Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1074

 

  Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/1376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-н гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох эрүүгийн 1906 00906 1708 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б...” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Б.А нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хаппи таун” хотхоны 73 дугаар байрны орчимд иргэн Т.Э-г боож, толгойгоор нь газар мөргүүлж, нүд рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 320 нийтэд тустай ажил ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь, би 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажил албан үүргээ гүйцэтгэж байгаад иргэн Т.Э-той маргалдаж, зодолдсон үйлдэл гаргасан. Тухайн үед цагдаа дээр очоод тайлбараа өгөөд салсан. Гэтэл 2019 оны 8 дугаар сард гэнэт дуудаж “хэрэг чинь шүүхэд шилжих болсон, хэргийг чинь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө, торгуулийн ял авах байх” гэж хэлсэн. Би хууль, эрх зүйн мэдлэггүй тул тийм юм байх гэж ойлгосон. Шүүх дээр ирсэн хойно мөн өмгөөлөгч авах шаардлагагүй гэж хэлсэн. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. ... Шүүгдэгч нь хамгаалалтын албаны шуурхай удирдлагын жижүүрийн ажил гүйцэтгэдэг. Нийтэд тустай ажил хийх нь шүүгдэгчийг ажлаа хийх боломжгүй, халагдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Мөрдөгч нь тухайн үед шүүгдэгчид “хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ, чамайг торгох ялын доод хэмжээгээр торгоно” гэж хэлсэн байдаг. Хэрэг прокурорт шилжихэд мөрдөгч тухайн саналаа өгөөгүй байх магадлалтай. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.А нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хаппи таун”хотхоны 73 дугаар байрны орчимд иргэн Т.Э-г боож, толгойгоор нь газар мөргүүлж, нүд рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Э-н “... Тэр залуу машинаа гражид оруулж тавиад гарч ирээд “чи муу юу гээд байна” гээд буруу талын хаалга онгойлгоод өшиглөх гэхээр нь би буугаад очтол “би эндэхийн харуул хамгаалалт хариуцсан дарга байна, чамайг энд алсан ч яадаг юм” гэж хэлсэн. Тэр намайг боож унагаагаад байж байхад цаанаас 2 хүн ирж салгасан. ... Тэгээд дахиж боож унагаагаад толгойгоо цемент дээр хэд хэдэн удаа мөргүүлсэн. Мөн миний нүд рүү цохих шиг болсон. Миний нүд харанхуйлаад явчихсан. ...” /хх 8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.Э-н биед баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1755 дугаартай дүгнэлт /хх 13/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 1755 дугаартай “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, хохирогч гомдол саналгүй гэх зэрэг хэргийн нөхцөл байдал болон түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.