| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/0135/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
2023 01 27 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис
Улсын яллагч К.Чимгээ
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Сд холбогдох эрүүгийн 2206060140019 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.С нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Анар” нэртэй зочид буудлын 302 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Атай үл ялих зүйлээр маргалдаж, харилцан зодолдож түүний үснээс зулгаан нүүр хэсэгт нь олон удаа цохиж биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2206060140019 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...А надад “Чи муухай харилцахаа боль, би наад залууд чинь сайн гээд намайг доромжилж эхэлсэн. А эхэлж чи наад залуутайгаа унтаач гээд намайг түлхсэн. Миний үснээс зулгааж би ч мөн зулгаасан. Тэр үед А миний дух, зүүн баруун нүдний хэсэгт самардсан. Тэр залуу салгаж намайг сандал дээр суулгасан. Миний хацар руу цус урсаж цамц цус болсон. Би яаж ийм нүүртэй ээж дээрээ очих вэ гэхэд А чи угаасаа 3,4 дүгээр хороололд алдартай янхан юм чинь зүгээр орчихгүй юу гэхээр нь Агийн үсийг зулгаагаад ор луу хамт унасан. Өөрийн хийсэн хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Э.С намайг эхдээ ээлгүй, хүүхэддээ сайн ээж байж чадаагүй, тийм болохоор чи хүүхдээ эцэгт нь өгч явуулж байгаа биздээ гэх утгатай зүйл ярьсан. Хэсэг хугацааны дараа намайг орон дээр сууж байхад Сарангоо босож ирээд шууд үсдсэн. Би мөчөөгөө өгөхгүй түүний нүүрийг самардсан байна лээ. Шаравдорж бид хоёрын дундуур орж ирээд боль гээд хориглосон чинь Сарангоо үгийн зөрүүгүй дайраад миний нүүр хэсэгт халдсан. Миний зүүн чих хацар, уруул нүд өвдсөн. Зүүн нүд рүү хуруу нь орох шиг болж хүчтэй өвдөж нүүр хэсгээс цус гарсан. Зодуулсандаа гомдолтой байна." гэх мэдүүлэг /xx-ийн 9-10 дугаар хуудас/,
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: "...Би эмчилгээний зардалд томографи 120.000, Енсей эмнэлэгт чихээ үзүүлсэн 40.000, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг нийт 168.000 төгрөг нэхэмжилнэ. Сарангоо надад одоогоор 80.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 1 дүгээр сарын 20-ны өдөр цалин буухаар өгнө гэсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /xx-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Сгийн бичгээр өгсөн: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шөнө үүрээр 5 цагийн орчимд “Анар” нэртэй зочид буудлын 302 тоотод зодоон болж өндөр охин нь намхан охиныгоо зодчихсон гээд гарч ирсэн. Тэр бандгар намхан охины үс нь сэгсийж нүд нь хавдаад цус гоожсон байсан. Өндөр охин нь хүзүү гар дээрээ маажуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15727 дугаартай "...Б.Агийн бие тархи доргилт, баруун хөмсөг, нүдний дээд доод зовхи, хацар, шанаа, чихний дэлбэн хамарсан цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт, баруун дээд зовхи, хацарт зурагдсан зулгаралт, зулайн зүүн арх хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна " гэх дүгнэлт /xx-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Анар” нэртэй зочид буудлын 302 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Атай үл ялих зүйлээр маргалдаж, харилцан зодолдон түүний үснээс зулгаан нүүр хэсэгт нь олон удаа цохиж биед нь халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагаа шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэг, хохирогч Б.А, гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15727 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Сгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Сгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Сгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид эмчилгээний зардалд 168.000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөг төлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.А нь баримтаар эмчилгээний зардал 168.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.С нь төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Сгоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Сд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.С нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Сарангоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сд оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь 168.000 / нэг зуун жаран найман мянга / төгрөгийг хохирогч Б.Ад төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Э.Сгоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА