| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2225000000446 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Согоотын ам гэх газарт оршин суух иргэн С.О-н монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Согоотын ам гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн О.Ц-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-горшин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч О.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. О.Ц-ий Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 9 дэх тал/,
2. Хохирогч О.Ц “2022 оны 07 дугаар сарын үүрээр 05 цагт би хөдөө гэртээ унтаж байсан гэтэл гаднаас манай салсан найз залуу А найз Т хамт орж ирсэн. Гэтэл манай аав чи яах гэж орж ирсэн юм бэ эндээс яв гэж А т хэлсэн. Тэгсэн чинь А чамд хамаагүй хүүхэдтэйгээ уулзаж хүүхдээ авч явмаар байна гэж хэлсэн. Тэгээд аавыг газар байсан ор луу түлхэж унагаасан. Тэгээд манай хүүхдийн хажууд унтаж байсан ээжийг орны хөл рүү түлхээд хүүхдээ авах гээд байсан. Тэгэхлээр нь би очоод охин Г аваад ээжид аваачиж өгсөн. Тэгсэн чинь А шууд намайг баруун хацарт маань нэг удаа алгадаад заамдаж бариад бас үснээс зулгаагаад гэрээс чирж гаргасан. Тэгж байхдаа А намайг Мийгаатай явалдсан янхан банзал гээд хараагаад байсан. А намайг гэрээс гаргаад 5-6 метр газар үснээс маань чирч яваад газар унагаасан. Тэгээд миний нүүрэн дээр гарч суугаад миний уруул ам руу 2 удаа цохисон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
3. Гэрч Х.Г-н“2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 05 цагийн үед манай гэрийнхэн унтаж амарч байх үед А нь манай гэрт орж ирээд охинтойгоо уулзана гэж ирсэн. Тэгэхэд манай нөхөр О босож ирээд А ыг хойш нь түлхэхэд буцаж манай нөхөр О-г хойш нь түлхэж унагаагаад дээрээс нь манай нөхрийг гараараа толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд А босож ирээд манай миний хэвтэж байсан орны урд ирж надтай охиноо булаацалдаад байхаар нь би хөлөөрөө А ыг хойш түлхэхэд А гараа далайж намайг цохих гэж байхад манай охин Ц босож ирээд А бид хоёрыг салгаж охин Г-г авсан. А надаас салаад Ц-ий араас очиж Ц-ийг орон дээр дарж унаад үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь О бид хоёр А аас охиноо салгах гэж очиход бид нарыг өшиглөж унагаасан. Тэгээд манай охин Ц-ий үснээс зулгаасан чигтээ гэрээс авч гарсан тэгэхэд А ын сууж ирсэн машинаас Т бууж ирээд манай охин Ц , А хоёрыг салгасан. Тэгээд бид нар охин Ц-ийг аваад гэртээ ороод хаалга дотроосоо цоожилход А нь манай гэрийн хаалгыг нүдээд Ц э гараад ир гээд орилоод байсан. Удалгүй манай охин Ц гарч уулзаад А ыг явуулаадахъя гэж хэлээд гэрээс гартал шууд А толгойгоороо манай охины нүүр хэсэгт нь 2-3 удаа мөргөсөн. Тэгээд манай охин айгаад зугтаахад А манай охины араас гүйж очоод үснээс нь зулгааж газар унагаагаад дээр нь сууж манай охиныг дарамтлаад байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31 дэх тал/
4. Гэрч Г.Т “2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүрээр 05 цаг 10 минутын орчим Ц-ий гэрт очсон. Тэгээд А машинаас бууж Ц-ий гэрт орж хүүхдээ үнсэхээр хүүхэд рүүгээ явж байхад Ц-ий аав О босож ирээд манай найз А ын нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж унагаасан. Манай найз босож ирээд хүүхдийнхээ хэвтэж байсан орон дээр очиход Ц-ий ээж Г хөлөөрөө өшиглөж унагаагаад нуруу хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд О, Г , Ц нар нь манай найзыг нийлж чирж гаргаад толгой хэсэгт нь цохиод байсан. Би Г г салгаж холдуулахад буцаж тоосго барьчихсан буцаад ирсэн. Би уг тоосгыг Г гаас авч хол хаячхаад буцаад ирэхэд манай найзын толгой нь хагарчихсан цус гарсан байсан би хэн хаглаж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
5. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №599 дугаартай "О.Ц-ий биед доод уруулын дотор салстад шарх, баруун гарын сарвуу, баруун бугуй, хоёр хөлийн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Доод уруулын дотор салстад шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
6. С.О-н яллагдагчаар мэдүүлсэн “2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 05 цагийн үед манай гэрийнхэн унтаж амарч байх үед А манай гэрт орж ирсэн тэгэхээр нь би А аас чи хайчих гэж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд намайг хойш нь зуух руу түлхэж унагаасан. Тэгээд А нь манай гэрийн хойморьт байсан дээр байсан манай эхнэр өөрийнхөө охин дээр очсон тэр үед би босоод ирэхэд А намайг түлхэж хойшоо яваад гэрийн зүүн талын орон дээр аваачиж унагаасан. Тэгээд А нь манай охин Ц-ий үснээс зулгааж гэрээс авч гараад манай охин Ц-ий хоолойг боож үснээс зулгааж гүйгээд байсан. А нь манай охины үснээс зулгааж байх үед би гарнаас 2-3 удаа салгасан. Тэгээд би буцаж орчхоод гэрээс гараад ирэхэд А ын толгойноос цус гарчихсан байсан тэгэхээр нь би эхнэр дээрээ очоод асуухад А бид нарын утсыг булаагаад авчихсан гэхээр нь би А ыг газар унагааж байгаад гар утаснуудаа А аас авсан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59 дэх тал/
7. Гэрч Б.Э-н “Би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр О.Ц-ий Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах хөдөө гэрт нь О.Ц болон түүний охин Г , аав О, ээж Г эрэгтэй дүү С нарын хамтаар хонож байхад буюу өглөөний 05 цаг 30 минутын үед О.Ц-ий охины аав болох А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу гаднаас ганцаараа орж ирээд О ах, Г эгч хоёртой маргалдаж байгаад О.Ц-ийг үсдээд гэрээс авч гарч гэрийн зүүн урд талд өргөж байгаад саван газарт унагаан хоолойг нь боож байхад С галын төмөр хайч барин гарч ирээд хайчны үзүүр хэсгээр нэг удаа А ын толгойны ард хэсэг рүү цохиод толгойноос нь цус гарсан, толгойны яг аль хэсгээс цус гарсаныг анзаараагүй учир нь толгой битүү цус болчихсон, тэгээд гадаа байж байхад гэнэт Т гэдэг залуу ирчихсэн Г эгчийг бариад зосож байсан. Тэгээд би А ын өмдийг шувтлан тайлахад О.Ц-ийг тавихаар нь бид хоёр 2 гэр лүү зугтан эргэж орон хаалгыг дотроос нь түгжихэд А хаалгыг хүчтэй татаад араас орж ирээд О.Ц-ийг зүүн талын орон дээр хүчээр дээш харуулан хэвтүүлж байгаад хоолойг нь багалзуурдан боож байхдаа янхан, гичий, лалар, писда гэж хараан уруул дээр нь хүчээр үнсээд байсан. ...А О.Ц-ийг хөөн гүйцэн барьж аван газарт унагаан хамар хэсэг рүү нь мөргөж, мөн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадаад байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151- 153 дахь тал/,
8. Б.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/
9. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хавтаст хэргийн 69-71 дэх тал/
10. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хавтаст хэргийн 73-87 дахь тал/
11. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 159-165 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Согоотын ам гэх газарт оршин суух иргэн С.О-н монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул баг Согоотын ам гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн О.Ц-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлд заасан журмаар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөргүй. Иймд хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусд нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан О.Ц-ий Цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч О.Ц-ий “А шууд намайг баруун хацарт маань нэг удаа алгадаад заамдаж бариад бас үснээс зулгаагаад гэрээс чирж гаргасан. А намайг гэрээс гаргаад 5-6 метр газар үснээс маань чирч яваад газар унагаасан. Тэгээд миний нүүрэн дээр гарч суугаад миний уруул ам руу 2 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Х.Г-н“Ц-ийг орон дээр дарж унаад үснээс нь зулгаасан. Тэгээд манай охин Ц-ий үснээс зулгаасан чигтээ гэрээс авч гарсан. А толгойгоороо манай охины нүүр хэсэгт нь 2-3 удаа мөргөсөн. Тэгээд манай охин айгаад зугтаахад А манай охины араас гүйж очоод үснээс нь зулгааж газар унагаагаад дээр нь сууж манай охиныг дарамтлаад байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяа 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №599 дугаартай дүгнэлт, С.О-н яллагдагчаар мэдүүлсэн “А нь манай охин Ц-ий үснээс зулгааж гэрээс авч гараад манай охин Ц-ий хоолойг боож үснээс зулгааж гүйгээд байсан” гэх мэдүүлэг, О.Ц-ийг зүүн талын орон дээр хүчээр дээш харуулан хэвтүүлж байгаад хоолойг нь багалзуурдан боож байхдаа янхан, гичий, лалар, писда гэж хараан уруул дээр нь хүчээр үнсээд байсан. ...А О.Ц-ийг хөөн гүйцэн барьж аван газарт унагаан хамар хэсэг рүү нь мөргөж, мөн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадаад байсан гэх мэдүүлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 05 цагийн орчим согтууруурсан үедээ Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Согоотын ам гэх газарт оршин суух иргэн С.О-н монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан О.Ц-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөн эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, баруун гарын сарвуу, баруун бугуй, хоёр хөлийн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь санаатай үйлдлээр бусдын орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, урьд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан О.Ц-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ий эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, баруун гарын сарвуу, баруун бугуй, хоёр хөлийн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч, уг ялыг биелүүлээгүй тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ХМШЗ/49 дугаартай захирамжаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, нээлттэй хорих байгуулангад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч нь энэ өдрийн байдлаар уг ялаас 3 сар 7 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байна. Иймд шүүгдэгч Б.А ын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлүүдэд заасан журмаар нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялуудыг тус тусад эдлүүлэх боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Б-н А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 30 хоногийг хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 40 хоногийн хорих ялаар тус тус тооцон, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС