Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 112

 

                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгч О.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Д.О нар оролцов.

                                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч О.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.О 2014 оны 06 сарын 27-нд гэр бүл болж, 2015 оны 12 сарын 01-нд хүү Э төрсөн. Өөрийн малаа маллаж аж төрж одоог хүртэл сайхан амьдарч ирсэн. Гэтэл 2016 оноос эхлэн хоорондын харилцаа муудаж таарамжгүй байдал үүсч хамтран амьдрах боломжгүй болсон. Хадам ээжтэйгээ хөрш байдаг болохоор муудалцдаг, байнга загнаж, үглэдэг. Д.О их хартай, хий хоосон харддаг. Би 2018 оны 09-р сард Цэцэрлэгийн туслах багшийн 21 хоногийн сургалтанд суусан. Хойноос утсаар ярьж хардаж, элдвээр загнадаг. Би хүүгээ орхиод явсан. Ээж нь нутгийн хүмүүстэйгээ намайг муулж ярьсан байна лээ. О  намайг хааяа зоддог байсан. Хамгийн сүүлд хотод сургалтанд суугаад очсоны дараа аймаар зодсон. Би одоо хөдөө аавтайгаа байгаа. Ахиж очих хүсэлгүй болсон, хардаад байдагт нь дургүй хүрч, үзэн ядаж байна. Иймд гэр бүлээ цуцлуулахаар тохиролцож Хэнтий аймгийн Шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлуулах ажиллагаа хийсэн боловч амжилтгүй болсон тул миний бие шүүхээр гэр бүлээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Дундын эд хөрөнгөө хуваах, хүүгээ өөр дээрээ авах мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргалаа” гэжээ.

Нэхэмжлэгч О.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О тай хамт амьдраад 4 жил болсон. Энэ хугацаанд их хардаж сэрддэг байсан. Муудалцаад яваад ирэхээр хүний хань ижил хүн байж намайг тэр нутагт байхын аргагүй болтол нутгийн хүмүүст элдвээр хэлж муулдаг байсан. Би салахаар шийдээд жилийн өмнө гэрээсээ гараад явсан. Тусдаа амьдраад 1 жил болж байна. Одоо О тай хамт амьдрах хайр, халамж надад байхгүй. Тийм учраас буцаж нийлэхгүй. Хүүхдээ өөрийн асрамжид авна, О аас хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахгүй. Би эрүүл саруул хүн учраас хүүхдээ өөрөө аваад өсгөөд авч явж чадна. О  нь эцэг хүн байна үр хүүхдээ харж хандана гэж хэлсэн” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би У  садан төрлийн хүн. Би ураг садангийн хүний хувьд энэ хоёрын амьдралыг гадарлана. Энэ хоёр маань харилцан тохиролцохоо болилоо. Хааяа бас гар хүрээд байдаг гэх яриа хамаатан садны дунд гарсан. Эргэж нийлэхгүй болох нь амьдрал дээр харагдсан. Аав, ээжтэй нь ярьж байгаад ер нь салах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч нь хүүхдээ авч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй мөн эд хөрөнгө хуваахгүй байхаар тохиролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ хоёр маань нийлэх боломжгүй гэсэн учир гэрлэлтийг цуцалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд гаргасан тайлбартаа өмнө нь бичиж байсан. Манай хүн өөр хүнтэй болсон нь үнэн.  Өөр хүнтэй болоод гэр орноо хаяад, миний болон өөрийнхөө амьдралыг ч баллаад явсан. Тийм учраас эргэж амьдрах боломжгүй болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч О.У  нь хариуцагч Д.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид нь хүү О.Э эх О.У ийн асрамжид үлдээж, хариуцагч Д.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцсон тухай бичгийг шүүхэд ирүүлсэн байна.

          Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү О.Э төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, одоо хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 1 жил гаруй хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдарч, эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах болсон гэж тайлбарлах бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсгүүдэд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасны дагуу зохигч 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүү О.Э эх О.У ийн асрамжид үлдээж, Д.О-аас хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нэхэмжлэхгүй байхаар тохиролцжээ.    

Гэрлэгчид цаашид гэр бүл болон амьдрах боломжгүйгээ харилцан илэрхийлсэн, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон, хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар зохигч тохиролцсон тул О.У, Д.О нарын гэрлэлтийг цуцалж, хүү О.Э эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О.У, Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү О.Э эх О.У ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг болон мөн эцэг, эхийн хэн нэгэн нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.О аас 70200 төгрөгийг нэхэмжлэгч О.У т олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР