Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч Л.Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Ладимарын Цэрмаад холбогдох эрүүгийн 2321000000108 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Бэсээгийн ар” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Цагаангууд овогт Ладимарын Цэрмаа. /РД: ЖЛ86050408/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Цэрмаа нь 2023 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг  “Бэсээгийн ар” эх газарт гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.Маналжавтай үл ялих зүйлээр маргалдаж түүний зүүн хөлийн шилбэний хэсэгт хутгаар зүсэж биед нь зүүн шилбэний шарх бүхий гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Цэрмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.Маналжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ эхнэр Л.Цэрмаа болон охин Энхсаран, хүү Эрхэс нарын хамт байж байсан. Эхнэр бид 2 цагаан сарынхаа зүйлийг бэлдэх гээд байж байгаад тухайн өдөр баярын өдөр байсан учраас баяраа тэмдэглэж хүүхдүүдээ унтуулсан хойно нэг шил архи хувааж уусан юм. Ингээд архи ууж дуусахад шөнийн 01 цаг болж байсан бөгөөд эхнэр бид 2 мөнгөний асуудал болон цагаан сарын бараагаа үнэтэй худалдаж авсан зэргээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа эхнэртээ хандаж хараалын үг хэлэхэд манай эхнэр хэсэг дуугүй сууж байгаад ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн хөлийн өвдөгний доод хэсэгт зүссэн. Ингээд цус гоожоод тогтохгүй байхаар нь манай эхнэр миний хөлийг боож өгөөд би хажуу айл руугаа орж тухайн айлын хүний машинтай сумын төв орж оёдол тавиулсан. ...надад хөлийнхөө эмчилгээнд зарцуулсан мөнгө гэж байхгүй тул эхнэрээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12/

Шүүгдэгч Л.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр бид 2 гэгээн хайрын баярын өдөр тэмдэглэж гэртээ нэг шил архи хувааж уусан. Ингээд бид 2 шөнийн 01 цагийн орчимд архиа ууж дуусаад манай нөхөр надтай гэр бүлийн таагүй харилцаанаас болж маргалдах үедээ уурлаж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байхаар нь би ширээн дээр байсан хутгыг авч түүний зүүн хөлийн шилбэний доод хэсэгт нь нэг удаа зүссэн. Энэ нь уурандаа гэнэт болсон үйл явдал юм. Ингээд манай нөхрийн хөлнөөс нь цус гоожоод байсан учир сумын төвийн эмнэлэг явж боолгоно гээд хажуу айлын хүний машинд суугаад явсан. Би түүнд санаа зовоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 156 тоот дүгнэлтэд:

1. Д.Маналжавын биед зүүн шилбэнд шарх, зүүн хөмсөгний гадна буланд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн шилбэний шарх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Зүүн шилбэний шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 07/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 28/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

- Шүүгдэгч Л.Цэрмаа, хохирогч Д.Маналжав нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 34-36/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Л.Цэрмаа нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Л.Цэрмааг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Л.Цэрмаад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Цэрмаа нь 2023 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг Бэсээгийн ар эх газар орших гэртээ согтуугаар нөхөр Д.Маналжавтай үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүний зүүн хөлийн шилбэний хэсэгт хутгаар зүсэж  зүүн шилбэний шарх бүхий гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Д.Маналжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 156 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Л.Цэрмаад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ладимарын Цэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Цэрмаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Л.Цэрмаа хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч Ладимарын Цэрмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Цэрмаагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Маналжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Л.Цэрмааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Ладимарын Цэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ладимарын Цэрмааг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цэрмаа нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Цэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА