| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/97 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/97
2023 03 21 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нд холбогдох эрүүгийн 2523000000070 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сум Халиун баг Ар булаг гэх газарт ойд хууль бусаар 1.32 метр куб хуурай, нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 424,910 төгрөгийн хохирол учруулсан,мөн өдрөө үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 1.32 метр куб хуурай, нойтон шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Г.Сын эзэмшлийн 49-17 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн автобусны эцсийн буудал хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Т.Нн мэдүүлсэн: Хүлээн зөвшөөрч байна.Звшөөрөл аваагүй ургаа мод бэлдсэн. Хохирол төлнө гэх мэдүүлэг,
-23250000000070 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд/...тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх 4917 СҮА улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийн кабин дотор ачаатай байх мод/ үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р тал/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтийг/ Т.Нгээс хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө/ хүлээн авсан тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 13-14-р тал/
-Эд мөрийн баримтаар, шинэс төрлийн мод 25 ш, 1.5 метрийн дундаж урттай, хуурай, нойтон 1.32 шоо метр шинэс мод, 0021811 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, цагаан цэнхэр өнгө хосолсон цахилгаан хөрөө 1 ширхэгийг тооцох тухай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-р тал/
-Сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 17-21-р тал/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26-29-р тал/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/иргэний нэхэмжлэгч Г.Саас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөнгар утасны чат/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-31-р тал/
-иргэний нэхэмжлэгч Я.Аын мэдүүлсэн....Намайг сумын Засаг даргын орлогчоос тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон бөгөөд би яг ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан буруутай этгээдээр ойг санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багт “Ар булаг” гэх газар байдаг бөгөөд тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичгийг хариуцсан байгаль орчны улсын байцаагч олгоно гэсэн заалт байдаг. Тиймээс миний бие олгоно гэсэн үг. Надаас эрхийн бичиг аваагүй, би олгоогүй. Эрхийн бичиг авсан хүмүүсийн нэг хувь нь надад үлдэж, би архивт өгдөг юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
-иргэний нэхэмжлэгч Г.Сын мэдүүлсэн:...Ингээд саяхан Ц гэдэг хүний дүү миний машиныг унаж яваад цагдаад баригдсан талаар мэдсэн. Ц гэх хүн бид хоёр яг наймаа хийж тэрээр надад мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд тус машин нь миний машин байгаа юм. Одоо би тус машиныг авахдаа эзэнтэй нь чатласан чатаа гаргаж өгнө, харин өөр хүнээс төлбөрийг нь шилжүүлсэн тул мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байна.Би одоо машинаа авчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүй байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/
-гэрч Д.Нийн мэдүүлсэн...2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21 цаг 05 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн эцсийн буудал дээр эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед Эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Жамсранжав нь хулгайн мод тээвэрлэсэн 49-17 СҮА дугаарын пажеро маркийн тээврийн хэрэгсэл явж байна гэсэн мэдээллийн дагуу Эрдэнэ багийн эцсийн буудал дээр тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Түмэндэмбэрэл овогтой Н /ГА90061771/ нь 8 ширхэг мод уулнаас бэлтгэн кабиндаа ачиж явсныг шалгаж Цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд х/ч Г.Жамсранжавын хамт хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/
-гэрч А.Хын мэдүүлсэн:...2022 оны 12 дугаар сарын эхээр би зүс таних эгч Болормаагийн хүү Самбуунямтай тэдний идшэнд хамт явсан юм. Тэгэхэд Самбууням нь ийм машин авсан гээд 49-17 СҮА улсын дугаартай Мизубиши Пажеро загварын машинтай явсан юм. Би тухайн үед Орхон аймагт авга эгч Мягмарсүрэнгийн гэрт түр амьдарч байсан. Идэшнээс ирсэнээс хойш хэд хоногийн дараа Самбууням нь Мягмарсүрэн эгчийн гэрийн гадаа ирээд энэ машин маань хүч алдаад явахаа байчихлаа, хашаа руу чинь оруулаад орхичихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч Самбуунямын 49-17 СҮА улсын дугаартай Мизубиши Пажеро загварын машиныг Мягмарсүрэн эгчийн хашаанд оруулж тавиулсан юм. Түүнээс хойш би 3 хоногийн дараа одоогийн малыг нь маллаж буй айл руу туслах малчинаар явсан бөгөөд би явахдаа Мягмарсүрэн эгчид хандан “энэ муу машин шүү, битгий Нгээр унуулаарай” гэж хэлчихээд явсан юм. Н нь тухайн үед байхгүй байсан бөгөөд Мягмарсүрэн эгчийн хүү нь Н байгаа юм. Би Мягмарсүрэн, Н нарт тухайн машиныг хүнийх ч гэж хэлээгүй өөрийнхөө ч гэж хэлээгүй явчихсан юм. Тэгээд явсан хойгуур нь тухайн машиныг Н нь миний машин гэж бодоод унаж яваад ийм асуудалд орсон байсан. Тухайн машин нь минийх биш Самбуунямынх юм. Миний жинхэнэ нэрийг Хүрэлбаатар гэдэг боловч багаас минь Зэгмээ гэж дууддаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/
-Орхон аймгийн сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай... Орхон аймгийн Цагдаагийн газрын хашаанд байгаа 1.32 кубметр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход, Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 424,910 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх- ийн 53-54-р тал/,
-“А” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ОРА 10011280 дугаартай“... Ш.Хүрэлбаатарын эзэмшлийн 49-17 СҮА улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 1999 онд Монгол улсад орж ирсэн Pajero маркийн автоамшины өнгө үзэмж, техникийн байдал, норм үнийг 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 65-67-р тал/,
-“А” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ОРХ/5650 дугаартай бензин хөдөлгүүрт цахилгаан хөрөөний үнэ 60,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 70-72-р тал/
-Шүүгдэгч Т.Нн яллагдагчаар мэдүүлсэн... Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үеэл ах Цгийн 49-17 СҮА улсын дугаартай Мизубиши Пажеро маркийн машинтай гэрээсээ Булган аймгийн Орхон сумын Халиун баг руу явж “Ар булаг” гэх газраас 2 ширхэг мод босоогоос хөрөөдөж унагаан тайрч бэлтгэн машиндаа ачсан юм. Тэгээд модоо аччихаад Орхон аймаг руу гэр лүүгээ явсан бөгөөд Эрдэнэ багийн эцсийн автобусны буудлын орчимд цагдаагийн шалгалттай таарч баригдсан юм. Миний хувьд мод бэлтгэх болон тээвэрлэх ямар нэг зөвшөөрөл, гоожин аваагүй байсан учир намайг саатуулсан юм. Би модонд явахдаа ганцаараа явсан бөгөөд мод тайрч бэлтгэсэн цагаан, цэнхэр өнгө хосолсон хужаа хөрөөгөө би цагдаад гаргаж өгч хураалгасан юм. Анх би модонд явсан газраа мэдэхгүй байсан бөгөөд сүүлд намайг цагдаа авч явж мод бэлтгэсэн газрыг маань заалгахад Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багийн нутаг Ар булаг гэх газар байсан юм. Манай гэр түлээгүй болчихоод би аргагүйн эрхэнд модонд явсан юм. Тус 49-17 СҮА улсын дугаартай Мизубиши Пажеро маркийн машиныг манай хашаанд 2022 оны 12 дугаар сард Цэгмаа ах авчираад үлдээчихсэн байсан бөгөөд би тус машиныг унаж модонд явахдаа Цэгмаа ахаас зөвшөөрөл аваагүй унаж явсан юм. Сүүлд машины үнэлгээг гаргахад Цэгмаа ах тус машиныг Дундговь аймгийн нэг хүнээс л худалдаж авсан болохыг мэдсэн бөгөөд төлбөрийг нь Эрдэнэтийн нэг эгчээс зээлж авч өгсөн гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сум Халиун баг Ар булаг гэх газрын ойд 1.32 метр куб хуурай, нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, мөн өдрөө уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Г.Сын эзэмшлийн 49-17 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн автобусны эцсийн буудал хүртэл тээвэрлэж байгаль орчинд 424,910 төгрөгийн шууд хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллгааны тэмдэглэл, гэрэл зураг,эд мөрийн баримтаар бэхжүүлсэн тогтоол,хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сум Халиун баг Ар булаг гэх газрын ойд 1.32 метр куб хуурай, нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 424,910 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдрөө гарал үүслийн гэрчилгээгүйгээр Г.Сын эзэмшлийн 49-17 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн автобусны эцсийн буудал хүртэл тээвэрлэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.5 дахь хэсэгт заасан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл болох нь,
-хохирогчийн төлөөлөгч Я.Аын мэдүүлсэн... Намайг сумын засаг даргын орлогчоос тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон бөгөөд би яг ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямарч байсан буруутай этгээдээр ойг санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг, гэрч Д.Нийн:... цагдаагийн хошууч Г.Жамсранжав нь хулгайн мод тээвэрлэсэн 49-17 СҮА дугаарын пажеро маркийн тээврийн хэрэгсэл явж байна гэсэн мэдээллийн дагуу Эрдэнэ багийн эцсийн буудал дээр тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Түмэндэмбэрэл овогтой Н /ГА90061771/ нь 8 ширхэг мод уулнаас бэлтгэн кабиндаа ачиж явсныг шалгаж Цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд х/ч Г.Жамсранжавын хамт хүлээлгэн өгсөн.. гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч Т.Нн яллагдагчаар мэдүүлсэн”... Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үеэл ах Цгийн 49-17 СҮА улсын дугаартай Мизубиши Пажеро маркийн машинтай гэрээсээ Булган аймгийн Орхон сумын Халиун баг руу явж “Ар булаг” гэх газраас 2 ширхэг мод босоогоос хөрөөдөж унагаан тайрч бэлтгэн машиндаа ачсан юм. Тэгээд модоо аччихаад Орхон аймаг руу гэр лүүгээ явсан бөгөөд Эрдэнэ багийн эцсийн автобусны буудпын орчимд цагдаагийн шалгалттай таарч баригдсан юм. Миний хувьд мод бэлтгэх болон тээвэрлэх ямар нэг зөвшөөрөл, гоожин аваагүй байсан учир намайг саатуулсан юм....гэх мэдүүлэг,эд зүйлд үзлэг хийсэн,хураан авсан тэмдэглэл,гэрэл зураг,мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл,гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Н нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.2-д “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар... энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ... Миний хувьд мод бэлтгэх болон тээвэрлэх ямар нэг зөвшөөрөл, гоожин аваагүй. Манай гэр түлээгүй болчихоод би аргагүйн эрхэнд модонд явсан юм. Тус 49-17 СҮА улсын дугаартай Мизубиши Пажеро маркийн машиныг манай хашаанд 2022 оны 12 дугаар сард Цэгмаа ах авчираад үлдээчихсэн байсан бөгөөд би тус машиныг унаж модонд явахдаа Цэгмаа ахаас зөвшөөрөл аваагүй унаж явсан юм...гэж мэдүүлсэн ба үйл баримтын талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сум, Халиун баг, Ар булаг гэх газарт ойд хууль бусаар 1.32 метр куб хуурай, нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 424,910 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдрөө үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 1.32 метр куб хуурай, нойтон шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Г.Сын эзэмшлийн 49-17 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн автобусны эцсийн буудал хүртэл тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 1,274,730 төгрөг гаргуулах үндэслэлтэй.Хуульд заасан зөвшөөрөл аваагүй бэлтгэсэн тул гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллах дүгнэлт ойлгомжгүй байна.Яллагдагч ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.Хуурай ,нойтон мод нь тус тус хэдэн шоо метр болохыг тогтоогоогүй.Гэрэл зургаас харахад зарим мод нь өмхөрсөн мод байна.Ойн санд ямар хохирол учирсан юм бэ.Байгаль орчинд ямар нэг ашигтай байдалгүй ,ашиглагдах боломжгүй түлшний мод тайрснаар ямар хор уршигтай юм бэ.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд бодит хохирол учраагүй,гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна.Үндсэн хохиролыг төлсөн байгаа гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
“Ойн тухай” хуульд ойгоос мод бэлтгэх,ойг арчлах цэвэрлэх үйл ажиллагаа, ойд хориглох үйл ажиллагааны талаар заахдаа ... уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх” гэж,
29 дүгээр зүйлийн 29.1.7-д “...иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах”-ыг хориглох” гэж,
35 дугаар зүйлийн 35.1.Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолтоор мод бэлтгэж болно: 35.1.1.ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны;
35.1.2.түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний;
35.1.3.нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын.
35.2.Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.
35.3.Зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно.
35.4.Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааж, хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд, ойгоос ямар ч төрлөөр мод бэлтгэх үйл ажиллагаа нь зөвхөн зохих байгууллагын зөвшөөрөл,гэрээний үндсэн дээр хийгддэг ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Ойн тухай хуулийн 3.1.7-д "ойн экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг”гэж заасан ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд” ...1,32 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод,түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож,экологи эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 424,910 төгрөгөөр тогтоов”гэж үндэслэсэн ба түлээ/хуурай/1,0 мкуб 168,655 төгрөг, түлээ/нойтон/ 0,32 м куб 256,255 төгрөг гэж ялгаж шүүгдэгчийн бэлдсэн модны нийт үнэлгээг түлшний модны үнэлгээ тогтоох журмаар гаргасан тул хохиролын үнэлгээний хувьд эргэлзэх зүйлгүй байна.
Ойн тухай хуулийн 3.1.4-д "ашиглах нөөц" гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг; 3.1.9-д "ойг хамгаалах" гэж ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг;3.1.10-д "ойг ашиглах" гэж ойн сангаас зохих журам, заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг; 3.1.11."ойн баялаг" гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг”гэж тус тус заасан ба,
экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр, ойн баялагийн даацад тохируулан тодорхой хугацаанд,ойн нөөцийг ашиглаж, зөвшөөрөлгүй, гэрээгүй ойн сангийн нөөцийг ашиглах боломжийг хуулийн зохицуулалтаар хааж хамгаалахаар хуулиар зохицуулсан тул,
“ойн санд байгаль орчинд ямар нэг ашигтай байдалгүй,ашиглагдах боломжгүй мод байдаг,тэдгээрийг хэрэглээний буюу түлшний зориулалтаар ашигладаг, байгаль орчинд ямар нэг хор уршиггүй” гэж ойлгож тайлбарлах нь хуулийг буруу ойлгоход хүргэж болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан ба шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж ойн санд хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, ойн санд учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 1,274,730 төгрөг гаргуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 1.32 куб метр 25 ширхэг хуурай, нойтон шинэс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох,машины үнийг гаргуулж улсын орлого болгох саналтай гэж
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй,төлбөрийн чадваргүй иргэн тул улсын өмгөөлөгч өмгөөлж байгааг анхаарна уу.Торгох ялыг биелүүлж чадахгүйд хүрэх тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу.Хохирол төлсөн тул машины үнээс хасаж тооцно уу гэж тус тус санал гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. .
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Т.Н нь ойгоос 1.32 куб метр мод бэлтгэж ойн санд 424910 төгрөгийн шууд хохирол учруулсан талаар хохирогчийн төлөөлөгч мэдүүлэхдээ... хохирогчоор тогтоогдон оролцож байна байгаль орчинд учирсан хохирол болох 424,910 төгрөгийг нэхэмжилж байна...гэж, улсын яллагч “...учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хохирлыг 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 1,274,730 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно”, 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж зааснаас үзвэл, нөхөн төлбөрийг улсын байцаагч оногдуулах бөгөөд улсын байцаагчийн актыг үндэслэн шүүх гаргуулж болно. Гэтэл шүүгдэгч Т.Н байгаль орчинд учруулсан хохиролд улсын байцаагч нөхөн төлбөр тавьсан эсэх нь тодорхойгүй, баримт авагдаагүй, хохирогчийн төлөөлөгч мөн нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгчээс шууд учруулсан хохирол 424,910 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгч хохиролыг бүрэн төлсөн байна.
Харин улсын байцаагчийн нөхөн төлбөр оногдуулах эрх нь нээлттэй хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулна“ гэж заасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, Орхон аймгийн Байгаль аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж буй 1.32 мкуб хэмжээтэй 25 ш хуурай, нойтон шинэс модыг улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр хүний эзэмшлийн хөрөнгө болох нь баримтаар тогтоогдсон тул хөрөнгийн шинжээчийн тогтоосон машины үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй ба ингэхдээ шүүгдэгчийн төлсөн хохиролын 429110 төгрөгийг хасаж зөрүү 1,070,890 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Тийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1.32 кубм хэмжээтэй 25 ширхэг хуурай, нойтон шинэс модыг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгнөөс байгаль орчинд учруулсан хохиролд төлөгдсөн 429,110 төгрөгийг хасаж, 1,070,890 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ