Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/423

 

 

 

 

 

 

 

   2023        03          28                                  2023/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ат холбогдох 2303 00026 0085 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4А гудамжны 1476 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт НА /РД: /.

Хэргийн товч агуулга:

Н.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын  замд “Toyota Prius-30” загварын 61-77 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Д.Бямбажавыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх.7-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.06/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайн өгсөн: “... ээжээс юу болсон талаар асуухад автобусны араар гарах гэж усны тэрэг түрж байгаад машинд мөргүүлсэн, бусад зүйлийг сайн санахгүй байна гэж хэлсэн... Настай хүн нааш цааш олон яваад байх боломжгүй, мөн дээрээс нь нүд нь юм харахгүй, уншиж бичихдээ муу учраас би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоод явж байна...гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Э.Лхагвадоржийн өгсөн: “... зээлдэгчтэй байгуулсан фидуцийн гэрээгээр авто машиныг ашиглах явцад гарах аливаа эрсдэлийг зээлдэгч хариуцахаар тусгагдсан байдаг учраас манай компанийн зүгээс машинтай холбоотой ямар нэгэн хохирол төлбөр төлөх үндэслэлгүй юм...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “... Хохирогч Д.Бямбажав ослын улмаас учирсан гэмтэл, бэртэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.942.000 төгрөгийн зардал гарсан ба уг зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.41/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Болороогийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай:

“1. Д.Бямбажавын биед баруун уушгины авчилт, цээжний хөндийн баруун талд хий хуралт, зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.46-47/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.61/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.66-67/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Аын яллагдагчаар өгсөн: “... Миний хувьд хохирогч Д.Бямбажавыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Түүнд учирсан хохирлыг төлж барагдуулна. Эмчилгээний зардлуудыг төлөөд явж байгаа, ойролцоогоор 600.000 төгрөг орчим мянган төгрөгийг зарцуулаад байна. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гараад дэлгүүр орж нүүрс авах гээд 61-77 УАВ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 1 нас 2 сартай охин Анужингийн хамт Улиастайн автобусны эцсийн буудлын тойргийн зам руу хойноосоо урагш чиглэлтэй явж байтал автобусны эцсийн буудал дээр миний урд талд цэнхэр өнгийн автобус явж байхаар нь түүний араас дагаад зөөлөн явж байтал гэнэт түс хийх чимээ гарахаар нь зогсоод буугаад харахад усны түрдэг тэрэг түрээд явж байсан эмэгтэйг замын гол хэсэгт мөргөөд унагаачихсан байсан. Тухайн үед нарны өөдөөс явж байсан болохоор гялбаад юм харагдахгүй болохоор машины урд талын нарны хаалтыг буулгачхаад л явж байхдаа тухайн хүнийг харалгүй машины баруун урд талын дугуй хэсгээр мөргөөд унагаасан. Үнэхээр хараагүй. Харсан бол зогсох арга хэмжээ авах байсан. Тухайн үед би охиноо хажуу талын суудал дээр суулгаад бүсээр нь дарчихсан байсан. Охин болон миний биед учирсан гэмтэл, бэртэл байхгүй. Өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэгээд би шууд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Унаж явсан машин минийх бөгөөд “Нэт капитал инвест” ХХК-ны нэр дээр байдаг. Энэ оны 8 дугаар сард 16 сая төгрөгийн зээл авч уг машиныг худалдан авч байсан. Тогтуун цаг агаартай, замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.70/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “... Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд, урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байна... 2021 оны Техникийн хяналтын үзлэгт ороогүй байна...” гэх дүгнэлт /хх. 51-58/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай: “Тоёота Приус маркийн 61-77 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх.61/,

 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.76-80, 85/ зэрэг болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Н.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын  замд Toyota Prius-30 загварын 61-77 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Д.Бямбажавыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх.7-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.06/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайн өгсөн: “... ээжээс юу болсон талаар асуухад автобусны араар гарах гэж усны тэрэг түрж байгаад машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “... Хохирогч Д.Бямбажав ослын улмаас учирсан гэмтэл, бэртэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.942.000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх.41/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Болороогийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай:

“1. Д.Бямбажавын биед баруун уушгины авчилт, цээжний хөндийн баруун талд хий хуралт, зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.46-47/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Аын яллагдагчаар өгсөн: “... урд талд цэнхэр өнгийн автобус явж байхаар нь түүний араас дагаад зөөлөн явж байтал гэнэт түс хийх чимээ гарахаар нь зогсоод буугаад харахад усны түрдэг тэрэг түрээд явж байсан эмэгтэйг замын гол хэсэгт мөргөөд унагаачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.70/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “... Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд, урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байна... 2021 оны Техникийн хяналтын үзлэгт ороогүй байна...” гэх дүгнэлт /хх. 51-58/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай: “Тоёота Приус маркийн 61-77 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна....” гэх магадалгаа /хх.61/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Аыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн үндсэн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Д.Бямбажавын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “баруун уушгины авчилт, цээжний хөндийн баруун талд хий хуралт, зүүн атгаал ясны хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Н.Аын холбогдсон тус үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Н.А нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Н.Аын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч Д.Бямбажав болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нар нь 400.000 төгрөг авсан, нэмж баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөр 2.942.000 төгрөгийг шүүгдэгч Н.Ааас гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

Харин хохирогч Д.Бямбажав нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Ааас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Н.А гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасан, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

          Н.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

          Шүүгдэгч Н.Ат оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 8 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгах нь зүйтэй.

          Н.Ат оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.  

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Н.Ат урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт НАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ат 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ат оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 8 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ат сануулсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Ааас 2.942.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч Д.Бямбажав нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ат урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР