| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/052 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/052
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг,
Улсын яллагч Н.Энхтөр,
Шүүгдэгч Г.Пүрэвдорж, С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Пүрэвдорж, С.Пүрэвдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ВЮ92072152 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Ганхуягийн Пүрэвдорж,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ВЮ92043016 тоот регистрийн дугаартай, Өөлд овогт Содномцэрэнгийн Пүрэвдорж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Пүрэвдоржтой бүлэглэн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Шаргалжуут” караокед үл ялих зүйлээр шалтаглан зодож, Ц.Сосорбарамын биед тархи доргилт, уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хацар, бугалгад цус хуралт, эрүү, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Пүрэвдоржтой бүлэглэн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Шаргалжуут” караокед үл ялих зүйлээр шалтаглан зодож, Ц.Сосорбарамын биед тархи доргилт, уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хацар, бугалгад цус хуралт, эрүү, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Пүрэвдоржтой бүлэглэн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Шаргалжуут” караокед үл ялих зүйлээр шалтаглан зодож, Ц.Сосорбарамын биед тархи доргилт, уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хацар, бугалгад цус хуралт, эрүү, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Пүрэвдоржтой бүлэглэн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Шаргалжуут” караокед үл ялих зүйлээр шалтаглан зодож, Ц.Сосорбарамын биед тархи доргилт, уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хацар, бугалгад цус хуралт, эрүү, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь...
Хохирогч Ц.Сосорбарамын ...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн найзуудаараа гадагшаа гараад “Шаргалжуут” караокед орсон тэнд байж байгаад 23 цаг өнгөрч байхад Ууганбаяр, Содномдаш бид гурав тамхилах гээд өрөөнөөс гараад нойл руу ороод нойлын хүлээх хэсэгт Содномдаш бид хоёр юм яриад Ууганбаяр цаад нойл хэсэг рүү шээх гээд орсон тэгээд байж байтал нэг эмэгтэй түүний нөхөр нь бололтой өндөр бүдүүн залуугийн хамт орж ирээд тэр бүдүүн залуу нь нойлд гурвуулаа шээгээд байхдаа яадгийн эндээс гарцгаа гэхэд Анхцэцэгийн нөхөр Содномдаш танай гэрт шээгээгүй олон нийтийн газар байна гэсэн тэгтэл түүнийг тэр бүдүүн залуу баруун чих рүү нь алгадсан Содномдаш хана налаад суусан тэгтэл Ууганбаяр нойлоос гарч ирээд тэр залууг яагаад байгаа юм гээд түүнийг барьж аваад салгах гэхэд Ууганбаярын нүүр рүү гараараа цохиод авсан тэгэхээр нь би чи яаж байна чамайг зүс таних юм гэж хэлсэн тэгэхэд намайг цохих гээд гараа далайгаад тэгээд би хамгаалаад зууралдаад нойлын хэсгээс гараад текний урд хананд зогсоод зууралдаад тэр намайг цохих гээд эхнэр нь гараас нь татаад тэр салахгүй байсан тэгсэн найз нь гээд намхан тарган шар залуу өрөөнөөс гүйгээд гараад ирсэн түүнтэй зэрэгцээд тэр надтай зууралдаж байсан өндөр бор залуу миний зүүн нүд рүү цохиод нөгөө тарган намхан шар залуу зүүн чихний ар тал руу толгой руу гараараа нэг удаа цохиход би манас гээд шал руу унасан намайг унасан байхад миний толгой дээр хоёр талд гараад хөлөөрөө дэвсээд байсан тэгэхэд нь би доошоо хараад нүүрээ дараад хэвтсэн хэд өшиглөснийг мэдэхгүй пэд пэд л гээд байсан нэг мэдэхэд би өрөөндөө орсон байсан. Эхнэрүүд юу болов яав гээд тэгсэн Анхцэцэг нөгөө залуучууд дээр очсон хашигчаад байгаа бололтой байсан тэгээд би өрөөндөө сууж байтал цагдаа нар ирсэн..., ...Би зодуулснаас болж эмч, эмнэлгийн байгууллагаар үзүүлэн хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Надад ямар нэг хохирол төлсөн зүйл байхгүй миний зүгээс эр хүмүүсийн хооронд гарч л байдаг юм чинь гээд тоохгүй байгаа. Надад нэмж ярих зүйл гомдол санал ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-24/,
Гэрч Б.Баярмаагийн... 2022 оны 12 дугаар сарын 29-ны орой 22 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед гэр бүлийн найзууд болох С.Пүрэвдорж, Пүрэвсүрэн, Энхбаяр, Мөнх-Оргил манай нөхөр Г.Пүрэвдорж нар орсон тэгээд тэнд нэг нэг шил пиво аваад дуулцгаасан тэгээд 23 цаг 20 минутын үед С.Пүрэвдорж эхнэр Пүрэвсүрэнгийн хамт нойл орохоор явсан тэгээд байж байтал 10 гаран минутын дараа коридорт хүмүүс бужигналдаад байх шиг чимээ гарсан тэгэхээр нь өрөөнөөс гартал С.Пүрэвдорж урдаас эхнэрийн хамт хүрээд ирсэн тэгэхээр нь яав гэтэл энэ хэдэн залуучууд нойлд томроод гэсэн тэгээд тэр залууг хартал одоо тэр нүдээ цохиулсан залуу коридорт хойноос нь хэрүүл нэхээд ирж байсан тэгээд тэр хоёр өндөр дуугаар маргалдаад байхаар тэр хоёрыг өрөө рүүгээ оруулаад найз нараа гарахын хооронд гээд хаалгаа дотор талаас нь татаад байтал нэг хар куртиктэй хүүхэн, улаан шинэ жилийн цамцтай эмэгтэй манай өрөөнд орж ирээд улаан цамцтай нь манай нөхрийн нүдийг цохисон байна энэ хүн чинь маргааш наадамд явах гэж байгаа яахын та нар гэсэн тэгээд байж байтал махлаг би зүс таних Анхцэцэг хүрч ирээд юу болсон юм бэ гээд анхандаа бол зохицуулчих гээд байсан тэгээд байж байтал хар куртиктэй хүүхэн, улаан цамцтай хүүхэн хоёр хоёулаа манай нөхөр наадамд явна гээд Пүрэвдорж руу дайраад хэрүүл хийгээд байсан тэгээд байж байтал нүдээ цохиулсан залуу одоо хар дээлтэй Ууганбаяр гэх хоёр залуу хүрээд ирсэн хүрч ирээд нүдээ цохиулсан залуу та нар шиг шалдан банди нар намайг барахгүй шүү гээд С.Пүрэвдоржийг заамдаж аваад коридор руу гаргасан араас нь манай нөхөр Г.Пүрэвдорж гараад нөгөө нүдээ цохиулсан залууг тэр хоёр бариад авсан зогсож байж байтал хар дээлтэй Ууганбаяр гэх залуу С.Пүрэвдоржийг гараараа зүүн шанаа руу нь цохиод авсан тэгэхээр нь найз Мөнх-Оргил бид хоёр тэд нарын дундуур ороод 2 Пүрэвдоржийг салгаад байж байтал өрөөнөөс Энхбаяр гарч ирээд юу болж байна гэтэл хар дээлтэй Ууганбаяр гээд байгаа залуу цээж хэсэг рүү гараараа цохисон тэгээд тэр ухарсан тэгтэл эхнэр Мөнх-Оргил нь нөхрөө өмөөрөөд зүгээр байж байгаа гэмгүй хүнийг гээд Ууганбаяр руу дайрсан Энхбаяр бол юугаа ч мэдэхгүй тасраад унтаж байгаад сэрсэн байсан тэгсэн Анхцэцэг Мөнх-Оргилыг үсдээд доош дараад тавихгүй байсан тэгээд цагдаа ирээд салгаад тэгээд шууд бид нар цагдаа дээр ирсэн. Уг нь бол би эрүүл байна зөвшилцье гэж хэлтэл тэд нар өөрсдөө дайраад асаад байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн ...2022 оны 12 дугаар сарын 29-ны орой 22 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед гэр бүлийн найзууд болох Г.Пүрэвдорж, Баярмаа, Энхбаяр, Мөнх-Оргил манай нөхөр С.Пүрэвдорж бид нар 3 номерын өрөөнд орсон тэгээд тэнд нэг нэг пиво аваад дуулцгаасан тэгээд байж байгаад манай нөхөр С.Пүрэвдорж утсаар ярих гээд гарсан тэгээд би шээх гээд нойл руу нь явсан тухайн нойл нь ганцхан хүний суултууртай нойл байсан нойлд нөгөө талын гурван залуу болох сүүлд цагдаа дээр ирэхэд дээлээ өмссөн байсан 2 дээлтэй залуу тухайн үед бол өмд цамцтай байсан мөн нэг намхан залуу байсан тэгээд бид нар болоогүй байна байж бай гээд надад хэлсэн тэгэхээр нь би хүнтэй байхаар нь нойлын өрөөнөөс гарах гэтэл манай нөхөр араас ороод ирсэн тэгэхээр нь бие засах гэсэн гурван эрэгтэй хүн байна оруулахгүй байна гэж нөхөртөө хэлсэн тэгсэн манай нөхөр та нар ганц суултууртай өрөөнд гурвуулаа орсон байдгийн би эхнэрээ бие засуулмаар байна гэтэл тэр гурав суултуурын хэсгээс гараад ирсэн би зөрөөд нойл орсон тэгээд би шээчхээд гараад иртэл нойлын гар угаадаг хэсэгт нөгөө гурван залуу гурвуулаа чи муу бүдүүн биетэйгээр дээрэлхэж болно гэж бодоо юу гээд хэрүүл хийгээд гурван зэрэг дайрсан тэнд бол зодоон болоогүй хэрэлдээд заалны коридор руу гарцгаасан тэгсэн тэнд одоо тэр нүдээ хөхрүүлсэн байсан залуу манай нөхрийн зүүн шанаа руу эхлээд цохиод авсан тэгсэн тэгээд байж байтал манай өрөөний хаалга онгорхой байсан тэгсэн Г.Пүрэвдорж өрөөнөөс гарч ирээд яахаараа манай найзыг цохидгийн гээд нөгөө одоо нүдээ цохиулсан байгаа нөхрийн зүүн нүүр рүү нь цохиод авсан тэгсэн тэр залуу газар шалан дээр унасан тэгээд манай эмэгтэйчүүд нөхрийгөө салгаад өрөө рүүгээ ороод өрөөнийхөө хаалгыг хаагаад байж байтал нөгөө талын эхнэрүүд хаалга үүд эвдэхээ шахаад дайрч орж ирээд манай нөхрийг яахаараа зоддог юм гээд дайрсан тэгээд тэр дотор хэрүүл маргаан үүсгээд байж байтал цагдаа нар ирсэн тэгээд цагдаа дээр ирсэн.../хх-ийн 37-38/,
Гэрч Б.Мөнх-Оргилын ... .2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед гэр бүлийн найзууд болох Г.Пүрэвдорж, С.Пүрэвдорж, Баярмаа, Пүрэвсүрэн манай нөхөр Энхбаяр бид нар орсон тэгээд тэнд нэг нэг пиво аваад дуулцгаасан тэгээд байж байгаад С.Пүрэвдорж түүний эхнэр Пүрэвсүрэн нойл ороод нойлд хүмүүстэй маргалдсан байсан намайг өрөөнд байж байтал коридорт чимээ гарсан тэгээд өрөөний үүдэн дээр гартал С.Пүрэвдорж одоо тэр нүдээ хөхрүүлсэн гээд байгаа залуутай барьцалдаад авсан хамар нь халцарсан залуу хажууд нь зүгээр зогсож байсан тэгсэн С.Пүрэвдорж нөгөө нүдээ цохиулсан залууг хана руу түлхсэн тэгтэл тэр газар унасан тэгээд би өрөө рүүгээ буцаад ортол надтай зөрөөд Г.Пүрэвдорж манай найзыг яаж байгаа юм гээд тэд нар дээр очихоор явсан удаагүй тэр хоёрыг салгаад өрөөнд ороод ирсэн тэгээд байж байтал эхнэрүүд нь орж ирээд нөхрийн нүд цохисон байна гээд өрөөнд хэрүүл маргаан болсон яг тэр үед манай нөхөр Энхбаяр тасраад унтаж байгаад сэрээд юу болсон гэтэл махлаг шар эмэгтэй намайг үсдээд авсан тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн тэгээд шууд цагдаа дээр ирсэн.../хх-ийн 44-45/,
Гэрч Э.Содномдашийн ... 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой манай гэр бүлийн найзуудын эхнэрүүд гадуур гарсан тэгээд тэд нар нөхрүүдийгээ дуудаад Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед цугларсан манай эхнэрийг Анхцэцэг гэдэг тэнд бид нар 1 номерын өрөөнд суусан 1 номерын өрөө л гэж хэлсэн урт хар буйдан сандалтай өрөө байсан 2 цаг авсан тэгээд тэнд архи пиво ууцгаасан. Тэгээд Ууганбаяр, Сосорбарам бид гурав нойл орсон эхлээд Сосорбарам шээгээд би шээгээд хамгийн сүүлд Ууганбаяр шээгээд байж байтал өндөр махлаг саарал цамцтай залуу нэг хүүхэнтэй гаднаас орж ирээд нойлд яасан олуулаа бие засдаг юм гэсэн тэгэхээр нь эхлээд бол юм дуугараагүй тэгээд байж байтал эхнэрээ бие засуулмаар байна гэсэн тэгээд байж байтал Ууганбаяр шээчхээд гарч ирсэн тэр гарч ирээд ганцхан нойлтой бие засчхаад гарч ирж байна гэсэн тэгэхээр нь би танай гэрийн нойл байгаа биш оочирлож байгаад орчхоод гарч ирж байна гэтэл тэр залуу юу гээд байгаа пиздакууд бэ гэсэн тэгэхээр нь танай гэрийн нойл байгаа биш гээд хэлтэл намайг эхлээд тэр залуу гараараа миний баруун шанаа руу цохисон тэгсэн Сосорбарам, Ууганбаяр хоёр тэр залууг түлхээд маргалдаад нойлын гадна талын коридор руу гарсан тэгтэл цаанаас намхан шар залуу ирсэн тэгэхээр нь би хажуугаар нь зөрөөд өөрийнхөө өрөө рүү ороод эхнэр нартаа цаадуул чинь зодолдох гээд байх шиг байна салгаад ороод ир гэж хэлээд өрөөндөө үлдээд манай эмэгтэйчүүд гараад явсан тэгээд би удаагүй араас нь гартал урдаас Ууганбаяр хүрээд ирсэн тэгээд яав гэтэл цагдаад дуудлага өгчихлөө л гэсэн тэгээд хартал текний харалдаа коридорт хоёр талаас нь эхнэрүүд нь ирсэн нөхрүүд нь хэрэлдээд байцгаасан тэгээд удаач үгүй цагдаа нар ирсэн ийм зүйл болсон.../хх-ийн 48-49/,
Гэрч А.Оюунцэцэгийн ... Манай нөхрийг Б.Ууганбаяр гэдэг 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой гэр бүлийн найзуудаараа Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед орсон тэнд байж байгаад нөхрүүд болох Ууганбаяр, Содномдаш, Сосорбарам нар нойл орох гээд явсан тэгээд бид нар өрөөндөө сууж байтал Анхцэцэгийн нөхөр Содномдаш орж ирээд зодоон хийгээд байна гээд аваад гарсан би юу болсон юм гээд араас нь гартал Сосорбарамын нүдэн нь тагласан манай нөхрийн хамар амнаас цус гарсан манай хэд рүү дайраад байхаар нь бид хоёр салгаад тэр хэдийг өрөө рүү нь оруулаад яасан ийсэн юм цагдаа дуудсан байна хоорондоо зохиц гэтэл тэнд байсан намхан шар тарган залуу цагдаадаа өг бид нарт цагдаа нөлөөлөхгүй ахиад нөгөө талын нүдийг цохиодохъё аваад ир гээд тэнд хэрүүл маргаан болоод Анхцэцэгийг 5000 төгрөгийн хүүхэн ш дээ чи өдөр болгон мөнгө авдаг гээд ажлаар нь доромжилсон тэгсэн Анхцэцэг уурлаад чи намайг яахаараа доромжилдог юм гээд тэр хоёр хэрэлдээд байж байтал тэр шар залуу Анхцэцэгийн гуя руу нэг удаа өшиглөсөн тэгээд Анхцэцэг чи эмэгтэй хүнд гар хүрдэг хэн юм гээд нөгөө залууг эхнэрүүд нь аваад бид нар Анхцэцэгийг аваад салгаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Болсон зүйл бол энэ байгаа юм.../хх-ийн 52-53/,
Гэрч Б.Ууганбаярын ... Манай эхнэрийг Оюунцэцэг гэдэг 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой найзуудаараа гадагшаа гараад сүүлд нь нөхрүүдийгээ дуудсан тэгээд бид нар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед орсон тэнд байж байгаад Содномдаш, Сосорбарам бид гурав нойл орж тамхилах гээд өрөөнөөс гарсан тэгээд нойл руу ороод эхлээд тэр хоёр шээгээд дараа нь би шээсэн тэр хоёрыг үүдэнд байж бай цуг гарч тамхилъя гээд тэр хоёр хүлээгээд байж байсан тэгээд байж байтал гаднаас нэг өндөр эрэгтэй намхан эмэгтэй хоёр хүн орж ирээд өндөр залуу нь нойлд гурвуулаа шээхгүй лалрууд минь гэсэн тэгсэн Содномдаш нийтийн нойлд хэдүүлээ орсон ч болно биз дээ гээд хэлтэл түүнийг ямар том банди бэ гээд түүнийг барьж аваад баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон тэгсэн тэр хана налаад доош унасан тэгээд би дундуур нь салгах гээд ортол намайг баруун шанаа руу бас нэг удаа цохисон тэгээд Сосорбарам түүнийг барьж аваад зууралдаад заалны коридорт гарсан тэгээд цаанаас намхан шар тарган залуу өрөөнөөс гарч ирж байхад Сосорбарам нөгөө өндөр бор залуугийн шанаа руу нь гараараа нэг цохисон тэгсэн тэр шар залуу нь хүрч ирээд тэр хоёр нийлээд түүнийг хоёр талаас нь толгой нүүр рүү цохиод авсан тэгэхээр нь би салгах гээд ортол шар залуу нь хамар ам руу 2 удаа гараараа цохисон тэгтэл Сосорбарам газар унасан тэгсэн тэр хоёр толгой руу дэвсээд гэдэс рүү нь өшиглөөд байсан тэгэхээр нь би гарч яваад цагдаа дуудсан. Цагдаа дуудчихаад ороод иртэл манай эхнэрүүд нөгөө талын залуучуудын өрөөний үүдэнд очсон хэрэлдээд байж байсан тэгээд цагдаа нар ирсэн.../хх-ийн 56-57/,
Гэрч Г.Соёл-Эрдэнийн ... Манай нөхрийг Цэндийн Сосорбарам гэдэг 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед гэр бүлийн найзуудаараа орсон тэнд байж байгаад манай нөхрүүд бие засах гээд гарсан тэгээд удаач үгүй байж байтал Анхцэцэгийн нөхөр Содномдаш орж ирээд Анхцэцэгийг дуудаад Оюунцэцэгийг дагуулаад явах шиг болсон тэгээд Дондогмаа бид хоёр өрөөндөө байж байтал хүмүүс шуугилдаад эхлэхээр нь би гараад маргалдаж байсан өрөөний үүдэн дээр яваад очиход Анхцэцэг түүний нөхөр Оюунцэцэг нар эмэгтэй, эрэгтэй хүмүүстэй хэрэлдээд байсан тэгээд би манай нөхөр хайчив гэтэл цаана чинь байгаа гэсэн тэгэхээр нь юу болсон юм гэтэл манай нөхрүүдийг зодсон байна гэсэн тэгээд би нөхрөө хайгаад нойл ороод байхгүй байхаар нь ресейпшнээс нь асуухад өрөө рүүгээ орсон гэхээр нь өрөөндөө яваад ортол Дондогмаатай цуг өрөөнд байсан яасан гэтэл намайг цохичихлоо гээд нүүр ам нь нил цус болсон зүүн нүд нь хөхөрсөн байсан тэгээд яасан гээд асуутал цохиод хоёр талаас нүдсэн л гэсэн нүдийг нь бол бор өндөр залуу цохиод чихний ар тал руу намхан шар залуу цохиод өшиглөөд дэвссэн гэж хэлж байсан. Тэгээд эхлээд намайг цохиод авахаар нь зөрүүлд тэр бор залууг цохиод авсан гээд хэлсэн.../хх-ийн 60-61/,
Гэрч М.Анхцэцэгийн ... Манай гэр бүлийн найзууд 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой гэр бүлийн найзуудаараа Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Шаргалжуут караокед орсон тэнд байж байгаад нөхрүүд нойл орж тамхилах гээд гарсан тэгээд сууж байтал манай нөхөр Содномдаш өрөөнд орж ирээд намайг дуудаад зодоон болоод байна салгаадах гэхээр нь би гараад нөгөө залуучуудын сууж байсан 3 номерын өрөө рүү ороход Оюунцэцэг орсон тэд нартай хэрүүл хийгээд байхаар нь Соёл-Эрдэнэ бид хоёр салгах гээд ортол намхан тарган залуу намайг түлхээд байсан тэгэхээр нь яасан юу болсон гэсэн чинь тэнд байсан хүүхнүүдийн нэг нь танай хэдээс боллоо гэхээр нь чамаас л болсон юм байлгүй гээд тэр хүүхний цамцны захнаас зулгаагаад гараад ир гээд таттал үнэндээ үснээс давхар зулгаагдсан байсан тэгсэн тэр шар залуу тэр эмэгтэйгээ цаашаа салгаад миний зүүн хөл руу жийсэн тэгээд манай нөхөр намайг салгаад байж байтал цагдаа болоод цагдаа дээр ирсэн болсон зүйл бол энэ байгаа юм.../хх-ийн 64-65/,
Гэрч Э.Эрдэнэцэцэгийн... 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байсан оройн 21 цаг өнгөрч байхад манай “Шаргалжуут” караокед гэр бүлээрэй явж байгаа бололтой 2 хэсэг ойролцоогоор 10 гаран хүн орж ирээд 3 номер 1 номерын өрөөнүүдэд цаг аваад 1 номерын өрөө 0,75 граммтай “Соёрхол” архи нөгөөх нь дандаа пиво захиалсан тэгээд сууцгаасан. Тэгээд хаахаас өмнө буюу 23 цагийн үед байх тээвэрт явдаг гээд өндөр махлаг бор залуу мөн шар залуу нар манай заалны коридорт хоорондоо зодоон хийсэн тухайн үед би 2 номерын өрөөнөөс цэвэрлэгээ хийгээд гараад иртэл одоо тэр нүдээ цохиулсан байсан залууг нөгөө өндөр махлаг бор залуу шалан дээр доошоо хараад унасан байхад нь дээрээс нь хөлөөрөө толгой руу нь 2 удаа дэвсээд байсан. Тэнд залуучууд нь бүгд л байсан тэгээд эхнэрүүд нь гарч ирж салгаад өрөөндөө орсон араас нь тэд нарын өрөө рүү нэг номерт байсан нүдээ цохиулдагтай хамт явсан эхнэрүүд нь 3 номерын өрөө рүү орсон хэрүүл маргаан хийгээд байсан тэгээд удаач үгүй цагдаа ирсэн.../хх-ийн 68-69/,
Шүүгдэгч С.Пүрэвдоржийн ... 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байсан гэр бүлийн найзуудын хамт Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед орж дуулж пиво ууцгаасан. Тэгээд байж байгаад миний утас дуугараад гадагшаа гараад утсаар ярьчхаад буцаад ороод иртэл манай эхнэр Пүрэвсүрэн коридорт нойлын үүдэн дээр шээх гэсэн чинь гурван залуу байна шээлгэхгүй байна гэхээр нь би ороод нэг суултууртай нойлд гурвуулаа шээлээ гэтэл жижиг шар залуу одоо тэр Содномдаш нь танай гэрт байгаа юу гэхээр нь соёлтой байгаач гээд хэлтэл гурвуулаа нийлчхээд над руу дайраад байхаар нь тэр Содномдашийг нойлд нэг удаа алгадсан. Тэгсэн тэр гурав над руу дайраад Сосорбарам гээд одоо нүдээ цохиулсан залуутай заамдалцаад коридорт текний урд гарсан тэгтэл Сосорбарам намайг түрүүлээд миний баруун талын шанаа руу гараараа цохисон тэгтэл гэнэт манай найз Г.Пүрэвдорж хүрч ирээд одоо тэр нүд хөхөрсөн талын нүүр рүү гараараа цохиод тэр хойшоо шалан дээр дээшээ хараад ойчсон. Тэгсэн Г.Пүрэвдорж дахин дээр нь гарч байгаад гараараа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би Сосорбарамын мөр нуруу хавьцаа хөлөөрөө 2 удаа өшиглөсөн нүүрэнд нь бол гар, хөл хүрээгүй тэгээд эхнэрүүд салгаад өрөө өрөөндөө орсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145/,
Шүүгдэгч Г.Пүрэвдоржийн ... 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байсан гэр бүлийн найзуудын хамт Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Шаргалжуут” караокед орж дуулж пиво ууцгаасан. Тэгээд байж байтал найз С.Пүрэвдорж эхнэр Пүрэвсүрэнгийн хамт нойл орох гээд явсан тэгээд удаач үгүй коридор дотор чимээ гараад хэрүүл болоод байхаар нь би өрөөнөөсөө гараад иртэл С.Пүрэвдорж одоо тэр нүдээ цохиулсан Сосорбарамтай барилцаад авсан түүний араас хамар нь халцарсан Ууганбаяр татсан байсан тэгээд намайг гарч ирэхэд тэр Сосорбарам, Пүрэвдоржийн зүүн шанаанд нь цохиод авсан тэгэхээр нь би очоод Сосорбарамын зүүн шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан тэгсэн хойшоо шалдан дээр унасан тэгэхээр нь би очоод дээрээс нь заамдаад гараараа зүүн чихний хавьцаа толгой руу нь нэг удаа цохиод, нэг удаа цээж рүү нь өшиглөсөн, тэгэхэд Сосорбарам нүүрээ дараад доошоо эргэсэн тэгэхэд бол С.Пүрэвдорж хажууд ирсэн байж байгаад түүний мөр хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн тэгтэл эхнэрүүд салгаад авсан. Тэрнээс хойш бол зодоон болоогүй нөгөө зодуулсан гэх залуугийн эхнэрүүд орж ирээд хэрүүл хийсэн өөр зүйл болоогүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шинжээчийн ... Ц.Сосорбарамын биед тархи доргилт, уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хацар, бугалгад цус хуралт, эрүү, тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 146-151, 155-161, 173-174/,
Шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ц.Сосорбарам нь хавтаст хэргийн 24 дүгээр талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Өөлд овогт Содномцэрэнгийн Пүрэвдорж, Боржигон овогт Ганхуягийн Пүрэвдорж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пүрэвдорж, Г.Пүрэвдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА