Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0829

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “В” ХХК /РД:***/,

Хариуцагч: ШӨын Хууль эрх зүй дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Б,

Гомдлын шаардлага: “ШӨын Хууль зүй, дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “В” ХХК-ийн захирал Ц.Агаас шүүхэд гаргасан гомдолдоо: ”В” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний худалдаа хийж чанар стандартын аливаа доголдолгүй бүтээгдэхүүн худалдан борлуулдаг. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ШӨын улсын байцаагч Э.Б нь манай компанийн дэд захирал Т.Ттай утсаар холбогдож дуудсаны дагуу очиж уулзахад дараах тайлбарыг хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл буюу хэрэг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх шийтгэлийн хуудсыг танилцуулсан. Үйл баримтын хувьд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг дахь”ЖО” ХХК-ийн ГТБА-д түрээсэлдэг дизелийн түлш нөөцлөх 3-р савнаас дээж авч Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхайн, газрын тосны төв лабораторид 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, ИНЕГ-н Оношилгоо, хэмжил зүйн лабораторид 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус шинжлүүлжээ.

ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний үр дүнд стандартын шаардлага хангаагүй хариу гарсан байна гэж тайлбарлан Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг удирдлага болгон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх зүйтэй байна гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас бичсэнийг дараах үндэслэлээр үл зөвшөөрөн гомдол гаргаж байна.

1. Газрын тосны бүтээгдэхүүн дээж авах арга MNS 0218:2008 стандартын дагуу дээж аван шинжилгээнд оруулах ёстой. Гэтэл улсын байцаагчийн шийтгэл оноох үндэслэл болгож буй шинжилгээний дүгнэлт нь MNS 0218:2008 стандартын дагуу хийгдээгүй, өөрөөр хэлбэл дээж авах ажиллагааг стандартад заагдсаны дагуу хийгээгүй зориулалтын саванд шаардлагад нийцүүлж аваагүй, тээвэрлэлт хадгалалтын горимыг зөрчиж дээжийн чанар байдлыг дордуулж 23 хоногийн дараа шинжилгээнд оруулсан нь лабораториудын хариу харилцан адилгүй гарсан дүгнэлтээр тодорхой нотлогдоно.

2. Манай компани нь ОХУ-н Роснефть компанийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраар дамжуулан бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрээс шууд татан авдаг бөгөөд Гаалийн бүрдүүлэлт хийн хадгалах савандаа буулгахаасаа өмнө чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар Гаалийн ерөнхий газрын харьяа лабораториор хөндлөнгийн шинжилгээ хийлгэж чанарын хувьд стандартын шаардлага хангасан тохиолдолд буулгалтаа хийх эрхээ авдаг. Тухайн дээж авах үед саванд хадгалагдаж байсан түлшний чанар нь ч Гаалийн ерөнхий газрын лабораторийн №***дүгнэлтээр стандартын шаардлага хангаж буй нь баталгаажна.

3. MNS 0218:2008 стандартад заагдсанаар шинжилгээ хийгдсэн дээжээс маргаан таслах зорилгоор хяналтын дээж авч үлдэн 45 хоног хадгалах ёстой бөгөөд хэрэв чанарын хувьд эргэлзээ, маргаан үүссэн тохиолдолд ахин шинжилдэг. Лабораториудын шинжилгээний үр дүнгүүд хэт зөрүүтэй байгаа тул бид уг хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ийм илэрхий зөрүүтэй гарсан хариу дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудас бичсэн байх тул тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “газрын тосны бүтээгдэхүүн, дээж авах арга MNS 0218:2008 стандартын дагуу дээжийг аваагүй, зориулалтын саванд шаардлагад нийцүүлж аваагүй, тээвэрлэлт хадгалалтын горимыг зөрчиж дээжний чанар байдлыг дордуулж 23 хоногийн дараа шинжилгээнд оруулсан, лабораториудын үр дүн илэрхий зөрүүтэй байсан боловч стандартын шаардлага хангахгүй гэж гаргасан дүгнэлтийг үндэслэн Шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль оногдуулсан нь үндэслэлгүй” гэх талаар:

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй ”чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдол мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл зэргийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд ШӨын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн.

Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ”В” ХХК-ийн агуулахын Нярав П.Быг байлцуулан бөөнөөр борлуулж буй дизелийн түлшнээс дээж авсан. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ”MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” стандартын дагуу авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж, тухайн өдөр нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн. Лабораторийн дүнгүүдийг ШӨын ”Дүгнэлт гаргуулах тухай” ** дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу хүргүүлж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ”Шатахууны чанарын тухай” **** дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Улсын Ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ***********, ***дугаартай дүгнэлт ирсэн.

Дүгнэлтээр ”В” ХХК-ийн бөөнөөр борлуулж байсан агуулахын дизелийн түлш нь ”Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон буюу хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ”Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн.

Тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд ”В” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн  оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “В” ХХК-ийн ШӨын Хууль зүй, дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Бд холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

ШӨын Хууль зүй, дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Б нь ******тоот шийтгэлийн хуудсаар “В” ХХК-ийг чанар стандартын шаардлага хнагаагүй шатахуун худалдаалсан зөрчил үйлдсэн гэж үзэж 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ(хх: 122 дахь талд).

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг эс зөвшөөрч гомдлын үндэслэлээ “... шатахууныг импортолж оруулж ирэхдээ болон хяналт шалгалтын явцад авсан 3 дээжний нэг дээжид хийсэн шинжилгээгээр стандартын шаардлага хангасан болох нь тогтоогдсон байхад зөвхөн нэг дээжид хийсэн шинжилгээний дүнг үндэслэсэн, мөн маргаан таслах дээжид шинжилгээ хийлгэгүйгээр торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь  тул маргаан бүхий акт нь хууль бус юм” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хяналт шалгалтын явцад цуглуулсан дээжид хийсэн сорилтын дүнг үндэслээн мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчийн дүгнэлт гарсан ба шийтгэлийн хуудсыг уг дүгнэлтэд үндэслэн гаргасан тул маргаан бүхий акт нь хууль хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар -д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх”, 12 дугаар зүйлийн 12.1-т “худалдагчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь ...заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх” гэж тус тус заажээ.

“В” ХХК-ийн импортолсон, хяналт шалгалтад хамрагдсан дизелийн түлшний дээж нь өвлийн улиралд хэрэглэгдэх түлш бөгөөд, “Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцсэн байх ёстой тухайд хэргийн оролцогцогчид маргаагүй.

“Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын 5 дугаар зүйлийн 5.2-т “Түлшний ... хангасан байна” Түлшинд тавих шаардлага хсүнэгтийн 1-д “Цетаны тоо аль ч улиралд 45-аас багагүй”, 14-т “нийт бохирдол 24мг/кг-аас ихгүй”, 16-д “хувийн жин 150С-д 843,4кг/м3 ихгүй/өвлийн улиралд/”, 17-д хувийн жин 200С-д 840-860кг/м3 /бүх улиралд/” гэж тус тус заажээ[1].

            Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “В” ХХК-ийн нөөцлөх агуулахад хадгалагдаж байсан евро дизель түлшнээс авсан 210763 кодтой дээжинд Иргэнийн нисэхийн үндэсний төвийн оношлогоо, хэмжил зүйн лабораториос хийсэн сорилтын дүнгээр түлшний нягт/хувийн жин/ 200С-д 826,3±0,1кг/м3, бохирдлын хэмжээ 27±0,2мг/кг, цетаны тоо 43±0,1 байсан(хх: 67-69 дэх талд), эдгээр үзүүлэлт нь “Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-***/***тоот дүгнэлтээр тогтоогдсон байна[2]

             Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагчаас “В” ХХК-ийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаагүй гэж үзсэнийг үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, “В” ХХК-ийн импортолсон дизель түлш нь үйлдвэрлэгчээс олгосон бүтээгдэхүүний паспорт болон Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхай, газрын тосны төв лаборатори, “А” ХХК-ийн Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн сорилтуудын дүнгээр стандартын шаардлагад нийцэж байгаа гэж тодорхойлогдсон боловч Иргэнийн нисэхийн үндэсний төвийн оношлогоо, хэмжил зүйн лабораториос хийсэн сорилтын дүнгээр стандартаар тодорхойлсон техникийн шаардлагад нийцэхгүй гэж тогтоогдсон, улмаар улсын эрх бүхий байцаагчийн дүгнэлт гарсан байх тул эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан “худалдагчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль ногдуулж шийдвэрлэсэн зөв байна.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дээж авахдаа стандартын дагуу аваагүй юм шиг байна лээ” хэмээн тайлбарласан, “мөн 3 дээж аваад 2 дээжийн дүн зөрүүтэй гарсан байхад “маргаан”-ы дээжинд шинжилгээ хийлгээгүй” гэж маргах боловч эдгээр нөхцөл байдлуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж, холбогдох хүсэлт, гомдлоо прокурорт гаргаж шийдвэрлүүлэх энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал,

- хяналт шалгалтын явцад дээж авсан тэмдэглэлд “...агуулахын нярав П.Б 3 шилэнд дээж авч өгөв”[3] гэж тэмдэглэгдсэн байх ба уг тэмдэглэлд П.Б гарын үсэг зурсан байна.

- 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд тус компанийн борлуулж буй дизелийн түлш нь цетаны тоо, механик бохирдол, хувийн жингийн хувьд стандартын шаардлагад нийцэхгүй байгааг холбогдогчийн төлөөлөгчид танилцуулсан, мэдүүлэг өгсөн Т.Таас “санал нийлэхгүй байгаа”-аас илэрхийлж, ямар дээж, ямар сорьцоор авсан тухай мэдэхгүй[4] гэж тайлбарласан боловч хяналт шалгалтын явцад дээж авахдаа стандартын дагуу ажилласан эсэх тухайд болон сорилтын дүнгийн зөрүүг арилгах талаар дахин шинижлгээ хийлгэх тухайд хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн сорилтын дүнгээр дизелийн түлшний дээжний сорилтын дүнгийн маргаан таслагдсан гэж үзэх, “зөвхөн нэг дээжид хийсэн шинжилгээний дүнг үндэслэсэн, мөн маргаан таслах дээжид шинжилгээ хийлгэгүйгээр торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь хууль бус” гэх гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхай, газрын тосны төв лабораториос хийсэн, хэрэг хянан шийдвэрлэг ажиллагааны явцад “А” ХХК-ийн Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн сорилтуудын дүнгээр, түүнчлэн  үйлдвэрлэгч болох ОХУ-ын “Р” компаниас олгогдсон бүтээгдэхүүний паспортоор “В” ХХК-ийн борлуулж буй евро дизелийн түлш нь стандартын шаардлага хангаж байх боловч уг сорилтуудын дүн нь шинжилгээнд хамрагдсан дээжид хамаарахаас бус,  Иргэнийн нисэхийн үндэсний төвийн оношлогоо, хэмжил зүйн лабораторийн хийсэн шинжилгээний дээжид хамаарахгүй.

Мөн Иргэнийн нисэхийн үндэсний төвийн оношлогоо, хэмжил зүйн лабораторийн хийсэн шинжилгээ нь түлшний хувийн жинг MNS 6861:2020 стандартад заасан 200С-д тодорхойлсон, ингэж тодорхойлсон нь мөн стандартад заасан хувийн жин 200С-д 840-860кг/м3 гэсэн хэмжээнд хүрэхгүй байх тул хариуцагчийн “хувийн жинг 15 хэмд бус 20 хэмд тодорхойлсон сорилтын дүн нь стандартын шаардлагад хүрээгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

            Иймд “В” ХХК-ийн ШӨын Хууль зүй, дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Бд холбогдуулан гаргасан “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

             

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг тус тус баримтлан “В” ХХК-ийн “ШӨын Хууль зүй, дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ