Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Г.А

Хохирогчийн өмгөөлөгч С.Т 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-т холбогдох эрүүгийн 2225000000385 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д-ийн У,

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***** тоотод С.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ “- ахын хамар луу цохьсон зүйл байхгүй. Хамрын гэмтлийг би учруулаагүй. Бусад гэмтлийг учруулсан байж болно. Э ахын хамар урьд нь гэмтсэн байсан” гэв.

 

Хохирогч С.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч С.Э-ы цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            2. Хохирогч С.Э-ы “2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэг мэдсэн С-н  нөхөр болох У  ороод ирсэн та миний эхнэрт яагаад гар хүрсэн юм бэ гээд миний нүүр, толгой руу гараараа цохиж унагаан, унасан байхад толгой, нүүр, чих, биеийн хэсгүүд рүү маш олон удаа гар болон хөлөөрөө цохиж зодоод байсан. Тухайн өдрийн шөнө Д.У намайг зодоход миний хамрын яс хугарсан, мөн зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг ч бас Д.У зодож үүсгэсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9-11 дэх тал/

3. Гэрч Э.С-н “Би өөрийн нөхөр Д.У-т С.Э ах намайг цохиж зодсон гэж хэлэхэд Д.У уурлаад манай эхнэрийг яагаад зодож байгаа юм гээд С.Э ахын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиж газарт унагаачихаар нь би өөрийн нөхрөө болиулсан. С.Э ах миний буруу, намайг уучлаарай гээд байсан. Манай нөхөр Д.У С.Э ахыг гараараа цохиход хамарнаас нь цус гарч, нүд хэсэг нь улайгаад сонин болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 17 дахь тал/

4. Гэрч Б.Э-н “С-н  нөхөр нь гээд сорвитой У  гэдэг залуу Эыг дээш харсан байдалтай хэвтэж байхад дээр нь гарчихсан гараараа нүүр, толгой руу нь цохиж зодоод байсан" гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дэх тал/

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 627 дугаартай “С.Э-ы биед хамрын ясны хугарал, зүүн чинхий дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хамрын ясны хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

6. Д.У ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/

7. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар.

8. 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

9. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 125 дахь тал/,

10. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 275 дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

11. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дугаартай 28-ны өдрийн 12 дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 65-66 дахь тал/

12. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 09  дүгээр сарын 21-ны өдрийн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 91 дэх тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “     Шүүгдэгч Д.У нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***** тоотод С.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Э-ы мэдүүлэг, гэрч Э.С-н мэдүүлэг, гэрч Б.Э-н мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 627 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хугацаанаас өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, 3 жил 8 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх, шүүгдэгчээс 737 000 төгрөг гаргуулан хохирогч Эрдэнчулуунд олгох саналтай гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Т   дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон учир гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлаг хүлээлгэн, шүүгдэгчээс 737 000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б    дүгнэлтдээ: “Шүүгдэгч хохирогчийн эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хамрын гэмтлийг учруулаагүй гэдгээ хэлж байгаа. Иймд уг асуудлыг ялгамжтай шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Э-ы цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч С.Эы “...миний нүүр, толгой руу гараараа цохиж унагаан, унасан байхад толгой, нүүр, чих, биеийн хэсгүүд рүү маш олон удаа гар болон хөлөөрөө цохиж зодоод байсан. Тухайн өдрийн шөнө Д.У намайг зодход миний хамрын яс хугарсан, мөн зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг ч бас Д.У зодож үүсгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.С-н “...Д.У уурлаад манай эхнэрийг яагаад зодож байгаа юм гээд С.Э ахын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиж газарт унагаачихаар нь би өөрийн нөхрөө барин болиулсан. Манай нөхөр Д.У С.Э ахыг гараараа цохиход хамарнаас нь цус гарч, нүд хэсэг нь улайгаад сонин болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “...С-н  нөхөр нь гээд сорвитой У  гэдэг залуу Эыг дээш харсан байдалтай хэвтэж байхад дээр нь гарчихсан гараараа нүүр, толгой руу нь цохиж зодоод байсан..." гэх мэдүүлэг,  Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 627 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.У нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***** тоотод С.Этай маргалдан зодож эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн чинхий дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.У ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.У-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ “хохирогчийн хамарт цохиогүй, хамарт учирсан гэмтлийг учруулаагүй” гэж мэдүүлж байх боловч хохирогч С.Эы мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.У нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, өшиглөсөн болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн болох нь тус тус тогтоогдож байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 737 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.У аас 737 000 төгрөг гаргуулан хохирогч С.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.У нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 12 дугаартай захирамжаар Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял дээр шинээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн У- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-г 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 25 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.У-т оногдуулсан 3 жил 9 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У аас 737 000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Э /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***** тоотод оршин суух/-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС