Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч Б.Ганбаяр, түүний өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Донгойд овогт Батжаргалын Ганбаярт холбогдох эрүүгийн 2321000000041 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг Рашаант гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,   Донгойд овогт Батжаргалын Ганбаяр. /РД: ЖД94101317/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ганбаяр нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Дөрөө-806 тоот байранд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим согтуурсан үедээ С.Болортунгалагийн толгойн тус газарт нь мөргөж биед нь “хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ганбаяр шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Болортунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багийн шинэ жилийн баярт ороод шөнө 00 цагийн үед тараад Дашбалбар сумын нэгэн айлд очиж баяраа үргэлжлүүлэн тэмдэглэсэн. ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Ганбаярын эхнэр Ганцэцэг нь чанга дуугаар бид нарыг янхан, банзлууд бос гэх зэргээр хэлж хашхираад байсан учир би түүнийг чимээгүй бай гэхэд өөдөөс хэрэлдээд байхаар нь түүний үснээс нь 1-2 удаа зулгааж байгаад тавихад Ганцэцэг чимээгүй болсон. Ингээд удалгүй Ганцэцэгийн нөхөр Ганбаяр нь гаднаас ороод ирсэн бөгөөд эхнэр нь түүнд хандаж энэ хүмүүс намайг дээрэлхээд, намайг зодоод байна гэхэд Ганбаяр нь гэрийн эзэн Гантөгсийг барьж авч мөргөөд зууралдаж авахаар нь би түүнийг боль гэхэд эхнэр Ганцэцэг нь над руу зааж энэ муу хүүхэн намайг зодсон гэж хэлэхэд Ганбаяр нь миний  хамар хэсэгт нэг удаа духаараа мөргөсөн. Энэ үйлдлийн улмаас миний толгой эргэж, нүд харанхуйлаад газарт суусан. Би гомдолтой байна. Миний биед учирсан гэмтлийг барагдуулахад шаардагдах тооцоог гэм буруутай хүмүүсээр төлүүлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч Г.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 08 цагийн орчим сэрэхэд манай гэрт байсан Даваахүү, түүний эхнэр Энхмаа нар явсан байсан. ...Болортунгалаг түүний нөхөр Гантулга, Ганбаяр түүний эхнэр Ганцэцэг нар манайд байсан. Намайг сэрэхэд Ганбаяр гэх залуу над руу та хэд өдөөд байна гэх зэргээр үг хаяад эхнэрээ өмөөрөөд байсан. Сонсоход эхнэр Ганцэцэг нь Болортунгалаг болон манай эхнэр Цэрэндулам нарыг янхан, банзлууд гэх зэргээр элдвээр хэлээд Болортунгалагтай маргалдсан гэсэн. Намайг сэрэхэд бас хэрэлдээд  байсан. Намайг босоод байж байхад Ганбаяр над руу үг хаяхад нь би Ганбаяртай гэр дотор ноцолдоход Ганбаяр намайг толгойгоороо 2 удаа мөргөсөн. ...Тэгэхэд Болортунгалаг, Цолмонбаяр нар голоор орж ирээд салгасан. Энэ үед Ганбаяр Болортунгалагийг мөргөсөн байх, би таамбараас гараад Ганбаярыг гараад ир гээд бид хоёр хашааны гадаа гараад юм ярьж байгаад учир зүйгээ олоод буцаад гэртээ ороход Болортунгалагийн хамар нь хөхөрсөн, Ганбаяр намайг мөргөсөн гээд Ганбаяртай маргалдаад байсан. Болортунгалаг нь өөр хүмүүстэй маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Гэрч Ц.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарыг гэрт байж байхад 04 цагийн орчим гаднаас Болортунгалаг болон манай зүүн айлын Дашжав эхнэр Оргилмаа, Оюунбат, Дөлгөөн ах нар ирсэн. Тэгээд нэг пиво уугаад юм ярьж байгаад 07 цаг өнгөрч байхад би найз Даваахүү түүний эхнэр Энхмаа нарыг гаргаж өгөөд машин дотор нь 10 минут юм ярьж байгаад орж ирэхэд Ганцэцэг муу янхнууд, гичийнүүд минь гээд бахираад байсан. Намайг хойд талын өрөөнд ороход Болортунгалаг, Ганцэцэг нар тус тусдаа газар хэвтэж байсан. Ганцэцэг бид нарыг янхан, гичийнүүд гэж хэлээд байсан. Намайг нэг харахад Болортунгалаг, Ганцэцэг нар зодолдоод Болортунгалаг эгч дээр нь гарсан, Ганцэцэг доор нь орсон байдалтай байхад нь Цолмонбаяр тэр хоёрыг салгасан. Намайг гэрт байж байхад Дөлгөөн ах дэлгүүр ороод ирье гэхээр нь хамт дэлгүүр яваад орж ирэхэд Болортунгалаг эгч надад хандаж Гантөгсийг босож байхад нь Ганбаяр цохисон. Мөн намайг бас цохисон гэж хэлсэн. Тэгээд Ганбаярын эхнэр нь 09 цагийн орчим Даваасүрэн эгчтэй явсан ба гэрт үлдсэн хүмүүс унтаад 12 цагийн орчим сэрэхэд Болортунгалаг эгчийн хамар нь мурийгаад хөхөрсөн байсан. Би тэр үед нь таны хамар мурийгаад хөхөрсөн байна гэж хэлэхэд Ганбаяр намайг цохиод ийм болгосон гэж хэлсэн. Болортунгалаг эгч өөр хүмүүстэй маргалдаж муудаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

Шүүгдэгч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дашбалбар сумын төвд эхнэр Ганцэцэгийн хамт шинэ жилийн баярын арга хэмжээнд ороод орой 00 цагийн орчимд тараад Гантөгсийн гэр рүү Гантөгс, Цэрэндулам, Ганцэцэг бид 4 очсон. ...Ингээд  гадаа сууж байгаад орж ирэхэд Гантөгсийн гэрт  хүмүүс нэмэгдсэн байсан ба тэдгээр хүмүүсийг нэрийг нь мэдэхгүй, зүс танихаас Дөлгөөн, Болортунгалаг нар ирсэн байсан. Тэр үед манай эхнэр Ганцэцэг уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуухад дуугарахгүй байсан. ...би Гантөгстэй маргалдаж түүнийг гэрээс нь гаргаж ирээд толгойгоороо мөргөсөн. Гантөгстэй маргалдаж байхад Болортунгалаг, Цолмонбаяр нар бид хоёрыг салгах гээд дундуур орж ирэх үед нь Болортунгалаг гэх хүүхний нүүр хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн үйл явдал болсон. ...Миний хувьд Болортунгалаг гэх хүүхний биед гэмтэл учруулсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 71/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 тоот дүгнэлтэд:

1. С.Болортунгалагийн биед хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал, баруун доод нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн бугалга, зүүн тохой, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 51-52/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- Гэрч З.Цолмонбаярын мэдүүлэг /хх-ийн 37/

- Шүүгдэгч Б.Ганбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 77/

- Б.Ганбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-ийн 90-92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Дөрөө-806 тоот байранд согтуугаар хохирогч С.Болортунгалагийн нүүрэн тус газар нь мөргөж түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Болортунгалаг, гэрч Г.Гантөгс, Ц.Цэрэндулам, З.Цолмонбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 тоот “...С.Болортунгалагийн биед хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал, баруун доод нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн бугалга, зүүн тохой, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх хамрын таславчийн муруйлт, хамар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Батжаргалын Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч Б.Ганбаяр нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаярт торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Донгойд овогт Батжаргалын Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ганбаярын үйлдлийн улмаас хохирогч С.Болортунгалагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс “эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтууд эх хувиараа байхгүй, мөн цаашид хамрын хагалгаанд орж гарсан зардлаа нэхэмжлэх тул энэ эрхийг нээлттэй үлдээж, өнөөдрийн шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд хохирогч С.Болортунгалагийн өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Донгойд овогт Батжаргалын Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батжаргалын Ганбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаяр нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч С.Болортунгалаг нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд Б.Ганбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА