Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01418

 

2021           11            17                                          001/ХТ2021/01418

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2020/00072 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

............гийн нэхэмжлэлтэй

............т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,698,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч ............гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Мөрөн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Байгаль ээж зах дээр худалдаа эрхэлдэг билээ. 2018 оны эхээр Мөрөн сумын иргэн Дэмбэрэлийн ............ нь надад мөнгийг чинь өсгөөд цаг хугацааны дараа буцааж өгье гэсэн санал тавьж, би түүнд 2018.03.29-30-ны өдрүүдэд түүний ХААН банкин дахь 5890469561 тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 6 сая төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Үүний дараа тэрээр миний мөнгийг буцааж өгч эхэлсэн боловч 2018.04.24-нөөс хойш мөнгө өгөөгүй болно.Тэрээр надаас авсан мөнгөө 4 удаа буцааж шилжүүлсэн ба нийт үнийн дүн нь 1,301,632 төгрөг болсон. Миний бие түүнээс зөвхөн дансаар шилжүүлж өгсөн мөнгөнийхөө үлдэгдлийг авахаар удаа дараа шаардаж байгаа боловч тооцоо хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. ...Иймд Мөрөн сумын иргэн ............ нь миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан ба мөнгөний жинхэнэ хариуцагч мөн тул мөнгөний үлдэгдэл 4,698,368 төгрөгийг гаргуулж хохирол барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ............ миний бие хувиараа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг юм. 2017.11 дүгээр сарын үед Хөвсгөл аймагт ''Stamford" сүлжээний үйл ажиллагааг явуулах гэж ирсэн спонсорлогч Баттулга гэдэг залуугийн сургалтанд миний бие өөр бас хэсэг хүмүүсийн хамт сууснаар уг сүлжээнд элссэн. Энэ сүлжээнд надаас гадна 10-аад хүн элссэн ба бүгд хөрөнгө оруулсан хэмжээгээр 7 хоног бүр ногдол ашгийг тогтмол авдаг байсан. Энэ ямар учиртай сүлжээ вэ? гэвэл таны оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгийн биржид хөрөнгө оруулснаар сүлжээнд элссэн хүн бүр ногдол ашиг авдаг байсан. Баттулга сургалт явуулаад сүлжээнд хүмүүс элсэж эхэлсэн ба би өөрөө ч уг сүлжээг сурталчлан өөрийнхөө доор хүмүүс элсүүлж байсан. Миний доор хэд хэдэн хүмүүс элсээд хөрөнгө оруулалт хийснийхээ дагуу 7 хоног бүр тогтмол ашгаа авдаг байсан. ... 2018.03.25, 26-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн суманд махны ченж хийдэг ............ гэдэг хүн нь махны ченж Энхжаргалаас сүлжээний талаар мэдээлэл аваад, Энхжаргал нь ............ бид 2-ыг холбож өгсөн ба би ............г гуйж сүлжээнд оруулаагүй юм. ............ өөрөө сайн дурын үндсэн дээр уг сүлжээнд элсье гэхээр нь би бүртгэлийг нь хийж ногдол ашгийг нь Монгол төгрөгт хөрвүүлж өгсөн. ... Би иргэн ............гоос сүлжээнд сайн дураараа элсэн орж, шилжүүлсэн мөнгийг би өөртөө авч ашиглаж завшаагүй юм. Stamford сүлжээ нь сүүлийн нэг жил гаран үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаад 2018.04.15-аас монгол мөнгө рүү хөрвөдөгAdvcash.com гэдэг цахим хуудсаар гүйлгээ хийхэд хүндрэлтэй болсон учраас Stamford сүлжээ доголдож үйл ажиллагаа нь тасалдаж эхэлсний улмаас сүлжээнд орсон хүмүүсийн ногдол ашгийг монгол мөнгө рүү хөрвүүлэх боломжгүй болсон. Ингээд уг компанийн үйл ажиллагаа зогссон. Уг сүлжээнд элсэн ороод би өөрөө ч бусад хүмүүс бас хохирсон. Би уг сүлжээний талаар болон хохирсон талаараа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Анарт гэрчээр мэдүүлэг өгсөн. Иймд миний бие ............ нэхэмжлэгч ............гоос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч ............ нь аль нэгэн компанид мөнгөө өгөөгүй, зөвхөн Мөрөн сумын иргэн ............т хариуцуулж өгсөн байгаа. Иргэн ............гийн мөнгийг хариуцаж хүлээж авсан болох нь түүний ХААН банк дахь 5890469561 тоот дансаараа 6 сая төгрөгийг нь хүлээж авсан, буцааж өгөх үүрэг хүлээсэн болох нь мөнхүү дансаар 1,301,632 төгрөг буцааж өгснөөр нотлогдож байна гэж үзэж байна. ...Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ зайлшгүй анхаарч үзэх ёстой асуудал бол Мөрөн сумын иргэн ............ нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хандахад ............ нь мөнгө төлөх ёстойгоо хүлээн эөвшөөрсөн ба 2019.07.20-ны дотор өгөх боломжтой гэж мэдэгдсэн явдал юм. Гэтэл өнөөдөр яагаад энэ тухайгаа шүүхэд мэдэгдэхгүй байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч ............гоос шилжүүлсэн мөнгө Стэмфорд компанийн дансанд орсон гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болно. ............... нь анхны шүүх хуралдаан дээр иргэн Ц.Нямбуу, Л.Энхтуяа нарт холбоотой хэрэг бүртгэлийн тогтоолыг нотлох баримтаар өгч үнэлүүлж байснаа одоо болохоор өөрийн зүгээс М.Хишигбаяр нарт холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа нь туйлын ойлгомжгүй байна. /сэжигтэн, яллагдагч биш атлаа/ Энэ байдал нь ............ нь хууль зөрчин худал мэдүүлэг, тайлбар өгч байгааг нотолж байна. Мөрөн сумын иргэн ............тай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж, Мөрөн сумын иргэн Л.............гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2020/00072 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ............т холбогдох 4,698,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,124 /ерэн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2020/00072 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 124 /ерэн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ............ хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Энэ хэргийн хариуцагч болох ............ нь нэхэмжлэгч миний мөнгийг өсгөөд өгье гэсэн санал тавьсны дагуу би 2018.03.29-30-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 6,000,000 төгрөгийг ............ын дансанд шилжүүлсэн ба ............ 2018.04.24-ний өдөр хүртэл 1,301,632 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр миний данс руу буцаан шилжүүлсэн. Харин үлдэгдэл мөнгө болох 4,698,368 төгрөгийг буцааж өгөөгүй тул тус мөнгийг гаргуулахаар би шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгтэл Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг мушгин гуйвуулж, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх гэж ташаа дүгнэж буруу шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт /6 дугаар талд/ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............т 6,000,000 төгрөгийг зээлсэн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн хангалттай нотлогдохгүй байна.” гэжээ. Харин би нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах, эрхийн хүрээнд гаргаагүй төдийгүй, зээлийн гэрээтэй холбоотой ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй юм. Анхан шатны шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 4,698,368 төгрөг гаргуулах гэж тодорхойлоод “...нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд “Stamford” гэх сүлжээний бизнестэй холбоотой харилцаа үүссэн болох нь ...тогтоогдлоо.” гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироосон, Монгол улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ............т мөнгө зээлүүлсэн, зээлийн үлдэгдэл мөнгөө авна гэх утга бүхий зүйлийг огт хэлж, ярьж байгаагүй юм. Мөн хариуцагч талаас бидний хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээ мөн биш гэсэн тайлбарыг өгөөгүй байдаг. Хүний амьдрал баялаг учраас хуульд заагаагүй гэрээ, хэлцлийн харилцаа байнга үүсч байдаг ба үүнийг ч иргэний эрх зүйн харилцаа гэж үзнэ гэдгийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө зээлийн гэрээний үндсэн дээр шаардаж байгаа гэж тулган тодорхойлж байгаа нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн хүсэл зоригоос ангид байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэж үзэж байна. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийнхөөрөө буруу тодорхойлсон учраас нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн бодит харилцаанд үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж, үнэн зөв шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “....Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 31атТогс1 гэх сүлжээний бизнестэй холбоотой харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тухайлбал нэхэмжлэгч ............ нь хариуцагч Д.Отгонбаяын 5890469561 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 29, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд “Stamford долларын бүртгэл МА70031635 Ёндонлд”, “burtgel” гэх утга бүхий гүйлгээ хийсэн, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдлоо:” гэж дүгнэснээс үзэхэд шүүх нотлох баримтыг хэт нэг талыг баримталж үнэлсэн болох нь харагдаж байна. Хариуцагч хариу тайлбартаа намайг “Stamford” сүлжээнд орохоор мөнгө шилжүүлсэн гэж хэлдэг боловч миний хувьд ............т хүссэн мөнгийг нь өгсөн ба өөрийнх нь хэлсний дагуу гүйлгээний утга дээр дээрх үгсийг бичсэн юм. Мөн надаас орсон мөнгийг Ариунбилэг гэдэг хүний данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолж чаддаггүй. Би нийт 6,000,000 төгрөгийг ............ын данс руу шилжүүлсэн байхад хариуцагч Ариунбилэгийн данс руу 4,862,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Мөн хариуцагч ............ шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан удаа дараагийн тайлбартаа би олон хүний мөнгийг ингэж шилжүүлж өгдөг, би өөрөө ч энэ хэрэгт хохирогч болсон гэж тайлбарладгаас харахад тухайн өдөр Ариунбилэг рүү шилжүүлсэн мөнгийг миний нэрийн өмнөөс явуулсан миний мөнгө гэж үзэх боломжгүй юм. ............аас Ариунбилэг рүү мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр миний мэдээлэл огт байдаггүй төдийгүй миний зүгээс ............т шилжүүлсэн мөнгө, ............ын Ариунбилэгт шилжүүлсэн мөнгөний дүн зөрүүтэй байгаагаас миний хүсэл зориг ............ын тайлбарлаад байгаагаас зөрүүтэй болохыг харж болно. Өөрөөр хэлбэл надаас ............т мөнгө очсон нь миний гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа боловч ............ нь тэр мөнгийг цаашаа хэрхэн зарцуулсан тухай нотлох баримт байхгүй байгааг шүүх анхаарч үзэлгүй орхисон. Хавтаст хэрэгт авагдсан Ариунбилэг гэдэг хүний дансны хуулга гэх баримт нь Ариунчимэг гэсэн нэрийн зөрүүтэй баримт тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийнхүү миний нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэгчийн хүсэл зоригоос ангид өөрийн ашиг сонирхлоор мушгин тодорхойлж, түүнийхээ дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагчийн хариу тайлбарыг нотлох баримт байхгүй байхад түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож шийдвэр гаргасанд миний бие маш их гомдолтой байна. Мөн Хөвсгөл аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг миний гаргасан гомдлын үндэслэлийн дагуу хянаж, анхан шатны шүүхийн алдааг засч чадаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............т холбогдуулан 4,698,368 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Зохигчийн тайлбар, шаардлага ба татгалзлын үндэслэлээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгч нь сүлжээнд элсэхээр харилцан тохиролцож мөнгө шилжүүлсэн эсэх эсвэл хариуцагч нь мөнгийг өсгөж өгөхөөр тохирсон эсэх талаар маргасан байхад шүүх маргааны зүйл, гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй, үүний тулд ач холбогдол бүхий байдлыг талуудаас тодруулаагүй нь маргааны талаар шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талууд дутуу орхих, хангалтгүй тохиолдолд талуудын тэгш байдлыг зөрчихгүйгээр асуух, тодруулах замаар тодорхой болгох нь шүүхийн үүрэг юм. Шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаан эрх зүйн ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тодорхойлсноор тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэх үндэс бүрдэнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хэнд шилжүүлсэн, 1,301,632 төгрөгийг нэхэмжлэгчид хэн буцааж шилжүүлсэн, үүнд хариуцагч хэрхэн оролцсон болох, мөнгийг өсгөх талаар хэний хооронд ямар тохиролцоо байсан эсэхийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоох шаардлагатай байна.

Хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтад тулгуурлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2020/00072 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 90,124 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД

                         ШҮҮГЧИД                                                             Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                   Х.СОНИНБАЯР