Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2025/0258

 

 

 

 

 

 

Х.Б ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Б.У, хариуцагчийн өмгөөлөгч О.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 116/2024/0008/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах”-аар маргасан байна.

 

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.Б-ын эзэмшлийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00**** дугаар бүхий гэрчилгээтэй, нэгж талбарын 091100***  дугаартай, граж үйлчилгээ зориулалттай, 1300 м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасны дагуу сунгахыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу иргэн Х.Б  нь газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасан байхад хуульд заасан 15 хоногийн дотор өргөдлийг хянаж шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байх тул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэн Х.Б  нь аймгийн Засаг даргад 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан Захиргааны байгууллагын зүгээс шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулсан. Дээрх процесс ажиллагааны үр дүнд иргэн Х.Б  нь аймгийн Засаг даргын 2008 оны 90 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газраас илүү 404 м2 газрыг бодит байдал дээр илүү эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон.

3.2. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хугацаанаас гадна газар эзэмших нөхцөлийг хангасан тохиолдолд тухайн газрын эзэмших хугацааг сунгахаар хуульчилсан ба нэхэмжлэгч Х.Б  нь бодит байдал илүү 404 м2 газрыг эзэмшиж байсан тул тухайн иргэний өргөдлийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нь газар эзэмших нөхцөлийг хангасан эсэхэд дүгнэлт өгөлгүй зөвхөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу 15 хоногийн хугацааг баримтлан иргэний газрыг асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн нь гомдолтой байна.

3.3. Маргаан бүхий асуудлаар иргэн Х.Б  нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан товлосон цагт удаа, дараа хүрэлцэн ирж оролцоогүй учир тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байдаг. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид утсаар болон бичгээр мэдэгдсэн байсан тул аймгийн Засаг дарга нь эс үйлдэхүй гаргаагүй болно.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Х.Б  нь анх Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” 151 дүгээр захирамжаар 9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 1 дүгээр байрны баруун талын “ШС” ХХК-ийн эзэмшилд авсан 1300 м.кв талбай бүхий газрыг гражийн зориулалтаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, эзэмших эрхтэй болсон ба Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шинэчлэн олгох тухай” 90 дүгээр захирамжаар тус 1300 м.кв талбай бүхий газрыг граж үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг Х.Б т шинэчлэн олгож, 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээний 00**** дугаарт бүртгэн гэрчилгээ олгогджээ.

 

2.2. Нэхэмжлэгч Х.Б аас дээрх 1300 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад гаргасан байх ба улмаар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

2.3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Х.Б ын газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан, харин хариуцагч захиргааны байгууллагаас дээрх өргөдлийг судлах явцад нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн 1300 м.кв газраас илүү 404 м.кв газрыг дур мэдэн эзэмшсэн, илүү эзэмшиж буй тухайн газар нь авто замын ажлыг гүйцэтгэх талбайтай давхцаж байгаа нөхцөл байдлыг тогтоосон байна.

 

2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх “...Иргэний зүгээс газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байхад хуульд заасан 15 хоногийн дотор өргөдлийг хянаж, газар эзэмших эрхийн хугацаа сунгах эсэх шийдвэрээ гаргаагүй, газар эзэмших хугацаа сунгасан эсэх талаар хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна, ...нэхэмжлэгчийн сунгуулахыг хүссэн 1300 м.кв талбай, илүү эзэмшсэн гэх 404 м.кв талбай бүхий газар нь харилцан давхцалгүй байх тул 1300 м.кв газрыг эзэмших эзэмших эрхийг сунгах асуудалд буюу нэхэмжлэлийн шаардлага бүхий газарт хамааралгүй” зэрэг дүгнэлтийг хийн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.5. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах харилцааг нарийвчлан зохицуулсан, уг зүйлийн 37.2-т “...Аймаг...-ийн Засаг дарга ...эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасан, нэхэмжлэгч Х.Б  нь маргаан бүхий 1300 м.кв газраас илүү 404 м.кв газрыг дур мэдэн эзэмшиж, ийнхүү илүү эзэмшсэн газар нь авто замын ажлыг гүйцэтгэх талбайтай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төдийгүй хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1755 дугаар албан бичгээр “...эзэмшүүлсэн 1300 м.кв газраас илүү 404 м.кв газрыг хашаалан ашиглаж байгаа, мөн эзэмшил газрын 2008, 2016, 2020, 2021, 2022 онууд болон 2023 оны эхний хагас жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй, ...захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд дээрх зөрчлүүд тогтоогдож байна...” гэсэн агуулгатай мэдэгдлийг нэхэмжлэгч Х.Б т хүргүүлсэн байгаа энэ тохиолдолд хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

 

2.6. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага иргэн Х.Б аас гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээр түүнийг газрын гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянах явцад дээрх байдлаар зөрчил илэрсэн учир ийнхүү хариу хүргүүлсэн хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын татгалзал үндэслэлтэй бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

2.7. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны байгууллагын зүгээс шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулсан, ...нэхэмжлэгч Х.Б  нь бодит байдалд илүү 404 м2 газрыг эзэмшиж байсан тул тухайн иргэний өргөдлийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно” гэх гомдол үндэслэлтэй.

 

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хянаад нэхэмжлэгч Х.Б ыг газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажиллаагүй талаар тогтоож, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч захиргааны байгууллагаас нэгэнт эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

2.9. Нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд өгснийг үгүйсгэхгүй бөгөөд уг газар дээр байрлаж буй гражууд нь эзэмшил газрын хэмжээнд хамааралгүй гэх тайлбар ойлгомжгүйн дээр газар эзэмших эрхийн зөрчлийг арилгаж, газар эзэмших хүсэлтийг дахин гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 116/ШШ2024/0041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У гийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА