Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01827

 

2019 оны 09 сарын 04 өдөр                Дугаар 183/ШШ2019/01827               Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрт 7.290.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Т нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Б нь М ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/077 дугаар тушаалаар Авто засварчнаар ажиллаж эхэлсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д.Б нь ажлын байран дээрээ тус засварын газраас үйлчилгээ авч байсан автомашины агрегатын тулкийг компрессороор шахаж, солих үйлчилгээ үзүүлж байх үед тулкны боолт нь харваж, түүний зүүн талын нүдний ухархайн хэсэгт онож, зүүн нүдний гадна ухархайн хэсэг гэмтэж, оёдол тавиулж, эмчилгээ хийлгэсэн байна. Энэ гэмтлийн улмаас түүний нүдний харах чадвар муудаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60% гэж тогтоогдсон. Энэ ослын дараа М ХХК нь Д.Б-д эрүүл мэндийн хохирол, нөхөн төлбөр өгөх нь бүү хэл нүдэндээ гэмтэл авснаас болж, ажлын байранд тэнцэхгүй гэж үзэн, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 044 дугаар тушаалаар ажпаас халсан байна. Ажилтантай холбогдсон үйлдвэрлэлийн дээрх ослыг М ХХК-иас хуульд заасан журмын дагуу “орон тооны бус комисс томилон ажиллуулж” үйлдвэрлэлийн ослыг бүртгэн, судалж, акт үйлдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд ажил олгогчоос Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас эрүүл мэндээрээ хохирсон ажилтанд хуульд заасан хэмжээгээр холбогдох баримтуудыг үндэслэн, нөхөн төлбөр олгодог. Нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ажлын байран дахь ослоос эрүүл мэндийн хохирлын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 60%-тай тогтоогдсон боловч ажил олгогчийн зүгээс өнөөдрийг хүртэл эрүүл мэндээ нөхөн сэргээх, эмчилгээ сувилгааг нь дэмжих зорилгоор нөхөн төлбөр олгоогүй байгаад гомдолтой байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажилтанд олгоно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Нүдний үзлэг, шинжилгээ, зураг авахуулсан төлбөрт 130.000 төгрөг, 2. Үйлдвэрлэлийн ослын улмаас эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 60% алдалттай гарсан гэх дүгнэлтийн дагуу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт тус байгууллагаас цалингийн дунджаар 1 сарын цалинг 810.000 төгрөг гэж тооцон, 7.290.000 төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байна. Нэхэмжлэгч Д.Б нь эрүүл мэндийн зардал 130.000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэж байгаа тул М ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Харин 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 7.290.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үзлэг шинжилгээнд зарцуулсан гэх 130.000 төгрөгийг төлсөн. Манай компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ээлжит сургалтыг зохион байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь уг сургалтад хамрагдсан билээ. Тэрээр 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаатай танилцан гарын үсэг зурж, нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангагдсан байдаг. Гэтэл нийт ажилчдын цайндаа орох цагаар буюу тус өдрийн 13 цаг 26 минутад компанийн ХАБ-ын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй дур мэдэн ажиллаж, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчиж хүлээлгэн өгсөн хамгаалах багийг өмсөхгүйгээр ажиллаж байгаад буюу үйлчилгээ авч байсан автомашины агрегатын втулкийг даралтат шахагч төхөөрөмжөөр шахаж, солих ажил гүйцэтгэх явцад втулка шахдаг төмөр бэлдэцийг хазгай тавьсан учраас бэлдэц төмөр нь харваж гэмтсэн. Ажилтныг гэмтсэн даруйд компанийн зүгээс анхан шатны тусламж үзүүлж, машин гарган “Гэмтэл, согог судлалын үндэсний төв” эмнэлэгт хүргэсэн. Эмчийн анхан шатны үзлэгээр ноцгой гэмтэл байхгүй, зөөлөн эд гэмтсэн рентген зураг авахуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Эмчийн зөвлөсний дагуу Д.Б-д өвчин намдаах эм болон томографийн зураг авахуулах 120.000 төгрөг, нийт 124.000 төгрөгийг компанийн зүгээс төлсөн. Үүний дараа 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өглөө нэхэмжлэгч нь компани дээр ирээд “Миний бие зүгээр, эмчид үзүүлсэн ажлаа хийж болно гэсэн” ажлаа хийхэд ямар нэгэн харшлах зүйлгүй гээд ажилдаа орох хүсэлт гаргахад нь ажилд оруулсан. Ингээд Д.Б ажилдаа орсон өдрөө буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлэгчийн автомашинд засвар хийх явцад хариуцлага алдаж, үйлчлүүлэгчдээс 2-оос дээш гомдол ирсэн учраас 3 сар хүртэлх хугацаагаар 20% хүртэл хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад үргэлжлүүлэн ажиллуулсан байдаг. Компанийн зүгээс эмчийн бичиг дүгнэлтээ авчрахыг удаа дараа шаардаж үйлдвэрлэлийн ослын талаарх бүртгэл хөтлөх гэсэн боловч нэхэмжлэгч нь би зүгээр гээд холбогдох баримтыг бидэнд авчирч өгөөгүй. Түүнчлэн Д.Б нь хийж буй ажил үүрэгтээ маш хайнга хайхрамжгүй ханддаг байсан бөгөөд ажилдаа эв дүй муутай, алдаа дутагдал их гаргадаг хариуцлагагүй ажилладаг байсан. Эрүүл мэндийн нөхөн төлбөр гэх 7.290.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60% гэж тогтоон шийдвэрлэсэн нь үнэн зөв гэдэгт эргэлзээ төрж байна. Учир нь эмчийн анхан шатны үзлэгээр “ноцтой гэмтэл байхгүй, зөөлөн эд гэмтсэн байна, рентген зураг авахуулах шаардлагатай, томографийн зургаар зүгээр” гэж дүгнэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь би зүгээр ажилдаа ормоор байна гэсний дагуу ажилдаа ороод ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байсан, манай компаниас гарсны дараа нэхэмжлэгч нь хувиараа автомашин засвар үйлчилгээ хийж байсан зэргээс үзэхэд яав ч үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60% алдсан гэж үзэх боломжгүй юм. Манай компаниас эмнэлгийн хөдөлмөр, магадлах комиссын шийдвэрээр Д.Б-г хөдөлмөрийн чадвараа 60% хүртэл алдсан гэдгийг нэхэмжлэл гардаж авахдаа мэдсэн бөгөөд тэр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь огт компани дээр ирээгүй энэ тухайгаа бидэнтэй огт холбогдоогүй. Иймд комиссын энэ шийдвэр үнэн зөв гарсан эсэх нь эргэлзээтэйгээс гадна нэхэмжлэгчийн “Толгойн компьютерт томографикийн шинжилгээ”-ний дүгнэлтэд “...3үүн хацар яснаас зүүн нүдний ухархайн гадна хажуу хана руу үргэлжилсэн хуучин нийлмэл хугаралтай, мөн хамар ясны 2 хажуу хананд зөрөө багатай, хуучин хугарлуудтай, хамрын таславч баруун тийш мурийлттай” гэснээс үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр осол үүсэхээс өмнө ч үүссэн баих магадлалтай бөгөөд, өмнөх гэмтлээс шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан байх магадлалтай ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 60% хүртлээ алдах хэмжээний осол тухайн үед болоогүй” гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Д.Б-гийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох, үйлдвэрийн ослын нөхөн төлбөрт 7.290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд М ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэст Авто засварчинаар ажиллаж байсан болох нь М ХХК-ийн Захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/077 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 044 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал, талуудын тайлбараар нотлогджээ.

 

Ажилтан Д.Б нь М ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэст Авто засварчинаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлын байран дээрээ тус засварын газраар үйлчлүүлж байсан автомашинд засвар хийж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “...засварын үеэр боолт үсэрч түүний зүүн нүдийг гэмтээж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн код 200606 дугаар Комиссын шийдвэр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “...47/0829 дугаартай актыг шалгаж үзэхэд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/19 тоот тушаалаар томилогдсон гишүүдийн эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрээр шийдвэрлүүлэн бүртгэгдсэн нь үнэн болно” гэсэн бичилт болон түүнд хавсарган ирүүлсэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 47/0829 дугаар  Комиссын шийдвэр, Мэргэжлийн хяналтын байгууллагын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Ажил олгогч М ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй” гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “...үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогч нь нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М ХХК-иас үйлвэрлэлийн ослын нөхөн төлбөрт /Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Д.Б-гийн 1481763 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтийн 2018 оны 3, 4, 5 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг сарын дундаж цалин хөлс 953.857 төгрөг/ байх бөгөөд үүнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “нэг сарын дундаж цалин хөлс 810.000 төгрөгийг 9 сараар тооцон, нийт 7.290.000 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Д.Б-г хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэх шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус, эргэлзээтэй...” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд ажил олгогч М ХХК-иас уг комиссын шийдвэрт эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж, хянуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч тал “...эрүүл мэндэд учирсан хохиролд 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан”-ыг батлах нь зүйтэй юм.

 

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 7.290.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-гийн “...эрүүл мэндэд учирсан хохиролд 130.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 133.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 131.590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД

 

                      ШҮҮГЧИД                                                            Б.МӨНХБАЯР

 

                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ