Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э-ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Э.Э  нар оролцов.

 

                                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Э тай 2013 оны 09 сард танилцаад 2014 оны 06 сарын 25-нд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болоод  хамтран амьдарч байх хугацаанд 2015 оны 07 сарын 10-нд охин Э.Э төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд зан харилцааны байдал таарамжгүй болж,  Э.Э  нь согтуу ирж байнга намайг зодож элдэв бусаар харааж доромжилж охиноо байнга айлгадаг байсан. Би хэд хэдэн удаа эрүүлжүүлэх дуудаж өгч байсан боловч засрахгүй хэд хоногоор гэр орондоо ч ирэхгүй охин бид хоёрыг орхиж яваад согтуу ирж байнга зодож дарамталдаг байсан. Би энэ байдлаас аргагүй эрхэнд салахаар шийдэж гэрээсээ охиноо орхиод явсан. Охин маань ээжийгээ их санаж уйлдаг гэсэн. Намайг охинтойгоо уулзах гэхээр уулзуулдаггүй. Би 2019 оны 06 дугаар сарын 11-нд машин хөлслөөд Баянмөнх суманд очиж охинтойгоо уулзах гэсэн боловч охиныг минь нуучихаад уйлуулаад уулзуулаагүй. Одоо Э.Э  нь өөрөө амьдрал зохиогоод эхнэр авсан гэсэн. ...Би охиноо өөрийн гар дээр ямар ч дарамт шахалтгүй, айдасгүй эрх дураар нь өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймд намайг Э.Э аас гэрлэлтийг минь цуцалж охин болох Э.Э  минь миний асрамжид өгнө үү. Мөн Э.Э аас охин Эрхсаранд тэтгэмж тогтоолгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Э  нь архи дарс уугаад намайг байнга зодож, элдвээр хэлдэг. Ээж, аав нь намайг зодох гэж хэд хэд дайрсан. Архи уух болгондоо байнга ирж зоддог, хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. 6 сарын 11-нд охинтойгоо уулзах гээд очсон чинь Э.Э  нь согтуу, ах эгч нар нь хүүхдийг маань нуучихаад уулзуулаагүй. Тэгээд хаана хандахаа мэдэхгүй сумын цагдаад очсон чинь Э.Э  чинь гэр бүлтэй болсон, одоо авсан эхнэрээ зоддог, чи Бор-Өндөрийн шүүхэд өргөдөл гаргаж өг гэсэн. Тэгээд би 6 сарын 12-нд шүүхэд өргөдөл гаргаж явуулсан” гэв.

Хариуцагч Э.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр хүүхэдтэй болсон юм байхгүй. Охиноо өөр дээрээ авна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Э.Э ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Э төрсөн болох нь 0202119 дугаартай гэрлэлтийн, охин Э.Э ийн 375 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, одоо хүүхэд эрүүл энх өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Э.Э  нь гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Г.Г ийн эрх чөлөөнд халдаж, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж тус тус заажээ.

Э.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Г.Г ийн эрх чөлөөнд халдаж зодсон зөрчил гаргаж /гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны 462 дугаартай шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэл авч байжээ. /хх-н 5-р хуу/ Иймд Э.Э  нь Г.Г т санаа сэтгэл, бие махбодийн дарамт үзүүлснээр гэр бүлийн гишүүдэд ноцтой хор уршиг учирсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Хариуцагч Э.Э  нь охин Э.Э  өөрийн асрамжид авна гэсэн тайлбарыг гаргасан боловч хүүхдийн нас, хүүхдээ асран халамжлах нөхцөл боломж, хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж охин Э.Э  эх Г.Г ийн асрамжид үлдээж эцэг Э.Э аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Э.Э аас охин Э.Эрхсаранд төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.764 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг  нэхэмжлэгчид олгуулж, үлдэх 31.564 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Э.Э  Г..Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Э  эх Г.Г ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Э.Э  нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.Э аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин Э.Э ийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Г т даалгасугай.

5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.

7. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Э аас 101.764 төгрөгийг гаргуулан 70.200 төгрөгийг нь нэхэмжлэгч Г.Г т олгож, 31.564 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР