Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
    Хэргийн индекс 180/2017/0012/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:    
Нарийн бичгийн дарга            Н.Болор-Уянга,
Улсын яллагч                Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч                    Х.Ангарагсандуй нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, охины хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А27-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгүй гэх Адарга овогт Хүрэлбаатарын Ангарагсандуйд /РД: СЮ92101912/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000307 дугаартай  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Ангарагсандуй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хорооллын хойд талд иргэн Б.Ариунбатыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Ариунбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... яг тухайн  үед бол надад хандан ахад хоол унд хийж өгье гээд л намайг дагуулаад Хаан буудлын өрөөнөөс гарсан, тэгээд намайг таксинд суулгаж авч яваад зодож цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 тал/
Гэрч Б.Нямхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ангарагсандуй Ариунбат гэх ахыг дагуулж гадагшаа гарч ирээд таксиндаа суулгасан. Бид 3 такситайгаа Хаан буудлын гаднаас хөдлөөд явхад Ангарагсандуй, Ариунбат гэх ах 2 учраа ололцоно гээд л байх шиг байсан. Би яг юу гэж ярьж байсан болохыг нь сайн санахгүй байна. Тэгээд л Ангарагсандуй такситайгаа Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хороололын хойд талд очиж таксигаа зогсоогоод Ариунбат гэх ахыг зодож дээд үүдэн хоёр шүдийг нь хугалсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/
Гэрч О.Бямбахатаны мөрдөн байцаалтад өгсөн: “... Ангарагсандуй гэх залуу надад  хандан Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хороол руу явъя гээд газарт очиход Ангарагсандуй зам дуусаад явж байхад энд зогсчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг газарт нь машинаа зогсооход Ангарагсандуй “Хаан” буудлаас  хамт гарч ирсэн залуутайгаа миний машинаас бууж жоохон холдож байгаад хоорондоо маргалдаж муудалцаж байх шиг байсан. Би тухайн үедээ эрчүүдийн хоорондын асуудал гэж бодоод тэр хоёрыг хоорондоо зодолдсон эсэхийг нь ч анзаар ч хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/
Гэрч Л.Басбишийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ариунбат надад хандан Ангарагсандуй надад хоол унд хийж өгье гэж дагуулж яваад намайг зодож шүдийг маань унагаачихлаа гэж ярьж байсан ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/
Гэрч Б.Нямхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “... удалгүй Ангарагсандуй Ариунбат гэх ахыг дагуулж гадагшаа гарч ирээд таксиндаа суулгасан. Бид гурав такситайгаа Хаан буудлын гаднаас хөдлөөд явахад Ангарагсандуй, Ариунбат хоёр учраа ололцоно гээд л байх шиг байсан. ...Тэгээд Ангарагсандуй такситайгаа Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн гэр хорооллын хойд талд очиж таксигаа зогсоогоод Ариунбат гэх ахыг зодож цохиж дээд үүдэн хоёр шүдийг хугалсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/
Гэрч Б.Бээжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гаднаас Ариунбат гэх ах орж ирээд намайг зодчихлоо. Миний шүд байхгүй уначихлаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний №243 дугаартай дүгнэлтэд:
1.    Б.Ариунбатын биед дээд буйлан дахь үүдэн 2 шүд унасан, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтлүүд нь дээд буйлан дахь үүдэн 2 шүд унасан, доод уруулын дотор салстын салстын язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал үүссэн байна.
3.    Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38 тал/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 тал/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Ангарагсандуй нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн 3 дугаар баг Баянмөнхийн гэр хорооллын хойд талд нийгмийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Ариунбатыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Ариунбат нь шүүгдэгчээс хохирол төлбөрөө барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд ял шийтгэлийг оногдуулж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаарлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Адарга овогт Хүрэлбаатарын Ангарагсандуйг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Ангарагсандуйг 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  заасныг журамлан   шүүгдэгч Х.Ангарагсандуйд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичгүүд  шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Х.Ангарагсандуйд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж, 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Ангарагсандуйд авсан батлан даалтын таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж  заалдах  гомдол  гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ангарагсандуйд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.МӨНХТУЛГА