| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
2023 01 19 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Т.Эрдэнэтөр,
шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.От холбогдох эрүүгийн 2306000000092 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.О нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ногоон төгөл хотхоны" ертөнцийн зүгээр баруун талын уулзвар дээр хохирогч Н.Гийн жолоодож явсан ...... УАР улсын дугаартай "Тоёота акуа" загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг цохиж хагалан 390.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ дэмжиж байна” гэв.
Эрүүгийн 2306000000092 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М. М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жавхлантөгс бид 2 явган хүний гарцаар гарч байхад тэр хүн явган хүний гарцны тал хэсэгт орж ирээд зогссон уучлалт гуйсан ч зүйл байхгүй амандаа бувтнаад байхаар нь миний уур хүрээд цонхыг очоод гараараа цохисон. Тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөөгүй би тэр хүний цонхыг цохисон нь буруу гэхдээ тэр хүний хандлага буруу байсан учир би машиныг цохих болсон...” гэх мэдүүлэг /хх-н 27 дугаар тал/
Хохирогч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 10 дугаар байрнаас гараад ажил руугаа өөрийнхөө ...... УАР улсын дугаартай “Тоёота акуа” загварын тээврийн хэрэгслээр явсан. Ногоон төгөл хотхоны ертөнцийн зүгээр баруун талын нарны зам руу гарах уулзвар дээр ирээд зүүн гар талаас машин ирж байгаа эсэхийг харахад машин ирээгүй байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхдаа баруун тийшээ харахад 2 хүн зам хөндлөн гарах гэж байсан тул тормозоо гишгэсэн боловч миний машины дугуй халтираад тэр хоёр хүн рүү ойртсон. Гэтэл тэр хоёр хүний цаад талд нь явж байсан саарал өнгийн куртиктэй 30 орчим насны эрэгтэй шууд салхины шилийг нэг удаа цохиж хагалсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгож байгаад чи яагаад ингэж байгаа юм бэ гэхэд чи хүн дайрч аллаа гээд намайг хэл амаар доромжилсон. Би өөрийн тээврийн хэрэгслийн цонхыг үнэлүүлэхэд ажлын хөлстэй нийлээд 390.000 төгрөг болсон. Мөн үнэлгээг 35.000 төгрөгөөр хийлгэсэн. Өнөөдөр ажилдаа явж чадаагүй тул 1 өдрийн цалингаа нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-н 10 дугаар тал/,
Хохирогч Н.Гийн бичгээр гаргасан: “... миний хохиролыг бүрэн барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 69 дугаар тал/,
Гэрч У.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...М.О миний хажууд явж байсан. Тээврийн хэрэгслийн жолооч амандаа үглээд байгаа нь харагдахад М.О чи хүн мөргөчихлөө ш дээ гэж уурлаж очоод салхины шилийг нь хага цохисон. Тэгээд машины урд салхины шилийг 2 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-н 12 дугаар тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,
Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Авто техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 17 дугаар тал/
Шүүгдэгч М.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/
Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/,
“Од” япон сэлбэгийн газар засвар хийлгэсэн баримт /хх-ийн 64 дүгээр тал/,
“.............” ХХК-ны цалингийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар тал/,
Шүүгдэгч М.Оын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 74 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч М.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ногоон төгөл хотхоны" ертөнцийн зүгээр баруун талын уулзвар дээр хохирогч Н.Гийн жолоодож явсан ...... УАР улсын дугаартай "Тоёота акуа" загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг цохиж хагалан 390.000 төгрөгийн хохирол учрулж бусдын эд хөрнөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Оын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Г, гэрч У.Жийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Оын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Н.Гийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч М.Оын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Оын хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.О нь бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Н.Г нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Оыг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.От ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Г нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Оыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.От оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА