Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01441

 

2021           11            25                                          001/ХТ2021/01441

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02589 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 558 дугаар магадлалтай,

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг 21,470,380 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 24,370,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК нь “............” ХХК-тай 2017.09.05-ны өдрөөс 2018.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Уул уурхайн техникийн түрээсийн гэрээ байгуулан, нийт 3 ширхэг самосмолыг түрээсэлсэн. Түрээслэгч “Шинэ уран” ХХК нь түрээсийн гэрээг байгуулж гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг төлсөн. Түрээсийн гэрээний дагуу техникүүдийг Дорноговь аймаг Алаг чулуу нүүрсний уурхайд хөрс хуулалтын тээвэрлэлт хийлгэсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Иймд манай компанийн зүгээс мэдэгдэж түрээсийн техникүүд болох 45-75УНТ, 86-19УНХ, 50-36УНХ тээврийн хэрэгслүүдийг 2017.10.19-ний өдөр татан авсан. Техникүүдийг татан авах хүртэл ажлаа гүйцэтгэж байсан. Тээврийн хэрэгслүүдийг авах хүртэлх хугацааны төлбөр 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 8,300,000 төгрөг, 10 сарын ажилласан төлбөр 12,350,000 төгрөг, нийт 20,650,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийг татан авахад гарсан түлшний зардал 795,380 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 21,470,380 төгрөгийг нэхэмжилж байна.2017.09.05-нд түрээсийн гэрээ хийхээс өмнө С.Амарсүлд захирал манай техникүүдийг үзэж, танилцаж, тохиролцсоны үндсэн дээр 3 самосмол 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ хийгдэж нотариатаар орсон. Түрээслэх явцдаа нэмж 3 самосмол түрээслэхдээ тайрсан хэсгийг нь ачаад явуулаач жоохон өндөрлөмөөр байна гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед захиралд танилцуулахад Чу Мүн Сон захирал нэмж өндөрлөхгүй, стандартын дагуу ажиллуулна гэсэн хариу өгсөн. Манай самосмолууд бусад самосмолуудыг бодвол тээш нь урт, 30 тонн орчим ачдаг. Тэвшийг стандартын дагуу тайрснаар 25 тонн болгоод хотод хайрга зөөх боломжтой болсон бөгөөд түрээсэнд явуулах болсон. Ингээд түрээсийн гэрээний дагуу 3 самосмол өдрийн 10 цагаар ажиллаж байсан бөгөөд өдөрт 50 литр түлш хийж өгч 25-32 рейс хийлгэдэг байсан. Тухайн үед 50-36УНХ самосмолын жолооч н.Давгадорж маш их шороо ачуулж байж 50 литр түлш хийж өгөөд түлшний насос эвдэрлээ гэж хэлсний төлөө 3 хоног түлш хийж өгөхгүй, ажил хийлгээгүй байсан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК нь манай "............" ХХК-тай 2017.09.05-ны өдөр 3 ширхэг самосмал автомашиныг түрээслэх гэрээ байгуулсан. Талууд өдөрт 10 цаг, сард 260 цаг байхаар тохиролцсон бөгөөд хоёр компанийн захирлууд “жолоочийн ажилласан цагийг техникийн бодит ажилласан цагтай уялдуулан гэрээний гүйцэтгэлийг дүгнэнэ” гэж мөн тохиролцсон. Дээрх гэрээний дагуу нэг автомашины сарын түрээс нь 6,500,000 төгрөг, нэг цагт 25,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх юм. Гэтэл автомашинууд өдөрт 10 цаг ажиллах нормоо биелүүлж байгаагүй, 19,500,000 төгрөгөөс ажиллаагүй сул зогссон 11,596,530 төгрөгийг хасч тооцвол 7,903,470 төгрөгийн төлбөрийг ажилласан бодит цагаар нь өгөх боломжтой. Түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн автомашин бүр нь 25 тонн даацтай гэсэн боловч тэвшний дээд хэсгээс тайрсан байдалтай байсан. Гэрээнд заасан 25 тонн шороог бодит байдал дээр зөөгөөгүй буюу 12 тонн шороог зөөвөрлөсөн тул гэрээнд заасан 25 тонны даацын ажлаас 2 дахин бага ажил гүйцэтгэснээр тооцон 7,903,407 төгрөгийн тал буюу 3,951,703 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх үүрэг л хүлээнэ. Мөн түрээслүүлэгчийн автомашинууд 100 км-т 30 литр түлш зарцуулах нормтой ч 20 км явсан зайд 50 литр, 60 литр түлш авч стандартаас давсан түлш зарцуулсан мэтээр манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Одоогоор нэхэмжлэл гаргасан “............” ХХК-д 6,000,000 төгрөгийг мөнгөн дүнгээр, 650,000 төгрөгийн дугуйг олгосон буюу 6,650,000 төгрөг төлсөн байгаа ба харин ч манай байгууллага “............” ХХК-иас авах төлбөртэй бөгөөд дээрх авлага, түлшний илүү нормын зарцуулалтыг жич шүүхэд нэхэмжилсэн байгаа гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг гэрээний дагуу тухайн техникүүдийн түлшний зардлыг манай компани хариуцан олгож байсан бөгөөд өдөрт нэг машинд 40-60 литр түлш хийж ажиллуулж байсан. Тухайн техник нь 100 км-т 30 хүртэл литрийн түлш зарцуулдаг нормтой гэж анх гэрээ байгуулахад “............” ХХК-ийн захирал болон орчуулагч нь хэлж ойлгуулсан бөгөөд бусад техникүүд ч гэсэн хамгийн ихдээ 100 км-т 30 хүртэлх литрийн түлшний зарцуулалтын нормтой байдаг. Уг машинуудын ажил гүйцэтгэх маршрут нь бүтэн тойрогтоо 600 метрээс бага байдаг бөгөөд хөрс ачих буулгах хугацааг тооцвол 1 цагт 4 рейс явах боломжтой ба өдөрт 40 рейс хийх чадамж гардаг. Энэ нь нийт 24 километр л болдог. Гэтэл хариуцагч компани нь өөрсдийн техникүүдийг өдөрт 10 цаг ажиллагаагүй буюу 40 рейс хийгээгүй, зарим тохиолдолд огт ажилд гаргаагүй байхдаа тухайн өдрийн 40-60 литр түлшийг авдаг байсан. Тухайлбал, 2017.10.06-ны өдөр “............” ХХК-ийн түрээсийн 21 паркийн дугаартай машин 60 литр түлш авсан боловч 19 рейс хийж 6 цаг ажилласан, 22 паркийн дугаартай машин 60 литр түлш авсан боловч 19 рейс хийж 6 цаг ажилласан, 23 дугаартай машин 50 литр түлш авсан боловч 18 рейс хийжб цаг ажилласан байдаг бөгөөд дараагийн өдөр буюу 2017.10.07-ны өдөр тус бүр 40-50 литр түлш авсан атлаа 14 рейс явсан байдаг. Энэ бусармаг үйлдэл нь гэрээ байгуулан ажиллаж гэрээг цуцлах хүртэл үргэлжилсэн бөгөөд 13 тонн 316 литр түлш илүү авсан буюу 24,370,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд “............” ХХК-иас гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээгээр авсан түлшний өртөг болох 24,370,000 төгрөгийг гаргуулан манай компанийг олгож хохиролгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “............” ХХК-ийн манай техникүүдийг 12 тонн гэсэн нь үндэслэлгүй болно. 2017.10.11-ний өдрөөс техникээ зогсоож 10 дугаар сарын 19-нд гэрээгээ цуцалж техникээ буцааж татсан бөгөөд түрээсийн гэрээний 5.2 дахь заалтын дагуу түрээсийн хугацаа дуусаагүй түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд буцах зардлыг түрээслэгч даана гэсэн заалтын дагуу буцах түлшийг хийж өгөх байсан ч хийж өгөөгүй сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02589 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Шинэ уран” ХХК-аас 5.932.880 төгрөгийг гаргуулж “............” ХХК-д олгож, нэхэмжлэлийн 15.537.500 төгрөгт холбогдох хэсгийг болон 24.370.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 265.302 төгрөг, хариуцагчийн төлсөн 279.800 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “............” ХХК-аас 109.876 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “............” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 558 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02589дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237 700 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 283 637 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. “............” ХХК болон “Шинэ Уран” ХХК нарын хооронд 2017.09.05-ны өдөр байгуулсан гэрээний дагуу тухайн техникүүдийн түлшний зардлыг хариуцан олгож байсан бөгөөд өдөрт нэг машинд 40-60 литр түлш хийж ажиллуулж байсан. Тухайн техник нь 100 км-30 хүртэлх литрийн түлш зарцуулдаг нормтой гэж анх гэрээ байгуулахад “............” ХХК-ийн захирал болон орчуулагч нь хэлж ойлгуулсан бөгөөд бусад техникүүд ч гэсэн хамгийн ихдээ 100 км-30 хүртэлх литрийн түлшний зарцуулалтын нормтой байдаг. Уг машинуудын ажил гүйцэтгэх маршрут нь бүтэн тойрогтоо 600 метрээс бага байдаг бөгөөд хөрс ачих буулгах хугацааг тооцвол 1 цагт 4 рейс явах боломжтой б өдөрт 40 рейс хийх чадамж гардаг. Энэ нь нийт 24 км л болдог. Гэтэл хариуцагч компани нь өөрсдийн техникүүдийг өдөрт 10 цаг ажиллуулаагүй буюу 40 рейс хийгээгүй, зарим тохиолдолд огт ажилд гаргаагүй байхдаа тухайн өдрийн 40-60 литр түлшийг авч, нийт 13 тонн 316 литр түлш илүү авсан буюу 24,370,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Уурхайд түлшээ хариуцан техник түрээсэлж байгаа тохиолдолд зөвхөн хийсэн ажилд нь зарцуулагдах түлшийг хариуцах ёстой болохоос бүх түлшийг хариуцах учиргүй. Иймд 24,370,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан, түрээсийн төлбөр 20,650,000 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 795,380 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 21,470,380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, илүү авсан түлшний үнэ 24,370,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5,932,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болсон, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2017.09.05-ны өдрийн талуудын байгуулсан гэрээгээр “............” ХХК нь уурхайн олборлолт болон газар шорооны ажилд ашиглуулахаар 25 тонн даацтай, САМС үйлдвэрийн, HN3310 маркийн 45-75 УНТ, 86-19 УНХ, 50-36 УНХ улсын дугаартай 3 ширхэг техникүүдийг 6 сарын хугацаатай ашиглуулахаар түрээслэгч “............” ХХК-д шилжүүлэх, жолоочийн цалин, техникийн засварын зардлыг түрээслүүлэгч өөрөө хариуцах, түрээслэгч нь техник тус бүрт 6,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийн төлбөрийг сар бүр төлөх зэрэг үүргийг харилцан хүлээж, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг өгсөн, түрээслүүлэгч 2017.09.07-нд техникийг хүлээлгэн өгсөн боловч түрээсийн зүйлийг 2017.10.19-ний өдөр татан авч гэрээг цуцалсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Харин гэрээг цуцлах хүртэл хугацаанд төлөх ёстой төлбөрийн хэмжээ, түлш илүү хэмжээгээр авсан эсэх асуудал маргааны зүйл болжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний 4 дүгээр зүйлийн 3-т “барилгын техникийн ажиллах цаг нь өдөрт 10 цаг, сард 260 цаг байна гэж, тохирсон, шүүх 2017 оны 9 дүгээр сард бүтэн, 10 сарын 19 хүртэл хугацааны рейс, цагийн бүртгэлийг үндэслэж, нийт 444,5 цаг ажилласан, цагийн хөлс 25,000 төгрөг гэж үзэж, нийт 11,112,500 төгрөг төлөхөөс урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөгийг хасч үлдэх 5,112,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалсны улмаас үүссэн хохирлыг бус гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирлыг шаардсан эрх зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хариуцагчаас түлшний зардал 795,380 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Түрээсийн гэрээний 3-р зүйлийн 2-т “түрээслэгч нь ...түлшний зардлыг хариуцна.” гэж тохиролцсон, нэхэмжлэгч талд илүү 24,370,000 төгрөгийн түлш өгсөн гэдгээ нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна. Хариуцагч нь түлшний хэмжээг гэрээгээр хэрхэн тохирсон талаар болон хичнээн хэмжээний түлш олгосон, үүнээс хэд нь ажилд зарцуулагдсан, ямар хэмжээний шатахуун илүү үлдсэн тооцоо, баримтыг гаргаагүй, сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй байв. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангуулах агуулгатай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 558 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 237,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Х.СОНИНБАЯР

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД