| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2022/0251/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
2023 03 22 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Л.Хонгорзул нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Хонгорзулд холбогдох эрүүгийн 2215001820263 дугаартай, 163/2022/0251/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол овогт Лхагвасүрэнгийн Хонгорзул, Булган аймгийн Хангал суманд 1999 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Дэнжийн 5-503 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 23 настай, эмэгтэй, РД: ГК99022706.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Хонгорзул нь 2022 оны 03 дугаар сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Лхагвасүрэнгийн 2018 оны малын А дансыг буюу хүний хувийн байдлыг тодруулсан бичиг баримтыг хуурамчаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215001820263 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Хонгорзул нь 2022 оны 03 дугаар сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Лхагвасүрэнгийн 2018 оны малын А дансыг буюу хүний хувийн байдлыг тодруулсан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Хонгорзулын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагайгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03-310 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,
3. Гэрч Б.Баасанжавын өгсөн: Булган аймгийн Хангал сумын иргэн Д.Лхагвасүрэн нь Даваасүрэн гэх хүнд холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Даваасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэнийг төлөөлж оролцож байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр болсон. Шүүх хурал болохоос өмнө би Лхагвасүрэнгийн 2017, 2018, 2019 оны малын А дансыг гаргуулах хүсэлтийг шүүхэд өгч, шүүх хүсэлтийг хангасан. Ингээд шүүхийн захирамжийн дагуу Лхагвасүрэнгийн 2017, 2018, 2019 оны малын А данс ирсэн. Уг баримтыг харахад 2019 оны мал тооллогын баримтыг 2018 оны мал тооллогын баримт болгож зассан нь илт байсан. Яагаад гэвэл уг 2 баримтан дээр (баруун дээд өнцөгт) 72 гэж дугаарласан тоо болон тооллого доторхи бичвэрүүд нь яг адил байсан. Гэтэл 2018, 2019 оны малын тоо ямар ч тохиолдолд өссөн юм уу? буурсан байдалтай өөр байх ёстой. Би шүүх хуралд орохын өмнө шүүгчийн туслах Мөнх-Одод уг явдлын талаар хэлэхэд хэн нэгэн рүү утасдан ирүүлсэн малын тооллого худлаа байгаа талаар хэлээд шүүх хурлаас өмнө ахин 2018 оны жинхэнэ баримтыг явуулсан. Сүүлд ирүүлсэн баримтыг харахад анх ирүүлсэн баримтаас тоо зөрүүтэй буюу малын тоо бага байсан. Лхагвасүрэн нь 2018 онд бага мал тоолуулсан, 2019 онд их тоолуулсан байсан гэж харагдуулах нь өөрт нь ашигтай байсан. Тиймээс Лхагвасүрэн нь албан тушаалтанд нөлөөлж малын А дансыг хуурамчаар үйлдүүлсэн. 2019 оны малын А дансыг 2018 оных болгож өөрчилсөн хүнийг олж тогтоох шаардлагатай байна. Лхагвасүрэн танил тал, хээл хахууль өгөх болон бусад байдлаар засвар хийсэн үйлдэлд нөлөөлсөн гэж үзэж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
4. Гэрч О.Мөнх-Одын өгсөн: Уг иргэний хэрэгт шүүгчийн захирамжаар иргэн Д.Лхагвасүрэнгийн 2018, 2019 оны малын А дансыг Булган аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдсэн юм. Уг шүүгчийн захирамжид заасан хугацаанд нотлох баримтыг явуулахгүй их удсан. Би нотлох баримтыг шаардсаар байгаад авсан. Иргэн Д.Лхагвасүрэнгийн малын А данс нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр билүү дундуур шуудангаар ирсэн санагдаж байна. Иргэн Д.Лхагвасүрэнгийн 2018 оны малын А дансыг хуулбарлаж ирүүлэхдээ бүдэг гаргаж ирүүлсэн байсан тул ахиж Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн гэх эрэгтэй хүнтэй гар утсаар холбогдож хэлсэн. Ингээд ярихад Хангал сумын Засаг даргын тамгын газар руу ярьж иргэн Д.Лхагвасүрэнгийн малын А дансыг авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хангал сумын Засаг даргын тамгын газрын даргатай гар утсаар ярихад гадуур ажилтай байгаа тул архив, бичиг хэргийн ажилтантай холбогд гэж хэлээд дугаар өгсөн. Ингээд утсаар яриад малын А дансыг и-мэйл хаягаар ахиж авсан. Ахиж А дансыг авахад 2019 оны малын А дансыг 2018 он болгож засварласан байдалтай байсан. Уг хоёр оны 2018, 2019 онуудын малын тоо толгой бүгд ижил тоогоор бичигдсэн байсан. Ингээд иргэний хэргийн шүүх хурал болохын өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч Баасанжав надад малын А дансыг хуурамчаар үйлдсэн байна, уг хуурамч үйлдлийг тодруулж өгнө үү гэж хэлэхээр нь Хангал сумын архив, бичиг хэргийн ажилтан руу залгаж асуухад хүмүүс малын А дансаа ирээд авдаг, би ингээд засаад өгчихдөг, хуурамч буруу зүйл байхгүй гэсэн утга бүхий зүйл ярьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө Хангал сумаас холбогдож байгаа ажилтан буюу эмэгтэй надтай холбогдож иргэн Д.Лхагвасүрэнгийн 2018 оны жинхэнэ А дансыг и-мэйл хаягаар явуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
5. Гэрч С.Амарын өгсөн: Тухайн захирамжийн дагуу Хангал сумын 1 дүгээр багийн иргэн Д.Лхагвасүрэнгийн 2017, 2018, 2019 оны малын А дансыг гаргуулан авахаар болсон. Булган аймгийн Засаг даргын тамгын газар дээр тухайн иргэний малын А данс байхгүй учраас Хангал сумаас гаргуулан авахаар Хангал сумын засаг дарга Төмөрбаттай гар утсаар холбогдон багийн засаг даргатай холбогдон яаралтай тухайн иргэний малын А дансыг явуулаач гэж хэлсэн. Ингээд Хангал сумын бичиг хэргийн эрхлэгч Хонгорзулаас Able-ээр /цахим шуудангаар/ Лхагвасүрэн гэх иргэний 2017, 2018, 2019 оны малын А данс авч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн и-мэйл хаягаар явуулсан. Явуулсны дараа Мөнх-Од над руу яриад шаардлага хангахгүй бүдэг байна гэж надад хэлэхээр нь Хангал сум руу яриад авчих, шууд яриад авсан нь шуурхай гэж хэлсэн. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн эхний ирүүлсэн иргэн Д.Лхагвасүрэнгийн малын А дансыг аймгийн засаг даргын тамгын газрын дарга Алтаншагайгийн нэрээр албан тоот төлөвлөж шуудангаар хүргүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
6. Яллагдагч Л.Хонгорзулын өгсөн: Би уг тогтоолтой танилцсан. Тогтоолтой санал нийлж байна. Би болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг дээрээ тодорхой өгсөн байгаа дахин мэдүүлэг өгөхгүй. Би Д.Лхагвасүрэн гэх хүний 2019 оны малын А дансыг 2018 он болгон засварлаж Орхон аймгийн шүүх рүү явуулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
7. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШЗ2022/0174 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
8. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2022/00641 дугаар захирамж /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
9. Иргэн Д.Лхагвасүрэнгийн малын А дансны 2017, 2018, 2019 оны тооллого бүртгэлийн хуудасны шүүхэд гарган өгсөн хуулбар /хавтаст хэргийн 95-105/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагайгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03-310 дугаартай албан бичиг, хавсралт гэрч Б.Баасанжав, О.Мөнх-Эрдэнэ, С.Амар нарын мэдүүлэг яллагдагчийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Шүүгдэгч Л.Хонгорзул нь 2022 оны 03 дугаар сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Лхагвасүрэнгийн 2018 оны малын А дансыг буюу хүний хувийн байдлыг тодруулсан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байдлыг ойлгоно гэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Хонгорзулын үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд материаллаг хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Хонгорзулын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Л.Хонгорзул нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Хонгорзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Шүүгдэгч Л.Хонгорзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 55-57,81-85 талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Дэнжийн 5-503 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн Хангал сумын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Хонгорзул нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/135 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Л.Хонгорзулын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хонгорзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Хонгорзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Лхагвасүрэнгийн Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хонгорзулыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Хонгорзул нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Хонгорзул нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ