Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2019/00127

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

М,Э,И,К-ийн нэхэмжлэлтэй,

Б.Д-д холбогдох

 

Хохирол 3 992 511 төгрөг 60 мөнгө гаргуулах тухай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр,

Хохирол 267 391 төгрөг, нотариатын зардал 66 500 төгрөг, нийт 333 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол эм импекс концерн ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр дахь салбарын захирал Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Д.нь 2016-2017 онд М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт бөөний төвийн эрхлэгч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа эм барааг бусдад зээлдүүлэн өгсөн, эм барааны хугацаа дуусгасан, эм барааны тооллогоор дутагдал гаргасан, хуурамч баримт үйлдсэн гэх мэт шалтгааны улмаас үүсгэсэн тооцоо болох 3 992 511 төгрөг 60 мөнгийг төлөх хариуцлагаасаа татгалзсан, энэ нь одоо ажил үүргээ гүйцэтгэж буй ажилчдад цалингаа бүрэн бүтэн авах нөхцөлийг хааж, ажилчид хохирч байгаа учир Б.Дэлгэрцэцэгээс түүний үүсгэсэн тооцоо болох 3 992 511 төгрөг 60 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгч Г.Г 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “... эм, барааг бусдад зээлдүүлэн өгсөн, эм барааны хугацаа дууссан, эм барааны тооллогоор дутгагдал гаргасан, хуурамч баримт үйлдсэн гэх мэт шалтгааны улмаас үүсгэсэн тооцоо болох 3 992 511 төгрөг 60 мөнгийг гаргуулах” гэх нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Д миний бие 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр МЭИК-ийн Говьсүмбэр салбарт эм зүйчээр ажилд орсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж заасны дагуу жирэмсний амралтаа авч 2018 оны 07 дугаар сард ажлаас халагдсан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа сар болгон хийгддэг тооллогоор дутсан, хугацаа дууссан эм, барааны төлбөр гаргасан ч цалин дээрээс суутгуулан тухай бүр нь төлж барагдуулдаг байсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралт аван ажлаа хүлээлгэн өгөхөд нийт 700 гаран мянган төгрөгийн төлбөр гарсаныг миний бие хүлээн зөвшөөрөөгүй болно. Ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш 6, 7 сар өнгөрсөн байхад хүртэл хугацаа дууссан эм, барааг миний нэр дээр бичин өр төлбөр болгосон байсан. Өр төлбөрийг нэхэх бүрдээ өөр өөр дүнтэй болгон нэхдэг байсан.

Үүнд: 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Өр барагдуулсан гэрээ” гэсэн гэрээнд 2 750 649 төгрөг 60 мөнгийг нэхсэн /2016 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Бор-Өндөр харилцагч дээр тооцоо үүсгэн бусдад эм, бараа зээлээр өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй дутагдал үүсгэсэн 1 462 378 төгрөг, өөрөө эм бараа авсан боловч төлбөр төлөөгүй үүсгэсэн 218 045 төгрөг, эмийн үнэ өөрчлөн дутагдал үүсгэсэн төлбөр болох 1 050 226 төгрөг 60 мөнгө бөгөөд тухайн гэрээг миний бие хүлээн зөвшөөрөлгүй гарын үсэг зураагүй болно. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар бүхийн албан бичгээр “... 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гаргасан төлбөр болох 1 013 139 төгрөг 63 мөнгө, Бор-Өндөр харилцагч дээр үүсгэсэн тооцоо болох 2 450 649 төгрөг 60 мөнгө, нийт 3 763 789 төгрөг 23 мөнгийг,

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “....Бор-Өндөр харилцагч дээр үүсгэсэн тооцоо болох 2 933 105 төгрөг, дутагдал үүссэн эм барааны үнэ бууруулж хуурамч баримт бичиг үйлдсэн зөрүү 1 059 406 төгрөг 60 мөнгө, нийт 3 992 511 төгрөг 60 мөнгийг тус тус нэхсэн байсан. Нэхэмжлэх болгондоо өөр дүнтэй нэхдэг байсан.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэлд дурдсан эм, барааг бусдад зээлдүүлсэн гэх шалтгааны хувьд байгууллагуудад зээлсэн эм, барааны үнэ бөгөөд Бор-Өндөр салбар гэсэн нэр дээр бичигддэг. Тухайн зээлдүүлсэн гэх эм бараа нь намайг ажиллаж байх хугацаанд үүссэн гэх бөгөөд намайг ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш төлөгдсөн байх боломжтой бөгөөд байгууллагуудад зээлдүүлсэн мөнгөн дүнгийн падаанаар тушаагдалгүй өөр өөр мөнгөн дүнгээр цувуулан тушаасан байж болно. Эм, барааны хугацаа дууссан, эм барааны тооллогоор дутагдал гарсан гэх шалтгааны хувьд өөр дүнгээр нэхсэн төлбөрийг зөвшөөрөхгүй байсан ч удаа дараа нэхэж ажилчдын цалин хасагдаад байна гэсэн шалтгаан хэлж байсан болохоор 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр бүхийн албан бичигт дурьдсан өөрийн нэр дээр үүссэн өр төлбөр болох 1 013 139 төгрөгийн өр төлбөрт 1 014 000 төгрөгийн эм бараа хүлээлгэн өгсөн билээ. 2017 оны 08 дугаар сарын цалин 2017 оны 09 дүгээр сард буухад өрнөөс чинь суутгана гэж гар дээр цалин гэж 136 000 төгрөг ирсэн. Мөн МЭИК ХХК-ийн салбарын захирал Г.Гансүх нь манай гэрээс хөргөгч, буйдан гэх зэрэг эд хогшил худалдан авч мөнгийг нь өрнөөс суутгана гэж хэлдэг байсан. Гэтэл нэхэмжлэлдээ дахин эм барааны хугацаа дууссан, эм барааны тооллогоор дутагдал гарсан гэж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуурамч баримт үйлдсэн гэх шалтгааны хувьд миний бие огт хүлээн зөвшөөрхгүй байна. Ямар учир шалтгааны улмаас ийм шалтгаан гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй байна. Ер нь МЭИК нь хууль бус үйлдэл их гаргадаг бөгөөд ажиллаж байгаа ажилчдаа байнга өр төлбөрт оруулан, захиалга өгөөгүй эм барааг хувиарлан өгч хугацаа дуусахаар нь ажилчдад өр төлбөр болгон тавьж, цалин дээрээс зөвшөөрөлгүй суутган авдаг. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нийгмийн даатгалын дэвтэрээ бөглүүлэх гээд нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход 2018 оны 07 дугаар сарын нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан тул МЭИК Говьсүмбэр аймаг дахь салбарын захирал Г.Г-тэй очиж уулзахад чамайг ажлаас халсан гэсэн бөгөөд тушаалаа 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан атлаа надад мэдэгдээгүй бөгөөд ажлаас халагдсанаа өөрөө очиж байж 1 сар гарны дараа мэдсэн. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч ажилчиддаа болон надад гэрээний нэг хувийг өгөөгүй болно гэжээ.

 

М,Э,И,К,ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр дахь салбарын захирал Г.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагдаа:

Б.Д холбогдуулан 2016-2017 онд “Монгол эм импекс концерн” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт бөөний төвийн эрхлэгч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа эм, барааг бусдад зээлдүүлэн өгсөн, эм барааны хугацаа дуусгасан, эм барааны тооллогоор дутагдал гаргасан, хуурамч баримт үйлдсэн гэх мэт шалтгааны улмаас Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад түүний хүсэлтээр цалингийн тооцоо гаргаж, шалгах үед 5, 6 дугаар сарын цалин дээрээс суутгасан суутгалыг төв компани болон салбараас 2 дахь бичилт хийж авлага бууруулсан нь тогтоогдсон тул уг үүсгэсэн тооцоо болох 267 391 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар нотолгооны баримтуудыг нотариатаар баталгаажуулан бүрдүүлж өгөхөд гарсан зардал болох 66 500 төгрөг, нийт 333 891 төгрөгийг Б.Д-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр салбарын эрхлэгч Г.Г 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “... эм, барааг бусдад зээлдүүлэн өгсөн, эм барааны хугацаа дууссан, эм барааны тооллогоор дутагдал гаргасан, хуурамч баримт үйлдсэн гэх мат шалтгааны улмаас үүсгэсэн тооцоо мөн цалингийн тооцооны зөрүү 267 391 төгрөг, нотариатын зардал болох 66 500 төгрөг нийт 333 891 төгрөг гаргуулах гэх нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр дэх салбар нь ажилчдын цалингаас байнга зөвшөөрөлгүй 2 талдаа суутгаж аван бичилт хийдэг байсан нь өөрсдийнх нь буруу бөгөөд ажлаас халагдаад жил гаран болж байхад цалингийн тооцоо гэж дахин гаргаж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний нэхэмжлэгч нь нотолх баримтаа өөрөө бүрдүүлнэ гэсэн байдаг бөгөөд эх хувиар нь гаргаж өгөх боломжтой зүйлийг нотариатаар батлуулаад, батлуулсан мөнгийг нэхэмжлэх хууль зүйн заалт байхгүй. МЭИК ХХК-ийн Говьсүмбэр дахь салбар нь гэрээ байгуулаагүй байхад Өлзийт Сүмбэр фарм ХХК гэсэн манай ажлын нэр дээр өр үүсгэн бичилт хийсэн байсан. Хариуцагч Б.Д би нэхэмжлэгч талаас гар падааны хар дэвтрүүдийг нотлох баримтын ач холбогдолтой гэж гаргуулах хүсэлт тавьсан боловч өгсөн дэвтэр нь өөр хариуцагчийн дэвтэр байсан бөгөөд энэ нь одоо нэхэмжилж буй Бор-Өндөр гэсэн харилцагчийн талаар мэдээлэл огт байхгүй. Ингэж нэр төдий нотлох баримт өгч байгаа нь миний хувьд санаатайгаар нотлох баримтад саад учруулж байна гэж үзэж байна. Мөн ажилтан миний бие өөрийн гарын үсэгтэй хөдөлмөрийн гэрээг гаргуулах шаардлага тавьсан боловч гаргаж өгөхгүй нэхэмжлэгч Г.Г нь өөрийнхөө байгуулсан хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Мөнгө тушаасан баримтууд гаргуулах хүсэлт тавьсан боловч дутуу хэдхэн ширхэг канондаж батлуулан мөн нотлох баримт дутуу гаргаж өгсөн. Тухайн  байгууллага нь Бор-Өндөр гэх харилцагчийн тооцоог нэхэмжилж байгаа нь тухайн харилцагчийнхаа тооцоог нарийн сайн шалгаж үзэхгүй падааны дүнгээрээ тушаагдаагүй байгаа падаануудыг түүж аван нэхэмжилж байна. Мөн эхний нэхэмжлэл дээрээ бичигдсэн байсан тушаагдсан мөнгө нэхэмжлэн, дараа нь арилгасан, падааны дүнтэй жагсаалтан дээр Г.Г гэж хүний өөрийнх нь ажиллаж байсан үеийн мөнгөн дүн бичигдсэн байсныг шүүх хурлын дараа дахин өөрчлөн өөр дүнтэй болгон нэхэмжилж байгаа нь зүгээр л санаандаа орсон, харсан падааны дүнгээ л тушаагаагүй гэж нээхмжилж байна. Тухайн байгууллагын програм болон нягтлан бодох ажлаа өөрөө хийж байгаа нь зохиомлоор хэн нэгнээс мөнгө авах гэсэн увайгүй үйлдэл болж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ эм,  барааны хугацаа дуусгасан, тооллого дээр өр төлбөр гаргасан, бусдад зээлдүүлсэн гэх мэт шалтгаан байгаа боловч эм барааны хугацааг би албаар дуусаагүй дууссан эм барааг би өөрөө худалдан авч хэрэглэх, эсвэл дууссан эм барааг бусдад зарж борлуулах байсан юм шиг байна. Энэ нь үндсэн хууль болон бусад хуульд зааснаар шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Мөн энэ бүх тооллого тооцоо хугацаа дууссан эм, бараа гэх мэт өөрийн нэр дээр үүссэн өр төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Зээлдүүлсэн гэх нь тухайн Бор-Өндөр гэх харилцагчтай миний бие гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн байгууллага нь харилцагч байгууллагатайгаа зээлийн гэрээ байгуулдаг байх. Зээлийн гэрээ байгуулж зээл өгүүлчээд ажилтнаас зээл өгсөн гэж нэхэмжлэх нь буруу, намайг ажиллаж байх хугацаанд эм бараа авсан газрууд маань бүгд мөнгөө тушаасан болно. Тушаагдаагүй үлдсэн харилцагч гэвэл Дорноговь аймгийн Иххэт сумын эмийн сан буюу тухайн нэхэмжлэгч Г.Г ээж, мөн Дорноговь аймгийн Иххэт сумын эмийн сан буюу Цэнджав гэх хүн нь тухайн нэхэмжлэгчийн ээжийнх нь найз зэрэг хүмүүс Бор-Өндөр харилцагч дээр авсан эм барааныхаа мөнгийг тушаагаагүй үлдсэн болно. Харилцагч байгууллагын төлөөгүй өр зээлийг эд хариуцаж байсан ажилтан төлнө гэсэн зүйл заалт байхгүй болно.

Иймд дээрх дурьдсан нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэл байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

М,Э,И,К,ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр дахь салбарын захирал Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд эм зүйчийн ажлыг хариуцан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа захиалгаа оновчгүй хийж бараа дутааж, ажилдаа хайхрамжгүй хандаж эм барааны хугацаа  дуусгасан. Мөн Бор-Өндөр харилцагч дээр падаан бичээд мөнгийг нь өөрөө авсны улмаас манайд гурван сая гаран төгрөгийн хохирол учруулсан. Шүүхэд өгсний дараа цалингийн бичилтийн 267 391 төгрөгийн тооцоо гарч ирснийг нэмж нэхэмжилсэн. Мөн нотлох баримт бүрдүүлэх зардалд 60 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ер нь бол нотлох баримтыг хангалттай бүрдүүлж өгсөн гэж бодож байгаа гэв.

 

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт эм зүйчээр ажиллаж байсан. Тухайн үед өөрийн нэр дээр үүссэн өрийг бүрэн барагдуулаад дууссан. Бор-Өндөр гэдэг харилцагчийн мөнгийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгүүдийн жагсаалтан дээр ихэнхи нь тушаагдсан мөнгөнүүд байгаа. Намайг амралттай байх үед гарсан мөнгийг сүүлд нь өөр дүнгээр бичээд надаас нэхэмжилсэн байна лээ. Хэрвээ энэ хүн санхүүгийн тайлан тооцоогоо сайн шалгасан бол ийм өр гарахгүй. Тайлан тооцоогоо сайн шалгаагүй байж над дээр ийм өр үүсгэсэн нь буруу гэж бодож байна. Тэр Бор-Өндөр харилцагчийн мөнгийг төлөгдсөн байхад надаас нэхээд байгааг би ойлгохгүй байгаа. Ажиллаж байх хугацаандаа хугацаа дууссан эм болон зарим нэг гарсан төлбөрийг би бүгдийг нь барагдуулаад ажлаас гарсан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М,Э,И,К,ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр дахь салбарын захирал Г.Г нь хариуцагч Б.Д холбогдуулан “...Б.Д нь 2016-2017 онд М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт бөөний төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа эм барааг бусдад зээлдүүлсэн, хуурамч баримт үйлдсэний улмаас үүсгэсэн хохирол 3 992 511.60 төгрөг гаргуулах,

Цалингийн тооцоо гаргаж, шалгах үед 5, 6-р сарын цалин дээрээс суутгасан суутгалыг төв компани болон салбараас 2 дахин бичилт хийж авлага бууруулсан нь тогтоогдсон тул 267 391 төгрөг, нотлох баримтуудыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал 66 500 төгрөг, нийт 333 891 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Б.Д нь “... Эм барааг бусдад зээлдүүлсэн гэх шалтгааны хувьд би өөрийн нэрээр зээлдүүлсэн эмийнхээ төлбөрийг төлсөн /хх-27/, харин Бор-Өндөр салбартай би гэрээ байгуулаагүй, ер нь энэ байгууллага ажилчдад захиалга өгөөгүй эм, барааг хуваарилан өгч, хугацаа дуусахаар нь ажилчдад өр төлбөр болгон тавьж, цалин дээрээс зөвшөөрөлгүй суутгалыг суутган авдаг хууль бус үйлдэл их гаргадаг ...” тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.Д 2016-2017 онд Монгол эм импекс концерн ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт бөөний төвд дефектараар ажиллаж байсан болох нь М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр салбарын Бараа материалын тооцоо бодсон баримт /хх36-50/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх75-76/, ажилчдын цалингийн тооцоо /хх77-87/, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс “...Б.Д нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа эм, барааг бусдад зээлдүүлсэн, хуурамч баримт үйлдэж 3 992 511.60 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх талуудын хоорондын маргааныг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Б.Д нь 2016-2017 онд М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын дефектараар ажиллаж байх хугацаандаа эм, барааг бусдад зээлдүүлсэн, хуурамч баримт үйлдсэний улмаас үүсгэсэн тооцоо үүсгэсэн, мөн цалингийн тооцоо гаргаж шалгах үед 5, 6-р сарын цалин дээрээс суутгасан суутгалыг төв компани болон салбараас 2 дахин  бичилт хийж авлага бууруулсан нь тогтоогдсон” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргийг гүйцэтгээгүй, үүний улмаас ямар хариуцлага хүлээлгэх талаар шүүх дүгнэх боломжгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй,  ажлын байрны тодорхойлолт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс Б.Д-ийн хувийн мэдээлэл багтсан хавтас үрэгдэж алга болсон гэж албан бичиг ирүүлсэн /93, 178/,

Хариуцагчаас “... Би багц цагийн гэрчилгээгээ авах гээд нэг удаа очиход чиний хавтас алга болсон гэхээр Эрүүл мэндийн хөгжлийн төв рүү утасдаж, гэрчилгээгээ дахин гаргуулж авсан, хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхэд 2 удаа гаргасан боловч бичиг баримтууд алга болсон гэсэн албан бичиг ирсэн ...” гэж тайлбарлана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй,

Тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.7-д Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний биелэлтийг хангах үүднээс бэлэн мөнгө, эд хөрөнгөтэй шууд харьцаж ажилладаг зарим ажилтантай барьцаа, батлан даалтын гэрээ байгуулна,

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна хэмээн заажээ.

Дээрх хуулийн зохицуулалт болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм. 

Иймд, Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэснийг үндэслэн Б.Д-ээс нийт хохирол болох 4 326 402.6 төгрөг гаргуулах тухай М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 497 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т зааснаар Б.Д-ээс хохирол болох 4 326 402.6 / дөрвөн сая гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай М,Э,И,К,ХХК-ийн Говьсүмбэр салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 497 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ЦОГЗОЛМАА