Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

  2022        03           22                                    2022/ШЦТ/98

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Ж.Б

Хохирогч Д.Д

Шүүгдэгч П.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Лд холбогдох эрүүгийн 2325000000080 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Пгийн Л нь 2023 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, Хөтөлийн 2-17 тоот хашаанд байрлах байшинд хохирогч Д.Дг зодох гэж байсан иргэн Б.Быг өмгөөлсөн шалтгаанаар нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч П.Лын мэдүүлсэн: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тэр залууг нэг алгадаад Дг нэг алгадсан гэх мэдүүлэг

-хохирогч Д.Дгийн  мэдүүлсэн: 2023 оны 01 дүгээр сарын 7-ноос 8 нд шилжих шөнө бааранд сууж байхад энэ хүн хоргоосон. Тэгээд тэнд байсан 1 залуугийн хамт энэ хүний гэрт нь очсон. Тэгээд энэ хүн хамт очсон залууг гэнэт цохиж авсан. Би яаж байгаа юм бэ гэхэд намайг гараараа нэг цохисон. Хамрын яс хугарч баруун нүдний ухархай гэмтсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хагалгааны зардлаа нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг

23250000000070 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч Д.Дгийн мэдүүлсэн ... Би 2023 оны 01 дүгээр 07-ны өдөр найзууд болох Б, Энхтайван нарын хамт 21 цагийн орчим Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд орж үйлчлүүлсэн. Бид гурав бааранд ороод пиво ууж байгаад манай хоёр найз яваад би ганцаараа бааранд үлдээд пиво уусан. Пиво уугаад сууж байхад миний үйлчлүүлж байсан ширээний хажуу ширээн дээр ганцаараа сууж байсан залуу миний ширээн дээр ирж суугаад танилцаад намайг баарнаас гаръя, хамт буудал оръё гээд байсан. Тэр залуу надтай юм ярьж байгаад хажуу талын ширээн дээр үйлчлүүлж байсан залуу дээр очоод мөн юм яриад байсан. Нэг харсан чинь миний хажуу талын ширээн дээр сууж байсан залуу баарнаас гарч байхаар нь би буудал руу хамт явъя гээд байсан залуугаас зугтаагаад баарнаас гарч байгаа залууг бараадаад гарсан. Гэтэл намайг буудалд орьё гээд байсан залуу араас гарч ирээд намайг буудалд орж архи ууя гээд хоргоосон. Энэ үед бид нарын араас нэг залуу гарч ирсэн. Энэ үед намайг хоргоогоод байсан хүн бид нарыг буудал авч архи ууя гэж гуйхаар нь би нөгөө хоёр залуугийн хамт дөрвүүлээ “Хуримт” буудал руу очиж өрөө авах гэсэн чинь буудпын өрөө байхгүй, дүүрсэн гэсэн. Гэтэл намайг буудалд хамт оръё гээд байсан залуу бүгдээрээ манай гэрт очъё гээд байхаар нь бид гурав зөвшөөрөөд такси бариад хамт гэр лүү нь буюу гэр хороолол руу явсан. Гэр хороолол руу явж байхдаа дэлгүүрийн гадна зогсоод намайг хоргоогоод байсан залуу, хажуу ширээн дээр сууж байсан залуу хоёр хамт буугаад архи авсан. Цаашаа яваад нэг айлд очсон чинь бид нарыг дагуулж очсон хүний охин, хүргэн хоёр нь бага насны хүүхдийнхээ хамт байсан. Бид нарыг орсон чинь нөгөө залуугийн охин нь бид нарыг хөөсөн. Би нөгөө хоёр залуугийн хамт гэрээс нь гараад явах гэтэл гэртээ дагуулж очсон залуу араас гарч ирээд авч очсон архинаасаа нэг, нэг уучихаад яваач гээд байхаар нь бид гурав эргээд гэрт нь орсон. Гэрийн эзэн залуу архиа задлаад нэг, нэг хундага архи хийж өгөөд байж байхдаа гэрийн эзэн нөгөө хоёр залуугийн нэгийг нь ямар нэгэн шалтгаангүйгээр зүүн талынх нь хацар дээр нь цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэр хүнд цохиулаад хамраас цус гараад баруун талын нүд хавдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм... Зүгээр явж байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байна.  Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Одоо надад 220.400 төгрөгийн баримт байна. Үүнийг нэхэмжилж байна. Үүнээс гадна цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 9-р тал/

-гэрч Б.Дгийн мэдүүлсэн ...Би өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим “Б” баарны караокед ганцаараа пиво уух гээд орсон. Миний суусан ширээний хажуу талын ширээн дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн, нөгөө талын ширээн дээр нэг залуу сууж байсан. Намайг дөнгөж ширээндээ сууж байхад гаднаас 50 орчим насны халамцуу эрэгтэй хүн орж ирээд хамт суучих уу гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд би пиво аваад ууж байхад миний ширээн дээр суусан халамцуу залуу ганцаараа сууж байсан залуу дээр очоод юм яриад байсан. Юм яриад бүжгийн ая явахаар хамт бүжиг хийгээд байсан. Тэгж байгаад нэг харсан чинь миний ширээн дээр суусан залуу, хажуу ширээн дээр байсан залуу хоёр нөгөө ширээн дээр сууж байсан эмэгтэйн ширээн дээр суугаад юм ярьж байгаад хамт баарнаас гараад явсан. Би нэг шил пиво уучихаад баарнаас гарсан чинь нөгөө гурван хүн баарны үүдэнд юм яриад зогсож байсан. Намайг баарнаас гарах үед нөгөө эмэгтэй, ганцаараа ширээн дээр сууж байсан залуутай хамт худалдааны гудамж руу явсан. Гэтэл надтай нэг ширээн дээр суусан хүн тэр хоёрын араас яваад, намайг дуудаад байхаар нь би араас нь очсон. Надтай нэг ширээн дээр сууж байсан залуу бүгдээрээ буудал аваад нэг шил архи ууя гээд гуйгаад байсан. Тэгээд бид дөрөв “Хуримт” буудал руу очсон чинь өрөө байхгүй байсан. Гэтэл нөгөө хүн манай гэрт очъё гээд бүгдээрээ такси аваад гэр лүү нь явсан. Замдаа надтай нэг ширээнд суусан залуу, нөгөө залуу хоёр дэлгүүрээс 0.75 гр Хараа архи аваад надтай хамт нэг ширээнд суусан залуугийн гэрт очсон. Тэр айлд очсон чинь тэр хүний охин, хүргэн хоёр нь бага насны хүүхдийнхээ хамт байсан. Бид нарыг ороод суусан чинь охин нь бид нарыг юун хүмүүс вэ яв гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Гэтэл гэрийн эзэн ороод архинаасаа нэг, нэг уучихаад яваач, манай гэр би мэдэж байна гээд байхаар нь бид гурав эргээд гэрт нь орсон. Архиа задлаад нэг, нэг хундага архи хийж өгсөн. Гэтэл гэрийн эзэн залуу хамт явсан залууг ямар нэгэн шалтгаангүйгээр нэг алгадаад, нэг удаа өшиглөсөн. Гэтэл хамт авсан эмэгтэй чи яаж байгаад юм бэ,зүгээр байгаа хүнийг гэсэн чинь гэрийн эзэн залуу нөгөө эмэгтэйн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/

-гэрч Б.Бын мэдүүлсэн... Тэгээд бид дөрөв “Х” буудал руу очиж өрөө авах чинь өрөө байхгүй байсан. Гэтэл нөгөө хүн манай гэрт очъё гээд бүгдээрээ такси аваад гэр лүү нь явсан. Замдаа бид хоёр дэлгүүрээс 0.75 граммын Хараа архи аваад гэрт очсон... Ах гэртээ ороод авч очсон архиа задлаад нэг, нэг хундага архи хийж өгсөн. Гэтэл гэрийн эзэн ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн талын хацар дээр нэг удаа цохисон. Тэгэхээр нь тонгойсон чинь дух руу өшиглөсөн. Гэтэл хамт явсан эмэгтэй намайг өмөөрсөн чинь гэрийн эзэн залуу нүүр лүү нь нэг удаа цохисон. Энэ үед хамт явсан залуу нөгөө хүнийг барьж салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

-гэрч Ж.Солонгын мэдүүлсэн:..П.Л нь миний нөхөр, бид хоёр 1998 онд гэр бүл болсон. Нөхрийнхөө холбогдоод байгаа хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай охин Л.Үүрийнтуяа 00 цагийн орчим байх над руу утсаар яриад аав манай гэрт согтуу, танихгүй хүмүүс дагуулж ирээд муудалцах гээд байна гэхээр нь би охиндоо яах гэж танихгүй хүмүүс гэр орондоо оруулдаг юм бэ?, аавыгаа ч гэсэн явуул гэж хэлээд унтсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

-гэрч С.Үгийн мэдүүлсэн.... Пгийн Л нь миний төрсөн эцэг...2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэртээ унтах гээд нөхөр хүүхдийн хамт байж байсан чинь манай гэрийн хаалгыг хүн цохисон. Тэгэхээр нь гэрийнхээ үүдийг онгойлгож өгсөн чинь манай аав архи уучихсан согтуу, танихгүй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүний хамт орж ирсэн. ...Тэгэхээр нь би аав болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийг яв гээд гэрээсээ гаргасан. Гэтэл манай аав нөгөө хүмүүсээ дагуулаад эргээд орж ирсэн архиа задлаад уусан. Архиа ууж байхдаа аавтай хамт орж ирсэн хоёр эрэгтэй хүний нэг нь манай нөхрийг ус хийгээд өгөөч гэсэн чинь аав маань уурлаад тэр залуугийн нүүр лүү нь алгадсан. Тэгтэл хамт орж ирсэн эмэгтэй нөгөө залууг өмөөрөөд аавыг болиоч гэсэн. Тэгсэн чинь аав нөгөө эмэгтэйг түлхсэн чинь хана руу унасан. Босож ирээд нөгөө ахыг дагуулаад гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа цагдаа дагуулж орж ирсэн. Тэгэхэд баруун талын нүд нь хавдсан байсан. Аав тэр эмэгтэйг цохиогүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай ...Д.Дгийн биед нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад, хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зэаснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний доод зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай... Д.Дгийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад, хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдатанд нөлөөлөхгүй .... гэх дүгнэлт /хх-ийн 42-44-р тал/

-Шүүгдэгч П.Лын сэжигтнээр мэдүүлсэн... Тэгэхээр нь манай хүргэний гэрт очиж архи уувал уу гэсэн чинь нөгөө хүмүүс зевшөөрөөд манай хүргэний гэр лүү явсан. Хороолол руу явж байхдаа нөгөө залуу дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Хараа архи, манай зээ охинд нэг сав тараг аваад очсон. Намайг хүмүүс дагуулаад очсон чинь манай охин бид нарыг хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би ганц шил архиа уучихаад явья гээд охиноосоо гуйгаад нөгөө хүмүүсээ дагуулаад эргээд орсон. Эргэж ороод архиа ууж байсан чинь архи авсан залуу би 2 хоногийн өмнө шоронгоос гарсан гээд томроод байхаар нь би тэр залуугийн хацар дээр нэг удаа алгадсан. Тэгсэн чинь хамт байсан хүүхнийг цохисон гээд хэл ам болоод байгаа юм... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 63-64-р тал/

-Архангай аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-115-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-118-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-121-р тал/

-Хохирогч Д.Дгийн гаргаж өгсөн эмчилгээ оношлогооны зардлын баримтууд /125-129-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүдэгч П.Л нь 2023 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд “Б” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарнаас хамт гарсан үл таних 2 залуу 1 эмэгтэйн хамт архи уухаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, Хөтөлийн 2-17 тоотод өөрийн төрсөн охин С.Үгийн гэрт очсон бөгөөд авсан архиа ууж байхдаа хамт очсон үл таних залууг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, улмаар түүнийг өмөөрсөн үл таних эмэгтэй буюу хохирогч Д.Дг нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч П.Лын цохисон үйлдлийн улмаас Д.Дгийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Дгийн... Гэрийн эзэн залуу архиа задлаад нэг, нэг хундага архи хийж өгөөд байж байхдаа гэрийн эзэн нөгөө хоёр залуугийн нэгийг нь ямар нэгэн шалтгаангүйгээр зүүн талынх нь хацар дээр нь цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэр хүнд цохиулаад хамраас цус гараад баруун талын нүд хавдсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн... Архиа задлаад нэг, нэг хундага архи хийж өгсөн. Гэтэл гэрийн эзэн залуу хамт явсан залууг ямар нэгэн шалтгаангүйгээр нэг алгадаад, нэг удаа өшиглөсөн. Гэтэл хамт авсан эмэгтэй чи яаж байгаад юм бэ. Зүгээр байгаа хүнийг гэсэн чинь гэрийн эзэн залуу нөгөө эмэгтэйн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг, гэрч Б.Бын... Гэтэл гэрийн эзэн ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн талын хацар дээр нэг удаа цохисон. Тэгэхээр нь тонгойсон чинь дух руу өшиглөсөн. Гэтэл хамт явсан эмэгтэй намайг өмөөрсөн чинь гэрийн эзэн залуу нүүр лүү нь нэг удаа цохисон. Энэ үед хамт явсан залуу нөгөө хүнийг барьж салгасан..гэх мэдүүлэг, гэрч С.Үгийн.... Тэгтэл хамт орж ирсэн эмэгтэй нөгөө залууг өмөөрөөд аавыг болиоч гэсэн. Тэгсэн чинь аав нөгөө эмэгтэйг түлхсэн чинь хана руу унасан. Босож ирээд нөгөө ахыг дагуулаад гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа цагдаа дагуулж орж ирсэн. Тэгэхэд баруун талын нүд нь хавдсан байсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай ...Д.Дгийн биед нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад, хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зэаснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, ....баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо.Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад, хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдатанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Лын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хөнгөн хохирол гэмтэл учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч П.Л нь 2023 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, Хөтөлийн 2-17 тоот хашаанд байрлах байшинд хохирогч Д.Дг зодож түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний баруун тал, хүзүү, эрүүний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Согтуу байсан. Хохирол төлнө гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай нэмэлт дүгнэлтээр, хохирогч Д.Дгийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл тогтоосон ба баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна гэж, харин хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлтыг хуучин гэмтэл байна гэж тогтоосон байх тул хохирогчийн хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлтыг шүүгдэгчийн үйлдлийн улмаас тухайн хэргийн үйл баримт болох үед авсан гэмтэл гэж үзэх үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болж байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

        шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч, Архангай аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор /хх-ийн 79-115-р тал/Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  3 жил 6 сар 05 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлснээс 3 жил 1 сарын ялыг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасан журмын дагуу энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Д нь өөрт учирсан гэмтлийг оношлуулахад гарсан зардалд баримтаар 220,400 төгрөг нэхэмжилснээс Улаанбаатар хот руу явсан 2 хүний зардлаас зөвхөн хохирогчид холбогдох зардлыг тооцож 15,200 төгрөг, Баян-Өндөр мед нэгдсэн эмнэлэгт хамрын яс нүүрний зураг авахуулсан 30,000 төгрөг, “Эрхэст-Оргил” эмнэлэгт оношлуулсан 20,000 төгрөг, Мед trauma эмнэлэгт дүрс оношлогоо хийлгэсэн төлбөр 140,000 төгрөг, нийт 205,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг заасан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Пгийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар 05 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 03 сарын / гурван жил гурван сар/ хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд шүүхээс оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лаас 205,200 төгрөг гаргуулан хохирогч Д.Дд // олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 15200 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ