Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01904

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй,

         

           Хариуцагч: “У” УТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р, Н.Ц гэрч Н. Ц.О, нарийн бичгийн дарга Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  М.А миний бие У-ын газрын үйл ажиллагааны шинэ бүтэцтэй холбоотойгоор тус лабораторийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар тус газрын захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн ажиллаж байх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны А/82 дугаар тушаалаар тус газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар намайг захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд жинхэлсэн. Ингээд миний бие ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусч байгаа тул ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай өргөдлийг тус газарт хандан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бичгээр гаргасан. Хүсэлтийн хариуг өгөөгүй, чөлөөний хугацаа дуусаж эхэлсэн тул 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өргөдөл гаргасан. Тэгтэл надад өргөдлийн хариу болгож 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “сул байгаа орон тоо буюу архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах санал хүргүүлж байна” гэсэн ямар нэгэн тамга тэмдэггүй, хүлээлгэн өгсөн М.Р гэсэн бичгийг өгсөн. Үүнээс шалтгаалан: Энэхүү байдлаараа иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд М.А намайг У-ын захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 107 хоногоор тооцон 2.665.049 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч В.Г-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд: Нэг. М.А нь тус байгууллагын үндсэн  ажилтан биш бөгөөд жирэмсний болон амаржсаны амралттай байсан захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн М.Р-ийн оронд хугацаатай түр томилогдсон М.А нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 тоот тушаалаар ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар жирэмсний амралтаа авч ажлаасаа чөлөөлөгдсөн. М.А-ыг ажилд томилохоос өмнө болон хойно М.Р нь захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг албан ёсоор гүйцэтгэж байна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2015 оны А/82 тоот тушаалаар бүтэц өөрчлөгдсөн тул ажилтнуудыг чөлөөлж дахин томилох тушаал гаргах шаардлага бий болсон. Үүнийг ашиглан захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг түр эрхэлж байсан М.А нь 2015 оны Б/42 тоот тушаалаар албан хаагчдыг бөөнөөр нь нэрийг жагсааж халахдаа хавсралтад М.А гэсэн нэрийн ард тайлбар хэсэгт /жинхэнэ/ гэж бичээд ажлаас чөлөөлсөн ба томилсон тушаалыг гаргуулсан. Гэтэл М.А нь анх ажилд томилсон 2014 оны Б/29 тоот тушаалаас өөр албан тушаалд жинхэлсэн тушаал гараагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалын хавсралтад жинхэнэ гэсэн бичвэр бичиж батлуулсан нь хууль зүйн дагуу биш үйлдэл гаргасан. Мөн амаржсаны амралттай байгаа ажилтны албан тушаал, ажлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д зааснаар захиргаа хэвээр хадгалах үүрэгтэй хуулийн зохицуулалт байдаг болон өөрөө эзгүй хүний оронд түр томилогдсон гэдгийг мэдэж байсан. М.А-ын ажлын байрны тодорхойлолтоор тушаалын төслийг боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 3.5.8-д “Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг зохион бүрдүүлсэн бол боловсруулсан ажилтан хүлээнэ” гэж зааснаар хариуцлагыг М.А өөрөө хүлээхээр байгаа. Хууль зөрчсөн эрхийн актаас болж өнөөдөр М.Р хохирох асуудал үүссэн гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 92.1-д заасны дагуу захиргаанд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Гомдол хянаж үзээд 2014 оны Б/29, 2015 оны Б/42, Б/43 тоот тушаалын М.А-тай холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан бодит нөхцөлд нийцэх зарчмыг зөрчсөн хууль бус болжээ гэж захиргаа хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байсан. Захирлын зөвлөлөөр уг асуудлыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасны дагуу М.А-тай холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өөрийн эрх хэмжээний хүрээнд жинхэнэ гэснийг түр болгож бодит үнэнийг тогтоосон ба хурлын шийдвэр, Захиргааны ерөнхий хуулийн 95.5, 7 дах заалтыг үндэслэн А/41 тоот тушаал гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү захиргааны актыг оролцогч М.Р, М.А нарт мэдэгдсэн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“У” УТҮГ-т холбогдох, “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.665.049 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай М.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч “У” УТҮГ-аас “...М.А нь тус байгууллагын үндсэн ажилтан биш бөгөөд захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа М.Р-ийн оронд түр томилогдсон, одоо М.Р нь ажилдаа орсон, мөн М.А-ыг захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэний ажил, албан тушаалд жинхэнэ гэж бичсэн тушаалд өөрчлөлт оруулсан” тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Уйн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр “ажилд түр томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтнээр М.А-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаатай томилж, талууд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулжээ.

 

Мөн Уйн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаалаар “...бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан албан хаагчдыг нэгдүгээр хавсралтад заагдсан ажлын байранд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсугай. Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажилд М.А-ыг /жинхэнэ/ томилох...” гэсэн байх бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17/41 дүгээр захирлын тушаалаар “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.А-ын гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтнээр тус лабораторид 12 жил ажиллаж байгаа М.Р-ийн эрх зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрч захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/42, Б/43 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтын 3-т М.А гэсэн нэрийн арын тайлбар хэсэгт бичигдсэн жинхэнэ гэдэг бичвэрийг хүчингүй болгож, түр гэж залруулсугай” гэжээ.

 

Уйн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирлын тушаалаар “...Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай М.А-д 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт олгосон” байх бөгөөд М.А нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Э.Ц-г төрүүлж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус тус ажилтан М.А нь “...хүүхэд асрах чөлөө 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусаж байгаа тул ажилдаа эргэн орох хүсэлттэй байна” гэсэн өргөдлийг “У” УТҮГ-т гаргасан хэдий боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчиж, “хүүхэд асрах чөлөө дууссан тохиолдолд түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Ажил олгогч нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 1.1, 5.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажилтан М.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, цуцалсан талаар тушаал /шийдвэр/ гаргаагүй хэдий боловч үйлдэл /эс үйлдэхүй/-ээр түүнийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоос татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна гэж дүгнэв.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгална”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заасны дагуу М.А-ыг Уйн захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, бичилт хийхийг хариуцагч Уд даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн М.А-ын 0455662 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 2016 оны 02, 01, 2015 оны 12 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 24.907 төгрөгийг /2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны/ ажлын 107 хоногоор тооцож 2.665.049 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ыг “У” УТҮГ-ын Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “У” УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.665.049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан М.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “У” УТҮГ-т даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “У” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 127.790 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД