| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-д холбогдох эрүүгийн 2325000000006 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн * тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Ц.С-г гэртээ ирж хоноогүй, буудалд хоносон, худлаа хэлсэн гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа цохиж доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.С “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Ц.С-н Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/,
2. Хохирогч Ц.С-н “Сэлэнгэ зочид буудалд оройны 19 цагийн үед нэг найзтайгаа хамт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад уусан архиндаа согтоод тэр буудлынхаа өрөөнд унтчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн үед сэрээд буудалд унтсан байгаа талаараа мэдээд шууд гэр рүүгээ явсан. Намайг гэрт орох үед манай хоёр хүүхэд өрөөндөө унтаж байсан харин манай нөхөр Даваасамбуу унтаагүй хүлээж байсан. Намайг хаана юу хийж байгаа талаар асуухаар нь найзтайгаа хамт машинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтсан байна уучлаарай гэж хэлэхэд манай нөхөр уурлаад “чи битгий худлаа яриад бай би чамайг гар утасны байршил тогтоогчоор байршлыг чинь олсон. Чи Сэлэнгэ нэртэй зочид буудалд байсан хэнтэй яах гэж орсон гэж уурласан. Энэ үед нь нөхөртөө хандаж “Хэнтэй ч орсон яадаг юм бэ, эрэгтэй хүнтэй буудал орохоороо заавал ямар нэгэн бэлгийн харилцаанд ордог юм уу, зүгээр манай найз гэж хэлэхэд нөхөр уурлаад миний нүүрний уруул хамар хэсэг рүү гараараа маш хүчтэй намайг газар унатал цохисон. Намайг гараараа маш хүчтэй миний уруул, хамар хэсэг рүү нэг удаа цохисон, тэрнээс өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. ...Би нөхрийнхөө хамт амьдарч байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхөр урьд нь намайг цохиж зодож байгаагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал/
3. Гэрч С.Ц-н “манай охин С 10 цагийн орчим миний дугаар руу залгаад аав та хоёр манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тухайн үед би охины гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 10 дугаар байрны ** тоот хаягт очиход манай охины уруул хэсэг нь хавдаж хүн харахын эцэсгүй муухай болсон байсан. Би энэ үед юу болсон талаар асуухад ажлын газрын хамт олонтойгоо хамт гадуур явж байгаад шөнө гэртээ орж ирэхэд нөхөр Даваасумбуу уурлаад нүүр хэсэгт минь цохисон гэж хэлсэн. Мөн манай охин намайг гэрт нь очихоос өмнө эмнэлэгт очиж уруул хэсэгтээ 7-8 оёдол тавиулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13 дахь тал/
4. Гэрч Ц.Нямтогоогийн “охин Сарангоогийн гэр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 10 дугаар байрны ** тоот хаягт яваад очиход манай охины уруул хавдсан, доод уруул нь цус хуралттай оёдол тавиулсан байдалтай байж байсан. Би энэ үед юу болсон талаар асуухад манай охин хамт ажилладаг эгчтэйгээ хамт хоолонд орчхоод оройтож гэртээ орж ирсэн чинь манай нөхөр уурлаад ямар нэгэн тайлбар тавихын завдалгүй уруул руу минь цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/,
5. Т.Д-н “2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ажилтай байж байгаад 16 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр С нь ажилдаа яваагүй амарч байсан боловч гэртээ байхгүй байсан. С-г хаана байгаа талаар асуухад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвд дэлгүүрээр явж байна гэж хэлсэн. Би эхнэр С-той ярьж дууссаны дараа гар утсан дээр байршил тогтоодог аппликейшинаар хаана байгааг нь харахад манай эхнэр Үйлчилгээний төвийн хажуу талын Сэлэнгэ нэртэй зочид буудалд байршил нь зааж байсан. Энэ үед би Сэлэнгэ нэртэй зочид буудал нь Үйлчилгээний төвийн хажуу талд байдаг болохоор эхнэрийн ярьсан зүйлд итгэсэн. Тэгээд удалгүй манай эхнэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 10 дугаар байрны ** тоот гэртээ ороод ирсэн. Манай эхнэр С гэртээ орж ирсний дараа надад өнөөдөр орой манай ажлын захирал болон хотоос ажлаар ирсэн эгч нарын хамт би хоолонд орно гэж хэлээд оройны 19 цагийн орчим гэрээс гараад явсан. Тэгээд эхнэр надтай гар утасны месенжерээр холбоотой байж байгаад оройны 22 цагаас хойш огт ямар нэгэн байдлаар холбогдохгүй алга болсон. Гар утасны байршил заадаг аппликейшнаар эхнэрээ хаана байгааг нь харахад Сэлэнгэ нэртэй зочид буудалд байршил нь зааж байсан. Өглөөний 5 цагийн орчим над руу эхнэр С өөрөө залгасан би гар утасаа аваад ярихад найзтайгаа хамт машин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтчихсан байна гэж хэлсэн. Надтай гар утсаар ярьсны дараа манай эхнэр 10 минутын дараа гэртээ ирсэн. Энэ үед би хаана байж байгаад ирсэн талаар асуугаад уурлахад манай эхнэр найзтайгаа хамт машин дотор ууж байгаад тасраад унтсан байна гэж худлаа яриад байсан. Тухайн үед би би чамайг худлаа ярьж байгаа талаар чинь мэдэж байна гэж хэлээд гараа саваад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гэтэл манай эхнэрийн уруул хэсэг нь гарт цохигдоод шүдтэй хавсарагдаж уруулнаас нь их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 899 дугаартай: “Ц.С-н биед доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
7. Яллагдагч Т.Д-н “Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа. Эхнэрийгээ цохисондоо маш их гэмшиж байгаа. Дарин ийм алдаа гаргахгүй гэдгээ хэлмээр байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
8. Т.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн * тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Ц.С-г гэртээ ирж хоноогүй, буудалд хоносон, худлаа хэлсэн гэх шалтгаанаар 1 удаа цохиж, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Ц.С-н Цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Ц.С-н “нөхөр уурлаад миний нүүрний уруул хамар хэсэг рүү гараараа маш хүчтэй намайг газар унатал цохисон. Би нөхрийнхөө хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг, гэрч С.Ц-н “манай охины уруул хэсэг нь хавдаж хүн харахын эцэсгүй муухай болсон байсан. Нөхөр Даваасумбуу уурлаад нүүр хэсэгт минь цохисон гэж хэлсэн. Мөн манай охин намайг гэрт нь очихоос өмнө эмнэлэгт очиж уруул хэсэгтээ 7-8 оёдол тавиулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нямтогоогийн “манай нөхөр уурлаад ямар нэгэн тайлбар тавихын завдалгүй уруул руу минь цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Т.Д-н сэжигтнээр мэдүүлсэн “би чамайг худлаа ярьж байгаа талаар чинь мэдэж байна гэж хэлээд гараа саваад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гэтэл манай эхнэрийн уруул хэсэг нь гарт цохигдоод шүдтэй хавсарагдаж уруулнаас нь их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 899 дугаартай дүгнэлт, яллагдагч Т.Д-н “Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа. Эхнэрийгээ цохисондоо маш их гэмшиж байгаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн * тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Ц.С-г гэртээ ирж хоноогүй, буудалд хоносон, худлаа хэлсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-н эрүүл мэндэд доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Т-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС