Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/051

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч Ц.Дашпэлжээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Дашпэлжээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214002730017 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багт оршин суудаг, Урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дашпэлжээд ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн, ВТ02273052 тоот регистрийн дугаартай, Бухынхан овогт Цэрэндашийн Дашпэлжээ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Дашпэлжээ нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2022 оны 09 сарын 18-ны орой 20 цаг 04 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг эмнэлгийн арын уулзвар дээр улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож яваад, мөн дүрмийн 8.2-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио”-г дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулзвараар ногоон гэрлээр орсон 71-31 БНХ улсын дугаартай Верна автомашиныг мөргөж, улмаар мустанг-5 мотоциклийн ард сууж явсан Ц.Буяндэлгэрийн биед баруун шилбэ, тахилзуур ясны хугарал, тархи доргилт, баруун нүдэнд шарх, салстад цус хуралт, дух, хацар, баруун нүд, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:            

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Насанд хүрээгүй хохирогч Ц.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 09 сарын 18-ны өдөр ...төрсөн ах Ц.Дашпэлжээ “7,9 дүгээр багийн зааланд 20 цагаас заал авах уу” гэсэн. Би “тэгье” гээд ах хувцсаа солиод яараад ах мотоциклоо унаад би араар нь суугаад амьчуулын тойргоор тойроод төв гандангийн урд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байтал миний хармаанаас утас оочих гээд байхаар нь хармаанаасаа гар утсаа аваад энгэрийн хармаандаа хийгээд эргээд харсан пир пар гээд машинтай мөргөлдөх шиг болсон. Тэгээд би хөөрөөд явах шиг болсон. Тэгсэн ертөнцийн зүгээр баруун урд талын замын тойрох хэсгийн буюу авто угаалга талын хойд талын брожур хэсгийг дамнаад шороон дээр ойчсон. Тэгээд босох гээд босож чадаагүй. Миний баруун хөлийн шилбэ хугарсан байна гээд хагалгаанд орсон. Одоо миний биеийн байдал зүгээр, өөрөө чөлөөтэй явж байгаа, миний зүгээс төрсөн ахдаа гомдол санал байхгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дүүриймаагийн мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны 09 сард би хотод ажил хийж байхад Дашпэлжээг дүү Буяндэлгэрийн хамт мотоциклтой явж байгаад машинтай мөргөлдөөд осол гаргасныг мэдсэн. Манай гэрийнхэн бүгд мэдэж байгаа. Дашпэлжээ аймгийн төвд Хөх толгойн ганданд лам хийдэг, Буяндэлгэр Политехникийн коллежид сурдаг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Иргэний нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Миний машины эвдрэл гэмтэлд хийсэн үнэлгээгээр 575.000 төгрөгийн хохирол учирсан байсныг Дашпэлжээгийн зүгээс миний 5246112914 тоот дансанд 2 хувааж хийж миний хохирол бүрэн барагдсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...Би Ц.Буяндэлгэрийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 1.545.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч Д.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би Баянхонгор сумын 6 дугаар баг 10 мянгат чиглэлээс ертөнцийн зүгээр хойноос урагш явж байсанб Гэрээсээ 19 цаг 50 минутын үед эмнэлэг орох гээд 11 дүгээр ангийн охины хамт охиныхоо 1 нас 4 сартай хүүхдийг үзүүлэх гээд би өөрийн эзэмшлийн 71-31 БНХ улсын дугаартай верна машинаар явсан. Тэгээд би 10 мянгатын гэрлэн дохио дээр зогсоод ногоон гэрлээр хөдлөөд замын гол хэсэгт ортол ертөнцийн зүгээр зүүн талаас мотоциклтой 2 залуу гэнэт улаан гэрлээр орж ирээд миний машины урд куперийг хамаад явах шиг болсон. Тэгэхээр нь би зогссон, ...мотоциклийн жолооч түүний араас сууж явсан залуу зам дээр байсан нэг залуу нь буюу одоо мотоциклийг жолоодож явсан Дашпэлжээ гэх залуу нь босоод ирсэн, нөгөө нэг залуу нь “миний хөл хугарсан юм шиг байна” гээд мөлхөөд замын урагш гарч байсан, тэгээд би “яаж байгаа юм бэ, та хоёр улаан гэрлээр ороод” гэтэл “анзаарсангүй” гээд хөл нь хугарсныг нөгөө залуу буюу жолооч хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-48/,

Шүүгдэгч Ц.Дашпэлжээгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 09 сарын 18-ны орой заал авах гээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, UB маркийн мотоциклоор төрсөн дүү болох Буяндэлгэрийг араараа суулгаж явж байгаад Баянхонгор сумын 6 дугаар баг эмнэлгийн 4 замын уулзвар дээр осол гаргасан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 100-101/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 620 тоот шинжээчийн ...Ц.Буяндэлгэрийн биед баруун шилбэ, тахилзуур ясны хугарал, тархи доргилт, баруун нүдэнд шарх, салстад цус хуралт, дух, хацар, баруун нүд, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үйлчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 63-64/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/,

Шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 20-21/,

“Энх нахиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 288 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/,

Шүүгдэгч Ц.Дашпэлжээгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд / хх-ийн 102-113, 118-124/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ц.Дашпэлжээ нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2022 оны 09 сарын 18-ны орой 20 цаг 04 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг эмнэлгийн арын уулзвар дээр улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож яваад, мөн дүрмийн 8.2-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио”-г дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулзвараар ногоон гэрлээр орсон 71-31 БНХ улсын дугаартай Верна автомашиныг мөргөж, улмаар мустанг-5 мотоциклийн ард сууж явсан Ц.Буяндэлгэрийн биед баруун шилбэ, тахилзуур ясны хугарал, тархи доргилт, баруун нүдэнд шарх, салстад цус хуралт, дух, хацар, баруун нүд, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Дашпэлжээд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Дашпэлжээг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.  

Насанд хүрээгүй хохирогч Ц.Буяндэлгэр нь гомдол саналгүй талаар хавтаст хэргийн 32 дугаар талд, иргэний нэхэмжлэгч Д.Алтанцэцэг учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан хавтаст хэргийн 38 дугаар талд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын нэхэмжилсэн 1,545,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Дашпэлжээд хорих ял оногдуулахгүйгээр /6/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

Шүүгдэгч Ц.Дашпэлжээ нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан /6/ сарын хугацаагаар тэнссэн ялыг хүчингүй болгов.

Шүүх шүүгдэгч Ц.Дашпэлжээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалав.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бухынхан овогт Цэрэндашийн Дашпэлжээг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дашпэлжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Дашпэлжээгийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Дашпэлжээд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6-т зааснаар өмнөх 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дашпэлжээд хорих ял оногдуулахгүйгээр /6/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дашпэлжээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА