Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/053

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч С.Мөнхдалай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Мөнхдалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001880032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,урьд ял шийтгүүлж байгаагүй, ВН96022812 регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт Сэрдамбын Мөнхдалай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Мөнхдалай нь Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн Их-Уул 3 дугаар гудамжны 306 тоотод байх хашаан дотор 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 83-83 БНА улсын дугаартай Тоёота Харрьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 нас 5 сар 27 хоногтой Ж.Ижилцэцэгийг дайрсны улмаас нас барж, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Мөнхдалай нь Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн Их-Уул 3 дугаар гудамжны 306 тоотод байх хашаан дотор 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 83-83 БНА улсын дугаартай Тоёота Харрьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 нас 5 сар 27 хоногтой Ж.Ижилцэцэгийг дайрсны улмаас нас барж, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон болох нь...

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуяагийн ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын төвд гэртээ байж байгаад хадам ээж Цогзолмаагийнд 13 цаг өнгөрч байхад очоод нэлээн байж байсан чинь манай охин Ижилзаяа талийгаачийг аваад ирсэн. Тэгээд би талийгаачид мөөм өгөх гэхэд ихэр идэж байхаар нь “чихрээ идэхээр нь ээж нь мөөмийг нь өгье” гэсэн. Тэгсэн гаднаас Мөнхдалай найз охины хамтаар “гол явах уу” гээд орж ирэхээр нь “эгч нь явахгүй, Ижилзаяа, Энхчимэг нар миний охид хамт яваад ир" гэхэд тэр хоёр хүүхэд гэрээс гарч явсан. Тэгээд би талийгаачид мөөм өгөх гээд мөөмөө гаргаж ирсэн чинь талийгаач эргэж харчихсан гэрээс ганцаараа гараад явсан. Тэгээд би мөөмөө далд хийгээд араас гарах гээд үүдний амбаарын хаалгаар гарахад нэг хүн “хүүхэд дайрчихлаа" гээд орилсон. Тэгээд харсан чинь талийгаач машинд дайрагдсан машины дугуйны ар хэсэгт хэвтэж байхаар нь очоод хүүхдээ тэврэхэд ямар ч амьсгал байгаагүй... Тэгээд Мөнхдалай, нөхрийн хамтаар талийгаачийг машинаар авч яваад эмнэлэг рүү очоод эмчид үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийг 83-83 БНА улсын дугаартай хар өнгийн Харриер маркийн тээврийн хэрэгслээр Мөнхдалай дайрсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч С.Буяннэмэхийн ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ... угаалгаа хийж дуусгаад авч ирсэн усаар угаалгын машиныг цэвэрлэж байгаад эргээд харсан чинь машин дотор хүүхэд суучихсан байгаа харагдаж байсан. Тэгээд би угаалгын машины сэгсрэгчээс угаасан юмаа гаргаж тохчиход, нөгөө угаалгын машиныг цэвэрлэх гээд зогсож байгаад эргэж харахад хадам ээжийнхээсээ Энхтуяа гарч ирж байгаа харагдсан. Тэгсэн “яана хүүхэд” гээд орилоод Энхтуяа хүүхдээ тэвэрч аваад “эмч дуудаарай” гэж хэлхээр нь би их эмч рүү утсаар залгахад нэг юм хэлсэн би дуулаагүй. Мөнхдалай, Энхтуяа, аав нь талийгаачийг аваад явсан. Намайг машин руу харахад машин дотор 1-2 хүүхэд байсан. Ямар ч байсан талийгаачийн эгч өөр хэн байсныг анзаарч хараагүй. Намайг угаалга хийж байхад хашаан дотор хүүхэд байгаагүй. Цогзолмаагийн гэрт байсан. Энхтуяа манайд ирэхдээ ганцаараа ирсэн. Намайг угаалга хийж байхад талийгаачийг эгч нь дагуулчихсан “ээждээ очих гэж байгаа юм” гээд орж ирээд Цогзолмаагийн гэрт орсон... талийгаач ганцаараа хаа сайгүй алхаж явдаг.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Э.Болортуяагийн ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад 13 цаг 48 минутад талийгаачийн аав нь манайд машинаар хүрч ирээд “хүүхэд машинд дайруулчихлаа” гэхээр нь дагаж гарч ирээд машинд суухад хүн байгаагүй. Талийгаачийн аавынх нь хамтаар машинаар эмнэлэгт ирээд хүүхдээ үзэхэд амьсгал, зүрх байхгүй, 2 чих, хамраас цус гарсан байдалтай, толгойны баруун талыг тэмтэрч үзэхэд бяцарч, хугарч гэмтсэн байдалтай нас барсан байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь “сэрэх боломжгүй нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн аав, ээжийг 2 цаг гаран хугацаанд тайвшруулж байгаад талийгаачийн цогцсыг ноорогт хийсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Б.Чулуунбаатарын ... Зам тээврийн осол гаргасан гэх 83-83 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн машин байсан. Би 2021 оны 11 дүгээр сард хүнээс худалдаж авч байсан... Мөнхдалай манайд ирээд надад хэлэхдээ “усанд явчхаад ирье” гэхээр нь “тэг тэг” гээд өгөөд явуулсан. Мөнхдалай нь миний машиныг хааяа гуйж аваад унадаг байсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн үед машины тоормос нь зүгээр ажиллаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч М.Баяндэлгэрийн ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ...Тэгээд бид хоёр машиныг нь гол очиж угаахаар болж машинд талийгаачийн эгч, Мөнхдалайгийн ахын хүүхэд нарыг машинд суулгаад бид хоёр машинд суугаад Мөнхдалай машиныг асаагаад хөдлөөд зогссон. Тэгээд машинаас Мөнхдалай бид хоёрыг буух гэж байхад талийгаачийн ээж нь баруун талын гэрээс гарч ирээд “хүүхэд дайрчихлаа” гээд орилоход Мөнхдалай эхэлж буугаад хүүхэд тэврээд авсан... эмнэлэгт очиход нас барсан байсан... талийгаачийг машинаар урагшаа хөдлөхдөө дайрсан... Машин хөдлөхөөс өмнө эргэн тойрныг хараагүй. Машин хөдлөхөд хүүхэд харагдаагүй... талийгаач ганцаараа алхдаг байсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Г.Нарантуяагийн ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр их эмч Цэрэнхүүд “утсаар хүүхэд машинд дайруулсан байна гэж дуудлага ирлээ гээд бичиг хэргийн ажилтан ярьж байна” гээд намайг “яриадах” гэхээр нь их эмчтэй утсаар ярих гэсэн чинь эмнэлэгт “хүүхдээ дайруулчихлаа” гээд талийгаачийг Мөнхдалай тэвэрчихсэн аав, ээж хоёр нь цуг орж ирээд “энийг аваарай” гээд надад тэврүүлэхэд хүүхэд нас барсан байсан. Хүлээн авахын орон дээр тавиад “хүүхдийн их эмчийг дууд” гээд ар гэрийнхэнд нь хэлсэн. Тэгээд удалгүй 3-4 минутын үед хүүхдийн их эмч Болортуяа орж ирээд хүүхдийг үзээд “нас барсан байна" гэж хэлсэн. Дуудлага 13 цаг 45 минутад их эмч рүү утсаар мэдэгдсэн байсан. Тэгээд намайг их эмч рүү залгах гэж байхад талийгаачийг ар гэрийнхэн нь аваад орж ирсэн. Талийгаачийг аваад эмнэлэгт ирэхэд талийгаачийн нүүр нь хөхөрчихсөн, баруун талын шанаа, толгой нь шалбарчихсан, баруун талын чихнээс нь цус гарсан байдалтай ирсэн. Би талийгаачийг чагнаж үзээгүй. Харахад л хөхөрсөн байхаар нь нас барсан юм шиг байдалтай орж ирсэн.... талийгаачийг Болортуяа эмч үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Ямар нэгэн эмчилгээ хийгээгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

Шинжээч Б.Галсанжамцын ...замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15-д зааснаар зам гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй, хучилттай буюу шороон зурвас газрыг гэж тодорхойлсон байдаг. Мөн дүрмийн 12.18 дахь хэсэгт замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр зэрэг газруудыг ойлгох, уг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор Замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг мөрдөхийг журамласан байдаг. Өөрөөр хэлбэл уг хэргийн учрал гарсан гэх газар нь буюу хашаа нь зам гэх тодорхойлолтод хамаарч байгаа болохоор осол гэж үзэн дүгнэлт гаргасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121/,

Шүүгдэгч С.Мөнхдалайгийн ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын төвд байх гэрээсээ 10 цаг өнгөрч байхад Б.Чулуунбат ахынхаас угаалгын машиныг нь авахаар очсон. Очоод угаалгын машиныг нь гуйж аваад мөн 83-83 БНА улсын дугаартай машиныг нь гуйж авсан. Тэр үед Б.Чулуунбат ахынх усгүй болсон талаар ярьж байсан. Тэгээд би угаалгын машинаа ачаад гэртээ очоод угаалгын машиныг буулгаж өгчхөөд усны сав аваад худаг орж ус аваад, замаараа Б.Чулуунбат ахын 40 литрийн усыг буулгачхаад хашаанаас гараад явж байхад талийгаач эгчийнхээ хамт хашааны гадаа явж байсан юм. Тэгээд би дахиж худгаас ус аваад гэртээ очиж буулгачхаад хажуу талын эгчийнд ороход Н.Энхтуяа эгч талийгаач охин болон 2 том охиныхоо хамт байхаар нь “гол явах уу” гэхэд Н.Энхтуяа эгч “явахгүй, дүү нараа аваад явчих” гэж хэлхээр нь талийгаачийн 2 эгчийг аваад машиндаа суулгаад машинаа асаачхаад илүү гэр лүү орж түмпэн аваад машины хойд талд хийгээд машиндаа суугаад машинаа хөдөлгөхөд машины баруун урд дугуйнд нэг юм дайрагдахаар нь зогсоход Н.Энхтуяа эгч гарч ирээд орилсон юм. Тэгээд харахад баруун талын урд дугуйны хойд хэсэгт талийгаач дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд талийгаачийн аав, ээжийн хамт эмнэлэгт очиж үзүүлэхэд нас барсан талаар хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 70 тоот шинжээчийн ... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой яр баруун чамархайгаас зүүн чамархай яс руу хөндлөн хүрч дагзны ясны зүүн доод хэсгийн суур луу үргэлжилсэн шугаман хугарал, суурь яс баруун дунд хонхроос чихний чулуулаг яс, дагзны баруун, зүүн доод хонхрыг дайрч өнгөрсөн дагзны зүүн дээд хонхор луу салаалж үргэлжилсэн шугаман хугаралтай, их, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, хатуу хальсны урагдтал, хуйх, баруун зүүн чамархайн булчингийн цус хуралт, дух, шанаа, хацар, баруун гуя, шилбэ, нуруу, умдгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцсын эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно.... гэсэн дүгнэлт /хх-ийн 58-61/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.Мөнхдалайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 137-153/,

Шүүгдэгч С.Мөнхдалай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч С.Мөнхдалайг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуяа  нь хавтаст хэргийн 16 дугаар талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч С.Мөнхдалайгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1276834 дугаар жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Сэрдамбын Мөнхдалайг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Мөнхдалайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхдалайг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Мөнхдалайд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Мөнхдалайгийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч С.Мөнхдалай нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Мөнхдалайн 1276834 дугаартай жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхдалайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА