Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01389

 

2021           11            16                                          001/ХТ2021/01389

 

............ын ............ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00009 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 552 дугаар магадлалтай,

............ын ............ны нэхэмжлэлтэй

“............” ХХК, “............” ХХК-д тус тус холбогдох

............ын элчин сайдын яамны цогцолбор барилгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, Ш.Жаргалсайхан, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ............ын ............ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад суух ............ын элчин сайдын яамны цогцолбор барилгад тухайн үед Монгол улсад ............аас сууж байсан элчин сайд 2012.04.12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан ............ ХХК-ийг 2012.04.12-ны өдөр оруулсан. Гэрээний хугацаа 5 жил буюу 2017.05.04-ний өдөр дуусгавар болгох, гэрээ сунгах асуудлаа гэрээний хугацаа дуусахаас сарын өмнө аль нэг талдаа мэдэгдэх заалттай. Үүний дагуу Бүгд Найрамдах ............ын ............наас түрээсийн гэрээний хугацааг сунгах боломжгүй, хугацаа дуусах өдөр байрыг чөлөөлж өгөхийг “............” ХХК-д 2016.10.05-ны өдөр 04-01-1224/05.10.2016 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч хүлээн авч хэрэгжүүлээгүй. Монгол улсад байрлах ............ын элчин сайдын яамны Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпын гудамж 8-д байрлах барилгад “............” ХХК түрээсийн гэрээ байгуулан толгой компани болох “............” ХХК үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түрээсийн гэрээ дуусгавар болсон ч “............” ХХК түүний охин (салбар) компани болох “............” ХХК нар ............ын элчин сайдын яаманд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Иймд шүүхэд хариуцагчаар “............” ХХК, “............” ХХК-ийг татсан. “............” ХХК-ийн албан ёсны хаяг нь ............ын элчин сайдын яамны байр гэж тодорхойлогдон аль ч шатны шүүхэд уг хаягаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг. Шүүхэд Бүгд Найрамдах ............ын ............ыг Улаанбаатар хот дахь ............ын Элчин сайдын яам төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үндэслэл нь Монгол улсын Олон улсын гэрээ Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн 5 дугаар зүйлийн 5.(а)-д зааснаар томилогч улсын эрх ашгийг эрх зүйн хүрээнд хамгаалах чиг үүргийн хүрээнд консулын байгууллагын ажилтан, гишүүдийн эрх ямба дархан эрхээ эдлэх, консулын байрны халдашгүй байдлыг хамгаалахаар томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан чиг үүргийн хүрээнд ............ыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. ............ын элчин сайдын яамны цогцолбор барилга нь 1974.02.09-ний өдрийн Улаанбаатар, Софи хотод тус тус улсын элчин сайдын яамны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулан харилцан газар олгох тухай БНМАУ, ............-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу ............ын өмч болох нь тогтоогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар Монгол улсад суух ............ын элчин сайдын яамны цогцолбор барилгыг “............” ХХК, “............” ХХК нарын хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ байр ............ын төдийгүй Европийн улсын анхаарлын төвд байгаа. Хүлээн авагч орон Монгол улс анхаарлын төвд орж, ............наас шүүхэд албан бичгээр удаа дараа нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан. Дээрх байдал нь Монгол улсын Засгийн газрын анхаарлын төвд байгаа нь харагдаж байна. Түрээсийн гэрээтэй холбоотойгоор Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар хугацаа дууссан бол чөлөөлнө гэж заасан. Гэрээний хүчинтэй хугацаа гэрээ дууссанаар дуусгавар болно гэж байгаа. Дараагийн гэрээ дараа нь яригдах асуудал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 190 дугаар зүйлийн 190.1 дэх хэсэгт зааснаар бидний маргаан шүүхийн харьяалал зөрчөөгүй. Гэрээтэй холбоотой маргаан Хонгконгийн арбитрт байгаа. ............ын ............, элчин сайдын яам иргэний хариуцагчаар оролцох эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. Бид оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэр иргэний хэрэг үүсгэсэн захирамжид холбогдуулж энэ маргааныг хэрэгсэхгүй болгох гээд байна. Бид байр чөлөөлж өгөхгүй байна гэдгээ удаа дараа чөлөөлж өгөөч гээд мэдэгдэхэд татгалзаж байсан. Өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой засвар үйлчилгээ хийхийг хориглодоггүй. Гэрээнд засвар оруулбал нөгөө талд мэдэгдэх ёстой. Өнөөдөр үүсгэчихсэн иргэний хэрэгт 13 тэрбум төгрөгийг хэрхэн ашигласан талаар баримт байхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолыг ярихгүй байхын арга байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь ............ мөн байна гэсэн. Түрээсийн гэрээ дуусгавар болсон боловч эд хөрөнгийг буцаан өгөх тал дээр маргаан үүссэн гэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт өөрөө нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Энд үүргийн харилцаа огтоос хамааралгүй. Бид өмчлөл, гэрээний хугацаа дууссантай холбоотой талууд маргадаггүй, зөвхөн худалдах, худалдан авах талаар маргадаг. Хэрвээ худалдах, худалдан авах асуудал байсан юм бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзах аваас хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бусд тооцно. Худалдаж авах хүсэлтээ хариуцагч ............ын талд олон удаа гаргаж байж. Бид зарахгүй гэсэн албан бичгүүд өгсөн байдаг. Бид ингэж татгалзаад байхад манайх авах ёстой гээд яриад байх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндэстэй. Нэхэмжлэлийн шаардлага товч тодорхой хуульд нийцсэн. Олон улсын харилцааны асуудлыг 2 засгийн газар харилцан зөвшөлцдөг Венийн конвенц гэж зүйл байгаа. Аль алийн нь хуулинд хамаарагдахгүйгээр зөрчих аваас Олон улсын гэрээг баримтлана гэж заасан. Анхнаасаа өөрсдөө хууль бус зүйл хийчихээд дараа нь үүнийгээ үүргийн маргаантай холбож тайлбарласан. Санамж бичиг гээд 2 орны хэлэлцээр юм шиг уулзалтын тэмдэглэлийг хөтөлж нотлох баримт байхгүй ганцхан тамгатай баримтыг анхан шатны шүүхэд үнэлүүлэхгүйгээр хяналтын шатны шүүхэд үнэлүүлээд хавсралт 5-ыг нэхүүлээд нотариатаар баталгаажуулан хавсаргасан байгаа. ............ын засгийн газраас нэхэмжлэх эрхтэй. 3 жил ямар ч ажиллагаа хийгдээгүй. Монголын шүүхэд гомдол гаргасан. Эрх зүйн харилцаанд оролцуулах боломжгүй. Түрээсийн гэрээ байгуулагдсан нь гэрээгээр нотлогдсон. Түрээсийн гэрээнд нэг нөхцөл байдаг. Тэр нөхцөл нь Иргэний хуулиар үүнийг болзол тавьсан нөхцөл гэдэг. Манай чиг үүрэг өөрчлөгдөөд, энэ байгууллагын барилгыг худалдах юм болвол давуу эрхийн дагуу танайд худалдах тухай байгаа. Тэр эрхийг тухайн орны засгийн газар өмчөө мэднэ. Яам тийм эрхгүй байгууллага. Хууль бус зүйл хийчихээд хууль ёсны мэт болгох гэж дайрдаг нь энэ хүмүүсийн алдаатай бодлого байгаа юм. Болзол тавьсан нөхцөл гэж заасан хугацаанд биелэгдээгүй бол хүчин төгөлдөр биш байдаг юм. Тэр нөхцөл нь биелэгдээгүй. Тэр бол худалдах, худалдан авах гэрээ биш зүгээр болзолт нөхцөл байсан юм. Компанийн өмнө үүрэг хүлээсэн ямарч харилцаа байхгүй. Анхны гэрээг хууль бус гэж хэлээгүй. Гэрээний хугацаа дуусаад байхад чөлөөлж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. “............” ХХК гэдэг компанитай гэрээ байгуулсан болохоос биш өөр компанитай байгуулаагүй. Бид үзлэг хийгээд өгөөч гэж зөндөө хүссэн боловч бидний хүсэлтийг хангаагүй. Дамжуулан цааш нь өөр компанийг байрлуулсан. Гэрээ хийсэн хугацаа нөхцөлдөө хүчин төгөлдөр байдаг. Гэрээний хугацаа дуусаад 2 жил болж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг яриад байна. Монголын газар дээр барьсан учраас гээд. Тэр барилга барих эрхээ эрх бүхий газраас авсан юм уу, ямар эрхээ хамгаалуулах гээд байгаа юм. Саатуулах гэдэг үг хуулинд байгаа. Гэрээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд талууд маргалдсан үед үүнийг ашигладаг байсан. Хугацаа өөрөө аяандаа дуусчихсан саатуулаад байдаг эрх мэдэл хаана ч байхгүй. үүнийг ашиглаж болохгүй гэжээ.

Хариуцагч “............” ХХК, “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ ХХК-ийн зүгээс ............ын ............тай 2012.04.12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ............аас Монгол улсад суугаа цогцолбор барилгыг 5 жилийн хугацаатайгаар түрээслэсэн. Талууд анх ямар тохиролцоотой байсан гэхээр ............ын яамны зүгээс Монгол улсад суугаа элчин сайдын үйл ажиллагааг зогсоож татах саналтай байсан учраас ............ын элчин сайдын яамны цогцолбор барилгыг худалдах санал тавьсан байдаг. Бидний зүгээс худалдах саналд тодорхой хариу өгсөн. 5 жилийн хугацаанд ............наас зөвшөөрөл авья. Түрээсийн төлбөрт өгч байсан мөнгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт оруулахаар тохиролцоод гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээнд түрээслэж байгаад худалдана гэдэг заалтыг оруулах боломжгүй байсан учраас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэдэг заалтыг оруулж өгөөд гэрээний 8.6, 9.8, 9.9 гэсэн заалтуудад тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг түрээслэгч эдлэхийг зааж өгсөн байдаг. ............ ХХК тус барилга насжил өндөртэй барилга байсан учраас засвар хийж, хашааны дотор тодорхой хэмжээний засвар хийсэн. Талууд 2016.10.25-ны өдөр цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж санамж бичигт гарын үсэг зурж байгуулсан. Санамж бичигт түрээсийн гэрээний хугацаа дуусахад шинэ гэрээ байгуулах эсхүл, түрээсийн гэрээ дууссанаар 5 жилийн хугацаагаар сунгахаар тохиролцсон. ............ ХХК-ийн оруулсан хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр тусгасан байдаг. 2015.03.10-наас 13-ны өдрүүдэд Монгол улсад ирээд барилгад оруулсан хөрөнгө оруулалттай танилцаад цаашдын хөрөнгө оруултын талаар ярилцсан байдаг. “............” ХХК-ийн зүгээс жижиг хэмжээтэй барилга барьж өгөөд одоогийн цогцолбор газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу авахаар яригдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчийн шаардах эрхийг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл,хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Гэтэл “............” ХХК хууль бусаар эзэмшээгүй. Түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд хэрэгт байгаа нотлох баримтаар 5 жилээр дахин сунгагдсан байж болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 295 дугаар зүйлийн 295.2 дахь хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь саатуулан барих эрхтэй гэж үзэж байгаа. Бид анхнаасаа худалдах тохиролцоо байхгүй түрээсийн харилцаанд орох шаардлага байгаагүй. “............” ХХК маш боломжийн үнэтэй барилгатай байсан. Бид 2 нугалсан үнээр түрээслэж, засвар үйлчилгээ хийх шаардлагагүй байсан. Үүнээс болоод бид хохирол амссан учраас байрыг чөлөөлөх боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэрээний 17.2-т ............ын хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл ............ын газар нутаг гэж ойлгодог. Өмч нь ............ынх учраас ............ын хууль үйлчилнэ гэсэн логикоор талууд ............ын хуулийг хэрэглэхээр тохиролцсон гэж бодож байгаа. Тиймээс Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1, 549.3-т зааснаар тухайн гэрээнд хэрэглэхээр заасан хуулиас өөр улсын хууль тогтоомжийг баримтлан түүнийг хүчингүйд тооцно гэсэн заалттай. ............ын хуулиар биш,Монголын хуулиар шийдвэрлэвэл хүчин төгөлдөр бус болно гэж заасан. Иргэний хуулийн 540 дүгээр зүйлд зааснаар шүүх ямар үндэслэлээр талуудын тохиролцсон ............ын хуулийг хэрэглэхээ больж, Монголын хуулийг ашиглаад байгааг тайлбарлаж өгөөд цааш нь Монголын хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж явах ёстой. Өмчлөх эрхээ хамгаалах үүднээс Монголын хуулиар шийдвэрлэнэ гэж байгаа бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хэрвээ талууд өмчлөгч гэрээтэй байхын бол гэрээний дагуу зохицуулна гэж хэлээд байгаа. Гэтэл яагаад гэрээнд ............ын хуулиар Хонг конгийн арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гээд байж байхад тэрийн нь тасдаад Монголын хуулиар шийдвэрлэнэ гээд суугаад байгаа юм. Ингэж болохгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсээд байна. Гэрээний 17.2-т маргааныг Хонгконгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцсон бол арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Урдуур нь битгий ороорой гэсэн үг. Венийн конвенцид төлөөлөгчийн газрыг албадан дайчлах, нэгжих, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө гэж заасан. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шийдвэрлээд Венийн конвенцийг зөрчвөл шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх гэдэг асуудал гарч ирнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т Монгол улсын нэгдэн орсон гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэсэн заалттай. Тэгэхээр хууль шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нөхцөлийг хангаад байдаг. Шүүхийн шийдвэр гарах юм бол шүүхийн шийдвэр хэрэгжих гээд байдаг. Олон улсын гэрээнд шүүхийн шийдвэр явагдахгүй байхаар зохицуулсан. Энэ зөрчилдөөд байхаар бид аль заалтыг баримтлах вэ гэхээр олон улсын гэрээ дээгүүрт байна. Манай үйлчлүүлэгчтэй түрээсийн гэрээ байгуулснаар эрх мэдлээсээ татгалзсан байсан. Гэрээний хугацаа дууссан бол гэрээнд тохирсон аргаар шийдвэрлүүлэх ёстой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг үндэслээд өмчлөгчийн харилцан тохиролцсоны дагуу хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Нэгэнт өмчийн харилцаа хэрхэн үүссэн, тэрийг гэрээний дагуу зохицуулж өгсөн нь зөв гэж харж байна. Түрээслэгчийн зүгээс маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ талбайн урд хэсгийг аваад, хойд хэсгийн нэг газар аваад байшин барьсан. Тэр үйл ажиллаа явуулж байгаа барилга нь олон жил үйл ажиллагаа явуулаагүй учраас муудсан байсныг бид сэргээн засварласан. ............ын газарт хандаж бичиг хүргүүлэхэд бидний хөрөнгө оруулалтыг үзсэн. Иргэний харилцаанд оролцогчид хуулиар хориглоогүй зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй учраас бид саатуулан барьсан юм. Энэ бол арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм. Тиймээс энэ асуудлыг нэмээд хүсэлт гаргаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг үндэслээд арбитрын гэрээний дагуу арбитраар шийдвэрлүүлэх боломжийг олгож хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00009 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............ын ............ны нэхэмжлэлийг хангаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Олимпийн гудамж 8-д байрлах, ............ын элчин сайдын яамны цогцолбор барилгыг хариуцагч ............ ХХК, ............ ХХК-иудын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар ............ын ............ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ............ ХХК, ............ ХХК-иудаас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 552 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дахь хэсэгт заасан “172.2.1. шүүх... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн; 172.2.2. шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэдэг үндэслэлээр дараах гомдлыг хяналтын шатны журмаар гаргаж байна. Үүнд: 1. Юуны өмнө анхан шатны шүүх хурал болохын өмнө хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “энэхүү маргаан нь шүүхийн маргаан биш бөгөөд талууд гэрээгээр маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх талаар харилцан тохиролцсон, түүнчлэн хууль хэрэглээний хувьд ч ............ын хуулийг хэрэглэх талаар гэрээний заалт байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд тавьсан боловч анхан шатны шүүх “энэ асуудлыг хэрэг хэлэлцэх явцад ярилцаад шийдвэрлэчихье” хэмээн шүүх хурлыг үргэлжлүүлээд шийдвэрээ гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан “172.2.2. шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж байна. 2. Зүй нь шүүх зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах эсэхээ шүүх хуралдааны өмнө асуусан бөгөөд уг асуудлаар шүүх хурал эхлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ёстой байтал хэрэг хэлэлцэж шийдвэр гаргасны дараа шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. 3. Энэ асуудлаар ч давж заалдах шатны шүүх “............” ХХК нь “шүүхэд гаргасан эхний тайлбартаа харъяаллын талаар маргаагүй, улмаар хэргийн талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул хариуцагчийн харъяалал зөрчсөн, ............ын хууль хэрэглэх гомдол үндэслэлгүй хэмээн магадлалаа үндэслэсэн нь энэ хэрэг дээр анхан шатны шүүх анхнаасаа процессын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх үл хайхран хүчээр шийдвэрлэснийг харуулж байна. 4. Учир нь, өмгөөлөгч нь зохигч нарт хууль зүйн туслалцаа үзүүлдэг бөгөөд зохигчийн өөрийнх нь шүүхэд гаргасан хуулийн бус буюу энгийн анхны тайлбарыг үндэслэн улмаар өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн үндэслэл бүхий /хууль зүйн тайлбар/ хүсэлтийг “шүүх хурлын явцад хэлэлцэнэ” хэмээн орхигдуулсныг давж заалдах шатны шүүх үл хайхран магадлалаа үндэслэж байгаа нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах талаарх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарласан гэж үзэхээс өөр аргагүй байна. Магадгүй өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон нөхцөлд давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл зов байж болох юм. 5. Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн нэг нь бусдаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах хүний эрх бөгөөд уг эрхээ авахаас өмнө шүүхэд гаргасан энгийн тайлбарыг, хууль зүйн туслалцаа авсны дараа гаргаж байгаа тайлбар мэтээр адилхан үзэж магадлалаа үндэслэсэн нь ийнхүү Үндсэн хуулийн заалтыг буруу тайлбарлахад хүргэсэн байна. Үнэн хэрэгтээ, хариуцагч нь арбитраар шийдвэрлэх, өөр улсын хууль хэрэглэх маргааныг шүүхээр хэлэлцэхэд татгалзах эрхээсээ татгалзаагүй биш, татгалзсан бөгөөд шүүх харин уг татгалзлалыг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн болж байна. 6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106.1-т заасан өмчлөгчийн шаардах эрхээр тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан байдаг. 7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа уг түрээсийн гэрээнээс үүдсэн аливаа маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд энэ тохиолдолд дээрх заалтын дагуу хариуцагчийн зүгээс маргааныг арбитраар шийдвэрлүүлэх боломж олгохыг хүссэн ч анхан шатны шүүх “үндэслэлгүй” гэсэн бол давж заалдах шатны шүүх татгалзах эрхээсээ татгалзсан байна гэж тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Ийнхүү шийдвэр болон магадлалыг тус тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.4-т заасан “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” заалтыг баримтлан шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ............-ын ............ нь хариуцагч “............” ХХК, “............” ХХК-д холбогдуулж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны барилгын цогцолборыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ.

Хариуцагч “............” ХХК нь нэхэмжлэгч талтай гэрээний харилцаанд ороогүй учир шаардлагыг өөрт хамааралгүй гэж, хариуцагч “............” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ирээдүйд худалдан авах зорилготойгоор түрээсийн гэрээ байгуулсан, барилгад оруулсан засан сайжруулалтыг барилгыг худалдах үнэд багтаан тооцохоор тохиролцсон, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, түрээсийн гэрээний маргааныг Хонг Конг улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх талаар талууд тохирсон, түрээсийн харилцааг ............ын хуулиар зохицуулахаар гэрээнд заасан, харилцан тооцох үүрэг байгаа тул эд хөрөнгийг саатуулан байлгаж байгаа, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

4. ............ын ............, “............ “ХХК 2012.04.12-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Элчин сайдын яамны цогцолбор барилгыг 5 жилийн хугацаатай хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь сар бүр 22,000 ам.долларын төлбөр төлөхөөр тохиролцсон, 2017.04.12-ны өдөр гэрээний хугацаа дууссан, гэрээ дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ.

5. Түрээсийн гэрээний 6.1., 6.3.-т зааснаар гэрээ 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ба гэрээний хугацаа дуусахаас 6 /зургаан/ сарын өмнө гэрээг цуцлах талаар аль ч тал төлөвлөөгүй бол гэрээний хугацааг анхны хугацаагаар нь сунгагдсан гэж тооцох, 6.2.-т “энэхүү гэрээ нь гэрээний салшгүй хэсэг болох түрээслүүлэгчээс түрээслэгчид бичгээр өгсөн мэдэгдэлд заасан өдрөөс хүчин төгөлдөр болно”, 14.1.-д “гэрээ нь гэрээний хүчинтэй хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж тус тус заажээ. Гэрээний хугацаа 2017.04.12-ны өдөр дуусахаас 6 сарын өмнө буюу 2016.10.12-ны өдрөөс өмнө гэрээний аль нэг тал гэрээг үргэлжлүүлэхгүй болохоо нөгөө талд мэдэгдээгүй бол гэрээг 5 жилийн хугацаагаар сунгагдсанд тооцох ёстой байна.

............-ын ............ нь орлогч сайдын 2016.10.05-ны өдрийн албан бичгээр “түрээсийн гэрээг 2017.05.04-ний өдрөөр дуусгавар болгох”-ыг “............” ХХК-д мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон үйл баримтыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

6. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 3 дугаар зүйлийн 3.1-д Дипломат төлөөлөгчийн газар нь томилогч улсыг хүлээн авагч улсад төлөөлөх эрхтэй байна. Монгол улсын ............ны 2017.12.04-ний өдрийн 08/6986 тоот албан бичигт ............ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мирослав Комаров нь ............ыг Монгол улсад төлөөлөх эрхтэй гэсэн байх тул ............ын ............ны өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Түүнчлэн, Монгол Улсад ............аас суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мирослав Комаров нь Монгол Улсын хуулийн дагуу Ц.Туяацэцэгт итгэмжлэл олгожээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 5-6, 53, 2 дугаар хавтасны 120-121 дүгээр тал/

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний харилцааны маргаанаас биш харин өмчлөгчийн эрхээс үүссэн гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийг эрх зүйн үндэслэлээ болгожээ.

Хэд хэдэн шаардах эрх байгаа бол нэхэмжлэгч нь сонгож, нэхэмжлэлээ гаргах эрхтэй бөгөөд түрээсийн гэрээний үүрэг бус өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх шаардлагыг сонгосон байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нөхцөл нь шаардах эрхийн урьдчилсан нөхцөл байна.

Нэхэмжлэгч ............-ын ............ нь Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны цогцолбор барилгын хууль ёсны эзэмшигч, ............ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогджээ. ............, БНМАУ-ын Засгийн газрын хоорондын 1974 оны хэлэлцээрийн нэгдүгээр зүйлийн б/, гуравдугаар зүйлд БНМАУ-ын Засгийн газар нь ............-ын Засгийн газарт Улаанбаатар хотын Сүхбаатарын районд Анагаах Ухааны Институтийн зэрэгцээ 12,500 мкв газар болон уг газар дээр ............-ын Элчин сайдын яамны хэрэгцээнд зориулан албаны ба орон сууцны иж бүрэн барилга барих эрх олгохоор, уг газар дээр Монголын талын хөрөнгөөр баригдсан барилгууд нь ............-ын өмч байхаар тус тус заажээ.

Дээрх хэлэлцээрт үндэслэн ............-ын Сангийн яам Монгол Улсын Улаанбаатар хотын Олимпийн гудамж №8-д байршилтай Элчин сайдын яамны цогцолбор барилгыг ............ын өмчлөлд бүртгэсэн байна.

Харин хариуцагч “............” ХХК, “............” ХХК-ийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж буй байдлыг хууль бус гэж үзнэ. Хариуцагч талын эзэмшил гэрээний үндсэн дээр үүссэн боловч өмчлөгчийн зүгээс гэрээг сунгахгүй талаар гэрээнд заасан арга журмаар мэдэгдсэн, гэрээний хугацаа дууссан буюу эзэмшлийн эрх зүйн үндэслэл дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1.-д зааснаар гэрээний хугацаа дууссан бол гэрээ дуусгавар болдог. Иймд эд хөрөнгийг хариуцагч хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм.

8. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан байна.

Бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг харилцан биелүүлэх агуулгатай энэ зохицуулалт нь хоёр талын үүрэг тодорхой, үүргийг нэгэн зэрэг биелүүлэх боломжтой тохиолдолд л хэрэглэгдэнэ.

Нөгөө талаар түрээсийн гэрээний талаар маргаан үүссэн байгаа боловч нэхэмжлэгчид ямар хэмжээний, ямар үүрэг байгаа нь тодорхой бус нөхцөлд өмчлөгчид эд хөрөнгийг буцаан өгөх хариуцагчийн үүрэгт хамааруулж, хамт шийдвэрлэгдэх ёстой гэж, эсвэл эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байна.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх хуралдаан дээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэх, ............ын хуулийг хэрэглэх гэрээний заалттай тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрлэхгүй, хэрэг хэлэлцэх явцдаа шийдвэрлэе гэж хэлээд шүүх хуралдааныг үргэлжүүлэн шийдвэрээ гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, давж заалдах шатны шүүх энэ зөрчлийг үл хайхран хүчээр хэргийг шийдвэрлэхдээ арбитраар шийдвэрлүүлэх эрхээсээ татгалзсан байна гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.3-т заасан заалтыг зөрчсөн, ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнээс үүдсэн шаардлагыг бус өмчлөх эрхээ хэрэгжүүлэх шаардлагыг гаргасан тул нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй түрээсийн гэрээний тохиролцоо буюу арбитрын хэлэлцээр, ............ын хуулийг хэрэглэх асуудал маргаанд хамааралгүй, улмаар харьяаллын асуудал яригдахгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах хууль болон харьяаллын талаар тайлбар гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал, хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснээс хойш хэд хэдэн удаа гаргаж байсан байна. Хариуцагч нь түрээсийн гэрээний 17.2.-т ...хэлэлцээрийг шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд ............ын хуулийн дагуу Хонг Конг улсын Олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохиролцоог үндэслэж харьяаллын талаар маргасан.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Иргэний хуульд үндэслэн тодорхойлсон, хариуцагч тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэж оролцсон нь талууд арбитрын харьяаллыг өөрчилсөн, өөр улсын хууль хэрэглэх тохиролцооноос татгалзсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.2.-т зааснаар тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болдог тул хэрэглэх хууль, хэргийн харьяаллын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00009 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 552 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД