Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1087

 

Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Д.Д-ний өмгөөлөгч Д.Даваадорж,

шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Даваадорж, шүүгдэгч Т.Т, Б.Т, Б.Н, шүүгдэгч Т.Т, П.Т нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909 00943 0217 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн Т-ны Т, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт ........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

2. Е овгийн Д-н Д, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “З...” дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 1 хоногийн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн;

3. Э овгийн Б-н Н, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

4. Х овгийн П-н Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

5. И овгийн Б-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нар нь бүлэглэн, 2019 оны 3 дугаар сарын 7-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний орчим, Б.С-г хувцасных нь захаар хоолойг боож, цохиж зодон, хүч хэрэглэн, “Айфон 6” загварын гар утас, Хаан банкны виза карт, оюутны үнэмлэх, автобусны карт зэргийг,

Мөн 2019 оны 3 дугаар сарын 7-ны шөнө 23 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар чуулгын урд байрлах Сэлбэ голын гүүрний орчим, Б.А-н хөл рүү өшиглөж, Г.Б-г хувцасных нь захаар хоолойг боож унагаан нүүр лүү цохиж, хөлөөрөө өшиглөн, хүч хэрэглэж, цүнх, гоо сайхны хэрэгсэл, түрийвч, автобусны карт, түлхүүр зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтын 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар Д.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т нарын цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 40 хоног, шүүгдэгч Б.Т-н цагдан хоригдсон 9 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Н, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Д.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Д.Д нь уг гэмт хэрэгт холбогдсоны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1902004850196 дугаартай тогтоолоор яллагдагчаар татагдсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал бий болсныг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т заасан “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу хэргийг нэгтгэх нь зүйтэй гэж хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналтай оролцсон боловч шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
  2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй” гэж дүгнэж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан гэж үзэж байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болдог бөгөөд Д.Д-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж болох нөхцөл бүрэн хангагдсан байдлыг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.

Миний үйлчлүүлэгч Д.Д нь уг дээрэмдэх гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд бусдыгаа хүн дээрэмдэж байхад нь салгаснаараа гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал бий болсон, мөн уг гэмт хэрэгт дээрх байдлаар оролцож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж” ял оногдуулж болох хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулсангүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Д.Д-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь, 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр П.Т, Б.Т, Д.Д, Б.Н нартай 100 айлын гүүрэн дээр явж байгаад би нэг залуутай маргалдан барьцалдан авч унахад миний хойноос П.Т, Б.Т, Д.Д, Б.Н нар намайг салгах гэж ирсэн. Тэр үед би газар унасан байсан гар утсыг өөрийн утас гэж бодон аваад Д-д барьж бай гээд өгсөн. Тэр залууг явсны дараа Д надад май утсаа ав гээд өгөхөд нь би утсыг харж “миний утас биш байна” гэж хэлэхэд Д “юу яриад байгаа юм бэ, чи сая миний утсыг барьж бай гээд өгсөн биз дээ” гэж хэлсэн. Тэр үед надтай маргасан хүний утас байна гэдгийг мэдэн Д.Д-тэй маргалдаж, хажуугаар явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэйтэй нь би маргалдаж байтал Б.Н намайг боль гэж хэлсэн. Миний энэ буруутай үйлдлийн улмаас гэмгүй байсан Б.Н, П.Т, Б.Т, Д.Д нарыг гэмт хэрэгт холбогдуулсандаа маш их харамсан гэмшиж байна. Иймд оногдуулсан ялуудыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Б.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би тухайн өдрийн орой тавуулаа явж байгаад хэрэгт холбогдсон, оролцсон үйлдэл байхгүй, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч мөн хохирол гомдлыг барагдуулж, шүүх хурал дээр гэмшиж байгаагаа хэлсэн боловч миний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг ашиглаж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Н тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн хэрэг гардаг өдөр найз нөхдийн хамт архи уугаад 100 айлын гүүрний хажууд явж байхад Т.Т ганцаараа урд алхаад хүнтэй заамдалцаад байж байхад нь би бусдад хэлэн гүйн очиж салгаад очих үед нэг залуу цаашаа зугтаад явсан. Т.Т-с юу болсон талаар асуухад хажуугаас Д.Д орж ирээд Т.Т-д “май энэ гар утсаа ав” гээд өгсөн. Т.Т миний утас биш гээд Д.Д-тэй маргалдсан. Гэтэл хажуугаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байхад Т.Т эрэгтэйтэй нь муудалцаж эхэлсэн. Би боль гэсэн боловч тоохгүй байсан тул цагдаад дуудлага өгөөд гэртээ харьсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Т, П.Т нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Т.Т, П.Т нар нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймээс миний бие тэдгээрийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “...хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар хорих ялын доод хэмжээг доош татуулах, Т.Т-н хувьд 21 нас хүрээгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар дүгнэлтээ гаргасан болно.

Гэвч шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваад танилцахад өмгөөлөгч нарын дүгнэлтийг огт тусгаагүй, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй ямар үндэслэл, шалтгаан байсан талаар огт дурдаагүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Шийтгэх тогтоолын 7 дугаар талд “2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 23 цаг 40 минутын үед Б.С, Б.А, Г.Б нарын эд зүйлийг тус тус авсан болох нь ...шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон” гэж дүгнэснээс үзэхэд тэдгээр нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх дүгнэсэн болохыг харуулж байна.

Мөн шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст “... хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэж дүгнэснээс харахад хохирол төлбөр бүрэн барагдсан болох нь харагдаж байна.

Түүнчлэн “... шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн байдаг.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлж, бусдыг хохиролгүй болгосон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэн ялын доод хэмжээнээс доош татаж, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой байжээ.

Иймд шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн хорих ялын доод хэмжээнээс доош татаж, ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч П.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Т-н оролцооны хувьд хохирогчид халдсан идэвхтэй үйлдэл байхгүй. Энэ нь хавтас хэргийн 18 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол төлбөр төлөхөд оролцсон оролцоог харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан хохирогч Алтанцэцэгийн мэдүүлгээс өөр бусад байдлаар Б.Н-н үйлдэл оролцоог тодорхойлоогүй. Б.Н нь тухайн нөхцөл байдалд идэвхтэй үйлдэл хийгээгүй. Үйлдлийн хувьд эргэлзээтэй байгаа учраас Б.Н-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Д-д урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байсныг сэргээж, сэргээсэн хугацааг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоосон нь үндэслэл бүхий болсон. Шүүгдэгч нараас оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргасан байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нар нь бүлэглэн, 2019 оны 3 дугаар сарын 7-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний орчим, Б.С-г хувцасных нь захаар хоолойг боож, цохиж зодон, хүч хэрэглэн, “Айфон 6” загварын гар утас, Хаан банкны виза карт, оюутны үнэмлэх, автобусны карт зэрэг эд зүйлийг,

Мөн 2019 оны 3 дугаар сарын 7-ны шөнө 23 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар чуулгын урд байрлах Сэлбэ голын гүүрний орчим, Б.А-н хөл рүү өшиглөж, Г.Б-г хувцасных нь захаар хоолойг боож унагаан нүүр лүү цохиж, хөлөөрөө өшиглөн, хүч хэрэглэж, цүнх, гоо сайхны хэрэгсэл, түрийвч, автобусны карт, түлхүүр зэрэг эд зүйлийг тус тус дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б-н “... Би эхнэрийн хамт харихаар Улаанбаатар чуулгаас урагшаа Сэлбэ голын улаан өнгийн, явган хүний гүүрээр гарах гээд явж байтал нүүр, гар, хөмсөг дээрээ шивээстэй, үл таних залуу гэнэт гарч ирээд “чи муу зүгээр байгаарай” гэхээр нь би “ахын дүү зүгээр яваач ээ” гэтэл “чи муу яах гээд байгаа юм” гээд над руу дайрах гэтэл хажууд нь байсан хар куртиктэй залуу болиоч гээд татсан чинь нөгөө үл таних залуугаа байж бай гээд намайг зуураад чирээд Сэлбэ голын явган хүний гүүрэн дээр гаргаад ирсэн. Тэгтэл цаанаас нь үл таних 3 залуу гарч ирээд тавуулаа намайг боож унагаагаад, уруул руу цохиод унагаасан. Тэгээд нэг үл таних залуугийн хөлөөс нь зуураад босоод ирсэн чинь “Скай” дэлгүүрийн орчмоос 3 үл таних залуучууд “хөөш болиоч” гэж хашгиртал намайг дээрэмдэж байсан 5 залуу зугтахдаа миний барьж явсан манай эхнэрийн цүхийг булаагаад зугтаасан. Араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгтэл “Скай” дэлгүүрийн орчмоос 3 үл таних залуу араас нь хөөгөөд нэг залууг нь бариад авсан. ...” /1 хх 18-19/,

 хохирогч Б.А-н “... Нөхрийн хамт төмөр гүүрний замын наад талд явж байтал гэнэт хөмсгөн дээрээ шивээстэй залуу шууд гүйж ирэхээр нь би “юу болоод байна аа” гэхэд “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд манай нөхрийг заамдаад цохиж аваад зууралдсан. Тэгтэл араас нь куртикийг нь барьсан хар юүдэнтэй цамц өмссөн залуу ирэхэд нь би “найзыгаа аваач” гэхэд инээгээд зогсоод байсан. Тэрүүхэн зуурт тэр хоёр залуу манай нөхрийг унагаагаад зодоход цаанаас нь хамт явж байсан 3 залуу хараад зогсоод байсан. Тэгтэл бүүр цаанаас 3 залуу болиоч гэхэд нөгөө 5 залуу зугтаасан ба зугтахын өмнө нэг нь манай нөхрийн гарт байсан миний цүнхийг аваад зугтаасан. ...” /1 хх 23-24/,

хохирогч Б.С-н “... Би Сэлбийн гүүрний баруун үзүүрт алхаад яриад явж байтал 2 үл таних залуу гэнэт гарч ирээд миний араас хоолой боогоод “ална шүү, дагаад яв” гээд гол дагуу явган хүний зам дээр аваачсан. ... Ингэж явахад араас 4 хүн дагаж явсан. ... Тэгээд намайг зогсоогоод “үнэд хүрэх юу байна, гар хөлөө үзүүл, хэтэвчээ шалгуул” гээд миний гарт байсан утсыг шүүрч аваад “утасны кодоо гарга, тэгэхгүй бол ална шүү” гээд гартаа юм барьсан байсан. Тэгээд утасны кодоо гаргасан чинь шууд намайг зодоод эхэлсэн. Тэгээд зодож байгаад “одоо эндээс зайл, 10 тоолохын хооронд, тэгэхгүй бол ална шүү, энийг энд нь алчихъя” гээд байсан. ... Дараа нь далан руу үсэр гэж хэлсэн. Би үсрээгүй. Тэгтэл дээшээ хараад хэвт гэж хэлэхээр нь хэвтсэн. Энэ үед 5-6 хүн тойроод зогсож байсан. Тэгснээ хоолой боож байсан хүн миний нүүр лүү хөлөөрөө дэвссэн. Тэгээд толгойгоо хамгаалаад нүүрээ дарах үед бусад нь нуруу, цээж рүү өшиглөсөн. ...” /1 хх 95-98/,

гэрч Б.М-н “... Би 2 найзын хамт Чингис зочид буудлын явган хүний замаар явж байсан. Урдаас ирж байсан нэг залуугийн утсыг нь авах гээд оролдож байсан. Тэгэхээр нь бид гурав орилоод “яагаад байгаа юм бэ, нааш ир” гээд араас нь хөөтөл зугтаасан. Тэгэхээр нь үл таних залуугаас юу болсон талаар асуухад “миний утсыг дээрэмдэх гэсэн” гээд нүүр нь бага зэрэг хавдсан байсан. Тухайн үл таних залууг тэр таван залуу газар унагаагаад зодоод байсан. Тэгэхээр нь бид гурав юу ч гэсэн явж үзье, тэгэхгүй бол дахиад хүн дээрэмдэж магадгүй гээд “Скай” дэлгүүрийн зүг алхсан. Тэгтэл явган хүний улаан өнгийн гүүрэн дээр үл таних эгч, ах хоёр орилсон. Гүйгээд очтол нөгөө дээрэм хийгээд явж байсан 5 залуу байсан. Барьж авахаар гүйж байхад нэг залуу нь нөгөө ахын нүүр лүү нь цохихоор нь бид нар орилоход тухайн 5 залуу цаашаа зугтаасан. Нөгөө ах, эгч хоёроос яасан талаар асуухад “цүнх шүүрээд зугтаачихлаа” гэхээр нь араас нь гүйсэн. Гэтэл И-мартын гүүрэн дээрээс хөх өнгийн машинд 4 залуу суугаад зугтаасан. Үлдсэн нэг фудболктой залууг барьж авсан. ...” /1 хх 33-34/,

гэрч У.Т-н “... Чингис зочид буудлын замын хажууд байрлах явган хүний зам дээр нэг казак залууг 5 залуу урдаас нь явж байгаад шууд зодоод эхэлсэн. Тэгээд манай найз бид хоёр араас нь орилоод хөөгөөд гүйсэн. Тэгтэл 5 үл таних залуу зугтаасан. Тэгээд бид хоёр казак залуу дээр очоод яасан бэ гэж асуухад “мэдэхгүй, миний гар утсыг дээрэмдэх гэж байсан байх” гэсэн. Тэр хүмүүсийг дахиад хүмүүс дээрэмдэж магадгүй гээд араас нь дагаад явж байтал үл таних 5 залуу “Скай” дэлгүүрийн зүүн талд байрлах Сэлбэ голын явган хүний гүүрэн дээр ах, эгч хоёрыг дээрэмдэж байсан. Тэгээд бид хоёр орилоод гүйгээд очсон чинь нөгөө үл таних 5 залуу зугтаачихсан. Тэгээд араас нь гүйгээд нэгийг нь барьж авсан. ...” /1 хх 35-36/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-5, 91-92/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 10-16/,  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 39-40, 109, 111/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нарын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

   Шүүгдэгч Т.Т, П.Т нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгч Б.Т, Б.Н, шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Д.Даваадорж нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Т.Т-ээс “... Уг гэмт хэргийг миний бие үйлдсэн тул Б.Н, П.Т, Д.Д, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Г.Б-ийн “... Сэлбэ голын явган хүний гүүрэн дээр гаргаад ирсэн. Тэгтэл цаанаас нь үл таних 3 залуу гарч ирээд тавуулаа намайг боож унагаагаад, уруул руу цохиод унагаасан. ... намайг дээрэмдэж байсан 5 залуу зугтахдаа миний барьж явсан манай эхнэрийн цүнхийг булаагаад зугтаасан. ...” /1 хх 18-19/, хохирогч Б.А-н “... Тэр хоёр залуу манай нөхрийг унагаагаад зодоход цаанаас нь хамт явж байсан 3 залуу хараад зогсоод байсан. Тэгтэл бүүр цаанаас 3 залуу болиоч гэхэд нөгөө 5 залуу зугтаасан ба зугтахын өмнө нэг нь манай нөхрийн гарт байсан миний цүнхийг аваад зугтаасан. ...” /1 хх 23-24/, хохирогч Б.С-н “... миний араас хоолой боогоод “ална шүү, дагаад яв” гээд гол дагуу явган хүний зам дээр аваачсан. ... Ингэж явахад араас 4 хүн дагаж явсан. ... Тэгээд намайг зогсоогоод “үнэд хүрэх юу байна, гар хөлөө үзүүл, хэтэвчээ шалгуул” гээд миний гарт байсан утсыг шүүрч авсан, ... Энэ үед 5-6 хүн тойроод зогсож байсан. Тэгснээ хоолой боож байсан хүн миний нүүр лүү хөлөөрөө дэвссэн. Тэгээд толгойгоо хамгаалаад нүүрээ дарах үед бусад нь нуруу, цээж рүү өшиглөсөн. ...” /1 хх 95-98/, гэрч Б.М-н “... Тухайн үл таних залууг тэр таван залуу газар унагаагаад зодоод байсан. ... Гүйгээд очтол нөгөө дээрэм хийгээд явж байсан 5 залуу байсан. Барьж авахаар гүйж байхад нэг залуу нь нөгөө ахын нүүр лүү нь цохихоор нь бид нар орилоход тухайн 5 залуу цаашаа зугтаасан. Нөгөө ах, эгч хоёроос яасан талаар асуухад “цүнх шүүрээд зугтаачихлаа” гэхээр нь араас нь гүйсэн. Гэтэл И-мартын гүүрэн дээрээс хөх өнгийн машинд 4 залуу суугаад зугтаасан. Үлдсэн нэг фудболктой залууг барьж авсан. ...” /1 хх 33-34/,  гэрч У.Т-н “... Нэг залууг 5 залуу урдаас нь явж байгаад шууд зодоод эхэлсэн. Тэгээд манай найз бид хоёр араас нь орилоод хөөгөөд гүйсэн. Тэгтэл 5 үл таних залуу зугтаасан. ... араас нь дагаад явж байтал үл таних 5 залуу “Скай” дэлгүүрийн зүүн талд байрлах “Сэлбэ” голын явган хүний гүүрэн дээр ах, эгч хоёрыг дээрэмдэж байсан. Тэгээд бид хоёр орилоод гүйгээд очсон чинь нөгөө үл таних 5 залуу зугтаачихсан. Тэгээд араас нь гүйгээд нэгийг нь барьж авсан. ...” /1 хх 35-36/ гэх мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 10-16/ зэрэг нотлох баримтуудаар Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг санаа зорилготойгоор хохирогч нарын эсрэг хүч хэрэглэн довтолж, гар утас болон эд зүйлийг авсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нарын уг үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Хэдийгээр шүүгдэгч Т.Т, Д.Д, Б.Н, П.Т, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ...” зохицуулалт нь  шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Иймд шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Даваадорж, шүүгдэгч Т.Т, Б.Т, Б.Н, шүүгдэгч Т.Т, П.Т нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.