| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.С
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2325000000040 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Э нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” бааранд Ш.Б-тай маргалдан улмаар түүний умдаг ясны харалдаа хутгалж эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ш.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
2. Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд “...тус ширээний зүүн талын хар сандал дээр хар бараан өнгийн куртик байх ба түүн дээр хүрэн өнгийн иштэй хутга байлаа. Тус хутга ажлын хэсэг хэсэг 14,5 см урт, бариул 11,5 см урт, ажлын хэсгийн урд үзүүрээс 11см хэмжээтэй талбайд нүдэнд бүдэг үзэгдэх цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,
3. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
4. Хяналтын камерыг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд “Бичлэгийн 21 цаг 04 минут 27 секунтэд О.Э нь өмднийхөө араас нэг хутга гаргаж баруун гартаа бариад Ш.Б-г хутгалж байлаа. 21 цаг 07 минут 49 секунтэд О.Э-н хувцсыг нэгжиж байгаад Ш.Б нь О.Э-н өмдний ар хэсгээс хүрэн өнгийн бариултай хутга гаргаж ирж байлаа” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/
5. Хохирогч Ш.Б “2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18-19 цагийн үед манайд найз У, Б, Б, М, Жнар ирсэн юм. Ингээд манайд 2 шил архи уучихаад тэд нар Чка бааранд очсон. Би араас нь Чка бааранд очсон. Очиход тэд нар бөөндөө сууцгааж байсан юм. Намайг анх бааранд очиход гадаа нь нэг танихгүй улбар шар куртиктэй залуу нь У тай маргалдаад байх шиг байсан. Би юу болсон бэ гэхэд У нь энэ залуу намайг захын архичин гэж хэллээ гэж байсан. Ингээд ямар нэг зодоон болоогүй баар луу орсон. Бааранд ороод байж байтал би зүс таних Г-тай тааралдаж, түүний сууж байсан ширээн дээр очсон. Тэгээд Г бид 2 юм яриад байж байтал нөгөө улбар шар куртиктэй залуу ирээд нэг юм яриад хэрүүл өдөөд байсан. Тэгээд би босоод өөрийнхөө ширээ рүү явж байтал тэр улбар шар куртиктэй залуу нь намайг хутгалчихсан юм. Тэгэхээр нь би шууд намайг хутгалчихлаа гэж хэлээд баарны хүн дээр очиж гэрэл асаалгасан. Тэгээд би тэр залууг цохиж аваад куртикийг нь сөхөхөд өмднийх нь ард тэлээнд нь хавчуулагдсан нэг хутга байсан. Би тэр хутгыг нь авч баарны сандал дээр тавьсан юм. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед би халамцуу байсан бөгөөд тус залуутай яагаад маргалдсанаа мэдэхгүй байна, хөгжим чанга байсан учир сонсогдоогүй юм. Би тэр залууг гараараа нүүр лүү нь 1 удаа цохисон юм. Миний хувьд тэр залууг танихгүй ээ. Намайг хутгалсан хутга нь хужаагийн бор хүрэн өнгийн иштэй хутга байсан юм. Э миний эмчилгээний зардалд нийт 500,000 төгрөг төлсөн бөгөөд надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-22 дахь тал/
6. Гэрч Б.З-н “Гаднаас тэгтэл нэг залуу орж ирээд шууд манай нөхрийг цохиж байгаа харагдсан. Нөхөр тэгтэл зөрүүлээд цохисон бөгөөд юу болсныг асуухад намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань нөгөө залуугийн өмдний арын хэсгээс нэг хутга гаргаж ирсэн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дэх тал/
7. Гэрч Ж.У ын “Баарны гадаа очиход Б-г хутгалдаг улбар шар куртиктэй залуу нь бид нарыг харчхаад “өө захын хэдэн грүүшикүүд байна” гэхээр нь би андуураад байгаарай гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу өө хүн андуурчхаж гээд бид 2 гар барилцаад салсан. Тэгээд би баарны хажуу талын дэлгүүр орж тэр залуу баар луу орсон. Намайг бааранд ороход нөгөө залуу нь бид нараас тусдаа ширээнд 3-уулаа сууж байсан санагдаж байна. Би бармен дээр очоод 6 ширхэг пиво авч тооцоог нь хийсэн. Тэгээд байж байтал гаднаас Б орж ирсэн юм. Ингээд Б бид 2 гадаа гарч тамхилсан юм. Үүдэнд гартал зүс таних 3 залуу тааралдаад надаас архи гуйхаар нь би дэлгүүр орж 2 шил архи аваад нэгийг нь тэр 3-н залууд өгч явуулсан юм. Үлдсэн нэг архиа гадаа задалж уусан. Тэгтэл баарнаас Б болон түүний араас нөгөө улбар шар куртиктэй залуу, мөн нэг өндөр залуугийн хамт гарч ирсэн. Тэгээд нөгөө архинаас уусан бөгөөд тэр өндөр залуу нь улбар шар куртиктэй залуугаа хүмүүстэй битгий муудалцаад бай гээд загнаад байсан юм. Удалгүй Б нь архинаас нэг татчихаад буцаад баар луу орсон бөгөөд удалгүй Б ы эхнэр гарч ирээд Б-г хүн хутгалчихлаа гээд гарч ирсэн юм. Би тэгэхээр нь баар луу ортол гэрэл асчихсан, хөгжим унтарчихсан байсан бөгөөд Б аас цус гарсан юм харагдаагүй юм. Тэгээд хутга нь тэнд байна гэж хүмүүс ярьж байсан бөгөөд нөгөө улбар шар куртиктэй залуугийн сууж байсан ширээний сандал дээр шар иштэй хутга байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дахь тал/
8. Гэрч Л.Б “Бааранд ороход нөгөө хэд маань бөөндөө сууцгааж байсан бөгөөд пиво ууж байсан. Удалгүй буцаж гадаа гарахад У нь улбар шар куртиктэй залуутай маргалдаад салж байсан юм. Тухайн үед улбар шар куртиктэй залуутай цуг явсан өндөр залуу нь түүнийг цааш нь явуулж байсан. Ингээд Б бид 2 баар луу орсон бөгөөд намайг нэг нь У ыг аваад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад дэлгүүр ортол У нь хэсэг залууст архи авч өгч байсан. Ингээд гадаа гараад зогсож байтал Золжаргалын найз нэг хүүхэн нь гарч ирээд дотор нэгийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь баар луу ортол хөгжим унтарчихсан, гэрлээ асаасан байсан бөгөөд Б нь намайг хутгалчихлаа, хутгаа гаргаад ир гэж байсан. Тэгтэл улбар шар куртиктэй залуу нь юун хутга вэ гээд байсан юм. Ингээд Б хайгаад тэр залуугийн өмдний араас нэг хутга гаргаж ирээд сандал дээр байсан куртик дээр тавьсан юм. Тэгээд нөгөө залууг хутга руу ойртуулахгүй, цагдаа иртэл байлгасан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/
9. Гэрч Г.Э-н “Тэгээд бүжгийн ая тавиад гэрлээ бүдгэрүүлчихсэн байж байхад нэг залуу ирснээ намайг хутгалчихлаа, хөгжмөө унтраа, гэрлээ асаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлээ асаатал нөгөө хутгалуулсан гэх залуу нь улбар шар куртиктэйгээ залуугаас хутга хайгаад байсан бөгөөд сүүлдээ арынх нь халааснаас гаргаж ирлээ гээд байсан. Тэгээд би өөрийнхөө дугаараас цагдаа дуудсан юм. Ингээд цагдаа ирээд хутгалсан хүнийг авч явсан. Эмнэлэг харин хутгалуулсан хүнийг нь авч явсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дахь тал/
10. Гэрч Ч.Г-н “Тэгээд бид 3 нөгөө архиа дуусгачхаад буудлын хажуу талын Чка бааранд орсон. Барагцаагаар 19 цагийн үед бааранд оржтэндээсээ 0,75 литрийн 1 шил архи, мөн пиво авсан юм. Тэгтэл бид нараас өөр ширээнд миний хуурай дүү Б нь найзуудтайгаа сууж байсан бөгөөд би түүнтэй мэндлээд юм ярьсан юм. Тухайн үед би нэлээн согтсон бөгөөд буудлын өрөө рүүгээ ортол нэг мэдсэн чинь миний куртик байхгүй байсан. Тэгэхээр нь баар луу ортол цагдаа ирчихсэн байсан бөгөөд миний куртик сандал дээр байсан, мөн миний куртик дээр нэг хутга байсан. Тэгээд цагдаа нар тэр хутгыг хурааж авсны дараа би куртикээ авсан юм. Миний хувьд тухайн үед согтчихсон байсан тул болсон явдлыг санахгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дахь тал/
11. Гэрч Х.Б-н “Бааранд ороод 1 шил архи, пиво авсан бөгөөд нэг мэдсэн чинь намайг гадуур явж байх хойгуур Б нь бусдад хутгалуулчихсан байсан юм. Яг хэн нь хутгалсныг мэдээгүй бөгөөд Б нь хутгалсан хутга нь энэ байна гээд нэг хутга барьчихсан зогсож байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дэх тал/
12. Гэрч Н.М-н “Тэгээд босоод бүжиглэж байтал Б нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл нэг намхан залуу хутгалсан бололтой байсан бөгөөд тэгээд байж байхад цагдаа нар ирсэн юм. Би яг Б-г хэн нэг нь хутгалахыг хараагүй ээ. Тухайн үед Б ы давсаг орчмоос цус гарч байгаа харагдсан юм. Би тухайн үед согтуу байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дахь тал/
13. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №81 дугаартай “Ш.Б биед умдаг ясны харалдаа хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсонг гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/
14. О.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/,
15. 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 102-104 дэх тал/,
16. 1998 оны 4 сарын 6-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
17. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-114 дэх тал/,
18. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 115-116 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” бааранд Ш.Б-тай маргалдан улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгчдэгчийн өмгөөлөгч Ж.С дүгнэлтдээ “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Улсын яллагчаас санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хяналтын камерыг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ш.Б “...улбар шар куртиктэй залуу нь намайг хутгалчихсан юм. Куртикийг нь сөхөхөд өмднийх нь ард тэлээнд нь хавчуулагдсан нэг хутга байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.З-н “...Гаднаас тэгтэл нэг залуу орж ирээд шууд манай нөхрийг цохиж байгаа харагдсан. Нөхөр тэгтэл зөрүүлээд цохисон бөгөөд юу болсныг асуухад намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань нөгөө залуугийн өмдний арын хэсгээс нэг хутга гаргаж ирсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Ж.У ын “...Б-г хүн хутгалчихлаа гээд гарч ирсэн юм. Тэгээд хутга нь тэнд байна гэж хүмүүс ярьж байсан бөгөөд нөгөө улбар шар куртиктэй залуугийн сууж байсан ширээний сандал дээр шар иштэй хутга байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Л.Б “...Б нь намайг хутгалчихлаа, хутгаа гаргаад ир гэж байсан. Тэгтэл улбар шар куртиктэй залуу нь юун хутга вэ гээд байсан юм. Ингээд Б хайгаад тэр залуугийн өмдний араас нэг хутга гаргаж ирээд сандал дээр байсан куртик дээр тавьсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.Э-н “...гэрлээ асаатал нөгөө хутгалуулсан гэх залуу нь улбар шар куртиктэйгээ залуугаас хутга хайгаад байсан бөгөөд сүүлдээ арынх нь халааснаас гаргаж ирлээ гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Г-н “...миний куртик сандал дээр байсан, мөн миний куртик дээр нэг хутга байсан. Тэгээд цагдаа нар тэр хутгыг хурааж авсны дараа би куртикээ авсан юм. Миний хувьд тухайн үед согтчихсон байсан тул болсон явдлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-н “...Б нь бусдад хутгалуулчихсан байсан юм. Яг хэн нь хутгалсныг мэдээгүй бөгөөд Б нь хутгалсан хутга нь энэ байна гээд нэг хутга барьчихсан зогсож байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Н.М-н “...Би яг Б-г хэн нэг нь хутгалахыг хараагүй ээ. Тухайн үед Б ы давсаг орчмоос цус гарч байгаа харагдсан юм....” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №81 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Э нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” бааранд Ш.Б-тай маргалдан хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч О.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас Ш.Б биед умдаг ясны харалдаа хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн О-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС