Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭГ ХХК /РД: ***/,

Нэхэмжлэгч: ****ХХК /РД: **/,

Нэхэмжлэгч: ЗМ ХХК /РД: ***/,

Нэхэмжлэгч: ЗД ГҮТББ /РД: **/

Хариуцагч: БОА,

Гуравдагч этгээд: Боржигон овгийн О, /РД: ***/,

Гуравдагч этгээд: УД ТӨҮК,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. БОын 2019 оны *** дугаар тушаалыг холбогдох хэсэг буюу уг тушаалын дагуу олгогдсон ******тоот гэрчилгээний Г хэсэг 2933.83 мкв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох" тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.СМ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ЭГ ХХК, ХБ ХХК, ЗМ ХХК нь *** дүүргийн 11-р хороонд газар ашиглах эрх бүхий этгээд бөгөөд аялал жуулчлалын болон орон сууцны зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулсан болно. Эдгээр аялал жуулчлалын цогцолбор болон орон сууцыг зайлшгүй төвлөрсөн дулааны шугамд холбох шаардлагатай. Зайсангийн аманд байрлах зарим хотхоны халаалт нь нүүрсэн болон цахилгаан бойлор зэрэг шийдэлтэй байгаа нь байгаль орчин болон хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж байгааг хэн бүхэн мэднэ. Иймд дээрх компаниудыг барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, цогцолбор, хотхонуудыг зайлшгүй төвлөрсөн халаалт, цэвэр бохирт холбох нь асар их ач холбогдолтой төдийгүй зайлшгүй хийж гүйцэтгэх нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм.

Ийнхүү дээрх компаниуд /ЗДхолбоо ГҮТББ-ын гишүүд/ сүүлийн 10 жил орчмын хугацаанд халаалтын асуудлаа шийдвэрлэхээр зүтгэж байна. Энэ зорилгоор шат шатны төрийн байгууллагуудад хандаж ирсэн болохыг дурьдах нь зүйтэй. Үүний үр дүнд ЗДхолбоо ГҮТББ-д Эрчим хүчний яамнаас 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ****** тоот Дулааны техникийн нөхцөл олгогдсон болно.

ЗДхолбоо ГҮТББ-ын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дулааны хос Ф426, 530 метр урт шугам угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г тусгай зөвшөөрөл бүхий Э******* ХХК-тай байгуулсан болно. Гэтэл уг дулааны хос шугам явах газрыг оролцуулан иргэн О.О гэдэг хүнд 2019 оны 05 дугаар сард БОА *** гэсэн тушаал гаргаад газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь дээрх компаниуд, тухайн хорооны оршин суугч мянга мянган иргэд, хуулийн этгээд мөн ЗДхолбоо ГҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй юм. БОын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаас үзвэл О.Од Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий 2.041 га газрын ашиглах эрхийг сэргээж улмаар аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрч шийдвэрлэжээ. Энэхүү тушаалын өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэсэгт нь гомдол гаргаж байна. БОАад холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна.

1. Л.Г нь хууль бусаар О.Огийн иргэний өмнөөс гарын үсэг зурж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 хэсэг бүхий 1.7 га газрыг ашиглах эрхийг сэргээж өгөхийг хүссэн. Энэхүү хүсэлт хэрэгт авагдсан байна. Гэтэл сайдын тушаал 2.041 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээсэн нь хууль бус болжээ.

2. О.Огийн бичсэн гэх хүсэлтэд манай дулааны хос шугам тавих газрын талаар нэг ч өгүүлбэр алга байна. Иймд О.Од одоо манай дулааны хос шугам барьж байгуулах газрыг ашиглах эрхгүй гэж үзэж байна.

3. Хаана байршилтай нь тодорхойгүй 2.041 га газрын ашиглах эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн байна.

4. Тушаал О.О, Л.Г нарын Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий газрын ашиглах эрхийг сэргээжээ. Энэ үедээ тухайн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд Л.Г, О.О нарын үл хөдлөх эд хөрөнгө мөн үү? Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу, хуулийн дагуу баригдсан уу? гэдгийг нягтлан үзсэнгүй.

Ямар үл хөдлөх эд хөрөнгө байхгүй газрыг Л.Г өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа гэж худлаа хэлж газар ашиглах эрхээ сэргээлгэсэн байна. Танай албан хаагчид тухайн үл хөдлөх эд хөрөнгө Л.Гн хөрөнгө эсэхийг шалгаагүй хянаагүй байна.

5. Манай дулааны хос шугам барьж байгуулах газар Зайсан толгойн зүүн талд, уулын бэлээр нь, авто зам болон Зайсан толгой хоёрын хооронд, Зайсан толгойдоо бараг тулсан байрлалтай болно. Гэтэл манай газар болон Зайсан толгой 2-н хооронд байрлах газрыг ашиглах эрхийг /ямар ч хүсэлт гаргаагүй байхад/ сэргээсэн нь Зайсан толгойг зүүн талаас нь ухаж, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр 2.041 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Сайд дараа нь өөрөө анх нэхэмжлэгчийн хүссэнчлэн 1.7 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн шинэ акт гаргах эсэх нь түүний эрх мэдлийн асуудал бөгөөд манайд хамаагүй болно.

О.Од хариуцагчийн зүгээс олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******тоот Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтын хэсэгт байгаа 2933.83 квадрат метр гэсэн бичилтийг хүчингүй болгож өгнө үү. 2933.83 мкв газар ашиглахаар огт хүсэлт гаргаагүй, ийм газар ашиглуулахаар сайд тушаалдаа заагаагүй байхад огт шийдээгүй газрын солбицол оруулаад гэрчилгээнд тусгагдсан байгаа болно. Энэхүү гэрчилгээнд гэнэт бичигдсэн 2933.83 мкв газар гэдэг нь солбицлоороо манай дулааны хос шугам барих гэж буй газартай давхцаж байна. Өөрөөр хэлбэл Гэрчилгээний хавсралтад нэмээд Г хэсэг 2933.83 га гэсэн бичилт хийсэн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгаа болно. Гэрчилгээний хавсралтад бичилт хийсэн нь О.Огийн хүсэлтэд байхгүй газарт, сайдын тушаалд дурьдагдаагүй газарт газар ашиглах эрхийг баталгаажуулсан үйлдэл болсон. Мөн сайдын тушаалд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг нь шинээр ашиглуулах зорилгоор гарч байхад О.О, Л.Г нарын үл хөдлөх эд хөрөнгө байхгүй газрыг ашиглуулахаар хавсралтад бичилт хийж буй нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... О.Од олгосон газруудад орон сууцны барилга барьсан, барих гэж байгаа нь нэгэнт тодорхой бөгөөд Зайсан толгойн зүүн талыг ухаж, уулын өндөр налуу газрыг тэгшлэн барилга барих юм бол Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдах юм. Энэ талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаар албан бичигт тодорхой дурдсан. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна. Мөн тус газраас О.Од хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2139 дүгээр мэдэгдэлд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-ыг тус тус зөрчсөн талаар бичсэн. Эдгээр баримтууд хэрэгт авагдсан. Маргаан бүхий захиргааны акт нь иргэн О.Од эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн **дугаар зүйлийн 48.2-т "Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно", 48.2.1 -д "хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан", 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3-д захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-д захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн", 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан" гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны акт болох *** дугаар тушаалын Үндэслэх хэсэгт " ... иргэн О.Огийн 2019 оны 01 дүгээр сарын 30 -ны өдрийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн гээд Тушаах хэсгийн 1-д ...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2.041 га газрын ашиглах эрхийг сэргээж, ... гэсэн байдаг. Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** дүгээр албан бичгийн хавсралтаас үзэхэд О.Огээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан "Газар ашиглах зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг гаргах үед О.О нь Монгол Улсад байхгүй байсан байна.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрын ашиглах эрхийг сэргээж гэсэн байх боловч уг газар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, маргаан бүхий Г газрын архитектур төлөвлөлтийн даалгавар маргаан бүхий акт гарснаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Түүнчлэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичигт ...Иргэн О.Огийн ашиглах эрхийн газар нь бохирын болон цахилгааны шугамтай давхцалтай байна гэсэн байдаг. Хавтаст хэргийн 106, 107 хуудаснаас үзэхэд О.Од газар ашиглуулах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2 дахь хэсгийн 3.3, 2 дахь хэсгийн 7, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 2.2 дахь хэсгийн 3, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 76 дугаар захирамжийг тус тус зөрчсөн байна. Энэ талаар гуравдагч этгээд УД ТӨХК -ын хариу тайлбарт тодорхой дурджээ.

Мөн О.Огийн газрын гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн **дугаар албан бичигт дурдагдсан газрын хэмжээнүүд өөр байгааг шүүх анхаарч үзнэ үү.

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай гурвалсан гэрээнд О.О хэзээ гарын үсэг зурсан юм бэ? Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *дүгээр албан бичгээс үзэхэд энэ өдөр хүртэл гэрээнд гарын үсэг зураагүй байсан байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ** дүгээр албан бичгийн хавсралтаас үзэхэд гэрээ байгуулах үед О.О нь Монгол Улсад байгаагүй байна. Мөн маргаан бүхий газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг газар зохион байгуулалтын хувьд "Ногоон байгууламжийн бүс гэж тусгагдсан байдаг. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БОАын 2019 оны *** дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэн О.О, Богдхан уулын дархан цаазат газрын саналыг тус тус үндэслэн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр болно. ЭГ ХХК, ХБ ХХК,ЗМ ХХК, ЗДГҮТББ-ын нэхэмжлэлд дурдсан ******дугаартай гэрчилгээний Г хэсэг 2933.83 мкв газар нь дээрх компаниудын ашиглах зөвшөөрөл бүхий газартай ямар нэг байдлаар давхцалгүй буюу тус газрыг ашиглах зөвшөөрөл эдгээр компаниудад алинд нь ч олгогдоогүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлийг тодорхойлсон бөгөөд 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; гэдгээ тодорхойлох ёстой. Гэтэл маргаж буй БОАын 2019 оны *** дугаар тушаал, ******дугаартай гэрчилгээний Г хэсэг 2933.83 мкв газар нь дээрх компаниудын ашиглах зөвшөөрөл бүхий газартай ямар нэг байдлаар давхцалгүй байх тул дээрх компаниудын газар ашиглах эрхийг зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.СМ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниудын эрх ашиг зөрчигдсөн талаар нотлох баримт судлахад гарч ирсэнгүй. Нэхэмжлэгч өөрөө үүнийгээ тайлбарлаж чадсангүй. Иймд дээрх 3 компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэл бүрдсэн байна. ЗДГҮТББ-ын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргана гэж хуульд тодорхой заагаад өгсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т 3-аас доошгүй тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай гээд хуульд тодорхой заагаад өгсөн. Төрийн бус байгууллага бол Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдах ёстой. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайланг гаргаж дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор татварын албанд санхүүгийн тайлангаа хүргүүлэх ёстой. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны тайланг 02 сарын 15-ны дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх ёстой. Үүгээр гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан талаар нотлогдоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтвортой үйл ажиллагаа явуулсан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буцааж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Гуравдагч этгээд О.Огээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй, ойлгомжгүй, эрх зүйн чадамжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарын ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй байна. Захиргааны актууд хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд УД ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Маргаан бүхий *** дугаар тушаалаар иргэн О.Од газар олгосон нь нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна.

Дээрх тушаалын дагуу олгосон Г хэсэг 2933,83 мкв газар нь *** дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн талаар төв зам дагуу дулааны шугам дээр болон шугамын трасс дайруулан иргэн О.Од газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Уг газар ашиглах эрхийг олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 33.2-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна гэж тус заасан байна.

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.2-д газар дор байрлалтай 500 м хүртэл голчтой дулааны шугамын хамгаалалтын зурвас уг шугамаас 5 метрийн зайтай байна гэж, мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 76 дугаар захирамжийг тус тус зөрчсөн байна. Ингэж газар олголт хууль бусаар хийгдсэний улмаас дулааны шугамын трасс дагуух газарт дулааны шугамд засвар шинэчлэлт хийх, шинээр барих ажилд иргэн О.О /Л.Г/ нь маш их саад учруулсаар өдий хүрлээ.

Энэхүү хүндрэлээс шалтгаалан Зайсан толгойн зүүн дээд хэсгийн 2000-аад айл өрхийн 9500 гаруй оршин суугчид, хэрэглэгчид дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай хангагдах эрх ноцтой зөрчигдөж, дулаан хангамж доголдож байна. Тиймээс гуравдагч этгээд УД ТӨХК-ийн зүгээс иргэн О.Од олгосон газар ашиглах эрхийг цуцалж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллах боломж олгох, нөгөө талаас нэхэмжлэгч нарын зүгээс Зайсангийн зүүн салаанд байгуулсан барилга байгууламж, орон сууцны хотхонууд нь дулааны эрчим хүч, цэвэр бохир усны системд холбогдох, дулааны шугам тавих, сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх БОАад холбогдуулж БОАын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын дагуу олгогдсон ******тоот гэрчилгээний Г хэсэг 2933.83 м.кв гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа БОАын 2019 оны *** дугаар тушаалын холбогдох хэсэг буюу уг тушаалаар олгогдсон талбайн Г хэсэг 2933.83 м.кв гэсэн хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

БОАын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаар *** дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд *** регистрийн дугаартай иргэн О.Огийн дуусгавар болсон газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий 2,041га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар барьсан орон байрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрч шийдвэрлэж, 7 тусдаа талбай бүхий ******тоот гэрчилгээг(1хх, 115-118 дахь талд) Байгальт орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгосон байна.

Нэхэмжлэгч талаас дээрх шийдвэрийн холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь 2018 оны *** дугаар тушаалаараа Зайсан толгой нурах эрсдэлтэй гэж үзэж гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг цуцлаж байсан атлаа дулааны шугам сүлжээ тавигдахаар төлөвлөгдсөн газарт уг газрын эрхийг шийдвэрлэсэн хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлд хөндөгдөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Шүүх дээрх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэв. Үүнд:

1/ Маргаан бүхий *** дугаар тушаалаар шийдвэрлэсэн нөхцөл байдлуудын тухайд:

- иргэн О.Огийн дуусгавар болсон газрыг ... ашиглах эрхийг сэргээж гэсэн байх боловч хэзээ, ямар шийдвэрээр олгогдсон шийдвэрээр олгогдсон эрх болох нь тодорхойгүй байна. Тодруулбал,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний албан бичгээр ирүүлсэн О.Огийн газар ашиглалтын хувийн хэрэгт авагдсан О.Огийн 5,0га газрыг ашиглах эрхийг баталгаажуулсан 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***тоот, 7,0га газрыг ашиглах эрхийг баталгаажуулсан 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн **тоот гэрчилгээнүүд авагдсан байх ба гэрчилгээнүүдийн хавсралт дахь газрын солбилцлоос үзвэл, дээрх 7,5 болон 5,0 га газрууд нь тус бүрдээ 6 эргэлтийн цэг бүхий 1 нэгж газрууд байна.

БОАын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар иргэн О.Огийн ****** тоот гэрчилгээтэй Б-талбай бүхий 0,27га газрын ашиглах эрхийг Зайсан толгойг нураах, төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн байна(1хх, 231-234 дэх талд).

Дээрх газруудыг ашиглах хугацаа дуусгавар болсон байх ба газар ашиглах эрхийг сунгасан талаарх аливаа шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас ирүүлээгүй, мөн 2007 оны ***болон 2008 оны **тоот гэрчилгээний хавсралтад сунгалт хийсэн аливаа тэмдэглэл хийгдээгүй байх ба гуравдагч этгээд О.Огээс мөн дээрх газруудыг ашиглах эрхтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул өмнө олгогдсон байсан газар ашиглах эрхийг сэргээсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна

- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий гэсэн байх боловч иргэн О.Огийн ******тоот гэрчилгээний хавсралт Г талбай/0,293га/-д олгогдсон ** тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар(2хх, 92-93 дахь талд) нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу маргаан бүхий актаас цаг хугацааны хувьд хойно байхын зэрэгцээ шүүхээс хийсэн газрын үзлэгээр уг Архитектур төлөвлөлтийн даалгаварт дурьдсан Зочид буудал буудал, аялал жуучлалын цогцолбор баригдаагүй, 1 давхар дүнзэн барилга баригдсан байгаа нь бодит байдал дээрээ тушаалын үндэслэлээс зөрүүтэй байна.

- Маргаан бүхий актаар нийт ...2,041га газрыг ашиглах эрхийг олгохыг зөвшөөрсүгэй гэсэн байх боловч энэ хэмжээ нь О.Од олгогдсон ******тоот гэрчилгээний хавсралтад бичигдсэн 7 тусдаа талбай бүхий газруудын нийт талбайн хэмжээнээс өөр буюу гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн А талбай-4515,67мкв, Б талбай-5511,68мкв, В талбай-3110,2мкв, Г талбай-2933,83мкв, Д талбай-1272,58мкв, Е талбай-468,92мкв, Ё талбай-1268,52мкв гэсэн талбайнуудын нийлбэр 19,081.4мкв/1,9га/-аас 0,14га талбайгаар зөрүүтэй байна.

Дээрхээс үзвэл, маргаан бүхий *** дугаар тушаал нь гуравдагч этгээдэд хэзээ, ямар шийдвэрээр олгогдсон хичнээн хэмжээний талбай бүхий газрын ашиглах эрхийг, эсхүл БОАын 2018 оны *** дугаар тушаалаар хүчингүй болгосон 0,27га газрын эрхийг сэргээж байгаа нь ойлгомжгүй, гараагүй байсан/цаг хугацааны хувьд хойно батлагдсан/ архитектур төлөвлөлтийн даалгаврыг гарсан мэтээр тодорхойлсон, бодит байдлаас зөрүүтэй нөхцөл байдалд үндэслэсэн, түүнчлэн 2,041га, эсхүл 1,9га талбай бүхий газрыг ашиглуулахаар олгосон эсэх нь тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн * дугаар зүйлийн *.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй.

2/ Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:

- БОАаас маргаан бүхий 2020 оны *** дугаар тушаалыг гаргахдаа ...2,041мкв газрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрсүгэй гэсэн байх боловч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.3-т эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан гэсэн эрхийг дуусгавар болгох зохицуулалтуудыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байх тул хууль зүйн талаасаа эрх зүйн зөрчилтэй актад тооцогдоно.

- Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *, **тоот санал, иргэн О.Огийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн гэх боловч дээрх саналууд болон хүсэлтэд дурьдсан талбайн хэмжээ, хавсаргаж өгсөн баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Тодруулбал,

Иргэн О.Огээс 2,2 га давхцалгүй талбайд газар ашиглах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг гаргаж, нийт 21,750мкв талбай бүхий 8 тусдаа газрын кадастрын зургийг гаргаж өгсөн нь өөр хоорондоо болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны *,**тоот саналууд дахь нийт 2,146га гэсэн хэмжээнээс зөрүүтэй, улмаар маргаан бүхий *** дугаар тушаалд дурьдсан 2,041га гэснээс мөн зөрүүтэй байна.

Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай *** тоот гэрээнд энэхүү зөрүүтэй тоон утгуудыг олгосон нийт талбайн хэмжээ 2,041га, газрын төлбөр тооцох талбайн хэмжээ 19,081.4мкв, газрын байрлал, хилийн зааг А талбай-4515,67мкв, Б талбай-5511,68мкв, В талбай-3110,2мкв, Г талбай-2933,83мкв, Д талбай-1272,58мкв, Е талбай-468,92мкв, Ё талбай-1268,52мкв мөн л өөр, өөрөөр тэмдэглэжээ (2хх, 68-69 дэх талд).

- Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *тоот санал, Ерөнхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** тоот ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч уг дүгнэлт нь О.Огийн ашиглахаар хүсэлт гаргасан гэх нийт 2,2га талбайд хийгдсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн *** тоот албан бичгээр ...нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай. 2019 оны 02 дугаар улиралд багтаан хийлгэж ирүүлэх-ийг мэдэгдсэн байх боловч хариуцагч болон гуравдагч этгээдээс энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сангийн https://eic.mn/eia/generalreport.php?menuitem цахим хуудсанд О.Огээс нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаарх мэдээлэл байхгүй, дээрх ерөнхий үнэлгээний тайлан нь маргаж буй 0,27(эсхүл 0,29)га газарт хамаарах эсэх нь ойлгомжгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт-ийг үндэслэн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага гаргах-аар хуульчилсан байх ба Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална гэж заажээ.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газрыг иргэн О.Од ашиглуулахаар олгосон нь,

- О.О нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр гарч, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр орж ирсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа(2хх, 97-98 дахь талд)-аар тогтоогдож байгаагаас үзвэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэснийг,

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот албан бичигт БОАын 2020 оны *** дугаар тушаалаар олгогдсон Г талбай нь 2929мкв, 2021 оны ** тушаалаар шилжшүүлсэн Г талбай нь 2391мкв талбайтай (3хх, 156157 дахь талд) нь маргаан бүхий *** дугаар тушаалыг үндэслэн О.Од олгосон ******тоот гэрчилгээний хавсралтад Г талбай-2933,83мкв гэсэн хэмжээтэй тохирохгүй байгаас үзвэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэснийг,

- Маргаан бүхий *** дугаар тушаалаар иргэн О.О ашиглуулахаар олгосон Г талбай бүхий газар нь бохирын болон цахилгааны шугамтай давхцалтай болох нь Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн ** тоот лавлагаагаар, мөн уг газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-т ногоон байгууламжийн бүсээр төлөвлөгдсөн болох нь мөн газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгээр тус тус тогтоогдаж байгаагаас үзвэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д ...газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэснийг,

- Хэдийгээр БОАын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаар тушаалаар иргэн О.Од олгосон 1,491га газрын Г талбайн солбилцлыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ...солбилцлыг шилжүүлж дулааны шугмын барилга байгууламж баригдах хэсгийг чөлөөлж ашиглуулах гэсэн 2*1 тоот саналын дагуу шилжүүлсэн(3хх, 88-89, 109-110 дахь талд) байх боловч ингэж шилжүүлсэн солбилцол нь мөн дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвастай давхцсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08/38*тоот лавлагаагаар мөн тогтоогдож (3хх, 151 дэх талд) байгаагаас үзвэл, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвастай байна..., Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.2-д газар дор байрлалтай 500 м хүртэл голчтой дулааны шугамын хамгаалалтын зурвас уг шугамаас 5 метрийн зайтай байна... гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна гэж дүгнэлээ.

Энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр олгогдсон Дулааны техникийн нөхцөл-ийн дагуу шугам угсралтын ажлыг гүйцэтгэж дулааны шугамыг өргөтгөх боломжгүй болсон, улмаар Зайсан толгойн зүүн талын орон сууцны хорооллуудыг дцлааны эрчим хүчээр хангах бломжгүй болсон нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны ***дугаар тогтоолд ...техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн шаардлагуудыг хэрэгжүүлээгүй нөхцөлд ЗДхолбоо ГҮТББ-ын гишүүдийн болон түүнтэй зөвшилцөн дулааны сүлжээнд холбогдсон барилга байгууламжуудын дулааны эрчим хүчээр хангахгүй байх талаар шаардлага хүргүүлэх гэсэн, мөн хорооны 2020 оны ** дугаар албан бичигт ... ЗДхолбоо ГҮТББ-ын нь техникийн нөхцөлийг хангаж ажиллаагүйгээс Зайсан скай ХХК-ийн хариуцан ажилладаг дулаан дамжуулах төвийн 2 дугаар хэлхээнээс 9 хотхон дулааны эрчим хүчэээр хангагдаж байгаа нь нэгдсэн горим тохируулга хийх, хэрэглэгчдийн гомдол маргааныг шийдвэрлэхэд хүндрэл үүсэх, шуурхай ажиллага алдагдах эрсдэлтэй байна... гэсэн, ажлын хэсгийг дүгнэлтэд ...ЗДхолбоо ГҮТББ-ын 2015 оноос хойш шүүхийн маргаантай байгаагаас үүдэж техникийн нөхцөл, зураг төсөлд тусгагдсан шаардлагуудыг гишүүн байгууллагууд хангаж ажиллаагүйгээс одоогоор дулааны хангамж доголдох, оршин суугчид стандартын шаардлагад нийцсэн дулааны эрчим хүчээр хангагдах боломжгүй байна... гэснээр тус тус тогтоогдов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч ЭГ, **, ЗМ ХХК-иуд нь Эрчим хүчний яамнаас 2014 оны тус холбоонд олгогдсон тоот Техникийн нөхцөл-ийн дагуу тус холбооны холбооны дулааны шугам сүлжээнд холбогдохоо 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ** тот албан бичгээр ЗДГҮТББ-д илэрхийлсэн байх ба уг төрийн бус байгууллагаас Техникийн шийдэл хэрэгжүүлэх гэрээ-г УД ТӨХК-тай, Дулааны хос Ф426, 530 метр урт шуагм угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г Э******* ХХК-тай тус тус байгуулсан байжээ.

Мөн ЗДГҮТББ нь эрхэм зорилгоо Холбоо нь Улаанбаатар хот, *** дүүрэг, Зайсангийн амны инженерийн шугам сүлжээ, авто замын асуудлыг хамтын хөрөнгө оруулалт, хүч чадал, холбогдох төрийн эрх бүхий байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэж бүтээн байгуулалт хийх гэж тодорхойлсноос үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь *** дүүргийн Зайсангийн амны инженерийн шугам сүлжээ, авто замын асуудлыг шийдвэрлэх боломжгүйд хүргэж буй захиргааны хууль шийдвэртэй холбогдуулж маргах, нэхэмжлэл гаргах эрх бүхий гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлахаар заасны зэрэгцээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага нь ... шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс иргэн О.Од ашиглуулахаар олгосон гэх Зайсан толгойн зүүн хормойд байрлах газрын хэмжээ тодорхойгүй, иргэн О.Огийн хүсэлтэд үндэслэсэн гэж үзэхээргүй, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-т заасан төлөвлөлтөд нийцээгүй, Газрын тухай болон Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн БОын 2019 оны *** дугаар тушаалыг холбогдох хэсэг буюу уг тушаалын дагуу олгогдсон ******тоот гэрчилгээний Г хэсэг 2933.83 мкв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох" тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч маргаан бүхий *** дугаар тушаал нь шийдвэрлэсэн асуудал нь бүхэлдээ утга, агуулгын илэрхий алдаатай илт хууль бус акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдаж эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй илт хууль бус актын тодорхой хэсгийг хүчингүй болгох боломжгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн * дугаар зүйлийн *.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан ба маргааны тохиолдолд иргэн О.Од ашиглуулахаар олгож буй газрын хэмжээг бодитоор тодорхойлоогүй, бодит байдлаас зөрүүтэй нөхцөл байдлыг болон ирээдүйд бий болох үйл баримтыг үндэслэсэн, хууль зүйн үндэслэлийн хувьд дуусгавар болгосон газар ашиглах эрхийг сэргээж байгаа эсэх, эсхүл шинээр газар ашиглах эрх олгож байгаа нь ойлгомжгүй байх тул бүхэлдээ илт хууль бус захиргааны актад тооцогдох ба илт хууль бус захиргааны акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, бусад этгээдээс уг актыг хэрэгжүүлэх үүрэггүй байдаг.

Нэхэмжлэгчээс хууль бусад тооцуулахаар шаардаж байгаа хэсэг нь БОын 2020 оны *** дугаар тушаал, түүнийг үндэслэж олгосон ******тоот гэрчилгээний Г талбай 2933,3мкв хэсэгт хамаарч байх ба бусад талбай бүхий газруудыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгсоны улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн зөрчигдөх эрх байхгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж дүгнэх эрхгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас иргэн О.Огийн ашиглаж буй газруудын хэмжээг бодитойгоор тогтоож, газрыг ашиглуулахаар олгох талаарх хууль тогтоомж, холбогдох төлөвлөлтүүдэд нийцүүлэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр газар ашиглах дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу БОАын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.8, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4,2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, * дугаар зүйлийн *.1.1, *.3-т заасныг тус тус баримтлан БОАын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч БОА нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол БОАын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ