| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.х овогт Ш-ы Е-, У.а овогт Ш-ын Т- нарт холбогдох эрүүгийн 2213000490072 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, БЭ.......... регистрийн дугаартай, Ш.х овогт Ш-ы Е-, 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, Хуст арал .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын харьяат, БЮ............ регистрийн дугаартай, У.а овогт Ш-ын Т-, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, казах, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, ээж, эхнэр, дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, Хустарал ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нар нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 2-60 айлын орон сууцны гадаа өмнө үүссэн маргааны улмаас маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Ш.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгч Ш.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000490072 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн Ш.Е-гаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 03 цаг 00 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/
5. Ш.Е-гийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
6. Ш.Т-гийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
7. Хохирогч Ш.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
8. Хохирогч Ш.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
9. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Х-ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан №90 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Х-ын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №97 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
12. Шүүгдэгч Ш.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-66 дахь тал/,
13. Шүүгдэгч Ш.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-85 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
14. Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нар нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 2-60 айлын орон сууцны гадаа өмнө үүссэн маргааны улмаас маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Иргэн Ш.Е-гаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 03 цаг 00 минутад гаргасан “...Ш.Т- гэгч миний эрх чөлөөнд халдаж зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/
19. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас шүүгдэгч Ш.Е-гийн согтуурлын хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 00 минутад шалгахад согтуурал шалгах багажны заалт 0.34 хувь болохыг заасан тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
20. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас шүүгдэгч Ш.Т-гийн согтуурлын хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 10 минутад шалгахад согтуурал шалгах багажны заалт 1.30 хувь болохыг заасан тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
21. Хохирогч Ш.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Энэ үед Ш.Т- нэлээн согтуу байсан болохоор надтай хэрүүл маргаан гаргаж надаас хэрүүл хайж байсан ба сүүлдээ миний уур хүрээд би Ш.Т-г одоо больчих гэж хэлээд түүний энгэрээс нь нэг гараараа заамдаад зогсож байхад Ш.Т- намайг гэнэт мөргөх үед би хойш гэдийхэд миний хамар тус газар мөргөсөн бөгөөд энэ үед миний хамарнаас цус гарч би доошоо тонгойгоод суух үед Ш.Т- намайг ахиж нэг удаа гараараа алгадахаар нь би гэнэт уур хүрээд зөрүүлээд Ш.Т-гийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа хүчтэй цохисон юм. Энэ үеэр Т.С-, Х.С- нар бид хоёрыг салгаж авсан ба миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Энэ үеэр Х.С-, Т.С- нар явъя гэж хэлээд Ш.Т-г аваад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
22. Хохирогч Ш.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ш.Е- ах надад өмнөх хэлж байсан үгээ хэлээд надаас хэрүүл хайж, миний хувцасны захаас заамдаж бариад “намайг зод л доо чи” гэх зэргээр үг өдсөн ч би Ш.Е-д “та миний хүргэн ах гэсэн үг шүү дээ, таны бага дүүтэй чинь би хамт сурч байсан, та надаас олон ах болохоор би танд гар хүрэхгүй” гэж хэлээд зогсож байхад Ш.Е- миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед би тэсэлгүй Ш.Е- ахын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон ба бид хоёрын хажууд байсан Х.С-, Т.С- нар бид хоёрыг салгаж аваад намайг явъя гэж хэлээд бид гурав яваад өгсөн. Ш.Е- байрныхаа гадна үлдсэн юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
23. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би такси авахаар явж байхад миний араас Т.С- ирээд Ш.Т-, Ш.Е- хоёр дахиад зодолдоод эхэллээ гэхээр нь Т.С- бид хоёр яваад очих үед Ш.Т-, Ш.Е- нар нэгнийхээ хувцаснаас зуурсан, заамдалцсан байдалтай хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгээд Ш.Т-г салгаж аваад яваад өгсөн юм..., Тухайн үед Ш.Т-, Ш.Е- нар нэлээн согтуу байсан ба Ш.Е-н хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан Ш.Т-г Ш.Е-гаас салгаад авч явж байхад Ш.Т- хэлэхдээ сая Ш.Е- намайг зодчихлоо, миний толгой, нүүр лүү хэд хэдэн удаа цохилоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
24. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Х-ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан №90 дугаартай “...1. Ш.Е-гийн биед зүүн нүдний гэмтлийн дараах битүү гэмтэл, алимны цус хуралт, доод зовхины цус хуралт, дээд, доод зовхины хаван хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
25. Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Х-ын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №97 дугаартай “Иргэн Ш.Т-гийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан цус хуралттай, хавантай, зүүн нүүрний хэсэгт шархтай, дээд уруулд хавантай, хэгзэрсэн, доод уруулын баруун талд хавантай, шархтай, цээжний хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, ар нурууны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугуй орчим хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Ш.Т-гийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
26. Шүүгдэгч Ш.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тарчихаад гэртээ байх үеэр Х-, Е- нар над руу 22 цаг өнгөрч байхад утсаар залгаж “Роял” бааранд байна, хүрч ирээд бид нарыг гэрт хүргэж өгөөч” гэж хэлэхээр нь би 22 цагийн үед Роял пабд очих үед найз болох Х-, Е- нар нэлээд согтсон байсан ба хамт ганц, хоёр пиво уусан ба Роял паб хаах үеэр хоёр найзаа аваад гарч ирээд зогсож байх үеэр хуучны танил Т.С-, Х.С-, Ш.Т- нар машинтай ирээд энэ үеэр Т.С- гэх залуу машинд намайг таниад машинаас бууж ирээд надтай мэндлээд дараа нь Т.С- такси авч ирээд тухайн таксигаар Е-ийг аваад Т.С- бид хоёр уг машинд суугаад Е-ийг гэрт нь аваачиж буулгаж өгчихөөд дараа нь хамт машин дотор суугаад бид хоёр 2.5 литрийн Сэрүүн нэртэй шар айраг уугаад сууж байх үед Ш.Т-, Х.С- нар ирээд бид нартай хамт нэг машин дотор пиво уугаад суусан. Энэ үеэр надад Ш.Т- үг хаяж бид хоёр хоорондоо жаахан хэрэлдсэн. Тэгээд би харилаа гэж хэлэхэд тухайн таксигаар би гэртээ хүргүүлэх гэхэд Ш.Т-, Х.С-, Т.С- нар хамт намайг манай байрны гадна машинаар хүргэж өгсөн. Түүний дараа би машинаас буух үед Ш.Т- намайг мөргөсөн, энэ үед миний хамарнаас цус гарч “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд Ш.Т- ахиад миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд энэ үед би тэсэлгүй Ш.Т-гийн нүүр тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд бид хоёрын хажууд байсан Т.С-, Х.С- нар бид хоёрыг салгаад тэр хоёр Ш.Т-г аваад явсан. Би тухайн газар хэсэг байсан бөгөөд энэ үеэр манай эхнэр болох А- гэрээс гарч ирээд намайг аваад гэрт орж, манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-66 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
27. Шүүгдэгч Ш.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тус аймгийн Өлгий сумд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн найз болох Х.С-, Т.С- нарын хамт гадуур гарсан бөгөөд замдаа саунд орж, ганц хоёр шар айраг уусан ба орой нь Думан бааранд орж хэсэг суугаад бүжиглэж, цаг нэлээн орой болж Думан бар хаасан болохоор түүнээс гараад Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Роял” нэртэй пабд очих үед тус пабны гадна зүс таних Е- нэг хүн нэлээд согтуу зогсож байсан ба түүний хажууд 2 залуу зогсож байсан. Тэгээд надтай хамт явсан Х.С- нь бууж очоод тухайн хүмүүстэй юм яриад такси авч ирэхээр явсан ба удалгүй такси авч ирээд Е- болон Ш.Е- нарыг тухайн таксинд суулгаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа түүний хойноос би Т.С-ы хамт такси аваад Х.С-ы гэрийн гадна машинтай зогсож байсан ба Т.С- бид хоёр буугаад тэд нарын сууж байсан машинд орж суугаад бид нар тухайн газарт 2 литрийн нэг сав шар айраг хувааж уусан юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан ба Ш.Е- ах надад хандаж “чи яагаад ахыгаа танихгүй байгаа юм бэ, чи их том болсон байна” гэх зэргээр надтай хэрүүл маргаан эхэлсэн бөгөөд дараа нь бид нар бүгд тухайн таксинд суугаад Ш.Е- ахын орон сууцны гадна очоод машинаас буух гэхэд Ш.Е- надтай хэрүүл маргаан хийсээр байсан ба машинаас буугаад ирэхэд Ш.Е- надтай хэрүүл хийж “чаддаг юм бол чи намайг зод л доо” гээд над руу дайраад байсан ба тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор Ш.Е- намайг нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Ш.Е-г бас нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тухайн үед миний хажууд байсан Х.С- болон Т.С- нар салгаж аваад намайг аваад явсан. Тухайн газарт Ш.Е- үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-85 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт.
28. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
29. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
30. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
31. Шүүгдэгч Ш.Е- нь хохирогч Ш.Т-гийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан цус хуралттай, хавантай, зүүн нүүрний хэсэгт шархтай, дээд уруулд хавантай, хэгзэрсэн, доод уруулын баруун талд хавантай, шархтай, цээжний хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, ар нурууны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугуй орчим хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
32. Шүүгдэгч Ш.Т- нь хохирогч Ш.Е-гийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн нүдний гэмтлийн дараах битүү гэмтэл, алимны цус хуралт, доод зовхины цус хуралт, дээд, доод зовхины хаван хавдартай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
33. Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
34. Иймд шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
35. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
36. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
37. Шүүгдэгч Ш.Е-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ш.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Е-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч нар харилцан бие биенээсээ хохирол нэхэмжлээгүй байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
38. Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
40. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
41. Шүүгдэгч Ш.Е-, Ш.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
42. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
43. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч Ш.Т-д танилцуулсныг, мөн 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч Ш.Е-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
45. Шүүгдэгч Ш.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
46. Шүүгдэгч Ш.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
47. Шүүгдэгч Ш.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
48. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
50. Шүүгдэгч Ш.Е-д оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
51. Тодруулбал, шүүгдэгч Ш.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
52. Хэрэв шүүгдэгч Ш.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
53. Шүүгдэгч Ш.Е-д оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
54. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Т-, Ш.Е- нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.х овогт Ш-ы Е-, У.а овогт Ш-ын Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-г 480 /дөрвөн зуун наян мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Е-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Е-д оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч Ш.Т-, Ш.Е- нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.
7. Шүүгдэгч Ш.Т-, Ш.Е- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК