| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 114/2025/0015/З |
| Дугаар | 221/МА2025/0298 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0298
Ө.Г ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Ө.Г
Гомдол гаргагч: Ө.Г
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 011****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ө.Г /цахим/
Хариуцагч улсын байцаагч Ц.О /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 114/2025/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ө.Г нь Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан “2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 011****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, 55 дугаар зүйлийн 55.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан Ө.Г-ийн гомдолтой Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 011****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ө.Г оос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Ө.Г миний бие Ардчилсан намын гишүүн бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд Дархан-Уул аймгийн 4 дүгээр тойрог буюу 4 дүгээр баг дээр Ардчилсан намаас нэр дэвшиж 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардан авснаар сонгуулийн сурталчилгаа нь 2024 оны 9 дүгээр сарын 26-aac 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг хүртэл 14 хоног үргэлжилсэн бөгөөд тус хугацаанд мөн хуульд заасны дагуу зарлагын дансыг нээж холбогдох байгууллагад нь бүртгүүлж өөрийн бүртгүүлсэн цахим хаягаар хандив авах постыг оруулсан.
3.2. Тус хандив хүссэн постод хандивын данс болон хандив өгч байгаа иргэн нь гүйлгээний утга дээр нэр, регистр, хандивын эх үүсвэрийн талаар заавал тусгах талаар тодорхой бичигдсэн байсан. Ингээд орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр надад хандивт 36 иргэнээс 8,970,000 төгрөг цугларч тус мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа бүрэн зарцуулсан нь “ПОА” ХХК-ийн тайлангаас харагддаг.
3.3. Миний бие орон нутгийн сонгуулийн сурталчилгаа дууссаны дараагаар хуульд заасны дагуу “ПОА” ХХК-аар тайлангаа гаргуулахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараагаар тус газраас 19 иргэний хандивын гүйлгээний утга нь тодорхойгүй шилжүүлсэн байна гэдгийг тэр үед мэдсэн. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 14 хоног буюу богино хугацаа байсан тул тэр бүр зарлагын дансыг шалгах боломж байгаагүй юм.
Дээрх 19 иргэн нь хандивтаа гүйлгээний утга тодорхойгүй бичсэнийг мэдээд тэр дор нь залруулж мөн 19 иргэнтэй холбогдох утасны дугаарууд болон холбогдох мэдээллийг агуулсан хүснэгтийг “ПОА” ХХК болон Төрийн аудитын газартай уулзаж нийцлийн аудитын тайлан гаргахдаа эдгээр иргэдээс мэдээлэл авч шалгаж болно шүү гээд өгч байсан.
3.4. Гэтэл Төрийн аудитын тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн этгээдүүдэд нийцлийн аудит хийгдэх бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ”, 18.2-т “Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 18.3-д “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 18.2-т заасны дагуу шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээг авна”, 18.4-д “Шалгагдагч этгээд энэ хуулийн 18.2-т заасан хугацаанд аудитын тайлангийн төсөлд санал ирүүлээгүй бол саналгүйд тооцно” гэж зохицуулсан байхад Төрийн аудитын байгууллагаас надад огт аудитын тайлангийн төсөлд санал авах талаар шалгагдагч этгээд надад хүргүүлээгүй, мэдэгдээгүй.
3.5. Төрийн аудитын байгууллага нь нийцлийн аудитын тайлан гаргахдаа хуульд заагдсан ажиллагаануудыг хийж судалж, шалгаж байж тайлангаа гаргах ёстой байтал хуульд заагдсан процесс ажиллагаануудыг хийлгүйгээр татварын байгууллагад шилжүүлсэнд маш их гомдолтой байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 114/ШШ2025/0015 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхив.
2.1. Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 011****** дугаар шийтгэлийн хуудсаар “...хандивын эх үүсвэр, гүйлгээний утга алдаатай, хуулиар буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Ө.Г ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.2. Гомдол гаргагч Ө.Г оос дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...хандивыг авч байх хугацаанд эх үүсвэр тодорхойгүй гүйлгээнүүдийг мэдэх ямар ч боломжгүй нөхцөл байдалд байсан, ...хандивууд бүгд сурталчилгааны ажилд зарцуулагдаад холбогдох тайланг гаргаж өгсөн, мөн тодорхойгүй гүйлгээнүүдийг бүгдийг зөвтгөөд тайлан гаргасан хуулийн этгээд болон аудитын газарт хүргүүлсэн” гэж, хариуцагчаас “...шаардлага хангаагүй гүйлгээ болох 19 иргэний, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авсан болох нь дансны хуулга, гэрч, хандивын тайлан, холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
2.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ”, 53.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” хэмээн зааж, уг дансны зарцуулалтын талаарх хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөөгүй хандивт тооцно” гээд 11.1.1-д “Банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно” гэж, 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно” гээд 12.1.1-д “Энэ журмын 11.1.1-д заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 121.1.2-т “Энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандивыг улсын орлого болгох”-оор тус тус зохицуулагджээ.
2.4. Гомдол гаргагч Ө.Г нь хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгаагүй, шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, хуулиар зөвшөөрөөгүй хандив авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хандивын тайлан, холбогдогчийн мэдүүлэг, тайлбар зэрэг баримтуудаар нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд “Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй” гэж үзэх боломжгүй бөгөөд “...хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаан шилжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, торгох шийтгэл ногдуулсан татварын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй.
2.5. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг тодорхойлсны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг хангасан тохиолдолд шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсантай нийцжээ.
2.6. Хэдийгээр гомдол гаргагч Ө.Г нь “...хандивтаа гүйлгээний утга тодорхойгүй бичсэнийг мэдээд тэр дор нь залруулж, 19 иргэнтэй холбогдох утасны дугаарууд болон холбогдох мэдээллийг агуулсан хүснэгтийг гаргаж өгсөн” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл нь сонгуулийн хандивын талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд мөн зөрчил шалган шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч ямар нэг байдлаар гаргасан зөрчлөө арилгаагүй энэ талаарх анхан шатны шүүхийн “...сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам нь нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах харилцаанд үйлчилнэ...” гэх дүгнэлт үндэслэл бүхий байх тул “...Төрийн аудитын байгууллага нь хуульд заагдсан процесс ажиллагаануудыг хийлгүйгээр татварын байгууллагад шилжүүлсэн” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
2.7. Анхан шатны шүүхээс “...нэр дэвшигч нь тайланг хүргүүлэхээс өмнө шаардлага хангаагүй хандивыг хандивлагч болон төрийн санд шилжүүлэх боломжтой байсан ч буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэр дэвшигчийн залруулга гэж бичиж өгсөн баримтаар түүнийг хуулиар зөвшөөрөгдсөн хандивыг хүлээн авч, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй, ...зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх төдийгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд гомдол гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА