| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 2225001910167 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны хойд талд согтуурсан үедээ иргэн З.У маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 3 сая 800 мянган төгрөгийн хохирол төлсөн” гэв.
Хохирогч З.У “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. З.У-н Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/
2. Хохирогч З.У-н “2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад эгчийнхээ төрсөн өдрөөс гараад гэртээ ирэхэд найз А хүрээд ир гээд олон удаа зурвас илгээсэн байсан. Би А-н ******* утас руу залгахад Э утсыг нь аваад А алга болчихлоо, А-г баарнаас нэг эрэгтэй хүн дагуулж гараад алга болчихлоо. А-г дагуулж явсан эрэгтэйгийнх нь найзыг би зам дээр барьчхаад байна гэж ярьсан. Би 3-22 дугаар байрны ард яваад очиход Э нэг эрэгтэйтэй найзынхаа утсыг хэл гээд маргалдаад байсан. Би тухайн эрэгтэйгээс холдож байгаад 7035102 дугаарын утас луу дуудлага өгч байтал нөгөө орилж байсан эрэгтэй над руу гүйж ирээд утас барьсан гараараа миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Нэлээн удаж байгаад цагдаа ирсэн. Цагдаа иртэл Э бид хоёр тэр эрэгтэйг явуулахгүй гээд маргалдсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/
3. Гэрч Б.Э-н “2022 оны 11 сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд найз А-н хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд орсон. Бааранд бүжиглэж байхдаа А нь нэг эрэгтэйтэй танилцсан ба баарнаас А-той танилцсан эрэгтэй, түүний найз эрэгтэйн хамт бид дөрвүүлээ гарсан. Баарнаас гараад А бид хоёр такси бариад ХААН бууз орж шөл уух гэтэл А-той танилцсан эрэгтэй хамт явъя гээд таксинд хамт суусан. Хаан буузны гадаа очоод тэр гурав надаас түрүүлж буугаад би таксины жолоочтой тооцоо хийгээд араас нь буухад А танилцсан гэх эрэгтэйтэйгээ алга болсон байсан. Харин найз нь гэх эрэгтэй миний хажууд зогсож байсан. Тэр эрэгтэйгээс найзынхаа утасны дугаарыг өгөөч гэхэд миний ярьж байгааг ойлгохгүй, согтуу орилж хашхираад байсан. Энэ үед А-н утас дуугарахаар нь авахад У байсан. Би У А нэг залуутай алга болчихлоо, хүрээд ир гэж дуудсан. Удалгүй У 3-22 дугаар байрны ар талын явган хүний зам дээр ирсэн. Тэр эрэгтэй У бид хоёрыг янхан гэх мэтээр доромжлоод байсан. У өөрийнхөө гар утсаар 7035102 залгаж байтал нөгөө залуу гүйж ирээд утас барьсан гараараа У ын зүүн нүд рүү цохисон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дэх тал/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 855 дугаартай “З.У-н зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөг дээр 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
5. Н.Т-н сэжигтнээр мэдүүлсэн “2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн орчим багийн найз болох Б хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд бүжиглэж пиво уухаар орсон. Баар орохоосоо өмнө Б бид хоёр 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан ба бааранд ороод тус бүр 2, 2 ширхэг пиво уусан. Бааранд байхад манай найз Б миний танихгүй хоёр эмэгтэйтэй юм яриад хамт бүжиглээд байсан. Шөнө 00 цагийн орчим баар хаах үеэр би найз Б болон түүний хамт бүжиглээд байсан хоёр эмэгтэйн хамт таксинд суугаад Уурхайчин баг Хаан буузны гадна хүргүүлсэн. Манай найз Б нэг эмэгтэйн хамт хамт буугаад Төгөл их худалдааны төвийн гаднаас пиво авахаар явсан. Би дулаан газар байж байгаад гарч ирсэн болохоор салхинд цохиулаад үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дэх тал/
6. Н.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Тнь 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны хойд талд согтуурсан үедээ иргэн З.У маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан З.У-н Цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч З.У-н “...нөгөө орилж байсан эрэгтэй над руу гүйж ирээд утас барьсан гараараа миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “...У өөрийнхөө гар утсаар 7035102 залгаж байтал нөгөө залуу гүйж ирээд утас барьсан гараараа У ын зүүн нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 855 дугаартай дүгнэлт, Н.Т-н сэжигтнээр мэдүүлсэн “...Би дулаан газар байж байгаад гарч ирсэн болохоор салхинд цохиулаад үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг, Н.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Тнь 2022 оны 11 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө согиуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 22 дугаар байрны хойд талд иргэн З.У маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөг дээр 1 тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.У-н эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөг дээр 1 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т нь улсын яллагчийн саналд дурьдсан торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай санал хүсэлт шүүхэд гаргаагүй бөгөөд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Н-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь шүүхээс оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС