Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1991 оны 01 дүгээр сарын сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, Зүүн Буянт-Ухаа гудамж, 5-910 тоотод оршин суух, Баруун цоор овогт Оюунчимэгийн Ган-Эрдэнэ /РД:ЕҮ91011511/,

 

Нэхэмжлэгч: 1996 оны 04 дүгээр сарын сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, Агар 3 гудамж, 26 тоотод оршин суух, Боржигон овогт Амарсанаагийн Мандуухай /РД:НЦ96042004/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1969 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 7-р баг, 111-1 тоотод оршин суух, Бичээч овогт Цэдэвсүрэнгийн Оюунбилэг /РД:ЕЙ69022024/-т холбогдох 

 

Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нарыг тогтоож, Ө.Насандарьд олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, нэхэмжлэгч А.Мандуухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ган-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Мандуухайн итгэлмжлэгдсэн төлөөлөгч А.Амарсанаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Амарсанаа миний бие өөрийн хань Ц.Оюунаатай 1991 оноос хамтран амьдрах хугацаанд 1991 онд хүү О.Ган-Эрдэнэ, 1998 онд охин А.Мандуухай нарыг өргөж авч амьдарч байгаад салсан. Энэ хугацаанд хүү О.Ган-Эрдэнэ, охин А.Мандуухай нар нь ээж Ц.Оюунаа дээр өсч торнисон. 1996 оноос эхлэн одоогийн амьдарч буй Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах хашаа, газарт амьдарч, 2004 онд уг газрыг Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 127 тоот шийдвэрээр 1155 м2  газраа 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшлээр авсан бөгөөд энэхүү эзэмшлийн гэрчилгээ нь 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0019574 дугаартай гэрчилгээ олгогдсоноор баталгаажиж, хамтран эзэмшигчээр хүү О.Ган-Эрдэнэ, охин А.Мандуухай нар бичигдсэн. Уг газрыг эзэмших 15 жилийн хугацаа дуусч, 2014 онд Ц.Оюунаа нь өөрийн төрсөн дүү Ц.Оюунбилэгийг явуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахдаа зөвхөн ганц хүний нэр дээр буюу өөрийнхөө нэр дээр бичүүлсэн байдаг. Улмаар уг гэрчилгээг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ зөвхөн Ц.Оюунаагийн нэр дээр олгогдож, 2 хүүхдийн маань эзэмшил, өмчлөлийн эрхийн асуудал зөрчигдсөн байдаг. 2 хүүхдийн маань эх 2016 оны 12 дугаар сард өвчнөөр нас барж, 2 хүүхэд маань эхийн асрамжинд уг газартаа амьдардаг байсан. Гэтэл 2018 оны зунаас ээжийнх нь дүү Ц.Оюунбилэг нь миний 2 хүүхдийг энэ газраас хөөж, хэрүүл шуугиан хийх болсон. Бид гайхаж, 2018 оны 08 дугаар сард Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас лавлахад уг газрыг хүүхдүүдийн маань ээж Ц.Оюунааг нас барсанаас 1 жилийн дараа түүний дүү Ц.Оюунбилэг нь өөрийн ээж Өмнөговь аймагт амьдардаг н.Насандарьд өвлүүлсэн байна... Иймд Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр хүү О.Ган-Эрдэнэ, охин А.Мандуухай нарыг тогтоож, н.Насандарьд олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Ган-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ган-Эрдэнэ нь Оюунаагийн хууль ёсны үрчлэгдсэн хүүхэд мөн бөгөөд 2000 оноос эхлээд Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод хаягт ээж Оюунаагийн хамт амьдарч байсан. Мөн ээжийгээ нас барсны дараа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэтэл уг газар өөр хүний нэр дээр буюу Оюунаагийн ээж Насандарийн нэр дээр шилжсэн нь тогтоогдож байгааг 2018 оны 09 дүгээр сард Ган-Эрдэнийг Оюунчимэг гэх хүн хөөхөд мэдсэн юм. ... Манай зүгээс нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаад, газрын өвлөгчийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргая. Нэхэмжлэгч  Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, нэхэмжлэгч  Мандуухайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарсанаа бид нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг газрын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй болно гэв.   

 

Нэхэмжлэгч А.Мандуухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1993 онд би Оюунаатай гэр бүл болсон. Тэр үед Оюунаа Ган-Эрдэнийг өргөж авсан, 2 настай хүүхэд байсан. Дараа нь Оюунаа бид хоёр 1997 онд Мандуухайг албан ёсоор үрчлэн авч, хүү охин хоёртойгоо хамт амьдарч байгаад, 2000 онд Оюунаа бид хоёр салсан. Салснаас хойш Оюунаа нь хоёр хүүхдийнхээ хамт Зүүн БуянтУхаагийн 5-910  тоот хаягт газар хашаа байшин барьж амьдрах гэж 2 хүүхэдтэйгээ зүтгэж явсан. Оюунаа бид хоёр салсан ч гэсэн би энэ хоёр хүүхдийг эргэж тойрдог байсан. Ингээд 2014 онд амьдралын шаардлагаар А.Мандуухайг сургуульд сургахаар Улаанбаатар хот руу өөр дээрээ татаж авсан. Мөн Ган-Эрдэнэ нь хэрэгт орчих гээд байсан учир өөр дээрээ авч сургуульд оруулаад мэргэжилтэй болгон 1 жил гаруй ажил хийлгэсэн. Ган-Эрдэнэ нутаг руугаа явмаар байна гэхэд нь явуулсан. Ирээд ээжтэйгээ ойролцоо айлын байр түрээслээд ээжийгээ эргэж тойрч байхад ээж нь нас барсан. Тухайн үед талийгаачтай холбоотой байхад Оюунаа нь би энэ газрыг 2004 онд газар авсан уг газраа хоёр хүүхэдтэйгээ эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай авсан байсан. Талийгаачийн ойр дотны хүн, хариуцагчаар орж байгаа Оюунбилэгт бичиг баримтаа хадгалуулсан байсан. Газрын маргаан болно гэж бодож байгаагүй. Ээжийгээ нас барсны дараа өөрийнхөө амьдарч байсан хашаа байшиндаа одоог хүртэл амьдарч байгаа. 2005 онд 15 жилийн эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаад өмчлөх эрхийг хөөцөлдөж авсан. Энэ газарт Ган-Эрдэнэ ээжтэйгээ амьдарч байгаад Оюунаа нас барсны дараа дүү Оюунбилэг нь Ган-Эрдэнийг энэ газраас яв, чиний газар биш миний ээж дээр өвлөгдсөн учраас нүүгээрэй гэж хөөсөн байсан. Ган-Эрдэнэ, Мандуухай нарын нэр дээр энэ газрыг өвлүүлэх хүсэлтэй гэв. 

 

Хариуцагч Ө.Насандарь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний төрсөн охин Ц.Оюунаа нь А.Амарсанаатай гэр бүл болж амьдарч байгаад, хувийн таарамжгүй харилцааны улмаас салсан... 1991 онд О.Ган-Эрдэнийг өргөж авсан нь үнэн. Гэвч О.Ган-Эрдэнэ нь ээжийгээ амьд сэрүүн үед нь өөрийн үр хүүхэд шиг харж, хандаж байгаагүй, өвчтэй зовлонтой үед нь хаяад явсан. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний охин нүдний хагалгаанд орж, өрөөсөн нүд нь сохорсон үед нь 2 хүүхдийг нь дуудаад ирдэггүй байсан. А.Мандуухай 2 удаа эргэж ирсэн. Энэ хоёр хүүхдийг өсгөх гэж миний охин ажлынхаа хажуугаар хоол цай хийж, хүний зэрэгт хүргэсэн. Гэтэл ээж нь өвдөөд зовж байхад хаяад явсан ба ээжийгээ зоддог байсан. Миний охин зовж өнгөрсөн. Харин дүү Ц.Оюунбилэг нь асарч тойлж өнгөрүүлсэн. Би төрсөн эхийн хувьд уг газрыг хуулийн дагуу өвлөж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд ээж Ө.Насандарийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцоно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нар нь хариуцагч Ц.Оюунбилэгт холбогдуулан Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нарыг тогтоож, Ө.Насандарьд олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих хүсэлт гаргаж, хариуцагч Ц.Оюунбилэгийг Ө.Насандариар сольжээ.

 

Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдааны явцад Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нарыг тогтоож, Ө.Насандарьд олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа:

- Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нарыг тогтоож,

           - өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн боловч

    

-Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нарыг тогтоолгох гэж шүүх хуралдаанд өөрчилснийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал: Ц.Оюунаагийн үрчилж авсан хүүхэд О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нар мөн, Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод хамт амьдарч байсан тул О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нар нь маргааны зүйл болох Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрыг өмчлөх эрхтэй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж,

 

Хариуцагч тал: Хэдийгээр Ц.Оюунаагийн үрчилж авсан хүүхэд О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нар мөн боловч сүүлийн арван жилд Оюунаатай хамт амьдраагүй,

Ц.Оюунаагийн бие муу, хүнд өвчтэй байхад нь хүүхдүүд нь эргэж тойрч асарч байгаагүй, Оюунаа нь сүүлийн жилүүдэд Ганбаатартай хамтран амьдарч байсан.

Ц.Оюунаа нь Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын эзэмшигч, өмчлөгч мөн, дараа нь түүний эх Насандарь хууль ёсны өвлөгч, өмчлөгч болсон нь бүгд хуулийн дагуу хийгдсэн гэж маргажээ.

Харин О.Ган-Эрдэнийг амьдрах орон байр байхгүй гээд 2018 онд ирэхээр нь түүнийг түр байлгаж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Ган-Эрдэнийг Б.Лхагва, Ц.Оюунаа нар нь үрчилж авсан /хх-13/, нэхэмжлэгч А.Мандуухайг А.Амарсанаа, Ц.Оюунаа нар нь үрчилж авсан /хх-12/ байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Амарсанаа нь Ц.Оюунаатай 1993 оноос 2000 он хүртэл хамтран амьдарч байсан,

 

Ц.Оюунаа нь 2016 онд нас барахаасаа өмнө Ганбаатартай хамтран амьдарч байсан гэжээ.

 

Ц.Оюунаа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан./хх-104/

 

Нэхэмжлэгч тал нь хариуцагч О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нар нь Ц.Оюунаагийн үрчилж авсан хүүхэд, түүнтэй хамт амьдарч байсан, хүн амын бүртгэлд бүртгэгдсэн байгаа гэж маргаж байгаа боловч энэ нь хариуцагч талын тайлбар, гэрч С.Бадамцэцэгийн мэдүүлэг /хх-90-91-р тал/, гэрч Б.Мөнгөнсувдын мэдүүлэг /хх-94-95-р тал/, гэрч Б.Бүжингийн мэдүүлэг /хх-86-87-р тал/, гэрч Б.Одонтуяагийн мэдүүлэг /хх-109-р тал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан тухай тодорхойлолт / хх-98-р тал/, Дорноговь аймгийн улаан загалмайн хорооны албан бичиг /хх-116-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нар нь маргааны зүйл болох газрыг сүүлийн 10  жил эзэмшээгүй байна.

 

 Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч нарыг эд хөрөнгө өмчлөх давуу эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Маргааны зүйл болох газрыг  Ц.Оюунаа нь 2004 оны 04 сарын 20-ноос эзэмшсэн, 2015 оны 07 сарын 26-ны өдрөөс өмчилж авсан болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-9-р тал, хх-10-р тал/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-105-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгч  Ц.Оюунаа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан ба 2018 оны 1 сарын 24-ны өдөр түүний эх Өлзийтийн Насандарь өвлөж авсан, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өмчилсөн болох нь өвлөх эрхийн гэрчилгээ /хх-103-р тал/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-106-р тал/ хариуцагч талын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрыг эзэмшиж, өмчилж байсан ба түүнийг нас барсаны дараа Ө.Насандарь  өвлөсөн, өмчилсөн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллагуудаас олгогдсон баримт бичгүүдэд үндэслэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар өмчлөгч байсан Ц.Оюунаа, өмчлөгч Ө.Насандарь нарыг хууль бусаар газар өмчилсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмчлөгчөөр О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

          1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч    Ө.Насандарьд холбогдох Сайншанд сумын 4-р баг, Зүүн Буянт-Ухаагийн 5-910 тоотод байрлах 1155 м2 тайлбайтай газрын өмлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Ган-Эрдэнэ, А.Мандуухай нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Амарсанаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ