэн ба мэндлэхэд дуугарахгүй байсан. Тэгээд маргаан эхэлсэн. Тэгээд элдэв өнгөөр хэлэхээр нь барилцаж авсан. Хусуураар нэг цохисон гэх мэдүүлэг

-хохирогч Б.Дын мэдүүлсэн: Энэ хүн миний толгой руу цохисон. Толгой өвддөг болсон. Хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

 

2325000000048 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч Б.Дын мэдүүлсэн ...Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ын өдөр хамтран амьдрагч Аын гэрт байж байгаад хашаанаас гарч зайдуу явж морио харчихаад буцаад 15 цаг өнгөрч байхад тэднийд очсон. Тэгэхэд Аынд манай найз Лхагва, Аын ах нь гэх нэг ах эхнэртэйгээ ирчихсэн байсан. Намайг гэрт оронгуут тэр ах шууд намайг заамдаж аваад “чи яасан овоо гар вэ, энэ гэрт байгаад байдаг, энэ чинь манай ээжийн гэр” гэж хэлээд гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгсэнээ морины тэжээлийн саванд байсан хоолны төмөр хутгуурийг авч миний толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл миний толгойноос цус гарч эхэлсэн юм. Тэгээд тэнд байсан хүмүүсээс эмнэлэг, цагдаа дуудсан. Ингээд цагдаа түрүүлж ирсэн бөгөөд араас нь түргэн ирсэн. Тэгээд би эмнэлэг явж толгойдоо оёдол тавиулсан юм. Миний хувьд тэр ахыг болон өөр хэн нэгнийг цохиж зодоогүй ээ. Тэр ах яагаад намайг цохисныг мэдэхгүй байна, бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй юм. Би тэр ахыг танихгүй бөгөөд анх удаа л харсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан.гэх мэдүүлэг /хх-н 12-р тал/

 

-гэрч Ө.Аийн мэдүүлсэн ... Ингээд байж байтал гаднаас мөн нэг танихгүй залуу нь ганцаараа орж ирсэн бөгөөд тэрээр чимээгүй утсаа оролдоод зогсоод байсан. Тэгээд манай ах түүнтэй 2 удаа сайн байна уу гээд мэндлэхэд тэрээр дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан “хүн мэндэлж байхад дуугардаггүй юм уу, хүү минь” гэхэд та нартай дуугарах шаардлага байхгүй, та нар юу юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл манай ах би Аын төрсөн ах нь байна гэж хэлсэн, би ч бас өөрийгөө төрсөн эгч нь байна гэж хэлсэн юм. Тэгтэл тэр залуу “сайн байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “чи хүнтэй зөв мэндэлж болдоггүй юм уу” гэхэд өөдөөс хэрүүлийн чанартай үг хэлээд байсан. Ах маань ч гэсэн бид нар эхийнхээ гал голомт дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Ах тэгээд тэр залууд хандан “та нар яагаад архи уугаад, энүүгээр байгаад байдаг юм бэ” гэтэл тэр залуу “би танай дүүг тэжээж байгаа” гэж хэлсэн. Ах тэгтэл тэр залууд хандан “би чамайг энд байлгамааргүй байна” гэж хэлтэл би түлээ модыг нь бэлдсэн гээд загнаад хашгичаад байсан. Тэгээд ах руу дайраад давшилаад байхаар нь би өөрийнхөө дугаараас цагдаад дуудлага өгсөн юм. Тэгтэл тэр залуу улам л аймаар хараалын үг хэлээд хашгираад байсан. Тэгээд тэр залуу гараад зугтах гээд гэрээс гарахаар нь байж бай гээд буцаад гэр лүү оруулсан юм. Тэр залуу гэрт орсоноо ах руу олон удаа нулимаад, салаавч гаргаад байсан. Ах тэгтэл уурлаад босож ирсэн бөгөөд би түүнийг хэрэггүй ээ гэж хэлсэн. Тэгээд ах гэрээс гарах гээд алхаж байтал нөгөө залуу нэг үг хэлсэн бөгөөд ах тэгтэл уурлаад хаалганы хажууд байсан төмөр хоолны хусуур аваад тэр залуугийн толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл тэр залуу толгойг минь хагалчихлаа гэж хэлсэн бөгөөд түүний толгойноос цус гарч байсан. Тэгэхээр нь би ахыг гадаа гаргасан. Ингээд би буцаж ороод тэр залуугийн цусыг цэвэрлэе гэтэл намайг ойртуулахгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би орон дээр сууж байтал тэр залуу ирсэнээ миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Би тэгэхээр нь орилоод унасан бөгөөд тэгтэл тэрээр миний баруун гуя руу нэг удаа өшиглөсөн. Энэ үед хажууд манай дүү А байсан юм. Тэгээд би ахад битгий хэлээрэй гэж хэлээд гадаа гарсан...манай дүүгийн хамтран амьдрагч Д гэх залуу бөгөөд би анх удаа л харсан юм. Ах бид хоёрын очсон шалтгаан гэвэл манай дүүгийнд тэр залуу нь архидаад тэгээд дүүг болон хүүхдийг нь хэл амаар доромжлоод цохиж зодоод байхаар нь уулзах гэж очсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Т.Агийн мэдүүлсэн:...Тэр өдөр би найз Дын хамтран амьдрагчийнх гэх нэг байшинтай айлд ганцаараа очсон юм. Тэгтэл Д түүний хамтран амьдрагч эмэгтэй, мөн тэр эмэгтэйн ах нь гээд гурвуулаа байсан юм. Намайг цай уух зуур Д нь морио усалчихаад ирье гээд ганцаараа явсан юм. Тэгээд байж байтал хамтран амьдрагчийнх нь ах нь гэх нэг ах, бас нэг эгчийн хамт 2-уулаа орж ирсэн юм. Тэгтэл удалгүй гаднаас Д орж ирээд моринд хоол өгдөг саванд хивэг хийх гэж байтал тэр ах Дод хандан “чи яахаараа хүнтэй мэндэлдэггүй юм бэ” гэтэл Д өөдөөс нь би яахаараа танихгүй хүнтэй мэндэлдэг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэр чи миний дүүгийн гэрээс гар, энд байх шаардлагагүй гэж хэлээд босож ирээд Дтой барьцалдаж авсан. Тэгээд тэр ах тэнд орчимд байсан төмөр хусуур шиг төмрийг авч Дын толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл Дын толгой хагарч цус гарч эхэлсэн. Тэгээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа болон түргэн ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаартай ...Б.Дын биед духанд зүүн талд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүр, цээж, баруун өгзөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Баруун нүдний зовхи, цээж, хэвлийн цус хуралтаас бусад гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн:..Хохирогчийн духанд үүссэн зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун өгзөгт үүссэн зөөлөн эдийн цус хуралтууд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 30-нд үүссэн байж болно. Бусад гэмтэл болох баруун нүдний дээд зовхи, цээж хэвлийн зөөлөн эдийн цус хуралт нь өнгөний хувирлын байдлаас үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байж болох гэмтлүүд байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

-Шүүгдэгч С.Жы яллагдагчаар мэдүүлсэн:... Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүү Алтанцэцэгийн хамт дүү Аын гэрт очсон юм. Тэгэхэд тэднийд А, мөн манай төрсөн дүү Б, мөн танихгүй нэг залуу нар байсан. Б намайг харчихаад гэрээс гараад явчихсан юм. Би тэгээд тэр залуутай ойр зуурын юм ярилцсан бөгөөд тэр залуу өөрийгөө хотоос ирсэн, энд 2 хоног архи ууж байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас нэг залуу орж ирсэн бөгөөд би түүнтэй мэндлэхэд тэрээр дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би ахин мэнд мэдэхэд дуугарахгүй байхаар нь би түүнд хандан “чи хэнийд орж ирчихээд яагаад байгаа юм бэ” гэтэл тэр залуу “битгий хуц чи, чамд ямар хамаатай юм, чи юу юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн эзэн нь байна гэтэл тэрээр уурлаад над руу салаавч гаргаад, намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь “та нар дүүгийн шар /үхэр/ авчирч мод зөөлгөчихөөд алга болгочихоод” гэж хэлтэл тэрээр чи намайг хулгайч гэлээ гээд байсан. Тэгсэнээ тэр залуу над руу давшилсаар байгаад миний нүүрэн дээр салаавч өгөөд байхаар нь миний уур хүрч зуухны хажууд байсан модон хоолны хусуур авч тэр залуугийн толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл тэр залуу намайг заамдаж аваад бид 2 гадаа гарсан. Тэр залуу тэгтэл гараараа миний толгой руу 3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг цааш нь түлхээд салсан юм. Ингээд байж байтал Алтанцэцэг дүү маань аллаа гээд гэрээс хашгираад гараад ирсэн бөгөөд тэгтэл Аптанцэцэгийн толгой нь хавдсан байсан. Аптанцэцэг хэлэхдээ надтай маргалдсан тэр Д гэх залуу Аптанцэцэгийг цохисон гэж хэлсэн юм. Ингээд байж байтал цагдаа ирсэн бөгөөд бид нар хамтдаа эмнэлэг явсан. Миний хувьд тэр Д гэх залууг танихгүй бөгөөд тэр өдөр л харсан. Тэрээр миний төрсөн дүү Атай хамтран амьдраад байна гэж л ойлгосон. Тухайн үед би эрүүл байсан бөгөөд харин Доос архи үнэртэж байсан юм. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд түүний биед учирсан гэмтлийг би хоолны хусуураар 1 удаа цохиж учруулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүдэгч С.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 9-16 тоот өөрийн төрсөн дүү болох С.Аын гэрт байхдаа хохирогч Б.Дтой үл ойлголцон маргаж улмаар хүн мэнд мэдэж байхад хүнтэй мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн толгойн хэсэгт хоолны хусуураар цохиж эрүүл мэндэд нь“духанд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.Жы цохисон үйлдлийн улмаас Б.Дын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Дын...Тэгснээ морины тэжээлийн саванд байсан хоолны төмөр хутгуурийг авч миний толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл миний толгойноос цус гарч эхэлсэн юм. Тэгээд тэнд байсан хүмүүсээс эмнэлэг, цагдаа дуудсан... гэх мэдүүлэг, гэрч Ө.Аийн... Тэгээд ах гэрээс гарах гээд алхаж байтал нөгөө залуу нэг үг хэлсэн бөгөөд ах тэгтэл уурлаад хаалганы хажууд байсан төмөр хоолны хусуур аваад тэр залуугийн толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл тэр залуу толгойг минь хагалчихлаа гэж хэлсэн бөгөөд түүний толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Агийн:.. Тэгтэл тэр чи миний дүүгийн гэрээс гар, энд байх шаардлагагүй гэж хэлээд босож ирээд Дтой барьцалдаж авсан. Тэгээд тэр ах тухайн газрын орчимд байсан төмөр хусуур шиг төмрийг авч Дын толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл Дын толгой хагарч цус гарч эхэлсэн... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаартай ...Б.Дын биед духанд зүүн талд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүр, цээж, баруун өгзөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч С.Жы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хөнгөн хохирол гэмтэл учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч С.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 9-16 тоотод хохирогч Б.Дтой .... хүн мэнд мэдэж байхад хүнтэй мэндэлсэнгүй, хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн толгойн хэсэгт хоолны төмөр хусуураар цохиж эрүүл мэндэд “духанд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт  гаргажээ.

Шүүгдэгч С.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болж байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

-2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

        шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд: Ахмад хүнтэй мэндлэх, хүндэтгэлтэй хандаж харьцах ёс суртахууны хэм хэмжээг хохирогч зөрчиж маргаан үүсгэснээс шалтгаантай гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ