Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Хохирогч Э.Нармандах

Шүүгдэгч У.Анхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Цахар овогт Ундраагийн Анхбатад холбогдох эрүүгийн 201610010253 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 27-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1 баг 116-12 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Цахар овогт Ундраагийн Анхбат /РД: АР84042711/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч У.Анхбат нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 23:00 цагийн үед Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 116 байр 12 тоотод эхнэр Э.Нармандахтай хэрэлдэж маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Анхбат мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найзтайгаа тааралдаад тэгээд архи пиво аваад гэртээ очиж эхнэрээр хоол унд хийлгэж идэж уусан. Тэгээд би найзтайгаа маргалдсан тэгтэл найзын маань эхнэр нь нөхрөө аваад явсан. Би нилээн согтсон байсан. Эхнэр маань намайг унт гэсэн боловч би эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаад эхнэрийнхээ нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж гэмтэл учруулсан. Би эхнэрээ урд өмнө нь цохиж зодож байсан асуудал огт байхгүй. 1 жилийн өмнө нь би бас л архи ууж гэртээ ирээд эхнэртээ агсан тавьсан тэгээд ширээн дээр байсан хутга авч эхнэрээ айлгасан тэгтэл эхнэр маань гэрээс зугтаж гараад цагдаагийн газарт дуудлага өгч намайг эрүүлжүүлсэн. Энэ удаа би архи ууж эхнэртээ агсан тавьж гар хүрч зодсон. Миний буруу. Би ухаарч ойлгосон. Дахиж архи уухгүй. Архи ууснаас бүх зүйл болсныг ойлгож байна. Би тухайн үед 1 шил архи, том литрийн пиво авч найзтайгаа хоёулахнаа уусан би тухайн үед нилээн согтсон байсан. Би эхнэрийнхээ нүүрэн тус газар руу нь гараараа 1 удаа цохиж, өгзгөнд нь өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан. Миний буруу. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэрийн бие нь зүгээр болсон. Эхнэр бид хоёр одоо нэг гэрт амьдарч байгаа. Би их зүйлийг ухаарч ойлгосон. Дахиж архи уухгүй би энэ амьдралыг авч явах ёстой. Тиймээс дахиж архи дарс уухгүй, алдаа гаргахгүй сайхан амьдарна гэж бодож байна.Замын-үүд сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах 116-12 тоотод болсон асуудал. Миний буруу, би эхнэртэйгээ харилцан ярилцаж сайн дураараа эвлэрсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

- Хохирогч Э.Нармандах мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна. Бид хоёр 2 хүүхэдтэйгээ сайхан л амьдарч байна сүүлийн үед архи уугаад агсан тавиад амгалан тайван байдал алдагдуулж байнга хэрүүл хийж муухай ааш зан гаргадаг болсон. 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 18:00 цагийн үед манай нөхөр найзуудтайгаа гэрт ирсэн. Тэгээд хоол унд идээд архи дарс ууцгаасан. Тэгээд нөхөр маань найзтайгаа хэрэлдэж маргалдаад тэр найзыгаа хөөгөөд явуулчихсан. Тэгээд 23:00 цаг өнгөрч байсан байх нөхөр гарч пиво авна гээд гарах гээд байхаар нь би уурлаад тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан би гэрээсээ гараад зугтаах гэсэн чинь нөхөр барьж аваад нүүрэн тус газар руу 2, 3 удаа цохисон. Тэгээд бөгс рүү өшиглөсөн. Би арай гэж цонхоо онгойлгож байгаад хашгирсан тэгтэл үл таних нэг хүүхэн явж байсан цагдаа уу дуудлага өгөөдөхөөч гэж хэлсэн тэр хүүхэн дуудлага өгч цагдаа нар ирж манай нөxрийг авч явсан. Урд өмнө нь зодож цохиж байгаагүй ер нь архи уугаад ирэхээрээ агсан тавьдаг байсан. Архи л уухаараа ухаанаа алдчихдаг байсан. 3 жилийн өмнө нь нөхөр маань архи ууж гэртээ ирчихээд ширээн дээр байсан хутга барьж над руу дайрч байсан. Би тэгээд тэр үед нь гэрээсээ зугтаагаад гарч байсан. Маргааш нь би энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж байсан. 2014 онд нөхөр маань архи уучихаад гэртээ ирээд нойлын өрөөнд орж өөрийгөө хүртэл боомилж амиа хорлохыг завдаж байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан. Энэ удаа нөхөр маань би үнэхээр ойлгож байна миний буруу гээд ахин дахин надаас уучлалт гуйгаад байгаа болохоор би энэ удаа үр хүүхдээ бодоод уучилж нөхөртөө боломж олгоё гэж бодож байна. Байраа зээлээр авсан банкны зээлийг нөхөр маань төлдөг. Би өөрөө хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг болсноор энэ хүний гарыг харж амьдарч байна. Нөхөр маань гэм буруугаа ойлгож уучлалт гуйгаад байгаа болохоор би нөхөртөө итгэж байна. Уг нь архи уухгүй болохоор ажилд үнэхээр сайн залхуурч хэвтэнэ гэж байдаггүй. Нөхөр маань миний толгой, нүүрэн тус газар руу цохиж, өгзгөнд өшиглөж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан. Надаас ирж ахин дахин уучлалт гуйсан. Миний тархи толгой зүгээр болсон бид хоёр нэг гэрт амьдарч байгаа. Надад гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж, надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо харилцан ярилцан сайн дураараа эвлэрсэн Замын-үүд сумын 1 багийн нутаг дэвсгэрт буюу 116-12 тоотод болсон асуудал. Нөхөрийнхөө дарамт шахалтанд ороогүй, хоёр хүүхдээ бодоод өдий болтол босгосон амьдралаа сүйтгэмээргүй байгаа учраас нөхөрөө нэг удаа харъя гэж бодоод эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

   - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.Нармандахын биед тархи доргилт, дагз хэсэгт цус хуралт, духны баруун талд зулгаралт, баруун хөмсөгний сүүл хэсэгт, хамрын нуруу хэсэгт баруун дээд зовхинд зулгаралт, зүүн хацарт, баруун хацарт, баруун чихний ард, зүүн чихний дэлбээний дээд хэсэгт, зүүн чихний ард цус хуралт, цээжний зүүн дээд талд, зүүн мөрний ар хэсэгт цус хуралт, баруун бугалганы доод 1/3 хэсэгт, дээд хэсэгт, зүүн шууны ар хэсэгт, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Учирсан гэмтэлүүдийн тархи доргилт нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4,1 болон 2.6-р заалтыг үндэслэн гаргасан болно.

6. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 12/,

- У.Анхбатын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24-25/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.

2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 23:00 цагийн үед У.Анхбат нь Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 116 байр 12 тоотод эхнэр Э.Нармандахтай хэрэлдэж маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас У.Анхбатын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч У.Анхбатын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Э.Нармандахын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч У.Анхбатын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул У.Анхбатыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч У.Анхбатад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.   

Шүүгдэгч У.Анхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цахар овогт Ундраагийн Анхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цахар овогт Ундраагийн Анхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч У.Анхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Анхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ