| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2325000770064 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 байрны хажуу талд байрлах нийтийн байрны гадна өөрийн эзэмшлийн автомашин дотор болон нийтийн байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.А-г бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, баруун мөрөн тус газарт хөлөөрөө жийж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.А-г “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Н.А-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,
2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
3. Эрдэнэ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 9-19 дэх тал/,
4. Гэрч Г.Г-н : “...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А болон бусад найзын хамт нэг найзыгаа воганд суулгаж өгөөд би А г гэрийнх нь гадаа буулгаж өгөөд явсан. Тэгтэл шөнийн 02 цагийн орчим А гийн нөхөр нь над руу залгаад эм, эрийн харилцаанд орсон уу гэж асуухаар нь би тийм асуудал үүсээгүй гэхэд нөхөр ойлгохгүй байсан болохоор эрүүл үед чинь уулзаж байгаад асуудлыг шийдье гээд утсаа салгаад А руу залгахад би таамбарт байна хүрээд ирээч гэхээр нь очсон. Очиход нөхөр нь дүүгийн хамт машинд суугаад унтсан талаараа үнэнээ хэлчих гэхээр нь унтаагүй гэхэд А руу дайраад байхаар нь болио гэхэд эхнэрийгээ цохиод байсан. Тэгтэл А машинаас буугаад утсаараа цагдаа дуудсан юм шиг байна лээ, гэнэт цагдаагийн машин ирээд А г нөхрийнх нь хамт аваад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22 дахь тал/,
5. Хохирогч Н.А гийн: “...Би тухайн үед Татварын газар дадлага хийж байсан юм. Тус өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутад намайг Татварын газраас найз Г нь машинтайгаа ирж авсан юм. Тухайн үед Г нь найз бүсгүй Н , найз Л нарынхаа хамт явсан бөгөөд намайг хамт вокзал орчхоод ирье гэж хэлсэн. Ингээд бид нар вокзал орж Л ийг суулгаж өгчхөөд 21 цагийн үед намайг тэр 2 хадам дүү Э-н гэрт хүргэж өгсөн юм. Тэднийх Дэнжийн 3 байрны хажуу талын нийтийн байранд амьдардаг юм. Э-н д ороход Эрхэмбаяр, түүний нөхөр Г , манай нөхөр Б нар байсан. Мөн Г ын болон манай бага насны хүүхдүүд маань байсан юм. Тухайн үед Б , Г нар нь 2.5 литрийн том пиво хувааж ууж байсан бөгөөд нөхөр надад хандан “чи хааччихаад ирэв, хэнтэй явсан юм бэ” гээд уурласан. Тэгэхээр нь би түүнд хандан хоёулаа гарч ярилцъя гээд бид 2 гэрээс гарч машиндаа суусан юм. Тэгээд би нөхөртөө юу болсон талаар хэлэхэд тэрээр намайг Г тай хардсан. Нөхөр маань тэгээд манай ээжтэй ярьж “танай охин чинь намайг хуураад байна” гэж хэлсэн. Тэгээд надад хандан чи худлаа ярьж байна гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Мөн гараараа нүүр лүү 2 удаа алгадсан. Ингээд машинаас бууж Г ын гэр лүү ороход Г нь манай нөхөрт хандан “Г , А нар нь хоёулаа танайд нэлээн хэд хоносон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, чи харсан юм уу гэтэл танайд очиход архи үнэртэж байсан гэж хэлсэн. Тэгтэл нөхөр нэг пиво авч ирээд чи Г тайгаа хамт уудаг юм байна лээ одоо надтай уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би пиво уухгүй гэтэл нөхөр надад хандан чи Гантулгыг дууд, тэгээд хүүхдийг минь үлдээгээд түүнтэйгээ яв гэж хэлсэн. Би тэгэхээр нь Гантулгыг дуудсан бөгөөд тэгтэл нөхөр маань миний баруун мөр лүү өшиглөхөд би унахдаа мөлхөө тавилгыг толгойгоороо мөргөсөн юм. Удалгүй Г ирээд нөхөр маань та хоёр яасан гээд байхаар нь би Г тай унтсан гэж хэлсэн юм. Тэгтэл нөхөр маань миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэхэд нөхөр маань ахин толгой руу гараараа 1 удаа цохисон юм. Тэгээд байж байтал цагдаа ирсэн юм. Би ШША-ны шинжээч эмч Ч.Б-н 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №124 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан баруун хацар, баруун нүдний гадна буланд цус хуралт гэмтлийг манай нөхөр Б нь гараараа 1 удаа цохиж учруулсан юм. Тухайн үед бид 2 хоёулхнаа машинд байсан юм. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Болдог бол өргөдлөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 27 дахь тал/,
6. Гэрч Ц.Г ын: “...ингээд удалгүй А нь манайд орж ирсэн. Тэгэхээр нь Б бид 2 тамхилах гээд гадаа гартал А тай яваад байдаг залуу нь машинтайгаа хөдөлж байсан. Ингээд гэр лүү ороход Б нь А д хандан энэ Г тай чи юу хийж яваа юм бэ гэхэд А нь гарч ярилцъя гэж хэлсэн. Тэгээд тэр 2 манайхаас гарсан бөгөөд удалгүй А нь уйлж орж ирсэн. Тэгэхээр нь яачихсан юм бээ гэхэд Б нь энэ нөгөө залуутайгаа 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон, яадаг юм бэ гэнээ гэж хэлсэн. Тэгтэл А нь сая Б нь намайг алгадсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө нэг залууг нь дуудсан бөгөөд тэр нь шөнийн 02 цагийн үед ирсэн. Ингээд бид нар тэр залуутай нь уулзсан бөгөөд А нь тэр Г гэх залууд хандан хоёулаа унтсан биз дээ хэлээч гэхэд нөгөө залуу нь үгүй ээ гээд байсан. Тэгтэл Б нь А д хандан чи ичиж санаа зовооч гээд А гийн толгой руу нь гарынхаа араар 1 удаа цохисон юм. А тэгтэл цагдаа дуудна гээд дуусан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
7. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай “Н.А-н биед баруун хацар, баруун нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
8. Яллагдагч Б.Б ийн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргэн Г ын гэрт түүнтэй 2,5 литрийн 1 пиво хувааж уусан юм. Тэгээд би эхнэр А руу залгахад таксинд суугаад очих гэж явна гээд ирэхгүй худлаа яриад байсан. Тэгтэл Г нь надад хандан танай эхнэр өчигдөр автобусны буудал дээр нэг залуутай уулзаж байсан, тэр залуу нь хүргэж өгч байсан гэж хэлсэн юм. Би тэгээд эхнэр лүүгээ залгаад очоод авчихъя гэтэл тэрээр яах юм бэ, нэг хүн дутуу байна гээд байсан юм. Г ынх Дэнжийн 3 байрны хажуу талын нийтийн байранд байдаг бөгөөд бид 2 пиво ууж дуусчхаад гадаа гарч тамхилсан. Тэгтэл эхнэр маань өөдөөс ирсэн юм. Тэгээд би эхнэртээ хандан хүмүүс сонин, сонин юм яриад байна, чи хүнтэй яваад байгаа юм уу, үр хүүхдээ бодолдоо гэхэд тэрээр хоёулаа гарч ярилцъя гэж хэлсэн. Ингээд бид 2 манай машинд суусан бөгөөд тэгэхэд эхнэр маань тэр залуутайгаа 3-4 удаа унтсан гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүнийг 1 удаа алгадсан юм. Тэгээд би хадмууд руу хүртэл залгаж хэлсэн. Ингээд бид 2 Г ын гэрт орсны дараа би түүнийг зогсож байхад нь хөлөөрөө 1 удаа жийхэд тэрээр хойшоо унах шиг болсон. Өөрөөр би эхнэртээ гар хүрээгүй юм. Тухайн үед Гантулгыг дуудсан бөгөөд А нь түүнд хандан хоёулаа унтсан биз дээ үнэнээ хэлчхээч гэхэд Г үгүй ээ унтаагүй гээд байсан юм. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Миний хувьд урд өмнө эхнэрээ цохиж зодож байгаагүй юм. Би эхнэртэйгээ хамт амьдраад 2 жил болж байна, дундаасаа 1 хүүхэдтэй, гэрлэлтийн батлахгүй ээ. Тухайн үйл явдал болоход би согтуу, Г халамцуу, бусад нь эрүүл байсан. Би ШША-ны шинжээч эмч Ч.Б-н 2023 оны 01 дүгэбр сарын 16-ны өдрийн 124 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд Н.А-н биед учирсан баруун хацар, баруун нүдний гадна буланд цус хуралт гэмтлийг би гараараа түүний нүүр лүү алгадаж учруулсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргээ хурдан шийдүүлчхээд ажилдаа явмаар байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дэх тал/,
9. Б.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 байрны хажуу талд байрлах нийтийн байрны гадна өөрийн эзэмшлийн автомашин дотор болон нийтийн байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.А-г бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, баруун мөрөн тус газарт хөлөөрөө жийж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуулийн дагуу цугларсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Н.А-н цагдаагийн газарт гаргасан гомдол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрдэнэ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэрч Г.Г-н : “...А руу дайраад байхаар нь болио гэхэд эхнэрийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Н.А гийн: “...чи худлаа ярьж байна гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Мөн гараараа нүүр лүү 2 удаа алгадсан. Нөхөр маань миний баруун мөр лүү өшиглөхөд би унахдаа мөлхөө тавилгыг толгойгоороо мөргөсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г ын: “...А гийн толгой руу нь гарынхаа араар 1 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Б ийн: “...тэр залуутайгаа 3-4 удаа унтсан гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүнийг 1 удаа алгадсан юм. Ингээд бид 2 Г ын гэрт орсны дараа би түүнийг зогсож байхад нь хөлөөрөө 1 удаа жийхэд тэрээр хойшоо унах шиг болсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 байрны хажуу талд байрлах нийтийн байрны гадна өөрийн эзэмшлийн автомашин дотор болон нийтийн байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.А-г бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, баруун мөрөн тус газарт хөлөөрөө жийж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-н эрүүл мэндэд нь баруун хацар, баруун нүдний гадна буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Б-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС