| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 110/2024/0053/З |
| Дугаар | 221/МА2025/0253 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0253
“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.З
Нэхэмжлэлийн шаардлага “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х
Хариуцагч Ж.Е
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 110/2024/0053/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Е 1990-ээд онд 2010 онуудад ажиллаж байсан архитектор Марат ийм газарт орон сууц барих зөвшөөрөл өгч байсан гээд шүүх хуралд тайлбар хийж байгаа нь Орон сууц барих тухай хууль мэдэхгүй байгаа нь ба хуучин хууль бус үйлдлүүдийг дахин давтаж хууль мөрдөхгүй байгаагийн тод илрэл юм. Орон нутгийн албан тушаалтны өгсөн зөвшөөрөл нь зөв байдаг гээд яваад шийдвэр гаргаад явах хэрэгтэй байна гэсэн ойлголт төрж байна. Орон нутгийн зөвшөөрөл өгсөн байгууллага болгоны өгсөн зөвшөөрлийг хуулийн үндэслэлтэй байна уу үгүй гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байна.
3.2 Шүүгч Орон сууцны тухай хуулиар орон сууц барих зөвшөөрөл өгөх норм, нормативийн талаар холбогдох байгууллагын албан тушаалтан нарын өгсөн зөвшөөрөл нь зөв үү буруу юу хуулийн дагуу байна уу, үгүй юу гэдэгт хууль ёсны дагуу огт дүгнэлт хийгээгүй. Онцгой байдлын газрын байцаагч орон сууц барих талбай автомашины төв замаас 25м зайтай байх гэсэн норм байдаг заавар журмыг баримталсан, харин туслах зам орон сууцны хооронд орох зам уу худалдаа үйлчилгээний болон үйлдвэр баазуудад очих зам уу гэдэгт тайлбар хийгээгүй гэтэл үйлдвэр баазуудад их даацын автомашин материал ачдаг буулгадаг тийм машин техник явдаг зам нь нийтийн орон сууцнаас 4м зайтай байдаг нь хууль бус шүүгч үүнийг огт шүүгээгүй юм.
3.3 Орон сууц барих зөвшөөрөл өгсөн талбайн хэмжээ нь 9 давхар 48 айлын орон сууц барих норм норматив хэмжээг хангаж байгааг мөн орон сууцанд оршин суугчид авто машинаа тавих талбай, хүүхдийн тоглоомын талбайн хэмжээ зэрэг нь төлөвлөгдсөн үү гэдгээ авч хэлэлцээгүй байгаа нь Орон сууц барих тухай хуулиа авч хэлэлцээгүй гэсэн юм. Орон сууцны тухай хуульд орон сууц барих талбай нэмэлт талбайнууд ямар хэмжээтэй байхыг тогтоож өгсөн.
3.4 Шүүгч зөвхөн манай компанид холбоотой мэтээр шүүж бусад орон сууцанд амьдардаг 300 гаруй хүний эрх зөрчигдөж байгааг огт авч үзэхгүй байна. Олгогдсон 750 м.кв талбай бүхий газарт 9 давхар 300 хүн амьдардаг нийтийн орон сууц барихад оршин суугч нарын хэрэглэгддэг авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхгүй байгаа нь тэдний эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд шүүгч огт авч хэлэлцээгүй байна.
3.5 Гуравдагч этгээд 750 м.кв газарт 9 давхар орон сууцны зураг нь хийгдээгүй, Барилга хөгжлийн төвөөр экспертиз хийгдээгүй аймгийн Засаг дарга барилга эхлэхэд зөвшөөрөл өгөөгүй байхад орон сууцны суурийг ухаж эхлэх гэж байхад аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх ажлаа эхлүүлэхгүй байх хүсэлтээ гаргахад шүүх авч хэлэлцээд 2024.08.13 өдөр 184 захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024.07.08-ны өдрийн А/000 захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар гуравдагч этгээд дээд шатны шүүхэд хандахад түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын байцаагч барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй зураггүй экспертиз хийгдээгүй гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгах албан шаардлага өгч Зөрчлийн тухай хуулиар 500,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсаар байхад барилгын ажлаа үргэлжлүүлж 2 давхрын баганыг цутгасан нь хуулийг гууль болгож байгаагийн илрэл.
3.6 Орон сууц барих зөвшөөрөгдсөн газрыг хуулиар бол 70 хувьд орон сууц үлдсэн газарт авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байх ёстойг журам гаргаж 60 хувьд орон сууц, 20 хувьд авто машины зогсоол нийт өрхийн 40 хувь нь авто машинтай байхаар нэг машины эзлэх талбай 12 м.кв, 20 хувийг хүүхдийн тоглоомын талбай барихаар зохицуулсан байхад энэ 48 айлын орон сууцанд оршин суугчдын авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай төлөвлөгдөөгүй, байхгүй байгаа нь оршин суугчдын эрхийг зөрчиж байгааг шүүгч авч үзээгүй байна. Журмаараа бол хамгийн багаар 20-24 авто машин хэрэглэгдэх ёстой эзлэх талбай нь 240-288 м.кв байх ёстой. Гэтэл 48 айлын 20-24 нь авто машинтай байх ёстой ийм тооны авто машины зогсоол орон сууцтай хат баригдах ёстой гэсэн хуулийн заалттай, хуулийг биелүүлэх журамтай байхад орон сууц барих зөвшөөрөл өгдөг төрийн байгууллагууд ч шүүгч ч авч үзээгүй оршин суугчдын эрх нь зөрчигдөж байгааг огт хэлэлцээгүй байна. Оршин суугчдын авто машин хэрэглэх эрхийг хэн ч хязгаарлах эрхгүй харин авто машин хэрэглэх эрхийг төр хангаж өгөх үүрэгтэй. 750 м.кв газрын хэдэн м.кв-д орон сууц, хэдэн м.кв-д авто машины зогсоол, хэдэн м.кв-д хүүхдийн тоглоомын талбай барихаар төлөвлөгдсөн нь хууль, журам норм, нормативт тохирч байгааг газар дээр нь хэмжилт хийгээгүй зөвхөн орон нутгийн албан тушаалтан тайлбараар шийдвэрлэсэн нь буруу. Хэмжилтийг зөвхөн олгогдсон 750 м.кв газарт ойролцоо байгаа барилга объектуудын хоорондох зайг хэмжиж зөвхөн манай компанийн эрх ашигтай холбоотой хүсэлтийг шалгаж байгаа байдлаар ажиллаа.
3.7 Орон сууц барих хэсэгчилсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлж хууль 2010 онд батлагдсаныг Өлгий суманд хэрэгжүүлээгүй байгаа буруутныг олж тогтоож, цаашид хууль хэрэгжүүлэхийг шаардахын оронд шүүгч орон сууц барих хэсэгчилсэн төлөвлөөгүй газарт орон сууц барихыг зөв гэж шийдвэрлэсэн нь буруу. Аймгийн Засаг дарга 2007 оны 287 дугаар захирамжаар Б.Н-д компанийн эзэмшил газраас агуулахын хаалганы үүднээс 750 м.кв газрыг хууль бусаар өгсөн. 750 м.кв газрыг хотын ерөнхий төлөвлөгөөнд олон нийт, үйлчилгээний бүсэд хамааруулж өөрчилсөн гэж шүүгч дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.
3.8 Орон сууцны тухай хуулийн 9.4.2, 9.4.3, 9.5 дугаар зүйлүүдэд тодорхой зохицуулсан байтал уг 750 м.кв газар нь хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ч тусгагдаагүй 4 тал нь барааны агуулах, мах, ногооны зоориор хүрээлэгдсэн агуулахад орох гарах ачааны машины замаас 1-4 м зайтай газарт орон сууц барих зөвшөөрөл олгосон нь хууль бус юм. Орон нутгийн газар олголттой холбоотой зөвшөөрөл өгдөг хэдэн байгууллагын албан тушаалтнууд гарын үсэг з ураад тэдний гарын үсэг зурж зөвшөөрсөн нь хууль нийцэж байна уу, үгүй юу гэдэгт хууль ёсны дүгнэлт гаргахгүй байна.
3.9 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 хуудас 9 зүйлийн 2 догол мөрөнд Гал түймрийн хяналтын улсын байцаагч “... Төв зам биш, мөн албан ёсны зам биш тохиолдолд нарийвчилсан норм, дүрэм байхгүй” гэж мэдүүлснийг үндэслэлгүй мэдээллийг шийдвэр гаргахад хэрэглэсэн нь буруу юм. Энэ бол зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх үндсэн авто машины зам. Ийм үндсэн авто машины замаас 1-4 м зайтай газарт 300 гаруй хүн амьдардаг 9 давхар 48 айлын орон сууц барьж ашиглуулах дэлхийн аль ч улс орны хот, суурин газарт байхгүй ба оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий захирамжаар зориулалтыг нь өөрчилсөн гуравдагч этгээдийн эзэмшлийн 750 м.кв газарт барих үйлчилгээтэй, нийтийн орон сууцны барилгын байршлын схем зураг, техникийн нөхцөл буюу дэд бүтцийн эх үүсвэр, технологийн шийдлийн талаар эрх бүхий этгээдээс авах зөвшөөрөлд холбогдох этгээдүүдийн гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн гаргасан шийдвэр нь Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай тус тус нийцсэн байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
2.3 Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, 0000000000000 нэгж талбарын дугаартай, регистртэй Х овогт Б-н Н-ы “гэр, орон сууц хашааны зориулалтаар” эзэмшиж буй 750 м.кв газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, тус захирамж гарсантай холбогдуулан Б.Н газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/489 дүгээр захирамж болон 0000299331 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.
2.4 Нэхэмжлэгч Х ХХК-д Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 225 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг нутаг дэвсгэрээс 12050 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна. Мөн маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Н-ы Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 8312007825 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж буй 750 м.кв газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
2.5 Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Орон сууц, түүний дэд бүтцийг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ, 9.4-т Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад дараахь шаардлагыг биелүүлнэ: 9.4.1.тухайн нутаг дэвсгэрт орон сууцыг дэд бүтэцтэй нь хамт төлөвлөж хөгжүүлэх, орон сууц нэмж барихад түүнийг дэд бүтцийн сүлжээнд үр ашигтайгаар холбох, 9.4.2.оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, 9.4.3.хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байх, 9.5-д Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна, 9.6-д Иргэдэд орон сууцны зориулалтаар газар олгоход орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэс болгоно, 9.7-д Тухайн төв, суурин газарт орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгүй бол орон сууцны зориулалтаар газар олгоход энэ хуулийн 9.4-т заасан шаардлагыг биелүүлнэ гэж,
Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хот, тосгоны нутаг дэвсгэрт дараахь бүсчлэлийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж тогтооно, 13.1.1.орон сууц, олон нийтийн бүс, 13.1.2.үйлдвэрлэлийн бүс, 13.1.3.инженерийн шугам сүлжээ болон зам тээврийн бүс, 13.1.4.ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс, 13.1.5.хөдөө аж ахуйн бүс, 13.1.6.зуслангийн бүс, 13.1.7.тусгай зориулалтын бүс, 14 дүгээр зүйлийн 14.1-т Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно гэж тус тус заажээ.
2.6 Дээрх хуулийн заалтууд болон шүүхээс хийсэн үзлэгээс үзвэл гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт баригдаж буй барилгаас шатахуун түгээх станцын шатахуун буулгах хоолой буюу хамгийн ойр байрлах тоног төхөөрөмж хүртэл 29.8 м, хамгийн хол байрлаж байгаа түгээгүүр хүртэл 43.3 м зайтай болох нь тус тус тогтоогдож байх тул энэ нь шатахуун түгээх станц болон орон сууцны барилга хоорондын зай нь шатахуун түгээх станц, Галын аюулгүй норм-ын шаардлагыг хангаж байна гэж үзэхээр байна.
2.7 Мөн барилга байгууламж хоорондын зай, барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг хэрхэн тодорхойлох талаарх зохицуулалтуудад барилга хоорондын зай хэмжээг барилгын давхар, гал тэсвэршилтийн зэргээс шалтгаалан барилгын тууш, хөндлөн тал, цонхгүй хөндлөн хана, гадна хавтгайлжин ханын гадаргуу зэргээс тооцохоор зааж өгсөн, мөн хуульд барилга байгууламжийн хоорондох зайг дээрх байдлаар тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн эзэмшлийн 12050 м.кв газарт байрлах барааны агуулахын зориулалттай 1 давхар барилгын гадна талыг хүрээлсэн хашаанаас барилга байгууламжийн хоорондын зайг тооцох эрх зүйн үндэслэлгүй байна.
2.8 Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... гуравдагч этгээд 750 м.кв газарт 9 давхар орон сууцны зураг хийгдээгүй, Барилга хөгжлийн төвөөр экспертиз хийгдээгүй ... ” гэж давж заалдах гомдолд дурджээ. Гуравдагч этгээд нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан боловч 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №00000 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-д заасны дагуу 500,000 төгрөгөөр шийтгэх шийтгэл оногдуулсныг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр барагдуулжээ.
Түүнчлэн дээр дурдсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байх бөгөөд тус төлөвлөгөөнд Барилгажих талбай-448 м.кв, Барилгын төрөл, давхрын тоо-9, Ногоон байгууламж, зам талбай 302 м.кв-Эдэлбэр газарт тохируулан норм, норматив, стандарт, дүрмийн дагуу тогтоох, Ногоон байгууламж, зам талбай: Эдэлбэр газраас 40%-аас доошгүй цэцэрлэг, ногоон байгууламж байх, хүрээлэн буй орчинтой уялдуулж зам талбай, гарц, авто зогсоол, хашаа хаяс норм, нормативын дагуу гэж тус тус төлөвлөгдсөн байх тул энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий байна.
2.9 Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 10 дугаар хүснэгт Гудамж замын төлөвлөлтийн тооцооны үндэслэл-д орон сууцны хорооллын гудамж зам, үйлдвэр аж ахуйн газар болон бусад гудамж замын хувьд гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэлх зайг тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “... 750 м.кв газар нь хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ч тусгагдаагүй 4 тал нь барааны агуулах, мах, ногооны зоориор хүрээлэгдсэн агуулахад орох гарах ачааны машины замаас 1-4 м зайтай газарт орон сууц барих зөвшөөрөл олгосон нь хууль бус юм” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.10 Түүнчлэн Х.Х-с “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ний 287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “… Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 267 дугаар захирамжаар иргэн Б.Н “Х ” ХХК-ийн хашааны хойд талд 4 метр зай үлдээж, 750 м.кв газрыг ахуйн орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчөөгүй байна ...” гэж дүгнэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий газрын хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй, харин маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Зориулалт өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” А/000 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Н газрын зориулалтыг “гэр орон сууц хашааны” гэснийг “үйлчилгээтэй орон сууц” гэж өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.11 Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ