Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2019/00769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00302/И

                                    

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг .. дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суух О овогт *******/утас /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг .. дугаар хороолол ..байрны .. тоотод  оршин суух Б овогт ******* /утас /-д  холбогдох,

 

"24,750,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие нь иргэн ******* тэй 2016 оны 05 дугаар сард танилцаж, дотносож, улмаар бид гэр бүл болж хамтран амьдарч байгаад байр орон сууц худалдаж авахаар болж харилцан ярилцаж тохиролцоод банкны зээлэнд хамрагдах шаардлага үүссэн билээ.

Ингээд бид хоёр тохирсон ёсоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 50А байрны 91 тоот 54.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Минж проперти ХХК-аас гэрээ байгуулан нийт 76,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Бид хоёр дээрх үнэ бүхий орон сууцыг худалдан авахдаа банкны урьдчилгаа төлбөрт нийт 26,000,000 төгрөгийг байршуулж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлийн нөхцлөөр /Мишээлийн нэр дээр/ гаргуулан авч орон сууцаа 2017 оны 03 дугаар сард худалдан авсан байдаг.

Дээрх үнэ бүхий орон сууцыг худалдан авахад ******* ийн зүгээс бодитойгоор 8,000,000 төгрөгийг гаргасан, ******* ийн зүгээс 18,000,000 төгрөгийг тус тус гаргаж урьдчилгаа төлбөрт байршуулан орон сууцаа авсан.

Ингээд бид хоёр хамтран амьдрах хугацаандаа ******* нь надад сэтгэлгүй болж улмаар өөр хүнтэй амьдрах /гэр бүлийн гадуур харилцаа/ үйл баримт бий болж эхэлсэн. Иймд бид хоёр таарч тохирохгүй болоод хоёр тусдаа амьдарч байгаа юм.

Одоо миний хувьд ******* д үнэ бүхий орон сууц худалдан авч өгөөд өөрөө ямар ч байр оронгүй, эдийн засгийн хүнд хохирол хүлээж хохироод байна.

Бид нэгэнт цаашид гэр бүл болж хамтран амьдрах боломжгүй болсон учраас Дархан-Уул аймгийн Дархан сумын ...дүгээр баг ... дугаар хороолол ... байр ... тоот .. өрөө орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,0000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

...... оны .. дугаар сарын ..-ны өдөр ******* ийн Дархан сумын .. дүгээр баг ... тоот орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авахад урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч ******* ээс төлсөн 18,000,000 төгрөгийг бүрдүүлэхэд гарсан зээлийн хүүг өмнөх нэхэмжлэлд дурдаагүй бөгөөд тус 18,000,000 төгрөгийг бүрдүүлэхэд:

  1. А.Ч Төрийн банкнаас 8,191,304 төгрөгийг тэтгэврийн зээл /тус зээлийн хүү 1,332,751 төгрөг/,
  2. Ц.М Төрийн банкнаас 3,955,100 төгрөгийн тэтгэврийн зээл /зээлийн хүү 71,900 төгрөг/
  3. ******* ийн худалдаа хөгжлийн банкнаас 9,700,000 төгрөгийн цалингийн зээл /зээлийн хүү 2,216,900 төгрөг/.

Тус зээлүүдийн банкны нөхцөлийн дагуу зээлийн хүүний хамт зээлдэгч нар болон нэхэмжлэгч миний бие ******* нар нь бүрэн хариуцсан төлж барагдуулсан.

...иймд иргэн ******* ээс орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,000 төгрөг гаргуулах, нэмэгдүүлсэн байдлаар түүний хүү болох 4,250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь ******* тэй 2016 оны 05 дугаар сард танилцаж, дотносож улмаар бид гэр бүл болж хамтран амьдарч байгаад байр орон сууц худалдаж авахаар болж, харилцан ярилцаж тохиролцоод банкны зээлд хамрагдах шаардлага үүссэн.

Ингээд бид хоёр тохирсон ёсоор Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр дүгээр баг .. дугаар хороолол .. тоот 54.32 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Минж проперти ХХК-тай гэрээ байгуулан нийт 76,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний аав Ш.Ч нь ******* тэй Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан аавын эзэмшлийн Nissan X-Trail маркийн ...улсын дугаартай суудлын автомашиныг харилцан тохиролцож 10,000,000 төгрөгөөр үнэлэн ******* д хүлээлгэн өгсөн. 2017 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл ******* нь уг машиныг эзэмшин ашиглаж байгаа ба бид тус Nissan X-Trail машиныг буцаан авахгүй гэдгээ *******д хэлсэн. ******* нь машины үнэ 10,000,000 төгрөгийг миний аав Ш.Чинсүхэд өгсөн, аав Ш.Чнь надад 10,000,000 төгрөгийг өгсөн. Би аавынхаа өгсөн 10,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн. ******* нь байрны урьдчилгаанд 8,000,000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байна. ******* ийн урьдчилгаанд өгсөн гэх 10,000,000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг болон хүү 4,250,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,000 төгрөг, түүний хүү 4,250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

*******, ******* нар нь 2016 оны 05 дугаар сараас хойш 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан бөгөөд энэ хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* нь Минж Проперти ХХК-иас 76,000,000 төгрөгийн үнэтэй, Дархан сумын 14 дүгээр дүгээр баг 2 дугаар хороолол 50А-91 тоот 54.32 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан ба орон сууцны урьдчилгаа төлбөрт  22,800,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж, дээрх орон сууцны өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авсан ба Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ......... тоот гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна. /......

 

Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт ******* нь нийт 18,000,000 төгрөг өгсөн гэж, хариуцагч ******* нь 8,000,000 төгрөгийг ******* ээс авсан гэж тус тус маргадаг.

 

Дээрх орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч ******* нь “... Орон сууц худалдан авахад би урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөгийг өгсөн. Бид орон сууцны үлдэгдэл төлбөр дээр банкнаас зээл авч төлөх байсан учир банкинд орон сууцны урьдчилгаа 30 хувийг хэрхэн бүрдүүлсэн талаар баримт гаргаж өгөх ёстой байсан учир  би *******ийн аав Ш.Чинсүхээс авто машиныг 10,000,000 төгрөгөөр худалдах авсан гэж дүр үзүүлэн автомашин худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж, банкинд өгсөн. Бодит байдал дээр Ш.Чинсүхээс автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдаж аваагүй....” гэсэн тайлбарыг,

Хариуцагч ******* нь “...Миний аав Ш.Чнь өөрийн автомашиныг ******* д 10,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд аав Ш.Ч нь машин зарсан 10,000,000 төгрөгийг миний орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн. ******* нь  орон сууцны урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөг өгсөн. Харин 10,000,000 төгрөг нь машины үнэ, аав Ш.Чинсүх, ******* нарын хоорондох асуудал учир *******ийн нэхэмжилсэн орон сууцны урьдчилгаанд өгсөн гэх 18,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх 10,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

Хэрэгт Ш.Чинсүх, ******* нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн Автомашин худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээгээр ******* нь Ш.Чинсүхээс Nissan X-Trail маркийн ...улсын дугаартай, улаан өнгийн, арал хөдөлгүүрийн дугаар NT30127758, автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч ******* нь дээрх Автомашин худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ, хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй байх тул тухайн автомашин худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд зохигч талууд хамтран амьдрах хугацаандаа худалдан авсан орон сууцны урьдчилгаанд ******* нь 8,000,000 төгрөгийг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар хариуцагч ******* ээс 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч тал орон сууц авахад урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийн хүү, гарсан зардал, хохирол гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон 4,250,000 төгрөгийг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч талуудын хооронд мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 16,750,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар хариуцагч *******ээс 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, үлдэх нэхэмжлэлийн 16,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ээс улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА