| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 110/2024/0084/З |
| Дугаар | 221/МА2025/0255 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0255
Ш.А-н гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 000000000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: Ш.А
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ш.А
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б.М
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, А.Т, О.С
Хариуцагч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 110/2024/0084/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ш.А нь ““Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.А-н Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А-т холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Анхан шатны шүүхийн шүүгч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-т “...нам эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна" гэж заасныг буруу тайлбарласан байна. Тодруулбал, нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр заавал зардлын данс нээх агуулгаар тус заалтыг тайлбарлаж байгаа нь буруу юм. Хэрэв хуулийн тус хэсэг тийм агуулгатай бол эвсэл болж орж байгаа нам бүр нэг зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл эвсэл болж орсон намууд зардлын данс нээлгэхгүй гагцхүү эвсэл нь зардлын данс нээж сонгуульд оролцож байгаа бөгөөд татварын байгууллага үүнийг торгохгүй байгаа. Мөн хуулийг дээрх байдлаар тайлбарлах юм бол намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид ч зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүс зардлын данс нээхгүй байгаа бөгөөд тэр хүмүүсийг татварын байгууллага торгохгүй байгаа.
3.2. Тодруулбал, Э намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг ч торгоогүй. Хуулийн 51.1 дэх заалт нь зардлын данс нээх бол зөвхөн нэг л данс нээх тухай буюу олон данс нээхгүй байх агуулгатай юм.
3.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн гэж торгосон. Хуулийн тус заалтад "сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" хэмээн заасан. Харин хуулийн тус хэсэгт зардлын данс нээгээгүй бол" гэж заагаагүй. Бидний энэ агуулга бүхий үндэслэлийг шүүх няцаахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчимд нийцэхгүй гэсэн байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Зардлын данс нээхгүй байх" гэдэг эс үйлдэхүйг зөрчил болгон хуульчилсан гэх агуулга бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, шүүгч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Зардлын данс нээхгүй байх гэдэг зөрчил хуульчлагдаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж үзэхээр заасан. Зардлын данс нээхгүй байх эс үйлдэхүй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заагаагүй тул тус үйлдэл, эс үйлдэл нь зөрчил биш юм. Хууль тогтоогчийн зүгээс сонгуульд нэр дэвшигч нь зардлын данс нээхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн тул энэ явдлыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчил болгон хуульчлаагүй.
3.4. Сонгуулийг зохион байгуулах чиг үүрэг бүхий дээд шатны захиргааны байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ч хуулийг энэ агуулгаар тайлбарлаж, хэрэглэж ирсэн. Тодруулбал, Э нам 2020 оны болон 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо ч нэр дэвшигчид зардлын данс нээгээгүй, гагцхүү намын зүгээс зардлын данс нээсэн явдлыг Сонгуулийн ерөнхий хороо хуульд нийцнэ гэж хүлээн зөвшөөрч ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1030 дугаартай албан бичиг (Э намд ирүүлсэн), 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/1095 дугаартай албан бичигт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн) тус тус "Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой хэмээн тусгасан байдаг. Сонгуулийн үеэр Э нам энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандахад мөн адил хариуг өгч байсан болно. Сонгуулийн ерөнхий хороо нь Э нам, түүний нэр дэвшигчдийн зардлын данс нээхгүй байгаа явдлыг хууль ёсны гэж үзэж ирсэн бөгөөд Э нам, түүний нэр дэвшигчид түүний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд Э нам, түүний нэр дэвшигчдэд үүссэн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж бид үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт, няцаалт хийгээгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны албан бичгүүдэд дүгнэлт өгсөнгүй.
3.5. Э нам нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо ч сонгуулийн зардлыг зөвхөн намаас санхүүжүүлэх байдлаар оролцсон. Үүнтэй холбоотой сонгуулийн нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байхаар шийдвэрлэж, үүний дагуу ажиллаж байсан. Энэ үед Булган аймаг дахь татварын хэлтсийн Улсын байцаагчид нь Э намын нэр дэвшигчийг мөн адил үндэслэлээр торгосон байдаг. Тухайн торгуулийн хуудсыг нэр дэвшигч эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх тус маргааныг шийдвэрлэсэн. Ингэхдээ Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн Үндэслэх хэсэг, 6 дахь хуудсанд дараах дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд: "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банкинд нээлгэсэн дансны талаарх мэдээллээ холбогдох байгууллагад бүртгүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт байна. Нэгэнт нэр дэвшигч нь намын шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй учир зардлын дансыг бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй" хэмээн тайлбарлаж байсан. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Иймд Э нам, түүний нэр дэвшигчид зардлын данс нээхгүй байх нь хууль ёсны гэж итгэж, үнэмшиж байсан. Анхан шатны шүүх иргэн Ш.А-н нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт, няцаалт хийгээгүй байна.
3.6. Товчхондоо, Э нам, түүний нэр дэвшигчид нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, тайлбар; Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийдвэр, Татварын байгууллагаас захиргааны хэргийн шүүхийн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдалд итгэж, өмнө оролцож байсан арга, хэлбэрийн дагуу Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцсон. Гэтэл татварын улсын байцаагч нь үүнийг дахин хууль бус хэмээн торгосон. Тус торгуулийг хэвээр үлдээж буй шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
2.1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.2. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А-н 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.А ийг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр” торгох шийтгэл ногдуулжээ.
2.3. Гомдол гаргагч Ш.А нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А-т холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...Миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нам болох Э нам нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн ... би сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Данснаас зардал гаргахгүй ч гэсэн заавал тайлан гаргах, данс нээхийг Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосон учраас данс нээж, тэрийгээ заавал бүртгүүлэх үүрэгтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь нэгэнт сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон” гэж маргажээ.
2.4. Анхан шатны шүүх “... Мөн сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах талаарх зохицуулалт нь дээр дурдсанчлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчмыг хангах агуулгатай бөгөөд хуульд заасан сонгуулийн зардлын дансны талаарх журам нь сонгуульд оролцох бүх нам,эвсэл, тойрогт нэр дэвшигчид адил тэгш үйлчлэх нь уг хуулийн зорилго, зарчимтай нийцэх юм … Хууль тогтоогчоос сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн буюу сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй тохиолдолд зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тодорхойлсон бөгөөд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар холбогдох хуульд сонгуулийн тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг л данс нээлгэх, тухайн зардлын дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч нь сонгуульд хэрэглэгдэх зардлыг хуульд заасны дагуу данс нээлгэж, түүнд төвлөрүүлэн зарцуулахаар байх бөгөөд ийнхүү сонгуулийн зардлын нэг данс нээж, бүртгүүлэх нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилсан сэргийлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчмыг хангах зорилготой байна.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар “Э намаас нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох үйл ажиллагааны тухай” тогтоолоор Э намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Э намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
2.8. Уг шийдвэрийн дагуу Э нам нь зардлын данс нээлгэж Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн төдийгүй гомдол гаргагч Ш.А нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй нь түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогдож байна.
2.9. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Ш.А нь намын гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй бөгөөд ямар нэг байдлаар хандив аваагүй, сурталчилгаанд шаардлагатай зардлыг өөрийн данснаас зарцуулаагүй, бэлэн болон бэлэн бус хандив аваагүй, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсаны дагуу нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байсан энэ тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
2.10. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ”, 49.2.1-т хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-т нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 36 дугаар зүйлийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасан ба Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1090, 3/1110 дугаар албан бичгүүдээр “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсаны дагуу нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэсэн хариу тодруулгыг Э нам, Үндэсний аудитын газарт тус тус хүргүүлжээ.
2.11. Дээрхээс үзэхэд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч бүр заавал хандивын данс нээлгэн сонгуульд оролцох үүрэг хүлээхгүй бөгөөд Э намаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулгыг сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар хийж гүйцэтгэн зөвхөн Э намын өөрийн албан ёсны цахим хуудсууд болон олон нийтийн радио, телевизийн төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй самбаруудыг ашиглахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж” шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагч Ш.А ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасныг зөрчсөн гэж буруутгахааргүй байна.
2.12. Энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...Нам эвсэл, нэр дэвшигч тус бүр зардлын данс нээх агуулгаар тайлбарлаж байгаа нь буруу ... Эвсэл болж орж байгаа намууд зардлын данс нээлгэхгүй гагцхүү эсвэл нь зардлын данс нээж сонгуульд оролцож байгаа бөгөөд татварын байгууллага үүнийг торгохгүй байгаа. Хуулийг дээрх байдлаар тайлбарлах юм бол намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид ч зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүс зардлын данс нээхгүй байгаа бөгөөд тэр хүмүүсийг татварын байгууллага торгохгүй байгаа” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
2.13. Мөн Зөрчлийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт Э намаас нэр дэвшигч Ш.А-н гаргасан гэх зөрчлийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ц.Т нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст харъяаллын дагуу шилжүүлэхдээ прокурорын зөвшөөрөлгүй буюу танилцуулж бүртгүүлэхгүйгээр шилжүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдсэн нутаг дэвсгэр хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, мөн зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.1-д “гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
2.14. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч Ш.А-н “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг баримтлан гомдол гаргагч Ш.А-н гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А-н 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ