| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/207 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/207
2023 03 28 2022/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210023591451 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** -ны өдөр *** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** гэх, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД: ***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхоны баруун талын зам дээр байрлуулсан *** улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч *** зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явж, улмаар замын хажуугийн хашлага мөргөж 405,000 төгрөгийн хохирол учруулж, “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан. гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2210023591451 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “*** дугаартай машин алга болсон гэх” утгатай дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),
2. 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Түр саатуулах-4” “Их тээвэр” журмын хашаанд *** улсын дугаартай приус-20 маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байв. Үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх зорилгоор үзэхэд уг тээврийн хэрэгслийн баруун урд дугуй хагарч обудны ирмэг хэсэг цуурч хагарсан байх бөгөөд гарын мөр илрүүлэх зорилгоор мэргэжилтэн хошууч Б.Даваа гарын мөр илрэх боломжтой хэсгүүдэд гарын мөр үзэхэд баруун урд хаалганы салхины шилний бариул хэсгээс 20 см-ийн зайнаас 2 хэсэг гарын мөрийг илрүүлж бэхжүүлж авав. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энхжин” хотхоны хойд талд “Жардин” хотхоны хаалганы зүүн талд байрлах шороон замд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
4. Хяналтын камерын бичлэгт 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн: ...Бичлэгийн 00:10 секундэд цагаан авто машин гарах бөгөөд 00:15 секундэд үүргэвч үүрсэн эрэгтэй хүн гарч ирээд төв зам руу гүйх бөгөөд уг хүн нь *** байв. ...05 минут 56 секундэд яллагдагч *** нь хохирогч *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машиныг унаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоноос гарч байна. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),
5. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: Хэрэг гардаг 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой хамт ажилладаг ***, өмнө нь хамт ажиллаж байсан *** нарын хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад дуудлагын жолооч дуудаад *** гэдэг залууг Баянхошуунд гэрт нь хүргэж өгөөд буцаад тухайн дуудлагын жолоочоор өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны гадаа хүргүүлээд тухайн дуудлагын жолоочоос өөрийнхөө *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад 40.000 төгрөг өгөөд явуулсан. Ингээд *** бид 2 миний тээврийн хэрэгсэлд 2.5 литр пиво аваад машинд суугаад ууж байсан чинь эхнэр *** залгаад хаана байна гэртээ ирж байна уу гэхээр нь гэрийн гадаа автомашин дотор байна гэж хэлсэн чинь за хурдан ороод ир гэж хэлсэн. Ингээд би гэр лүүгээ орох болоход гэрийн болон тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй байсан. Би хэсэг хайсан боловч олдоогүй. Тэгтэл *** та машиныхаа локоор нь түгжчихгүй юу даа гэж хэлэхээр нь за гэж хэлээд локоор нь цоожилсон. *** ахаа би явлаа гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Би гэртээ ороод унтаж амарч байгаад маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд автомашин байсан газарт очсон чинь миний тээврийн хэрэгсэл байхгүй харин тухайн газарт гэрийн түлхүүр байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд ***тай утсаар яриад машин байхгүй байна гэж хэлсэн чинь та бид 2 цуг байхдаа машин цоожлоод явсан биз дээ гэж хэлээд утсаа таслахаар нь аваад явсан байна гэж бодоогүй. Миний нүдэн дээр *** яваад өгсөн болохоор огт ***ыг унаад явсан байна гэж бодоогүй. Цагдаа ирэх хооронд би хотхоныхоо хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь *** гэр лүүгээ явлаа гэж хэлээд буцаж ирээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд асаагаад явж байгаа бичлэг байсан. Цагдаа нар үзлэг хийгээд тээврийн хэрэгслийг зарлуулсан чинь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах халдвартын ойролцоо байхад нь ачилт хийгээд журмын хашаанд хийсэн гэж хэлсэн. Ингээд журмын хашаанд очоод харсан чинь урд дугуй салаад унасан, обуд нь хагарсан байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр журмын хашаанаас авсан. ***тай огт уулзаагүй. Надтай утсаар яриад хэдэн төгрөг гаргасан байгаа вэ гэж асуугаад дахиж огт холбоо бариагүй. Би огт түлхүүр өгөөгүй, хэрэв өгсөн бол би юу гэж машины түлхүүрийг хайх вэ, *** өөрөө авчхаад надтай худлаа хайгаад байсан байна билээ. Надад баримт нь байгаа, хэрэгт хавсаргаж өгнө. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
6. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №40645 дугаартай: *** улсын дугаартай Toyota Prius-20 загварын хар хөх өнгийн авто машинд учирсан техникийн эвдрэл, хохирлыг 405,000 төгрөгөөр тогтоосон эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38 дахь тал),
7. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө урьд нь Мөнххада гэх газарт хамт ажиллаж байсан ***тай уулзаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн. *** ах дуудлагын жолооч дуудаад тухайн тээврийн хэрэгслийг бариулаад *** ахын гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны гадаа очоод пиво уугаад сууж байсан чинь *** ахын түлхүүр нь алга болсон гээд хайгаад байсан. Ингээд *** ах гэр лүүгээ орлоо гэхээр нь би гэр лүү нь дөхүүлж өгчхөөд буцаад явж байсан чинь ахын машины түлхүүр миний халаасанд байсан. Би машиныг нь асаагаад ээжийн амьдарч байсан Дамбадаржаа руу явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн урд замын боржур мөргөж дугуй нь хагарсан, гайгүй байх гэж бодоод тухайн тээврийн хэрэгслийг бариад явсан чинь дугуйн обуд нь мултарсан. Би хэсэг зогсож байгаад машин ачилт руу залгасан чинь ирэхгүй болохоор нь машиныг үлдээгээд явган явсан. Ямар нэгэн санаа зорилго байхгүйгээр согтуудаа тухайн тээврийн хэрэгслийг авч явсан. Машинд цуг пиво ууж сууж байгаад түлхүүрээ хайгаад байсан. Би тэр үед нэлээн согтуу байсан учраас яагаад ч юм түлхүүрийг нь авсан байсан. Надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх байхгүй. Тодорхой хэмжээний согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байгаа. Хохирогч *** хохирлыг төлж барагдуулна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53, 55-59 дэх тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхоны баруун талын шороон зам дээр байрлуулсан *** улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор ***тай пиво ууж байгаад 2022 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 01 цагийн үед буугаад хохирогч ***г гэр лүү нь дөхүүлж өгөөд буцаж явахдаа түүний зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгслийг нь авч явсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “*** дугаартай машин алга болсон гэх” утгатай дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),
-2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энхжин” хотхоны хойд талд хойд талд “Жардин” хотхоны хаалганы зүүн талд байрлах шороон замд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
- Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №40645 дугаартай авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал) баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд:
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн үндсэн шинжид хохирол хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байх ба бусад гэмт хэргээс ялгарах шинжийн хувьд:
- “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжид бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан байхыг шаардах бөгөөд завших ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгжсэнээр,
- “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжид бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байхаар,
- дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл хийсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч Б.Мөнхсайханыг эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй, захиран зарцуулах боломж бүрдүүлээгүй, хохирогчтой ямар нэгэн маргаан үүсгээгүй, дээрх гэмт хэргүүдийг үйлдэх санаа сэдэл байгаагүй зэрэг нь завших, хулгайлах, дээрэмдэх хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийн аль алийг нь хангахгүй байна.
Түүнчлэн хохирогчийн эд хөрөнгөд 405,000 төгрөгийн хохирол учирсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Учир нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хашлага мөргүүлж хохирол учруулсан нь болгоомжгүй үйлдэгджээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шинжид “нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн эсхүл үрэгдүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжгүй байна.
Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр жолоодон тодорхой газар явах зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба шүүгдэгч *** нь бусдын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, ээжийнхээ гэрт очих зорилготой согтуурсан үедээ авч явсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч ***ын үйлдэл нь энэхүү гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.
Шүүгдэгч, хохирогч нар хамтдаа авто тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундаа хэрэглэсэн, хохирогч анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй, итгэмтгий зан байдал гаргасан зэрэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг гэсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Хохирогч ***аас мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Өгөөмөр захын 170,000 төгрөгийн зарлагын баримт, Х Auto parts байгууллагын 483,000 төгрөгийн зарлагын баримт, Да хүрээ трейд байгууллагын 58,000 төгрөгийн нийт 711,000 төгрөгийг зарлагын баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлжээ. Хохирогч *** нь шүүгдэгч ***аас 600,000 төгрөгийг хохирол төлбөрт авсан, гомдолгүй, гэх бичгийн баримт (хавтаст хэргийн 68 дахь тал) хавтас хэрэгт авагдсан байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1/ Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,
6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
2/ Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
3/ Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ыг “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас согтуурсан үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Улсын яллагч шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан торгох ялын санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн цалин хөлс орлого, санхүүгийн эх үүсвэрийг нотолсон баримтгүй зэрэг нь торгох ял оногдуулахад биелэгдэх боломжгүй гэж үзсэн болно.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН