Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/01258

 

2021           10            19                                          001/ХТ2021/01258

 

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр магадлалтай,

............ын нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

Гэм хорын хохирол нэхэмжлэх буюу бага насны ............ыг асран тэтгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Лхагвачулууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Лхагвачулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ............а анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний ээж ............2019.04.30-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цайдамын хөндий гэх газарт төв асфальтан замд “............” ХХК-ийн 0079 СЭҮ улсын дугаартай KIA granbird маркийн машинд дайруулан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Уг машины жолооч М.Мөнхбаярын гэм буруутай нь тогтоогдож зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдсан бөгөөд бид түүнд гомдоод байх зүйлгүй. Хэргийг шийдвэрлэх явцад уг машины жинхэнэ хариуцагч болох “............” ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд тухайн үед гэм хорын нэхэмжлэлийн зарим материалаа бүрдүүлээгүйгээс хэлэлцэхгүй орхин иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхисон. Миний ээжийн маань асрамжид тахир дутуу, хэвтрийн байдалтай байдаг аав маань мөн 9 настай дүү ............нар маань байдаг юм. Аав маань энэ асуудлаас хойш улам бие нь муудаж, эрүүл мэнд нь доройтон бага насны хүүхдээ харж хандаж чадахгүй болсон билээ. Иймд бид 2012.03.19-нд төрсөн дүү Доржпаламын Нармандахыг 18 нас хүртэл “............” ХХК-аас тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсч байна. Ээж маань байнгын ажлын байргүй байсан ч гэсэн хувиараа энд тэнд ажиллаж, бусдын байрны засвар, ногоо хураалт зэрэг ажлуудыг хийж амьдралаа авч явдаг байсан юм. Дүү ............нь 2012.03.19-ний өдөр төрсөн. Одоо 7 настай буюу 2 дугаар ангид сурдаг. Одоо Хонгор суманд аавтайгаа амьдардаг. Аав нь гэмтлийн улмаас мэдрэл дутуу болсон бөгөөд өөрийгөө авч явах чадваргүй болсон хүн байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар эцэгт нь ч гэсэн гэм хорын асуудал нэхэмжлэх эрх байсан ч ганцхан хүүхдийг нь л тэжээн тэтгүүлэхийг шаардаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байгаа. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 174,000 төгрөгийг хасаад үлдэх зөрүүг сар болгон ............ ХХК-аас гаргуулж ............ыг тэжээн тэтгүүлэх талаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч “............” ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа5 ...Эрүүгийн хэрэгт манай өмгөөлөгч муу ажилласан гэж үзэж байгаа. Тухайн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан. Замын хажууд байж байгаад ч юм уу эсвэл гарц дээр явж байгаад осолд өртсөн бол юу ч ярихгүй байсан. Осол гаргасан жолоочийн хувьд энэ асуудлыг өөрөө хариуцаад явах боломжтой. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд түүний гэр бүлийн хүн ч ирсэн байна. Тиймээс манай компани асран тэтгэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ............ ХХК /захирал Д.Лхагвачулуун/ -аас сар бүр 146.000 төгрөгийг бага насны ............/асран хамгаалагч Ш.Доржпалам/-ыг 16 нас (суралцаж буй бол 18 нас)-тай болтол нь гэм хорын төлбөрт гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар ... нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 42.982 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай... гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 42.982 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Лхагвачулуун хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэний хуулийн зарим заалтыг буруу хэрэглэж, зарим заалтыг үл хэрэглэж, хариуцагч миний биед хохиролтой, шударга бус, хууль бус шийдвэр гаргалаа. 2019.04.30-ны шөнө 22 цагийн үед хохирогч   ............   нь согтууруулах ундаа хэрэглэж, согтож мансуурсан үедээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдамын хөндий гэх газарт Улаанбаатар-Дархан хотын чиглэлийн олон улсын авто зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуйд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа манай компаний 00-79 СЭҮ дугаартай автобусанд дайрагдаж нас барсан юм. Уг тээврийн хэрэгслэлийн жолооч М.Мөнхбаярыг автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч хохирогч ............ийг Замын хөдөлгөөний дүрмэнд заасан “гарцгүй газраар зам хөндлөн гарсан”, тухайн үйлдэл хийхдээ согтуурч мансуурсан байсан талаар буруутгасан дүгнэлтийг хуулийн байгууллага гаргасан. Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.3-д хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсанаас өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байна. Энэ хуулийн заалтыг хэрэглэх бололцоотой байсан төдийгүй хохирогч, холбогдогч нар харилцан буруутай байхад нэг талд шийдвэр гаргаж байгааг хууль бус байна гэж үзэж байна. Амьдрал дээр харилцан буруутай бол 50, 50 хувиар асуудлыг шийддэг билээ. Энэ талаар хууль зүйд шударгаар шийдэх зарчим байдаг гэдэгт итгэж давж заалдах шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах  үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, зохигчийн хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ............а нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

2019.04.30-ны өдөр “............” ХХК-ны жолооч М.Мөнхбаяр зам тээврийн осол гаргасны улмаас иргэн ............нас барсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь нас барагчийн асрамжид байсан, 2012.03.19-ний өдөр төрсөн насанд хүрээгүй ............ад гэм хор учруулсаны төлбөрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу ажил олгогч буюу хариуцагчаас нэхэмжлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж 174,000 төгрөгийг хасч, зөрүүг сар бүр гаргуулахаар тодорхойлсон ба хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийг асран хүмүүжүүлж байгаа эцэг, эх, нөхөр, эхнэрийн аль нэг нь шаардах эрхтэй ба нас барагчийн нөхөр Ш.Доржпалам хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, биеэ авч явах чадваргүй гэж хүү ............а нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан байхад шүүх уг хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Тухайн зохицуулалтын дагуу нас барагч болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасахдаа нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг тогтоох ёстой байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь эх ............ийг хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, байрны засвар, ногоо хураах зэрэг ажлыг хийж байсан гэж тодорхойлсон байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү орлоготой байсан эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байжээ.

Энэ үйл баримт тодорхой бус тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа хохирогчийн гэм бурууг харгалзан, төлбөрийн хэмжээг багасгах боломжтой байхад шүүх харгалзан үзээгүй гэсэн үндэслэлийг тавьсан байх ба зохигч маргааны талаар эвлэрэх эсэх нь нээлттэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 42,982 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД