| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч Ж.Б
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С
Иргэний нэхэмжлэгч П.Б
Иргэний нэхэмжлэгч Д.Д
Иргэний нэхэмжлэгч Д.Д-н өмгөөлөгч Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-т холбогдох эрүүгийн 2225004020365 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Ч
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг 7 дугаар хорооллын урд талын авто зам дээр **-** ОРА улсын дугаартай Хона си ар ви загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийшээ буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Д-н жолоодон явсан **-** ОРО улсын дугаартай Тоёота Приус экс ви 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн 7 149 000 төгрөгийн хохирол, **-** ОРО улсын дугаартай Тоёота Приус экс ви 30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчигч Э.Э-н эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид анхнаас нь тусламж үзүүлж, эмчилгээний зардалд 2 236 300 төгрөг төлсөн” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Охин маань сургууль төгсөх өсвөр насанд дээрээ энэ осолд орж эрүүл мэндээрээ хохирсон. Одоо тархины ачаалал өгч болохгүй учир хичээл номоо хийж чадахгүй байгаа. Охиндоо эмчилгээ оношлогоо хийлгэхээр нөхөрийн хамт япон улсад ирсэн. Шүүгдэгчээс эм тариа эмчилгээний зардал, тизний үнэ, охиноо асрах үеийн цалин орлого нийт 14 705 588 төгрөгийг нэхэмжлэнэ” гэв.
Иргэний нэхэмжлэгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хохирлоо гаргуулж авмаар байна өөр хэлэх зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “7 668 000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Хохирлоо нэхэмжлэнэ. Өөр зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд оролцохгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Иргэний нэхэмжлэгч Ц.Л “Хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалаас гарсан зардал болох 5 008 404 төгрөгийг нэхэмжлэнэ” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,
2. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 6-12 дахь тал/,
3. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
4. Согтуурал шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
5. Насанд хүрээгүй хохирогч Э.Э-н “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө би үеэл дүү А-н хамт хороолол дахь гэрээсээ буюу Их залуу багийн нутаг “Дөт” гэх дэлгүүрийн хажуу талын автобусны буудлаас төв рүү орох гээд таксинд суусан юм. Намайг таксинд суухад жолооч нь ганцаараа явсан бөгөөд жижиг суудлын машин байсан. Би улсын дугаар, загварыг нь мэдэхгүй байна. Ингээд доошоо уруудах замдаа замаасаа 2 эгч, 1 эрэгтэй хүүхдийг авч явсан юм. Миний хувьд жолоочийн эсрэг талд арын суудлын захад сууж явсан бөгөөд А миний баруун талд сууж явсан юм. Тэгээд Сансар дэлгүүр өнгөрөөд явж байхаар нь би утсаа оролдсон бөгөөд нэг мэдсэн чинь авто осолд орчихсон юм. Хэсэг хугацаанд ухаан санаа маань балартсан бөгөөд нэг мэдсэн чинь би машинаас буучихсан гадаа байсан бөгөөд миний толгойноос цус гарч байсан. Мөн миний сууж явсан машин нь угаалгын газрын урд зам дээр мөргөлдчихсөн байдалтай зогсож байсан. А дүү маань аавыг утсаар дуудсан бөгөөд аавыг ирсний дараа эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Би тэгээд таксинд сууж явсан хүмүүсийн хамтаар түргэний машинаар эмнэлэг рүү явсан юм. Миний хувьд ослын талаар яг юу болсон талаар мэдэхгүй байна. Мөн би хараа муутай бөгөөд миний нүдний шил байхгүй болчихсон байсан тул тухайн орчныг сайн харж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26-р тал/,
6. Гэрч Ж.Н“...Бид нар Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын урд талын засмал замаар явж байхад эсрэг талын урсгал буюу урд талаас ирж явсан машин зам дээр зүүн гар тийш эргэх гээд гэрэл дохиогоо өгөөд зогсож байсан. Миний сууж байсан машин хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшаа явж байхад нөгөө зогсож байсан машин гэнэт хөдлөөд урдуур орж ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,
7. Гэрч П.Б ийн “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би өөрийн **** ОРХ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 загварын машинтайгаа Городоос хороолол руу урд төв замаар өгсөж явсан юм. Тухайн үед миний машинд нэг танихгүй залуу суугаад хамт явж байсан. Тэгтэл 7 дугаар хорооллын урд явж байтал миний урд явсан CR-V загварын машин нь зогсож байгаад зүүн тийш буюу ертөнцийн зүгээр урагш эргэх дохио өгч байгаад эргэсэн юм. Тэгтэл гэнэт тэр CR-V машиныг машин ирж мөргөөд, үүний улмаас СRW машин нь миний машиныг хамж мөргөсөн юм. Ингээд буугаад хартал хорооллоос төв рүү чиглэлтэй явсан Тоёота приус-30 загварын машин нь CR-V машинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед CR-V машинд жолооч нь ганцаараа буюу нэг эгч байсан, харин приус-30 загварын машинд дүүрэн хүмүүс л байсан. Тэр Приус-30 машин нь таксинд явж байсан гэж байсан бөгөөд хүүхдүүд уйлалдаад байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-р тал/
8. Гэрч Д.Д-н “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө өөрийн **-** ОРО улсын дугаартай Тоёота Приус-30 загварын машинтайгаа Их залуу багаас уруудаад Город руу явж байсан юм. Ингэхдээ би зам дагуу гараа өргөөд зогсож байсан 5 хүнийг авч уруудсан. Тус 5 хүнээс нэг нь эрэгтэй хүүхэд, бусад нь эмэгтэй хүмүүс байсан юм. Тэгээд би уруудаад 7 дугаар хорооллын урд буюу Hi car wash угаалгын газрын урд явж байтал миний өөдөөс эсрэг урсгалаас ирж явсан цагаан өнгийн машин нь ямар ч дохио өгөлгүй, зүүн тийш буюу угаалгын газар луу эргээд тэгээд надтай мөргөлдсөн юм. Тэгээд буутал нөгөө цагаан машины ард явсан Тоёота приус-20 загварын машин нь бас мөргөлдсөн байсан. Тус Тоёота приус-20 загварын машин нь миний машинтай мөргөлдөөгүй юм. Тухайн үед цагаан өнгийн машинд жолооч нь ганцаараа явсан бөгөөд нэг эмэгтэй байсан. Харин Тоёота приус-20 загварын машинд хэдэн хүн явсныг анзаараагүй, жолооч нь гээд нэг залуу байсан. Миний машинд надтай нийлээд 6 хүн явсан бөгөөд арын суудалд явсан нэг эмэгтэй хүүхдийн толгой нь хагарчихсан уйлж байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн бөгөөд араас нь түргэн ирсэн юм. Ингээд түргэнээр миний машинд сууж явсан бүх хүмүүсийг эмнэлэг рүү явуулсан. Цагдаа иртэл ослын газраас осолд холбогдсон машинуудыг ерөөсөө хөдөлгөөгүй юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,
9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаартай “...Э.Э-ий биед зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
10. Авто тээврийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай “...Тоёота приус экс ви-20 загварын **** ОРХ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг шалгахад. Уг тээврийн хэрэгсэлд үүссэн дээрх гэмтлүүд осол гарах үед үүссэн болох нь тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийн дээрх гэмтлүүд нь осол гарахад нөлөөлөх боломжгүй гэмтлүүд байна. Уг тээврийн хэрэгслийг засварласны дараа дахин техникийн хяналт үзлэгт хамруулж замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 69-78-р тал/,
11. Авто тээврийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай “...Хонда си ар ви загварын **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахад...Уг гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд байна. Уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарах үед үүссэн гэмтлүүд учраас зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзлээ...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 85-95-р тал/,
12. Авто тээврийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай “...Тоёота маркийн приус загварын **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахад...Уг гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд байна. Уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарах үед үүссэн гэмтлүүд учраас зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзлээ...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 101-107-р тал/,
13. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1936 дугаартай авто машин техникийн эвдэрэл, хохирлын үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 113-117 дахь тал/,
14. “Хас Үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 695 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,149,000 төгрөг...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 123-127 дахь тал/,
15. Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ий эрүүл мэндийн бүртгэлийн маягт /1 дэх хавтаст хэргийн 170-205 дахь тал/
16. Цагаан Шонхорын Жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Я.Ганболдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 22/140 дугаартай “Б.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Д.Дамбыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 245-249 дэх тал/,
17. Яллагдагч Б.Ч-н “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би өөрийн **-** ОРА улсын дугаартай Хонда CR-V загварын машинтайгаа машинаа угаалгах зорилгоор Гордоос Hi car wash угаалгын газар луу явсан. Угаалга руу эргэхээс өмнө 40-50 метрийн зайд би эргэх дохио өгөөд түр зогссон тэгээд урдаас ирж буй машинуудыг хартал нилээн зайтай машин ирж байсан. Тэгэхээр нь би эргэх үйлдэл дөнгөж удаанаар хийж байтал машинтай мөргөлдсөн юм. Миний машин 180 градус эргэж машины ослын хоёр дэр гарч бөөн утаа болсон. Тэгээд би тухайн үедээ хэсэг шоконд орж 1 минут орчим машин дотроо сууж байгаад буусан. Буухад Тоёота приус 30 загварын машин нь миний машинаас өнгөрөөд зогсчихсон байсан бөгөөд дотроос нь хүмүүс бууж ирсэн. Тус машинаас буусан нэг эмэгтэй хүүхэд толгойгоо дарж байсан, мөн араас нь хэдэн хүүхэд бууж байсан. Мөн Тоёота приус 20 загварын машин миний араас мөргөсөн байсан юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
18. Б.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг 7 дугаар хорооллын урд талын авто зам дээр **-** ОРА улсын дугаартай Хона си ар ви загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийшээ буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Д-н жолоодон явсан **-** ОРО улсын дугаартай Тоёота Приус экс ви 30 маркийн тээврийн хэрэгсэл, П.Б ийн жолоодож явсан **** ОРХ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, зорчигч Э.Э-н эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Д.Д д 7 149 000 төгрөгийн хохирол, П.Б өд 3 122 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс гэм хорын хохирлыг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Нэгэнтээ шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Улсын яллагчийн буруутгасан зүйл заалтаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Авто аваарын хэргүүд яагаад гараад байдаг гэхээр шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шинжээчийн дүгнэлт гарсан. Нэгнийгээ хүлээх, хэдэн секунд хүлээх тэвчээрийн асуудал Монголчуудад харагдаж байгаа, би заавал ингэж явах ёстой гэж хэдэн секунд хүлээсэн бол 3 жолоочын нэг нь шүүгдэгч, нөгөө нь хохирогч, иргэний нэхэмжлэгч болохгүй. Нэгнийхээ харсан, хүлээцтэй байх ёстой юм. Замын хөдөлгөөний дүрэм байгаа, эмэгтэй жолооч дүрэм зөрчлөө гээд нөгөө 2 жолооч хүлээцтэй байсан бол насанд хүрээгүй охин хохирохгүй байх байсан байх. Хохирол төлбөрийн хувьд хохирогч 14 сая төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн. 1 945 130 төгрөгийг эм, эмчилгээ оношлогооны зардал гаргасан. Эмнэлэгт эмчлэгдэх хугацаанд шүүгдэгч санаачлага гаргаж анхаарал халамж тавьж байсныг хохирогчийн ээж нь хэлж байсан. Шатахууны зардлын хувьд 2 400 000 төгрөг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Саруултэс шатахууны зардлын талаар хэлсэн бөгөөд тэрээр 5 удаа Улаанбаатар хот руу ирж очсон ба өөрийнх нь машин шатахуун их зарцуулдаг машинтай учраас машинаараа хүүхдээ авч явж зардал гарсан гэж хэлдэг. Энэ талаарх баримтууд байгаа. Хохирлыг товъёоглосон, хүнсний бараа бүтээгдэхүүн авсан баримт орсон байгаа, уг баримтууд нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа хөзөр зэрэг зардлууд явж байгаа, гэхдээ ерөнхий томъёололоор хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт авсан баримтууд байсан болохоор гаргаж өгсөн, 455 226 төгрөгийн баримт байгаа, шүүх гаргуулах эсэхийг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Зайлшгүй гарах зардал эмчилгээ оношлогооны 1 945 138 төгрөг, шатахууны 2 400 000 төгрөгийн баримт, Улаанбаатар хотод 12 дугаар сард эмчилгээ оношлогоо хийхдээ буудалд байрласан 600 000 төгрөгийн буудлын баримт, Япон улс руу явсан 3 хүний тизний зардал багтаж байгаа юм. Улсын яллагч Япон улсын эмнэлэгт үзүүлэх талаар эмчийн бичиг байхгүй, хохирогчийг сайн дураараа Япон улс руу явсан гэж ярьж байна. Гэтэл энэ хүмүүс хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн боломжоорооо явахаас өөр аргагүй байгаа. Хохирогч охин хагалгаанд орсон боловч шатлал шатлалын эмнэлгээс хагалгаанд оруулах заалтыг хэлдэг. Мөн хохирогч охин мартдаг, биеийн тэнцвэрт байдал нь алдагдаж хүн түшдэг, ачаалал даадаггүй байна. Хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсанаа эмчлүүлэх гэж байгаа. Хүүхэд 70 хувь хөдөлмөрийн чадвараа алдвал хэцүү, үнэхээр эмчлүүлэх боломжтой бол эмчлүүлье гэх байдлаар Япон улс руу явсан. Визний зардал нэг хүний 237 000 төгрөг байгаа ба нэг хүний 79 000 төгрөг байна, 79 000 төгрөгийн зөрүүтэй бодсон байна. Эрдэнэбаатарын охиноо 1 сарын хугацаанд сахисан 1 500 000 төгрөгийн цалинг нэхэмжилсэн, цалингийн баримт байгаа. Шүүгдэгч нь Эрдэнэбаатарыг охиноо сахиж байсан гэж хэлж байгаа учраас 1 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн хувьд 1 сая төгрөгийн зардал гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гаргуулах талаар заагаагүй боловч шүүх бүрэн эрхийн хэмжээнд шийдэх нь зүйтэй.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, үндэслэлтэй, бодитой үнэлэгдэх боломжтой баримт байгаа. Дээрх хуулийн зохицуулалтаар эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Машины эзэмшигч нь өөр хүн буюу Гэрэлхүү гэж хэлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийг шүүгдэгч зөрчсөн учраас бусдад учирсан гэм хорын хохирлыг өөрөөс нь нэхэмжлэх нь зүйтэй. Түүнээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн гэм бурууг өөр хүнд халдааж болохгүй. Гэрэлхүүгээс нэхэмжлэх нь зохимжгүй буюу гэм буруутай хүн Эрүүгийн хуульд зааснаар өөрөө хариуцлагыг хүлээх ёстой бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдлээс бусдад учирсан хохирлыг гаргуулж эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т дүгнэлтдээ “Гэм буруугийн хувьд маргахгүй зөвшөөрч байгаа. Уг хэрэг нь тохиолдлын шинжтэй болгоомжгүй байдлаас хэрэг үйлдэгдсэн байна. Хэлэлцүүлгийн явцад тээврийн хэрэгсэл хэний эзэмшил байхаас хамаарч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зохицуулсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж заасан. Прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний хувьд маргаагүй гэж бодож байна. Иргэний нэхэмжлэгч нарын болон хохирогчийн хохирлын асуудал хуульчийн хувьд тусдаа гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Дамбын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих саналтай байна. Засвар хийгдэж бодит зардал гарсан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Ирээдүйд ийм зардлаар засна гэсэн тооцоолол байгаагаас ийм хэмжээний мөнгөөр зардлаар засуулсан гэх баримт өгөөгүй. Өмнө нь Д.Дамбыг иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авахад засвараа хийлгэсэн, баримтаа гаргаж өгсөн гэсэн мэдүүлгийг шүүх анхаарах нь зүйтэй. Хэлэлцэхгүй орхисноороо байхгүй зүйл биш, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Прокурорын Д.Г нь уг хэрэгт иргэний хариуцагч байх ёстой гэсэн санал гаргасан. Процессийн шатанд иргэний хариуцагчаар татсан тогтоол байхгүй байна. Иргэний хариуцагч биш хүнээс иргэний нэхэмжлэлд заасан төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иргэний нэхэмжлэгч Д , Б нарын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Б ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж шинжээч тогтоосон. Үүнтэй холбоотой Б гомдол санал гаргаагүй, дээд шатны прокурор үндэслэлтэй гэх дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн эрүүгийн хэрэг үүсэж, процессийн ажиллагаа явагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас зогссон, зогссон байхад нь мөргөсөн гэж дүгнэх боломжгүй. Хэрэгт тогтоогдсон үйл баримт гэж харж байна. Б ийн тухайд иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Төрд учирсан хохирлын асуудал яригдаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас учирсан хохирлыг төлүүлэх талаар хэлж байгаа. Яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар хавсралтын 4-т заасан. Прокурор иргэний нэхэмжлэгчээр оролцох заалт байхгүй байна. Яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдэх байх, хэрвээ хохирол төлбөрийн асуудал байсан бол дэмжиж хуралдаанд оролцох ёстой байтал дэмжиж оролцоогүй учраас тусад нь хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн хохирлын тухайд эм, эмчилгээний зардлыг зайлшгүй төлөх ёстой зардал мөн, шатахууны зардал, буудлын зардал, охиноо асрамжилж ажлаа хийгээгүй учраас авах ёстой цалин хөлсөө нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлтэй байна. Бусад зардлын хувьд зайлшгүй гарах ёстой зардал гэж ойлгохгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон. Уг зохицуулалтад 6.7 дугаар зүйлийн 1.1-д Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; байдлаар хуульчилсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, иргэний нэхэмжлэлийг тусад нь авч үзэх ёстой. Хохирол түүнтэй холбоотой эмчилгээний зардлыг төлсөн байдлаар хэрэглээд явахб олмжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг бөмнөх хуралдаан дээр судалсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь монгол улсын зэвсэгт хүчинд 25 жил ажиллаж, улсдаа гавъяа байгуулж, шагнал одон медаль авч байсан талаар тодорхойлолтон дээр дурдсан учраас заавал хорих ял эдлүүлэх прокурорын хэлснээр өөрөөр шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах боломжтой байна, шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Шүүх хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Э.Э-н “...Сансар дэлгүүр өнгөрөөд явж байхаар нь би утсаа оролдсон бөгөөд нэг мэдсэн чинь авто осолд орчихсон юм. Хэсэг хугацаанд ухаан санаа маань балартсан бөгөөд нэг мэдсэн чинь би машинаас буучихсан гадаа байсан бөгөөд миний толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Н“...Миний сууж байсан машин хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшаа явж байхад нөгөө зогсож байсан машин гэнэт хөдлөөд урдуур орж ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Б ийн “...миний урд явсан CR-V загварын машин нь зогсож байгаад зүүн тийш буюу ертөнцийн зүгээр урагш эргэх дохио өгч байгаад эргэсэн юм. Тэгтэл гэнэт тэр CR-V машиныг машин ирж мөргөөд, үүний улмаас СRW машин нь миний машиныг хамж мөргөсөн юм. Ингээд буугаад хартал хорооллоос төв рүү чиглэлтэй явсан Тоёота приус-30 загварын машин нь CR-V машинтай мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-н “...миний өөдөөс эсрэг урсгалаас ирж явсан цагаан өнгийн машин нь ямар ч дохио өгөлгүй, зүүн тийш буюу угаалгын газар луу эргээд тэгээд надтай мөргөлдсөн юм. Тэгээд буутал нөгөө цагаан машины ард явсан Тоёота приус-20 загварын машин нь бас мөргөлдсөн байсан. Арын суудалд явсан нэг эмэгтэй хүүхдийн толгой нь хагарчихсан уйлж байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаартай дүгнэлт, Авто тээврийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, Авто тээврийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, Авто тээврийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1936 дугаартай авто машин техникийн эвдэрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Хас Үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 695 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Э.Э-н эрүүл мэндийн бүртгэлийн маягт, Цагаан Шонхорын Жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Я.Ганболдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 22/140 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Ч-н “...Угаалга руу эргэхээс өмнө 40-50 метрийн зайд би эргэх дохио өгөөд түр зогссон тэгээд урдаас ирж буй машинуудыг хартал нилээн зайтай машин ирж байсан. Тэгэхээр нь би эргэх үйлдэл дөнгөж удаанаар хийж байтал машинтай мөргөлдсөн юм. Миний машин 180 градус эргэж машины ослын хоёр дэр гарч бөөн утаа болсон. Тэгээд би тухайн үедээ хэсэг шоконд орж 1 минут орчим машин дотроо сууж байгаад буусан. Буухад Тоёота приус 30 загварын машин нь миний машинаас өнгөрөөд зогсчихсон байсан бөгөөд дотроос нь хүмүүс бууж ирсэн. Тус машинаас буусан нэг эмэгтэй хүүхэд толгойгоо дарж байсан, мөн араас нь хэдэн хүүхэд бууж байсан. Мөн Тоёота приус 20 загварын машин миний араас мөргөсөн байсан юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урд талын авто зам дээр **-** ОРА улсын дугаартай Хона си ар ви загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийшээ буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Д-н жолоодон явсан **-** ОРО улсын дугаартай, Тоёота Приус экс ви 30 маркийн тээврийн хэрэгсэл, П.Б ийн жолоодож явсан **** ОРХ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, зорчигч Э.Э-н эрүүл мэндэд зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, духанд шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл нь учруулсан, Д.Д-н тээврийн хэрэгсэлд 7 668 000 төгрөгийн хохирол, П.Б ийн тээврийн хэрэгсэлд 3 122 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ч-н үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Э-н эрүүл мэндэд зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, духанд шарх бүхий хүнд хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Д.Д-н тээврийн хэрэгсэлд 7 149 000 төгрөгийн эвдрэл гэмтэл, иргэний нэхэмжлэгч П.Б ийн тээврийн хэрэгсэлд 3 122 000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан, насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ сувилгаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5 008 404 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С шүүгдэгчээс эм тариа эмчилгээний зардал, шатахуун будлын зардал, тизний үнэ, охиноо асрах үеийн цалин орлого нийт 14 705 588 төгрөгийг нэхэмжсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс болон хүнсий бүтээгдэхүүн худалдаж авсан гэх нийт 1 455 026 төгрөгийн нэхэмлэлийн шаардлага нь хохирогчид учирсан хохирол, гэм хорд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал, хүүхдээ асрах үеийн цалин орлого, хүүхдээ эмчлүүлэх үед хэрэглэсэн шатахууны зардал, буудлын зардал нийт 6 455 288 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлагаас гадаад улсад охиноо эмчлүүлэхээр явсан гэх 3 хүний тизний үнийг нотлох баримт буюу эмчилгээ, үйлчилгээний баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоосон 6 455 288 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Д-н нэхэмжилсэн 7 668 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Б ийн нэхэмжилсэн 3 122 000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ сувилгаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 5 008 404 төгрөгийн эмчилгээний зардал зэрэг нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь Д.Д д 4 000 000 төгрөгийг төлсөн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаанд гэмт хэргийн хор уршигийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ч-н 323511 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршигийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-с 11 798 404 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Д /Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Зүүн дэнжийн **** тоотод оршин суух/-д 3 668 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын *** тоотод оршин суух/-д 3 122 000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 5 008 404 төгрөгийг тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарын нэхэмжлэлийн шаардлагаас 1 455 026 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Хэрэгт хураан ирүүлсэн Б.Ч-н 323511 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нар гадаад улсад эмчлүүлсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС