Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 00124

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Боржигин овогт Эрдэнэтөгсийн Бын /РД:*/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: * тоотод оршин суух, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Цагаан гэрүүд овогт Сэмжидийн БЭд /РД:*/ холбогдох

             ачааны автомашины моторын үнэ 6000000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч С.БЭ, түүний өмгөөлөгч С.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.БЭд ачааны автомашины к13с маркийн моторыг 10 сая төгрөгөөр үнэлж худалдсан юм. Би урьдчилгаанд нь 4 сая төгрөг аваад үлдэх 6 сая төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар хоорондоо тохиролцоод гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өнгөрөхөөр нь би БЭийн гар утас руу нь залгахад утсаа ерөөсөө аваагүй. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Говь-Алтай аймагт явж байхад БЭ над руу залгаад моторын чинь гавал нь хагархай байна үлдэгдэл мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө байна хот руу ороод яръя уулзъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би нөгөөдөр нь хотод ирээд БЭийн утас руу нь залгахад БЭ цагийн дараа уулзъя гэж хэлсэн. Цагийн дараа би дахин залгахад БЭ утсаа аваагүй учир бид уулзалдаж чадаагүй. Би уулзалдсан бол өөрийн биеэр очиж мотороо үзэх гэж байсан юм. Сүүлдээ БЭийн утасны орох ярианы эрх нь хаагдаад холбогдохгүй болсон. Тэгэхээр нь би фейсбүүкээр орж энэ хүний утсыг олж аваад залгахад эмэгтэй хүн аваад тийм хүн байхгүй гэсэн. Ингээд би утсаар холбогдож чадахгүй байсан учир гэрээ байгуулсан хаягаар нь БЭийн гэрт очиход тийм хүн амьдардаггүй гэсэн. БЭ надад Зүүнхараад дэлгүүртэй гэж ярьж байсныг нь санаад энд ирээд хүмүүсээс асууж байж гэрийнх нь хаягийг олж мэдсэн. Тэгээд би тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан боловч бид эвлэрээгүй учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Одоо би моторын үлдэгдэл мөнгө 6 сая төгрөгийг БЭэс нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулахдаа БЭ нь өөрийнхөө яг оршин суудаг газрын хаягаар биш иргэний үнэмлэх дээр байсан өөрөө оршин суудаггүй хаягаар гэрээ байгуулсан байгаа юм гэв.

Хариуцагч С.БЭ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Бтай уулзаж моторыг нь үзсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр моторыг нь асааж үзэхэд усгүй учир удаан асааж болохгүй гээд унтраасан. Тэгэхээр нь би санаанд оролгүй моторыг нь авсан. Моторынх нь гавал нь хагархай байсан учир усыг нь асгасан байсан юм шиг байна лээ. Би моторыг нь аваад Зүүнхараад авчраад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шарын гол суманд эвдэрсэн байсан машиндаа тавьсан. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр машинаа асаахад гавлаараа тосол нь гоожсон. Тэгэхээр нь би Б руу залгаж хэлэхэд би хөдөө явж байна хот ороод яръя гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа хот орж утсаар ярихад Б тийм юм байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр дахиж холбогдож чадаагүй. Би хотоос ирээд өөрийнхөө хуучих мотороос гавлыг нь тайлж аваад Баас авсан моторонд угсарч тавьсан. Тэгээд асаагаад Шарынголоос нааш явах гэтэл моторынх нь апартур ацаад байсан. Тэгээд дахиад наашаа зүүнхараад ирж өөрийнхөө хуучин моторноос апартурыг нь тайлж аваад хэд хоногийн дараа засварчин дагуулж очоод апартурыг нь сольж угсарсан. Тэгээд наашаа ирж явтал жанам нь ажиллахгүй акумлятороо суулгасан. Дахиж Зүүнхараад ирээд өөрийнхөө моторноос жанамыг нь тайлж аваад 2 ширхэг акумлятор хүнээс гуйж аваад аваачиж тавиад наашаа явахад автомат нь хий хураахгүй байсан учир тоормоз ажиллахгүй байсан. Тэгээд аргалж авчраад хашаандаа тавиад өвөлжингөө асаагаагүй. Хэрэв мотор нь зүгээр байсан бол би үлдэгдэл мөнгийг нь өгөх байсан. Сая дулаан орохоор нь янзалж асаагаад Улаанбаатар хот оруулж машинаа зарах санаатай байж байна. Б надад моторыг зарахдаа орж ирсэн мотор гэж зарсан. Би машинаа зарах гэж зар өгөхдөө орж ирсэн мотор тавьсан гэж зар өгсөн. Одоо энэ хүний нэхэмжилж байгаа 6 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Моторынх нь сольсон эд ангиуд нь байгаа учир тэдгээрийг нь өгөөд дээр нь 2 сая төгрөг өгье гэж бодож байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч С.БЭэс Хино маркийн автомашины k13c маркийн моторын үнийн үлдэгдэл 6 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.БЭ нь 6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, моторын үнийн үлдэгдэлд 2 сая төгрөгийг төлнө гэж маргажээ.

Хариуцагч С.БЭ нь нэхэмжлэгч Э.Баас Хино маркийн автомашины к13с моторыг 10 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 сая төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4 сая төгрөгийг, үлдэгдэл 2 сая төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлж барагдуулахаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч С.БЭд худалдсан автомашины к13с маркийн моторыг 13 сая төгрөгөөр 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Бухт тэрэг ХХК-иас худалдаж аваад өөрийн машинд тавьж тээвэр хийж байсан болох нь Бухт тэрэг ХХК-ний тодорхойлолт болон Бэц транс ХХК-ний гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

Энэ нь уг мотор нь биет байдлын болон эд хөрөнгийн эрхийн доголдолгүй байсныг нотолж байх бөгөөд хариуцагч С.БЭ нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 сая төгрөгийг төлж уг моторыг зөөвөрлөн авч явж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тавьсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч С.БЭ нь нэхэмжлэгч Э.Баас худалдан авсан к13с маркийн мотор нь чанарын шаардлага хангахгүй, зориулалтаар ашиглах боломжгүй байсан бол биет байдлын доголдолтой гэж үзээд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар С.БЭ нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байсан боловч хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол, мөн хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүрэг болон шаардах эрхийн талаар зааж өгсөн байна.

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д.. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй .. гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Э.Бын к13с маркийн моторын үнийн үлдэгдэл 6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч С.БЭэс моторын үнийн үлдэгдэл 6 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бад  олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400953 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул хариуцагч С.БЭэс улсын тэмдэгтийн хураамжинд 110950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.БЭэс автомашины к13с маркийн моторын үнэ 6000000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.БЭэс улсын тэмдэгтийн хураамжинд 110950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.