Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/393

 

 

 

 

 

 

2023         03          21                                        2023/ШЦТ/393

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Г.Манилцэцэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бид холбогдох 2306 02837 0684 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тавилгын үйлдвэрт зүсэгч ажилтай, ам бүл 5, эх, эгч, эгчийн 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77А гудамжны 45В тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Бы Б /РД:УМ89112897/

Хэргийн товч агуулга:

Б.Б нь 2022 оны 05 дугаар 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ голын эрэг дээр хохирогч Д.Намсрайн эзэмшлийн Самсунг-А02 маркийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас хохирогчид 220.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Намсрайн өгсөн: “... Би өнөөдөр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Сэлбэ голын хажууд хоёр найзтайгаа уулзчихаад ганцаараа Сэлбэ голын зах дээр гар утсаараа яриад хэвтэж байсан чинь хажуу талаас нэг үл таних залуу гар утсыг гараас шүүрч аваад гол гатлаад зугтахаар нь би хойноос нь хөөгөөд тэр залууг барьсан чинь дахиад 2 үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд миний хоолойноос эрэгтэй нь хоолой боогоод барьж байх хооронд эхэлж гар утсыг шүүрч зугтаасан залуу буцаагаад миний өмдний халааснаас аваад зугтаасан. Нөгөө 2 эрэгтэй, эмэгтэй 2 нь зугтаад 2 өөр тийшээ яваад өгөхөөр нь би эрэгтэйг нь дагаж яваад Чингэлтэй дүүргийн 17-ийн тойрогт байх хувийн байшинд яваад орчихоор нь хойноос нь дагаж орсон чинь нөгөө залуу надад “Миний буруу, нөгөө хоёрыг олж өгье, энд ирнэ” гэхээр нь хэсэг хугацаанд хүлээсэн чинь эмэгтэй нь нэг шил архи барьсан орж ирсэн. Тэгээд нөгөө эрэгтэй чинь тэр эмэгтэйгээс асуусан чинь доод талын худгийн айлд нуугдсан байгаа гэхээр нь би нөгөө залуутай цуг гараад анх гар  утас шүүрсэн хүнийг олж авсан. Намайг очиход нөгөө залуу чинь тасарсан хэвтэж байсан, гар утсаа үзтэл алга байсан. Би тэр залууг дагуулж яваад гэр лүүгээ авчраад архийг нь гартал байлгах гэсэн чинь нөгөө залуу чинь зугтчихсан, араас нь хөөгөөд би олоод цагдаад дуудлага өгсөн. Надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй, гарын шуу л жоохон өвдөж байна, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч Б.Солонгын өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлбийн гол дээр Б, Пүүжээ, Содхүү бид дөрөв 0.75 литрийн савлагаатай архи хувааж уугаад, голд Б сэлээд байж байтал Б голын цаана хэвтэж байсан үл таних залуу гар утсаараа яриад байж байсан чинь гар утсыг нь булааж аваад гүйгээд яваад өгсөн. Тэр утсаа булаалгуулсан залуу Бийн хойноос чулуу бариад хойноос нь гүйхээр нь манай нөхөр Содхүү араас нь очоод Баас гар утсыг нь авч эзэнд нь өгөөд, яагаад чулуу бариад хойноос нь гүйж байгаа юм гээд муудалцаж байх хооронд нь Б дахиж ирээд халааснаас нь гар утсыг аваад зугтаагаад гүйсэн. Тэгээд манай нөхөртэй цуг нөгөө гар утсаа булаалгасан залуу Чингэлтэй 17-руу бид хэдийн цуг архи уудаг газар очоод Бийг хайсан. Би тэр хоёрын араас нь явж байсан. Тэгээд Чингэлтэйд байдаг архи уудаг газраа орсон чинь Б байхгүй байсан. Би араас нь явж байгаад худгийн хажуугаар гартал цагдаа ирчихсэн байсан, Б согтоод унтаж байсан, цагдаа Бийг авч явах гэж байхаар нь би “Манай дүү байгаа юм, би өөрөө аваад явчихъя” гэсэн чинь цагдаа нар яваад өгсөн. Тэгээд би Бийг сэрээгээд авч явах гэтэл босохгүй байхаар нь уудаг газраа очсон чинь манай нөхөр болон нөгөө гар утсаа булаалгасан залуу байж байсан. Би Бийг “Худгийн хажууд шал согтуу хэвтэж байна лээ” гэж хэлсэн чинь нөгөө гар утсаа булаалгасан залуу гараад гүйгээд явсан. Тэгээд цагдаа дуудсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.23/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БЗД2-22-1110 дугаартай дүгнэлт /хх.26-27/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.55/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт /хх.59/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.60/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.41/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.32/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Б.Б нь 2022 оны 05 дугаар 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ голын эрэг дээр хохирогч Д.Намсрайн эзэмшлийн Самсунг-А02 маркийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас хохирогчид 220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Намсрайн өгсөн: “... Би өнөөдөр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Сэлбэ голын хажууд хоёр найзтайгаа уулзчихаад ганцаараа Сэлбэ голын зах дээр гар утсаараа яриад хэвтэж байсан чинь хажуу талаас нэг үл таних залуу гар утсыг гараас шүүрч аваад гол гатлаад зугтахаар нь би хойноос нь хөөгөөд тэр залууг барьсан чинь ... буцаагаад миний өмдний халааснаас аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч Б.Солонгын өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлбийн гол дээр Б, Пүүжээ, Содхүү бид дөрөв 0.75 литрийн савлагаатай архи хувааж уугаад, голд Б сэлээд байж байтал Б голын цаана хэвтэж байсан үл таних залуу гар утсаараа яриад байж байсан чинь гар утсыг нь булааж аваад гүйгээд яваад өгсөн... Б дахиж ирээд халааснаас нь гар утсыг аваад зугтаагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх.23/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БЗД2-22-1110 дугаартай дүгнэлт /хх.26-27/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг тус тус ойлгоно.

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Б.Б нь иргэн Д.Намсрайн өмчлөлийн Самсунг-А02 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан үйлдэл нь “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Б.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирлын 220.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Б.Бид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Бид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Б.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Бы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Б.Бид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бид сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР