| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
2023 03 29 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч Г.С
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бт холбогдох эрүүгийн 2325000000096 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б 2023 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 13-13 тоотод согтуурсан үедээ хохирогч Г.Сын нүүрэн тус газар гараараа цохиж “баруун хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт,нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч У.Бийн мэдүүлсэн: Тэр орой хамаатны охиныд машинтай хүмүүс ирэхээр нь ороход танихгүй 2 залуугийн хамт 2 охин байсан. Эхлээд би “битгий танихгүй айлд уугаарай” гэж хэлээд гарсан. Дахин ороход пиво ууж байхаар нь энэ хохирогч Г.Сыг айлын дээд талд суулаа, доошоо суу гээд босоод ирэхээр нь нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Г.Сын мэдүүлсэн: 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ангийн найз Нийнд очиж бид юм яриад тоглож суусан. Гэтэл Б нь гэрийнх нь хаалга үүдийг нүдээд, гэр өөд нь авираад янз бүр болоод байсан. 3 удаа ирсэн. Дараа нь Нандин-Эрдэнэ гэдэг нь орж ирээд Нтэй хэрэлдээд, гараад Бийнд бас орж маргалдаад байсан. Тэр үед бид 2 сууж л байсан. Тэгсэн чинь Б нь дахин орж ирээд “бос, суу...пизда... гээд хараагаад эхэлсэн. Тэгээд бос гэхээр нь бостол шууд цохисон. Миний хамарнаас маш их цус гарч тогтохгүй байсан. Найзыгаа дуудаж эмнэлэг явсан ба шууд хэвтсэн. Тэгээд УБ яв гэсэн тул явж хагалгаанд орсон. Одоо гүйж, юм өргөж болохгүй гэсэн. Мэдрэлийн хувьд ямар ч урхаг гарахыг үгүйсгэхгүй гэсэн. Ажлаа хийгээгүй. Одоо 4 сарын 16-нд ажилдаа очно, ажиллаж болох эсэхийг мэдэхгүй байна. Толгой байнга өвдөж байгаа. Нийт 19,787,729 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг ,
эрүүгийн 2325000000096 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:
-хохирогч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад өөрийн хуурай дүү О.Огийн хамт С, Н, нартай уулзан оюутан ангийн найз Н гэдэг охины Дэнж багийн баруун дэнжийн 13-13 тоот хаягтай монгол гэрт очиход Н ганцаараа байж байсан. О.Огээс бусад нь хүний нэг, нэг Сэнгүр нэртэй лаазтай пиво уугаад сууж байхад Нийн хамаатны гэх залуу гэрийн гадаа ирэхэд Н нь гэртээ оруулахгүй гээд хаалгаа түгжээд, гэрлээ унтраагаад нуугдаад чимээгүй сууж байтал удалгүй яваад өгсөн. Ойролцоогоор 10-20 минутын дараа Нийн хамаатны залуу, найз охинтойгоо мөн 2 эрэгтэй, 1 эмэгтэйн хамт ирэхээр нь гэрт оруулсан чинь Сгийн төрсөн ах гээд нэг залуу Сг авч явна гэхэд Н, С нар нь ирсэн хүмүүстэй маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байхад ирсэн хүмүүс гараад явахад араас нь Н, С, Н гурав гарсан бөгөөд зөрөөд бас нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд дүү бид 2-ыг хамт явъя гээд гэрээс дагуулан гараад Нийн хашааны баруун талд байрлах 2 дахь хашаа руу дагуулан ороход анх ирдэг Нийн хамаатных ахын гэр байсан. Очиход мөн л Н, С нар нь нөгөө хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь орхиод Нийн гэрт ороод сууж байхад араас дүү О, С, Н, Н нар нь орж ирээд удалгүй С харьлаа гээд яваад өгсөн. Тэгээд Н гал түлээд сууж байсан чинь удалгүй намайг дагүулж явсан ах, Нийн хамаатны залуу найз охиныхоо хамтаар гурвуулаа орж ирээд Нээс уучлалт гуйж байснаа гэрээс гараад, эргэж орж ирмэгцээ над руу харж байснаа гөлөг минь бос, суу, тэр доошоо очоод суу гээд гэнэт дээрэлхэж эхэлсэн. Тухайн үед би зуухны ядангийн баруун хойд талд сандал дээр сууж байсан чинь Нийн хамаатны гэх залуу над дээр ирээд намайг босоод доошоо суу гэхээр нь би за, за тэгье гээд босоод явах гэж байсан чинь дахиад суу гэж чанга дуугаар орилохоор нь яагаад байгаа юм бэ, хөгшөөн гээд өөдөөс хараад зогсоход юм ярихгүй байхаар нь доошоо явах гээд зүүн зүг рүү харсан чинь уг залуу гараараа нэг удаа нүүрний баруун хэсэг рүү хүчтэй цохиход хамарнаас маш их цус гарсан. Тэгээд найз Х.Э руу залгаж дуудаад дүүгийн хамт гэрээс гарахад найз ирж аван, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд авч ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Н.Мын мэдүүлсэн... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12. 11 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд Г.С нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмлүүлж цаашлаад Нийслэлийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,978,650 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-гэрч Х.Эгийн мэдүүлсэн:...Г.С 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цаг 48 минутад над руу залгаад энд нэг юм болчихлоо Дэнж багийн Баруун дэнжээс ирээд авчих гэхээр нь би Баруун дэнжээс очиж авахад эрэгтэй дүүгийнхээ хамт байж байсан бөгөөд Г.Сын баруун нүд нь хавдчихсан хамарнаас нь цус гарсан байдалтай байсан, тэгээд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирэн үзүүлээд юу болсон талаар асуухад Баруун дэнжид айлд байж байсан чинь танихгүй зауу орж ирээд шалтгаангүй нүүр лүү цохисон гэж хэлсэн. Хэн нэгэнтэй ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй гэсэн. Би юу болсон талаар тодруулахаар Г.Сын зодуулсан газар дахин очиход танихгүй 4 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байж байхаар нь юу болсон талаар асуухад Б гэдэг залуу өөрийнхөө нэрийг хэлээд уучлаарай битгий цагдаад хэлээч, цохичихсон юм аа гэхээр нь би гар утасных нь дугаарыг асуухад 95463380 гэж хэлсэн. Яагаад манай найзыг цохиж байгаа юм гэж асуухад юм хэлэхгүй уучлаарай л гээд байсан. Г.С эрүүл байсан, харин Б нь согтуу байсан хэдий ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-гэрч А.М мэдүүлсэн:...Тэгээд араас нь бид дөрөв очиход хаалгаа нээж өгөхгүй дотроосоо түгжин байж байгаад хэсэг хугацааны дараа нээж өгөхөд Н, С, Н гээд гурван охин танихгүй 2 залуугийн хамтаар лаазтай пиво уугаад сууж байсан. Тэгээд Сг гэртээ харь гээд ахыг нь дуудаад Бийн гэрт аван очиход араас Н, Н, 2 танихгүй залуугийн хамтаар Бийн гэрт орж ирэн Н нь Бийг гэр оронд дуураараа ирлээ гэсэн утгатай хэрүүл хийж байгаад гаран явсан хойно Б найз охиныхоо хамтаар Нийн гэр лүү араас нь явсан бөгөөд би найз охинтойгоо гэрт нь үлдсэн. Удалгүй Б, Нандинцэцэг 2 гэртээ орж ирэн Нандинцэцэг нь Бийг хүн цохичихлоо гэж хэлсэн. Бийн хэлснээр болохоор Нийн гэрт Н, Н нар нь нөгөө 2 залуугийн хамт байж байхаар нь нэг залуу нь яасан юм гээд босоод ирэхээр нь нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохисон гэж хэлж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
-гэрч Х.Нийн мэдүүлсэн... Би 2023 оны 01 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим...Дэнж багийн баруун дэнжийн 13-10 тоот хаягт гэртээ очиход Ч.Н, С, Г.С, Г.Сын эрэгтэй найз дөрөв байж байсан. Тэгээд бид тав манай гэрт ороод лаазтай пиво яг уух гээд задлаад байж байхад гаднаас У.Бийн найз охин Нандинцэцэг гэрийн гадаа ирээд хаалгаа онгойлго гээд дайраад байхаар нь хаалга нээж өгөхөд учир зүггүй бид нарыг архичин гээд есөн шидээр хараагаад байсан...хугацааны дараа У.Б нь найз охинтойгоо манай гэрт орж ирэн намайг архичин авгай, гичий, янхан гээд шалтгаангүй хараагаад байсан. Миний бодлоор У.Б, Нандинцэцэг нар нь архи уусандаа худлаа томорхож бид нарыг дээрэлхээд байсан. Тэгээд намайг харааж байгаад У.Б нь Г.Сыг бос, суу, доошоо суу гэх мэтээр дээрэлхээд байхаар нь айсандаа гараад гэрийн гадаа байж байсан чинь юм цохиж байгаа юм шиг “түс’ хийх чимээ гарахаар нь гэр лүү ортол Г.Сын хамарнаас их хэмжээгээр цус гарч байсан. Тэгээд Г.С нь найз руугаа утсаар ярьж найз нь ирээд авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
-гэрч Ч.Нын мэдүүлсэн...С, Г.С, Г.Сын эрэгтэй найз бид дөрөв 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой уулзаж, Х.Нийн Дэнж багийн Баруун дэнжийн 13-10 тоот хаягтай гэрт нь очиж бид тав Х.Нийн гэрт ороод лаазтай пиво уух гээд сууж байхад гаднаас У.Б болон түүний найз охин хаалгаа нээ гэж орилохоор нь хаалга нээж өгөхөд У.Б, У.Бийн найз охин Нандинцэцэг, Мөнх-Эрдэнэ, М найз охин дөрөв гэрт орж ирэн Х.Н, С нарыг учир зүггүй архичин гэх мэтээр харааж байгаад гаран явсан. Тэгсэн чинь С нэрээ цэвэрлэнэ гээд араас нь бид нарыг дагуулан гараад У.Бийн гэрт очиж бас хэрүүл маргаан хийж байгаад гарч ирсэн. Тэгээд Х.Н, С, Г.С, түүний найз бид тав Х.Нийн гэрт сууж байсан чинь удалгүй араас У.Б найз охинтойгоо орж ирээд У.Б нь Х.Нийг харааж байгаад Г.Сыг бос, суу гэх мэтээр шалтгаангүй дээрэлхэх болсон.Энэ үед Х.Н гэрээс гарсан байж таарсан бөгөөд Г.С яг босоод зогссон чинь У.Б өөдөөс очин нүүрэн тус газарт нь нэг удаа хүчтэй цохиж газарт унагаасан, унах үедээ хойноо байсан хөлдөөгчийг дагз хэсгээрээ мөргөсөн. Г.Сын хамарнаас их хэмжээгээр цус гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
-гэрч А.Нийн мэдүүлсэн:.. Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр.... Би тэгээд Нийн гэрт нь орохоор хаалгыг нь татсан чинь хаалгаа түгжчихсэн байсан. Би хаалгаа гээд Н нь хаалга нээхэд гэрт нь эмэгтэй, хоёр эрэгтэй байсан. Миний араас Б найз нартайгаа хүрээд ирсэн. Тэгээд тэнд Б нь Нд хандаж: Чи ахынхаа нэрийг барьж, худлаа ярьж пиво уугаад байхдаа яадаг юм гэж загнасан. Тэгээд Нийн гэрийнх нь хойморт сууж байсан залууд хандаад: Чи наад гэрийн хоймороос бос, яахаараа айлын гэрийн хойморт сууж байдаг юм, та нар пиво, архиа аваад яв гэж хэлэхэд нөгөө залуу нь хэдэрлээд Б рүү муухай хараад байсан. Тэгээд Б нь тухайн залуугийн нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн тэр залуугийнх нь хамраас цус гараад эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
-гэрч Г.Энхбилэгийн мэдүүлсэн:..Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө найз Э.Эгийн хамт түүний машинтай такси үйлчилгээнд явж байхад найз Г.С Х.Э руу залгаж Дэнж багийн Баруун дэнжид хүрээд ир гээд байгаа газраа зааж өгөн бид хоёр очиход Г.С хамаатныхаа эрэгтэй дүүгийнхээ хамт зааж өгсөн айлынхаа хашааны гадна байж байсан бөгөөд Г.Сын нүд хамар нь хавдчихсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд яаралтай Бүсийн оношлогоо эмчлигээний төвд очин үзүүлээд юу болсон талаар тодруулахад очиж авсан найзынхаа гэрт сууж байсан чинь хамаатных нь залуу орж ирээд шалтгаангүй намайг цохичихлоо гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай ... Г.Сын биед баруун хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хоншоор ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархи доргилт, нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.... гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай ... Г.Сын биед 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй өөр гэмтэл тогтоогдсонгүй. Баруун талын эгэм хуучин хугаралтай. Хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/
-шүүгдэгч У.Бийн яллагдагчаар мэдүүлсэн... Намайг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн баруун дэнжийн 13-13 тоотод согтуурсан үедээ хохирогч Г.Сын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үусгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрийн шөнө би Дэнж багийн Баруун дэнжийн 13-10 тоот хаягтай хамаатны охин Нийн гэрт байж байхдаа Г.Сын нүүрэн тус газарт гараа атгаж байгаад нэг удаа цохиход хойшоогоо унасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-79-р тал/
-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан /У.Бийн хувийн байдлын талаархи баримтууд/ тэмдэглэл /хх-ийн 92-р тал/
-Г.Сын гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 113-134-р тал/
-шүүгдэгч У.Б хохирогч Г.Сын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө төлсөн тухай баримтын хуулбар /хх-ийн 137-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай...Гавал тархины битүү гэмтэл” гэдэг нь ерөнхий нэр бөгөөд гавал тархины битүү гэмтэлд тархи доргилт багтдаг тул дүгнэлт хэсэгт гавал тархины битүү гэмтэл гэдэг ерөнхий нэрийг бичээгүй, гавал тархины битүү гэмтэл болох тархи доргилтыг бичсэн байна. Хохирогч Г.Сын биед гавал тархины битүү гэмтэл болох тархи доргилт учирсан болно. Тархи доргилт нь №418 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тул гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 152-153-р тал/
-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн:..Г.Сын биед гавал тархины битүү гэмтэл болох тархи доргилт үүссэн. Гавал тархины битүү гэмтэл гэдэг нь ерөнхий нэр бөгөөд уг гэмтэлд тархи доргилт, тархи няцрал, гавлын ясны хугарал, хатуу хальсан дээрх, доорх цусан хураа бүгд багтдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 155-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч У.Б 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн тоот буюу Нийн гэрт орж “ айлын гэрийн хоймороос бос, яахаараа айлын гэрийн хойморт сууж байдаг юм, бос, доошоо суу” гэж Г.Ст хандаж хэлээд босоход нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед нь “баруун хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч У.Бийн үйлдлийн улмаас Г.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Сын... Тухайн үед би зуухны ядангийн баруун хойд талд сандал дээр сууж байсан чинь Нийн хамаатны гэх залуу над дээр ирээд намайг босоод доошоо суу гэхээр нь би за, за тэгье гээд босоод явах гэж байсан чинь дахиад суу гэж чанга дуугаар орилохоор нь яагаад байгаа юм бэ, хөгшөөн гээд өөдөөс хараад зогсоход юм ярихгүй байхаар нь доошоо явах гээд зүүн зүг рүү харсан чинь уг залуу гараараа нэг удаа нүүрний баруун хэсэг рүү хүчтэй цохиход хамарнаас маш их цус гарсан...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Мын... Иймд Г.С нь 2023 оны 01 дүгээр сарын 21- ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмлүүлж цаашлаад Нийслэлийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,978,650 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг, гэрч Х.Эгийн... Хэн нэгэнтэй ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй гэсэн. Би юу болсон талаар тодруулахаар Г.Сын зодуулсан газар дахин очиход танихгүй 4 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байж байхаар нь юу болсон талаар асуухад Б гэдэг залуу өөрийнхөө нэрийг хэлээд уучлаарай битгий цагдаад хэлээч, цохичихсон юм аа гэсэн...гэх мэдүүлэг,гэрч Х.Нийн... Би Ч.Наас энд юу болсон бэ гэж асуухад У.Б нь Г.Сыг бос, суу гэж дээрэлхэж байгаад Г.С боссон чин» У.Б шууд нүүр лүү нь цохичихлоо гэсэн...гэх мэдүүлэг ,гэрч Ч.Нын... Тэгээд юу болсон талаар тодруулахад Мөнх- Эрдэнэ, түүний найз охин нар нь Г.Сын 2 найз орж ирээд У.Бийг элэгдээд, бие рүү хөшиглөсөн гэж хэлсэн....гэх мэдүүлэг,гэрч А.Нийн...Тэгээд Нийн гэрийнх нь хойморт сууж байсан залууд хандаад “Чи наад гэрийн хоймороос бос, яахаараа айлын гэрийн хойморт сууж байдаг юм, та нар пиво, архиа аваад яв” гэж хэлэхэд нөгөө залуу нь хэдэрлээд Б рүү муухай хараад байсан. Тэгээд Б нь тухайн залуугийн нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн тэр залуугийнх нь хамраас цус гараад эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай ... Г.Сын биед баруун хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хоншоор ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана… гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч У.Б нь айлын гэрт орж, тэнд байсан хохирогч Г.С нарыг “айлын гэрийн хоймор суулаа” гэж шалтаглан бос, доошоо суу гэж дээрэнгүй харьцаж улмаар Г.Сын биед санаатай халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: У.Б 2023 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн 13-13 тоотод согтуурсан үедээ хохирогч Г.Сын нүүрэн тус газар гараараа цохиж “баруун хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогчийн 17,9 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Ажлаас эмнэлгийн хуудсаар чөлөөлөгдсөн үү, чөлөө авсан уу гэдэг нь нотлогдоогүй. Мөн Тархи толгойн эмчилгээ эмч эмнэлгийн зүгээс заагаагүй байхад төлбөр нэхэмжилж байна. Энэ нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Харин хохирлын нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэлж шийднэ үү. Нотлох баримтууд хангалтгүй байна, иргэний нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй байна гэж,
-хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Шүүгдэгч гэм буруутай. Энэ хүнээс болж хохирогч ажлаа хийж чадахгүй байна. Толгой нь өвдөөд байгаа учраас л үзүүлж байгаа. Хагалгаанд орох үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл, УБ явсан бензиний зардал, УБ-т байр түрээслэж хоол цай зөөж байсан түрээсийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин гээд нийт 17,9 сая төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч У.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээж хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч эм, эмчилгээний болон бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 19,787,729 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Орхон аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр нийт 375,800 төгрөгийг тухайн үед төлсөн байна. Хохирогчийн нэхэмжлэлд тооцоогоор эм тариа, эмнэлгийн төлбөр 1,528,700 төгрөг, замын зардал 175,254 төгрөг, орон сууц түрээслэсэн зардал 350,000 төгрөг, нийт 2,079,754 төгрөгнөөс Улаанбаатар хот руу хохирогчоос гадна явсан 2 хүний зардал 59,466 төгрөг, орон сууц түрээслэсэн төлбөр 350,000 төгрөгийг хасч, 1,644,488 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх тул түүний төлсөн 375,800 төгрөгийг хасаж 1,268,688 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүх хуралдааны үед бүрэн төлсөн байна.
Хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед гэр бүлийн хүмүүс нь ойролцоо байр түрээслэсэн гэснийг зайлшгүй хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хэргийн 52 дугаар хуудаст авагдсан ГССҮТөвөөр үйлчлүүлэгсдийн амбулаториор эмчлүүлэгчийн картанд эмч “14 хоногийн дараа давтан толгойн КТГ” гэж тэмдэглэсэн байх тул хохирогчид толгойн гэмтэл учраагүй, үзүүлэх ёсгүй гэж мэтгэлцэх үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Мөн хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 16,108,875 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтууд бүрэн биш байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа. Иргэний хуульд, ажил эрхэлдэг хохирогчийн хувьд эмнэлгийн хуудсаар ажил олгогчоос авсан цалинг хасч зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан ба Г.С нь хэд хоног эмнлэгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдөж, ажил олгогчоос эмнэлгийн хуудсаар хэдэн төгрөгний цалин авсан тухай баримтууд гаргаж өгөөгүй байх тул шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ “...Г.С нь 2023 оны 01 дүгээр сарын 21- ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмлүүлж цаашлаад Нийслэлийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,978,650 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...”гэж мэдүүлсэн ч, хэргийн 12 дугаар хуудаст байгаа иргэний нэхэмжлэгчийн гаргасан зардлын жагсаалт тамга тэмдгээр баталгаажаагүйн дээр, хэргийн 114 дүгээр хуудаст байгаа Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн баримттай үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байгааг үндэслэн хэлэлцэхгүй орхисон болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Х овогт У Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч У.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 409,466 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 16,108,875 төгрөгийн хэсгийг, иргэний нэхэмжлэгчийн 2,978,650 төгрөгийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ