| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0066/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
2023/ШЦТ/80
МУЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болормаа
Шүүгдэгч: Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Бгийн Од холбогдох 2212000000145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Х багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт Бгийн О /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хөх чулуу гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр А.Тд зодуулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хохирогчоор мэдүүлэхдээ бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000145 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд Б.Огийн хохирогчоор мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багаас сумынхаа төв рүү өөрийн төрсөн аав Б, нөхөр Т нарын хамт нөхрийнхөө хамт “Бонго” маркийн машинаар гурвуулаа 12 цагийн үед гарч сумын төв рүү орсон. Тухайн үед аавыгаа эмнэлэгт үзүүлэх ажилтай байсан бөгөөд аав сумын төвд ахынд үлдээд нөхрийнхөө хамт 16 цагийн үед хоёулаа гэр рүүгээ явсан. Тэгээд замдаа аавдаа эм авч өгөх гэсэн чинь нөхөр уурлаад мөнгөгүй байж эм авч өгөх гэлээ гээд маргалдсан. Тэгээд эмийг нь авч өгч чадалгүй хөдөө гэр рүүгээ гарч гэртээ харьсан. Тэгээд орсноо санаад байгаа. Нэг сэрсэн чинь сумынхаа эмнэлэгт хэвтэж байсан. Нөхөр маань ухаангүй болтол зодсон байсан. Эмнэлгийн орон дээр сэрэхэд толгой, тархиар маш их өвдөж байсан бөгөөд тухайн өдрөө Улаанбаатар хот руу ирсэн. Сумандаа 6 хоносон. Намайг манай нөхөр Т зодсон. Би хэрхэн, яаж, зодсоныг нь санахгүй байна. Би тухайн үед ямар ч байсан гэртээ орж ирснээ санаж байгаа. Би нэг сэрэхэд сумын эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Намайг гэртээ ороход гэрт хадам аав, ээж, нөхөр, 3 хүүхэд байсан. Өөр гаднаас хүн байгаагүй. Сумын төвөөс нөхөртэйгөө хоёулаа гарахад нөхөр намайг зодоогүй, замдаа хэрүүл хийж яваад гэртээ ирсэн. Замдаа намайг цохиж, зодоогүй. Нөхөр бид 2 тухайн үед эрүүл байсан. Архи, дарс уугаагүй байсан. Намайг өмнө нь манай нөхөр хааяадаа зоддог байсан. Би хугацааг нь нарийн тодорхой хэлж мэдэхгүй байна. Хадам аав ч гэсэн намайг зоддог байсан. Хэзээ гэдгийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Намайг Улаанбаатар хотод ирсэн байхад бие асууж нөхөр нэг удаа залгаж байсан. Уулзалдаагүй. Манай нөхөр намайг зодсоноос хойш дарамт шахалт үзүүлсэн асуудал байгаагүй, үзүүлээгүй байна. Би өндрөөс болон машин, тэрэг, хашаа хорооноос ойчсон асуудал надад байхгүй. Манай нөхөр намайг зодсон болохоор гомдоод байгаа хирнээ хүүхдүүдээ бодохоор гомдолгүй гэмээр байна. Хуулийн дагуу энэ асуудлыг шалгуулмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 114-116 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Б.Огийн хохирогчоор дахин мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эмнэлэгт аав Бг даралт эхэлсний улмаас аавыг үзүүлсэн. М эмч надаас аавын уудаг эмний нэрийг нь асуухаар нь би тухайн эмийг М эмчид үзүүлэхэд энэ эм даралтын эм биш, харин хавангийн эм байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эгч О рүү өөрийн барьдаг 95514733 дугаарын утаснаас О эгчийн 96832121 дугаар руу залгаж аавд өгдөг эм даралтын эм биш байна, харин хавангийн эм байна гээд маргалдаж муудалцсан чинь О эгч наа эмийг чинь уудаг юм, мөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би та аавын халамжийн мөнгийг авдаг байж эм авах мөнгө явуулаач гэсэн чинь та нар аваад өгөөч, бид нар авч өгч чадахгүй юм байна гэхээр нь ах Бийнд очсон. Тэнд очоод Бэд хандаж та аавын эмийг аваад өгөөч гэж хэлсэн чинь агаа нь аваад өгье гэсэн. Мөн аавын хаванг буутал 2, 3 хоног хараад өгөөч гэж хэлсэн чинь за тэгье гэсэн. Тэгээд аавыг ахынд үлдээгээд нөхөр Тын “Бонго” маркийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна, ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэй хоёулахнаа явсан. Замд явж байхад хадам аав А миний 95514733 дугаарын гар утас руу залгаад хурга, ишиг чинь үхээд байна, хар малнууд минь хурдан ир гэж загнаад гар утсаа тасалсан. Нөхөр Тд хандаж одоо гэрт очихоор танай аав намайг мал энэ тэр гээд уурлаж загнана гэж хэлээд би өөрөө машинаас үсэрсэн юм. Тэгсэн чинь манай нөхөр намайг машинаас унаад газар хэвтэж байхад ирээд миний дээлийг гөвөөд босгож машиндаа суулгасан. Машин дотор сууж байхад нөхөр Сэгч рүү залгаад намайг машинаас үсэрсэн талаар хэлээд Сэгчтэй намайг гар утсаар яриулсан чинь чи үр хүүхэд, нөхрөө боддоггүй юм уу, тэнэг юм уу гээд намайг загнасан. Дараа нь сумын төв рүү эргэж ороод Жахын гэрт нь очоод толгойгоо бариулах гэсэн чинь толгой нь өвдөөд байгаа юм биш үү, эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлэлгүй шууд хөдөө гэр рүүгээ явсан. Хөдөө гэртээ очиход орой болчихсон байсан, яг цагийг нь сайн санахгүй байна. Би тухайн үед ярих боломжгүй байсан. Намайг юм ярих гэхээр О эгч наадах чинь юм ярьж чадахгүй гээд миний өмнүүр ороод яриад байсан. Би өөрөө мэдүүлэг өгье гэсэн боловч О эгч урдуур ороод яриад байсан. Надаас мэдүүлэг авахдаа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн байранд мөрдөгчийн нэрийг нь санахгүй байна, Эрдэнэ гэсэн нэртэй байсан, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, тухайн мэдүүлэг авсан мөрдөгч Оийг та мэдүүлэг хүний өмнөөс өгөхгүй, тухайн хүн өөрөө мэдүүлэг өгөх ёстой гэж хэлсэн боловч О эгч миний урдаас яриад өгсөн. Мэдүүлэг авч дууссаны дараа О эгчийг гаргасан. Харин мэдүүлэг авч байх хугацаанд гаргаагүй. Би өөрөө гарын үсэг зурсан. Би уншиж танилцалгүй, гарын үсэг зурсан. Надад мөрдөгч уншиж танилц гэж хэлээгүй, гарын үсэг зур гэхээр нь гарын үсгээ зурсан юм. Би толгой хэсгээрээ унасан. Миний унасан газар тэгшхэн шороон замын хажууд унасан. Газрын хөрс нь жижиг, жижиг чулуутай, хатуулаг биш, зөөлөн биш дунд зэргийн хөрстэй газар байсан. Манай гэр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 20 орчим километр зайд байдаг, нарийн километрийг хэлж мэдэхгүй байна. Нөхөр бид хоёр сумын төвөөс гараад ойролцоогоор гэр хүртэл 10 километр орчмын зайд явж байгаад машинаас үсэрсэн. Тухайн газрын нэрийг мэдэхгүй байна. Би өөрийн зорчиж явсан талын хаалганы түгжээг дээш татаад хаалга онгойлгодог бариулаас татаж онгойлгосон. Манай машины хаалга амархан хаалга онгойлгодог бариулаас татахаар онгойдог. Би хаалга онгойлгодог бариулаас татсан чинь онгойсон. Ер нь би хаалга онгойлгохдоо хаалга онгойлгодог бариулаас татаад онгойлгодог. Түүнээс хүчтэй түлхэж онгойдоггүй. Манай нөхөр намайг огт цохиж, зодоогүй. Харин О эгч миний өмнөөс мэдүүлэг өгөхдөө тэгж хэлээд байсан. Харин би огт цохиж, зодсон гэж хэлээгүй. Би тухайн үед цэнхэр дээлтэй явж байсан. Шороо тоосыг нь гөвөөд арилгасан учир шороо тоосгүй байсан. Урагдал гэмтэл үүсээгүй. Яагаад гэмтэл үүсээгүй гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Зузаан хар ноосон малгайтай явсан. Би хохирогчийн эрх, үүргийг бол уншиж танилцсан. Би уншиж танилцаад бүрэн ойлгоогүй. Хариуцлагыг ойлгож байсан. Миний бие муу байсан учраас сайн ойлгоогүй. Би мөрдөгчийн тавьсан асуултыг ойлгосон. Асуултыг ойлгож хариултыг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслээс унаад гэмтэл авсан бөгөөд би уурандаа өөрөө унасан. Би эгч Отэй ааваас болж муудалдсан байсан. Дараа нь хадам аав гар утсаар загнаснаас болоод тэр уурандаа би тээврийн хэрэгслээс үсэрсэн юм. Миний баруун чихний ар талд хөхөрсөн, толгой өвдөж байсан. Өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Тийм зүйл огт байхгүй. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа, толгой хааяа, хааяа өвддөг, өөр ямар нэгэн зовиургүй бөгөөд нэлээн их эмчилгээ хийлгэсэн. Би нөхөр Т, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрт байдаг гэртээ амьдарч байгаа. Машинаас унасан нь миний буруу...гэх мэдүүлэг /1х-ийн 240-243 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Тухайн үед О сэтгэл санааны хувьд тайван байсан. Миний хажууд нэг хүнтэй утсаар ярьж байх шиг байсан. Би сайн сонсоогүй. Тухайн үед О уйлаагүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хадам аав Бг эмнэлэгт үзүүлэх зорилгоор Хан-Өндөр багийн Бөөргийн хөх чулуу гэх газраас 26-68 АРХ улсын дугаартай “Портер” маркийн авто машинаар 15 өнгөрч байхад Эрдэнэмандал сумын төв рүү гарсан. Тэгээд 16 цагийн үед сумын төвд орж ирээд шууд сум дундын эмнэлгийн хүлээн авах дээр очсон. Тэгээд хадам аавыгаа өргөөд эмнэлэгт оруулж үзүүлэх гэхэд эмч нь байгаагүй. Тэгэхээр нь эмч рүү жижүүрийнх нь утсаар яриулаад гэрээс нь гаргуулаад өөдөөс нь тосох гээд эхнэр, бид хоёр машинаараа явж гудамжны үзүүрээс очиж аваад эмнэлэг дээр очиж аавыгаа үзүүлсэн. Тухайн үед манай эхнэр утсаар эгчтэйгээ яриад бухимдаад байсан. Тэгээд аавыгаа эмчид үзүүлээд байж байхад эмч хадам аавын уудаг эмний талаар манай эхнэрээс асуусан гээд машинаас хадам аавын эмийг авсан. Тэгээд эмнэлэг дотор эгчтэйгээ утсаар яриад байсан. Хадам аавын уудаг эмийг даралтын эм биш, хаван хөөдөг эм юм биш үү гээд лавласан. Эхнэр маань эгчтэйгээ утсаар ярьж тодруулсан. Тухайн үед эхнэрийг маань эгч нь загнаад байгаа бололтой байсан. Тэгээд хадам аавд эмчилгээ бичүүлж аваад эмчийгээ би гэрт нь хүргэж өгсөн. Буцаж ирээд эхнэр, хадам аав хоёрыг эмнэлэг дээрээс аваад Б ахынд очсон. Б ах гэртээ байгаагүй, эхнэр нь байхаар нь би Б ахтай уулзахаар хонины бэлчээр дээр нь очиж аваад гэрт нь ирээд хадам аавыг танайд хэд хонуулах гэсэн юм, манайд хүйтэн байна, хөл, гар нь бүлээсэхгүй байна, бие муутай хүн бие нь өвдчих байх гээд учирлаж хэлээд үлдээсэн. Тэгээд эхнэр, бид хоёр 18 цагийн үед шууд гэр рүүгээ явсан бөгөөд гэр рүү явах замд Хөөсгөл гэх газар манай эхнэр надад эгчдээ загнуулснаа яриад бас манай аав, ээжид загнуулдгаа ярьж уйлаад машинаа зогсоо, би бууна гэсэн. Тэгэхээр нь би чи тэгээд буугаад хаачих гээд байгаа юм бэ гэхэд эхнэр маань зогсохгүй бол би үсэрлээ гэхээр нь би хурдаа хасч байтал эхнэр маань хаалга онгойлгоод үсэрсэн. Би хамт тоормос гишгэж машинаа зогсоогоод буухад эхнэр маань 5 метр орчим зайд газарт уначихсан ухаангүй байсан. Би гүйж очоод тэвэрч аваад яаж байна гэхэд гайгүй гээд ёолж байсан. Тэгэхээр нь би аав руугаа утсаар ярьж эхнэрээ машинаас үсэрсэн талаар хэлээд утасны сүлжээ тасарсан. Би айж сандарсан байсан болохоор яг хаана явж байхад машинаас үсэрснийг нь санахгүй байна. Тэгээд би эхнэрээ машинд өргөж суулгаад гэртээ очсон. Манай 2 бага хүүхэд аавын бага гэрээс гарч ирээд бид хоёртой хамт гэр рүүгээ орсон. Аав, ээж хоёр хониндоо өвс тавьж өгч байсан. Би эхнэрээ гэрт оруулаад гадуур ажлаа эмхэлж байгаад 20 цаг өнгөрч байхад орыг нь засч амраасан. Маргааш өглөө нь 07 цагийн үед босоод галаа түлж, цай чанасан. Манай эхнэр 09 цагийн үед босоод ороо хураагаад хувцсаа өмсөөд орон дээрээ хэвтэж байсан. Би гадуур ажлаа цэгцлээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд сумын төв рүү явсан. Хүүгээ Балжид эгчийнд хүргэж өгөөд 12 цаг өнгөрөөгөөд хүүгээ сургууль дээр нь хүргэж өгөөд буцаад гэртээ очиход эхнэр маань унтаж байсан. Би сэрээгээд бүлээн цай хийж өгтөл хар ногоон юмаар бөөлжсөн. Би дотор нь муухайраад байгаа юм болов уу гэж бодоод гадаа салхинд гаргасан чинь бөөлжсөөр байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт үзүүлсэн нь дээр юм байна гэж бодоод эхнэрээ аваад шууд эмнэлэг рүү явсан. Сумын төв рүү орж ирээд Б ахынд очиход Б ах байгаагүй. Тэгэхээр нь эмнэлэг явсан. Эмнэлэгт очихоосоо өмнө утасны цэнэглэгч авахаар Ганчимэг эгчийн дэлгүүрт очсон боловч цэнэглэгч олдоогүй. Эмнэлэг дээр ирээд миний хань алхаж чадах уу гэхэд толгой сэгсрэхээр нь би тэврээд эмнэлэгт оруулсан. Сувилагч даралтыг нь үзээд эмч иртэл хүлээ гэсэн. Хэсэг хугацааны дараа Лхагважав эмч ирж үзээд тариа хийгээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед эхнэр маань юм ярьж чадахгүй байсан бөгөөд би гадуур гарч эмнэлэгт хэвтэх бэлтгэл хангасан. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Тухайн үед би архи хэрэглээгүй байсан. Бид хоёрын дунд хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй. Манай эхнэр эгчдээ загнуулсандаа гомдож их бухимдалтай явсан. Би сайн санахгүй байна. Машин зөрөөгүй байх. Манай гэр хүртэл 4 хот айлын хажуугаар гарна. Би тэр айлуудаас тусламж гуйх боломжтой байсан. Эхнэрийгээ гайгүй байх гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй. Би ногоон дээлтэй, дотуур нь нимгэн куртик, цагаан ноосон цамц, саарал подволктой, хар хөх өнгөтэй өмдтэй, дотуураа хар хөх өнгөтэй хөвөнтэй өмдтэй, хар цоохор нимгэн өмдтэй, түрүүтэй хар гуталтай, эхнэр маань чернилэн ягаан хөвөнтэй дээлтэй, улаан ноосон цамцтай, хар хүрэн өнгийн нимгэн ноосон цамцтай, цагаан цоохор подволктой, хар өмдтэй, дотуураа хүрэн цоохор өмдтэй, буриад гуталтай байсан. Бид хоёр 2014 оны 08 дугаар сарын нэгэнд хуримаа хийсэн. Дундаасаа гурван хүүхэдтэй. Би эхнэртэйгээ гэр орны ажил хийх, манай аав, ээжийг муулснаас болж 6 жилийн өмнө нэг удаа сураар ороолгож гар хүрч байсан. Тэрнээс хойш гар хүрч байгаагүй. Хүний амьдрал болсон хойно маргалдах, хэрэлдэх үе байдаг. Би архи, тамхи хэрэглэдэггүй болохоор биеэ сайн барьдаг. Би бага байхдаа толгой руугаа буудуулж байсан. Одоо тархин дотор маань дарь байгаа гэсэн. Тэрнээс болоод тархи толгой их өвддөг. Анхаарал болгоомж их муу, их ядрахаараа хэл ам орооцолдоод байдаг. Байнга шахуу эм уудаг. Жил болгон эмчилгээ хийлгэдэг. Эмчийн хяналтад ороогүй, группт ороогүй. Манай эхнэр их цоч ууртай. Миний амьдралд хадам эгч маань их оролцох гээд байдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 20-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Грашийн 1218 тоотод өөрийн гэртээ байж байтал хадам дүү О, нөхөр Тын хамт орж ирээд аавыг танайд үлдээх гэсэн юмаа, манай малнууд төллөөд байгаа болохоор бид хоёр завгүй байгаад байна, та хоёр хараад өгөх боломж байна уу гэж хэлэхээр нь би тэгээ, бид хоёр хараад өгнө, завтай байгаа гэсэн. Хадам дүү Огийн нүүр рүү нь харахад нүд дүүрэн нулимстай надтай юм ярихдаа уйлах гээд хоолой нь зангираад байсан. Нөхөр нь хамт байсан болохоор би юу болсон талаар асууж чадаагүй юм. Миний харснаар О,Т хоёр хоорондоо маргалдсан бололтой харагдаж байсан. Удалгүй манай нөхөр Б ирээд аавыг машинаас буулгаад гэр рүү оруулсан. 18 цагийн үед О нөхөр Тын хамт хөх өнгийн “Портер” маркийн машинтай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Бөөрөг нуур гэх газарт байдаг гэр рүүгээ харихаар явсан. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед гэрийнхээ гадаа сургуулиасаа ирж байгаа хүүхдүүдээ тосоод зогсож байтал Т цагаан өнгийн жижиг тэрэгтэй гэрийн гадаа ирж зогсоод Б ах байна уу гэж асуухаар нь би байхгүй, гадуур явж байгаа гэж хэлсэн. Яасан бэ зүгээр үү гэж асуухад О харин малын хашаан дээрээс унаад толгой нь өвдөөд байна, бариулах гэж явж байна гэсэн. Би нөхрөө 21 цагийн үед гэртээ ирэхээр нь Огийн бие тааруу эмнэлэгт хэвтэх гээд явсан. Хоёулаа эмнэлэг дээр очих уу гээд бид хоёр эмнэлэг дээр очсон. Тэгээд Б эмнэлэг рүү орсон. Удалгүй Б эмнэлгээс гарч ирэхээр нь би яаж байх шиг байна гэж асуухад бие нь жаахан тааруухан, унтаа байдалтай хэвтэж байна гэсэн. Тэгээд би нөхөр Бийн хамт гэр рүүгээ харьсан. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед эмнэлэг дээр очоод нөхөр Бээс бие нь яаж байх шиг байна гэх асуухад унтаа байдалтай байна гэсэн. Баруун чихнийх нь ард хэсэгт хөхөрсөн байсан гэсэн. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т манайд ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Хэдэн жилийн өмнө Т Ог зодоод эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Би очоод биеийг нь үзтэл хөл, гар нь хөхөрсөн байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Цэнхэр өнгийн бор судалтай дээлтэй, доогуураа цагаан ултай хар өнгийн гуталтай байсан. Т зан байдлын хувьд хүнтэй харилцаж чаддаггүй, муухай ааштай, урдаас хэрэлдэх гээд байдаг. Т нь заримдаа эхнэрээ зодож гар хүрсэн гэж сонсогддог байсан. О, Ттай гэр бүл болоод 7-8 жил болж байгаа санагдаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Огийн мэдүүлсэн: ...Т нь манай төрсөн хүү байгаа юм. Харин О нь манай бэр охин байгаа юм. Манай хоёр хүүхэд айл гэр болоод 8 жил болж байна. Манай хоёр хүүхэд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төв рүү цэнхэр өнгийн “Бонго” машинтай явсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад манай хүү Т 95514733 дугаарын утаснаас залгаад аав байна уу гээд аав Атэйгээ ярьсан. Тэгсэн чинь О машинаас уначихлаа гэж хэлсэн. Тэгээд аав нь юу болсон талаар асуухад дуугаралгүй утсаа салгасан. Тэгээд орой 19 цагийн үед хоёулаа гэртээ ирсэн. Тухайн орой бид хоёр гадаа мал хуйгаа цэгцэлж байсан болохоор гэрт нь орж уулзаж чадаагүй. Маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн үед гэрт нь ороход бэр охин О цайгаа уугаад сууж байсан. Би яасан, бие нь гайгүй юу гэж асуухад хариу дуугараагүй, тэгээд би малдаа гарсан. Өдөр 14 цагийн үед Т малаасаа ирээд гэртээ орчихоод манайд орж ирээд О шар юмаар бөөлжөөд байна гэж хэлэхээр нь би орж харсан чинь бэр охин гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан бөгөөд юм асуугаад дуугарахгүй байсан. Тэгээд 15 цагийн үед Т Ог сумын төвийн эмнэлэг рүү авч явсан. Тэр хоёрыг гэртээ ирэхэд нөхөр бид хоёр малаа эмхэлж байсан болохоор уулзаж хараагүй. Орой нь Т манайд орж ирэхээр нь О яаж байна гэж асуусан чинь гайгүй гэж хэлсэн. Тийм асуудал болоогүй, сонсогдоогүй. Нөхөр бид хоёрын мэдэхээр тийм асуудал болж байгаагүй, хоорондоо эвтэй байцгаадаг. Манай хүү ногоон өнгийн хөвөнтэй дээл, саравчтай малгайтай, харин манай бэр охин хөх өнгийн торгон хөвөнтэй дээл, хөх өнгийн ноосон малгай, хар өнгийн буриад гуталтай сумын төв рүү явсан. Манай хүү архи, тамхи хэрэглэдэггүй, дуугүй даруухан зантай, малаа маллаад байж байдаг. Манай хүүд элдэв муу зан байхгүй, ажилсаг хүн байгаа юм. Манай хүү багадаа тархиндаа сум оруулж байсан юм. Тэрнээс хойш мартаж, санадаг болсон. Одоо сумынхаа эмнэлэгт хяналтанд байдаг, жаахан бие муутай хүн байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед О машинаас уначихлаа гэж аавтайгаа Т утсаар ярьсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 36-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Хын мэдүүлсэн: ...Манай ээжийн бие тааруу сумын эмнэлэгт хэвтэж байгаа юм. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сумын төв рүү ороод эмнэлэг орж ээжтэйгээ уулзчихаад буцаад 16 цагийн орчим гарахад эмнэлгийн хүлээлгийн өрөөнд О ухаангүй хэвтэж байсан бөгөөд Т хажууд нь байхаар нь би юу болсон талаар Таас асуухад надад манай эхнэр мориноос унасан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгээд би эмнэлгээс гарч ирсэн. Би тэр талаар асуугаагүй. Би Ттай эмнэлэгт хальт таараад гарсан. Би тэрийг мэдээгүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 47-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед манай дүү Б.О өөрийнхөө утаснаас залгаад аавын ууж байсан эм нь хавангийн эм гэж байна гэсэн. Тэгэхээр нь би дүүдээ үгүй шүү даралтны хятад эм, болохгүй бол даралтны экватра гэдэг эм авч өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй дүү охин руугаа эмний мөнгө явуул гэж мессеж бичсэн байсан. Тэгэхээр нь би мөнгөгүй байна гэж мессеж бич гэж дүүдээ хэлсэн. Дараа нь ахын данс руу мөнгө хийгээрэй гэж мессеж бичсэн байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай хамаатны эгч надад Отгонсүрэнг эмнэлэгт хэвтсэн байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэхдээ малдаа өвс тавьж өгч байгаад малын хашааны дээвэр дээрээс унасан гэж байна, эмнэлэгт ирэхдээ өмдөндөө шээсэн байна гэнээ гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос Эрдэнэмандал сум руу явсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн үед Эрдэнэмандал суманд ирээд шууд эмнэлэг дээр ирэхэд дүү маань ухаангүй эмнэлэгт хэвтэж байхаар нь би нөхөртэй нь уулзаад юу болсон талаар асуухад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед бид 2 малдаа өвс хаяж өгч байсан юм, тэгсэн чинь О малын хашаан дээрээс уначихсан гэж хэлсэн. Би харанхуй шөнө болсон хойно юу хийж байсан юм гэхэд нөхөр нь эгчээ би цагийг нь андуурсан байна, 7 цагийн үед гэсэн. Тэгээд би юм асуугаагүй. Би тэр хоёрыг хоорондоо жаахан таарамжгүй харилцаатай гэж боддог. Би он, сарыг нь сайн санахгүй байна, гэр бүл болоод удаагүй нөхөртөө зодуулаад гэртээ ирж байсан. Жирэмсэн байхад нь хүртэл гар хүрч байсан гэж би сонссон. Нөхөр нь бас харилцааны тал дээр асуудалтай. Бид нартай юм ярьдаггүй. Манай дүү нөхөртөө зодуулдаг талаараа ярьж байсан. Цагдаад хэл гэхээр хэлдэггүй байсан. Манай дүү төлөв даруу зантай хүүхэд юм. Нөхөртэйгөө сууснаас хойш их сандруу, аймхай болсон байсан. Нөхрийнхөө аясаар хөдөлдөг болсон байсан. Манай дүү надаас ойр, ойрхон мөнгө гуйдаг байсан. Нөхөр нь манай дүүд мөнгө өгдөггүй юм шиг байдаг. Манай ах дүү нартай дүүг маань уулзуулах дургүй, хүүхдүүдээ бүр уулзуулдаггүй, танай талаас бузартана, гай болно гэж дүүд маань хэлдэг талаар надад дүү маань хэлж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сард дүү О нь манайд ганцаараа 10 гаруй хоног байсан. Анх ирэхдээ нөхөр Т, түүний ах нэрийг нь мэдэхгүй байна 2 манайд авчирч өгсөн юм. Тухайн үед О манайд байсан бөгөөд Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөхөд миний бие дагуулж очоод мөрдөгчтэй уулзахад нь би цагдаагийн үүдэнд дүүгээ мэдүүлэг өгөхөд нь хүлээж байгаад дуусахаар нь аваад харьж байсан. Надад мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон зүйл байхгүй. Тийм зүйл байхгүй, тухайн үед Ог мөрдөгч нь өрөөндөө аваад орж байсан. Надад мэдүүлэгтэй танилцсан хуудас байхгүй. О өөрөө мэдүүлгээ өгчихөөд гарч ирж байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Аийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой манай хүү Т Эрдэнэмандал сумын төв рүү орж өөрийн эхнэр О, түүний аав болох Б, 3 хүүхдийн хамт бөөнөөрөө хөдөө гэр буюу тус аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хөх чулуу гэх газар ирцгээсэн. Тэгсэн чинь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө манай бэр О аавын даралт нь унасан байна гээд манай гэрт орж ирсэн. Тухайн үед нөхөр Т нь малдаа яваад ирсэн бөгөөд ирээд удалгүй сумын төв рүү О, Б, Т нар явцгаасан байсан. Орой би 16 цаг өнгөрч байхад хонин дээр байж байгаад ирсэн. Намайг ирэхэд сумын төв рүү явсан гурав ирээгүй байсан. Тэр үед Тын гурван хүүхэд манайд байсан бөгөөд том хүүхэд болох Эманай гар утсаар аавынхаа дугаар руу залгаад гэрээс гараад явчихсан. Тэгсэн чинь дахиад манай гэрийн утас дуугараад байхаар нь би өөрөө очоод авахад О гар утсаа авахаар нь юу болж байна гэхэд аавыгаа үзүүлээд явж байна гэсэн. Хариуд нь би та хоёр ирэх болж байна уу, ишиг, хурга чинь харангадаж үхлээ гэж хэлсэн чинь О угжийг нь өгөхгүй яасан юм гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд аяга цай уугаад сууж байхад дахин манай гар утас дуугарахаар нь би гар утсыг авахад Т байсан. Одоо бид хоёр сумын төвөөс гараад явж байна гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгэхээр нь би хурга тавьж өгөхөд нь туслах гээд гэрээс гартал дахин гар утас дуугарсан. Тэгээд гар утсыг авахад Т байсан бөгөөд ааваа О машин явж байхад явдал дунд машины хаалга онгойлгоод уначихлаа гэж хэлээд уйлаад байхаар нь чи яг хаана явж байгаа юм гэж асуухад гар утасны сүлжээний унаад холбоо барих боломжгүй болсон. Сумын төв рүү таньдаг хүн рүү залгах гэсэн дугаарын дэвтрээ олоогүй, хэсэг эрж байгаад гэрээс гарч ишиг, хургаа тавьж өгч байхдаа хоёр хүүхдээ мартчихсан. Бүрэнхий болж байхад буюу цагийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна, Т, О нар машинтайгаа ирээд гэрийнхээ үүдэнд зогсоод гэртээ орж байгаа харагдсан. Тухайн орой хонь малаа хашиж байгаад Тын гэрт ороогүй, шууд гэртээ орсон бөгөөд гэртээ ороод хоол, цай идэж дуусаад байж байхад Т бага хүүхдээ дагуулаад гэрт орж ирэхээр нь Огийн бие нь яаж байна гэж асуухад Т шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байна, миний толгой өвдөөд байна, би харьж унтлаа гээд гараад явсан. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөө манай гэрийн хүн О босоод О яаж хоносон бол гээд гэрээс гарсан. Удалгүй манай эхнэр гэрт орж ирээд О гадаа бие засаад явж байна гэж хэлсэн. Тэгээд өдөр би хонин дээрээ явж байхад манай хүүхэд Т мотоцикльтой над дээр Огийн бие нэг л тавгүй болчихлоо гэсээр ирсэн. Хариуд нь би яаралтай сум руу авч яв гэж хэлээд явуулсан. Араас нь би гэртээ ирэхэд Т эхнэрээ аваад сумын төв рүү явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би Таас ямар шалтгааны улмаас Ог машины хаалга онгойлгож үсэрсэн талаар асуугаагүй. Хоорондоо эвтэй, найртай байдаг. Хэрүүл, маргаан хийгээд байдаггүй хүмүүс байгаа юм. Манай хүүхэд архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, архи уусан хүн харахаар уур нь хүрээд байдаг хүн байгаа юм. Би уулзаагүй болохоор тэр талаар мэдэхгүй байна. Тийм зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 73-75 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Лын мэдүүлсэн: ...Би А.Т гэх хүнийг танихгүй. О гэдэг хүн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагт манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн өвчтөн байгаа юм. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Өвчтөн Б.О нь манай эрүүл мэндийн төвд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагт хүргэгдэж ирэхдээ ухаан санаа нь балартсан, орчны харилцаа сул, байрлал хэвтрийн, дөрвөн мөч эмх замбараагүй хөдөлгөөнтэй, дөрвөн мөчний үзүүр хүйтэн, дуудахад нүдээ нээнэ, асуултанд хариулахгүй, команд биелүүлэхгүй, өмдөндөө шээсэн байдалтай, баруун чихний ар хэсэг, баруун чихний дэлбээ хөхрөл, бага зэргийн хавантай, биеийн байдал нь хүнд байсан бөгөөд нөхөр нь гээд нэг залуу манай эмнэлэгт хүргэж ирсэн. Нөхөр нь гээд Т гэдэг хүн хүргэж ирсэн. Тэгээд юу би юу болсон талаар Таас асуухад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас 22 цагийн орчимд эмнэлгээс гэр рүүгээ яваад гэртээ очоод малын хашаан дээрээс өвс буулгах гэж байгаад манай эхнэр малын хашаан дээрээс унасан бөгөөд унасны дараа ухаан алдаагүй гэртээ орсон, 03 дугаар сарын 21-ний өдрөөс биеийн байдал нь муудахаар нь авч ирсэн гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өглөө өвчтөн Огийн нөхөр Т ирээд өчигдөр ар гэрийнхнээс нь айгаад үнэнийг нь хэлж чадаагүй юм, одоо үнэнийг нь хэлье гээд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой хөдөө гэртээ харихаар нөхрийнхөө хамт “Портер” маркийн машинтай явж байх замдаа гэнэт явж байсан машинаас үсэрсэн гэж надад хэлсэн. Уг гэмтлийг би явж байгаа машинаас үсрэхэд үүссэн гэж би бодохгүй байна. Ямар нэгэн зүйлээр цохих, өшиглөх, юм мөргөх зэрэгт үүсэх боломжтой байх гэж бодож байна. Түүнээс тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож явж байх үед тээврийн хэрэгслээс үсэрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар биед зулгаралт гэмтлүүд үүснэ. Тийм болохоор дээрх гэмтэл тээврийн хэрэгслээс үсэрч унасан үед үүсэх боломжгүй гэмтэл. Өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл, шарх байгаагүй. Намайг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед өвчтөн Б.Огийн биеийн байдлыг үзэхээр ороход өрөөнд байсан өвчтөний ар гэрийн 3 хүн болох эгч нар нь, нөхрийнх нь нэг ах гээд хүмүүс манай дүү Огийн бие анх ирсэн өдрөөсөө дээрдээд ганц нэг үг хэлж, яриад, хоол ундаа идсэн. Тэгээд өөрөө бид нарт хэлэхдээ би машинаас үсрээгүй, хашаанаас унаагүй, намайг цохисон гэж хэллээ гээд надад хэлж байсан. Тухайн хүмүүсийн нэрийг нь би хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 78-80 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Оын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед эмнэлэг орж дүү Огийн хэвтэн эмчлүүлж байгаа өрөөнд очсон. Намайг өрөөнд нь ороход манай хамаатны дүү А Ог сахиж байсан. Тэгээд бид хоёр өрөөнд нь хамт сахиж байхад 12 цагийн үед манай дүү О гайгүй хөдлөөд, нүдээ нээгээд хараад ухаан орсон. Тэгэхээр нь бид хоёр юм асууж үзье гээд гэж хоорондоо яриад А Огээс аниагийн дүү намайг таньж байна уу, тийм бол толгойгоо дээш, доош нь хөдөлгөж дохиорой гэж асуухад О толгойгоо дээш, доош нь хөдөлгөөд таньж байна гэдэг байдлаар толгойгоо хөдөлгөсөн. Тэгэхээр нь А аниа нь дахиад юм асууя чи тийм гэвэл толгойгоо дээш, доош нь хөдөлгөөрэй, үгүй гэвэл толгойгоо хоёр тийш нь хөдөлгөөрэй гэхэд О толгойгоо дээш, доош нь хөдөлгөөд ойлголоо гэж илэрхийлсэн. Тэгээд А Огээс аниагийн дүү хашааны дээвэр дээрээс унасан уу гэж асуухад О толгойгоо зүүн, баруун тийш нь хөдөлгөөд үгүй гэж илэрхийлсэн. Дараа нь А аниагийн дүү машинаас үсэрсэн үү гэж асуухад мөн толгойгоо зүүн, баруун тийш нь хөдөлгөөд үгүй гэж илэрхийлсэн. Тэгэхээр нь А аниагийн дүү хүнд цохиулсан уу гэж асуухад толгойгоо дээш, доош нь хөдөлгөж дохиод тийм гэж илэрхийлсэн. Тэгээд О нэлээд ядрангуй байсан болохоор нь бид хоёр дахиад юм асуугаагүй. Ухаан санаа нь гайгүй байх шиг байсан. Аыг юм ярихаар ойлгоод толгой дохиж үйл хөдлөлөөрөө хариу үзүүлж асуултанд хариулж байсан. Өөрөө ярьж чадахгүй байсан. Зөвхөн толгойгоо дохиод үйл хөдлөл үзүүлж асуусан асуултанд хариулж байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Би А.Тын талаар сайн мэдэхгүй, нэг их харьцаж үзээгүй. Манай дүү О нь даруу төлөв зантай, хөөрхөн ааштай, ажилсаг, хүнтэй харьцаа сайтай, архи дарс ууж хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Надад лав тийм зүйл сонсогдож байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Аын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой 19 цагийн үед намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд байдаг гэртээ байхад О эгч миний гар утас руу залгаад Б.Ог ухаангүй эмнэлэгт байна гэсэн. Тэгээд хамт эмнэлэг явцгаая гэхээр нь хамт эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд Б Ог өрөөнд оруулсан байсан бөгөөд тухайн өрөөнд орон дээр ухаангүй хэвтэж байсан. Тэр үед Б Огийн нөхөр болох Т байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад малын хашаан дээр байж байхад шургааг мод нь хугарч, тухайн хашаан дээрээс унасан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тыг тэгж хэлэхэд нь би итгэсэн болохоор өөр зүйл асууж тодруулаагүй. Нээрэн хашаан дээрээс унасан юм байх гэж бодсон. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би Ог эмч орж ирж үзэхэд байсан. Эмчийг орж ирэхээс өмнө би Б.Од хандаж миний дүү эгчийгээ таньж байна уу гэж асуухад толгойгоо дохисон. Тэгэхээр нь би намайг таньж байгаа юм байна гэж бодоод аниа нь дүүгээсээ юм асууя гэхэд мөн адил толгойгоо дохисон. Тэгэхээр нь би аниагийн дүү миний асуусан асуултанд тийм бол толгойгоо дохиорой, үгүй бол толгойгоо зүүн баруун тийш нь болгоорой гэж хэлээд асуулт асуусан. Эхний асуулт нь миний дүү машинаас үсэрсэн юм уу гэхэд үгүй гэж толгойгоо зүүн баруун тийш болгосон. Тухайн асуултыг нэг биш удаа асуусан бөгөөд тэгэхэд яг нэг адил хариулт өгсөн. Хоёр дахь асуулт нь миний дүү хашаан дээрээс унасан юм уу гэхэд үгүй гэж толгойгоо зүүн баруун тийш болгосон. Тухайн асуултыг нэг биш удаа асуухад яг нэг адил хариулт өгсөн. Гурав дахь асуулт нь миний дүүг чиний нөхөр болох Т цохисон юм уу гэж асуухад толгойгоо дохиж тийм гэсэн хариулт өгсөн бөгөөд тухайн асуултыг нэг биш удаа асуухад яг нэг адил хариулт өгсөн. Тэр үед манай эгч О байсан бөгөөд Б.Ог миний асуусан асуултанд ямар хариулт өгснийг сайн мэдэж байгаа. Б.Огээс асуулт асуугаад дууссаны дараа Тын ах болох Түмэнбаяр орж ирсэн. Түүнд хандаж чи дүүтэйгээ уулзсан уу, юу ярьж байна гэхэд манай дүү угаасаа үнэнээ хэлж байгаа гэсэн. Би нэг их ойр байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Цагаан сараар л орж ирдэг. Түүнээс манайхаар орж гараад байдаггүй. Мөн би Тын гэрт очиж үзээгүй. Би Тын талаар мэдэх зүйл байхгүй, нэг их харьцаад байдаггүй болохоор. Би О, Т нарын хэдэн оны, хэдэн сард анх гэр бүл болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар гэр бүл болоод 6, 7 жил болж байгаа байх. Би дээрх хоёр хүнээс асуусан бөгөөд миний асуусан асуултад хариулахдаа явж байсан машинаас үсэрсэн гэж хэлсэн. Эхлээд ярихдаа бол малын хашаан дээрээс унасан гэж ярьж байсан. Намайг анх эмнэлэг дээр очиход Б.Огийн баруун талын чихний ар хэсэгт хөхөрсөн байсан. Өөр биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, бэртэл, шарх байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Грашийн 1218 тоотод өөрийн гэртээ байж байтал дүү О гаднаас орж ирээд Б ахаа танайд аавыг хэдэн өдөр байлгадаг юм билүү, манай мал төллөөд Т бид хоёр завгүй байгаад байна гэсэн. Би Тын хамт аавыг гэртээ оруулж ирэхэд дүү О нүдэндээ дүүрэн нулимстай байсан. Тэгээд дүү О, Т хоёр хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Хөх чулуу гэх газарт байдаг гэр рүүгээ явсан. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой хүргэн дүү Т гэрийн гадаа ирээд Б ах байгаа юу гэж хэлчихээд яваад өгсөн байсан. Би маргааш өглөө нь 07 цагийн үед ирэхэд дүү О нь унтаа байдалтай байсан. Би юу болсон талаар хүргэн Таас асуухад малын хашаан дээрээс унаад ийм болчихлоо гэж ярьсан. Чи үнэнээ хэл гэж хэлэхэд танайд аавыг хүргэж өгчихөөд хөдөө гэр рүү явж байтал О уурлаад явж байсан “Портер” машинаас үсрээд ийм болсон юмаа гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т манайд ирэхдээ архи уугаагүй байх шиг байсан. Хэдэн жилийн өмнө нэг зодсон сураг байсан. Манай хүргэн Т зан байдлаараа төлөв даруухан хүн шиг л харагддаг бөгөөд цаагуураа ямар хүнийг нь би сайн мэдэхгүй байна. О, Т нар нь гэр бүл болоод 7-8 жил болж байгаа шиг санагдаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 92-94 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Огийн дахин мэдүүлсэн: ...Би хүү Т.Энх-Ирээдүйд огт үг зааж өгөөгүй. Харин хүүгийнхээ сууж байгаа айлд талх авч өгөөрэй гэж хэлээд 8000 төгрөг өгсөн. Түүнээс огт үг зааж өгөөгүй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвөөс буцаад өөрийнхөө хөдөө гэр рүүгээ Тын эхнэр Огийн хамт өөрсдийнхөө өмчийн машинтай ирсэн. Машины улсын дугаарыг мэдэхгүй байна, орой 19, 20 цагийн үед шиг санагдаж байна, гадаа бүрэнхий болж байсан, Т гэрээсээ эхнэрээ тэврээд оруулж байгаа харагдсан. Хонь, малаа янзалчихаад гэртээ байж байхад манай хүү Т орж ирэхээр нь би та хоёр гайгүй юу гэсэн чинь гайгүй гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 14 цагийн орчим Т аав байна уу гэхээр нь аав чинь хониндоо явсан гэж хэлэхэд Т Ог үзүүлэхгүй бол болохгүй байна гээд машинтай Ог Т аваад сумын төв рүү явсан. Сумын төвд очоод Т эргээд манай гар утас руу залгаад Огийн бие тааруу байна, та хоёр хүрээд ир гэхээр нь нөхөр, бид хоёр сумын төв рүү явсан. Сумын төв рүү очиход эмнэлэгт О ухаангүй байсан. Ирсэн орой нь гэрт нь орж уулзаагүй. Харин маргааш өглөө нь гэрт нь ороод Ог бие нь гайгүй юу гэхэд гайгүй гэж байсан. Биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх байсныг анзаараагүй. Харин эмнэлэгт очсоны дараа очиход баруун талын чихний ар хэсэгт хуруу дарчихсан юм шиг хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл байгаагүй. Манай хүүхэд Т нь эхнэр Ог цохиж, зодож байгаагүй. Манай хүүхэд Т нь А гэх айлын 2 дахь хүүхэд болон 1993 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Бага насандаа аав, ээжийн гар дээр өссөн. Эрдэнэт аймгийн Ерөнхий боловсролын сургуульд 5 дугаар анги хүртэл сураад сургуулиас гарсан. Яг хэддүгээр сургуульд сурч байсан талаар би мэдэхгүй байна. А.Т цэргийн алба хааж байгаагүй. А.Т сургуулиас гараад хөдөө мал малласан. Түүнээс ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Манай хүү Т нь архи, тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн элдвийн буруу зан араншингүй, ажилсаг, хүнд тусархуу хүн байгаа юм. Т нь 5 дугаар ангид орохоосоо өмнө отор хийж байсан хүмүүсийн авч явж байсан сумтай бууг нэг нь гохон дээр нь санаандгүй дараад үүний улмаас тархиндаа буудуулсан юм. Яг он, сарыг нь санахгүй байна. Тэрнээс хойш байнгын эмчийн хяналтад байдаг. Тархиндаа буудуулснаас хойш огцом ууртай болсон. Ямарваа зүйлийг амархан мартдаг. Мөн зуны халуун цагт толгой тархи нь их өвддөг...гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эын мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст нэмэгдлээр Мөрдөн байцаах албаны даргын тушаалаар ажиллаж байсан. Тухайн хэлтэст ажиллах хугацаанд Архангай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д утсаар холбогдож О гэх хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахуулахаар даалгасны дагуу тус хэлтсийн мэдүүлэг авах зөвшөөрөлтэй өрөөнд О гэх эмэгтэйг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тухайн үед О гэх эмэгтэйг ганцааранг нь оруулж, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, өөрөөр нь уншуулж гарын үсгийг нь зуруулж, болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авсан. Тухайн үед О гэх эмэгтэйг мэдүүлэг авахаар утсаар хэд, хэдэн удаа дуудуулж ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй гээд нэг хүнтэй хамт ирсэн бөгөөд хамт ирсэн хүнийг нь гаргаад О гэх хүнийг ганцааранг нь байлгаж байгаад мэдүүлэг авсан. Хэн нэгэн хүн Огийн өмнөөс нь мэдүүлэг өгөөгүй. Б.О өөрөө мэдүүлгээ өгсөн. Тухайн үед нөхөртөө зодуулаад нэг мэдэхэд сумын эмнэлэгт сэрсэн талаараа мэдүүлж байсан. О гэх хүн мэдүүлэг өгч дуусаад өөрөө мэдүүлэгтэйгээ биечлэн уншиж танилцаад гарын үсгээ зурсан. Сэтгэл санаа нь тавгүй, нөхрөө гэх үү, хадмуудаа гэх үү гээд айдас түгшүүртэй байсан. Би О гэх эмэгтэйгээс өөрөөс нь мэдүүлэг авсан. Өмнөөс нь хэн нэгэн хүн мэдүүлэг өгч би өөр хэн нэгнээс мэдүүлэг аваагүй. Тухайн үед О гэх хүн мэдүүлэг өгөхдөө нөхөртөө зодуулсан, сумын төвөөс хэрэлдэж гараад гэртээ нөхөртөө толгой хэсэг рүүгээ цохиулаад, ухаан алдаад сумын эмнэлгийн орон дээр сэрсэн талаараа мэдүүлж байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 01-03 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 20-ны үед гэж санаж байна, О нь машинаас унаж гэмтсэн гэж сонссон. Тухайн үед Т 95514733 дугаарын утаснаас над руу залгаж эгчээ О машинаас уначихлаа гэж ярьсан. Тухайн үед би О яагаад машинаас уначихдаг билээ гэхэд Т надад хандаж бид хоёр хамт явж байгаад О уурлаад би машинаас үсэрлээ гэхээр нь би машинаа зогсоох үед шууд өөрөө үсрээд уначихлаа гэж надтай ярьсан. Ингэж би Ог гэмтсэн талаар мэдсэн. О толгойдоо жаахан гэмтэл авсан гэж сонссон. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярихад О миний бие зүгээр болсон, гэрийнхээ ажлыг хийгээд байж байна, шинэ оны мэнд хүргэе гэж ярьж байсан. Би бодохдоо бие зүгээр болсон юм байна гэж ойлгосон...гэх мэдүүлэг /2хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Огийн мэдүүлсэн: ...Би эрх, үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Надад эрх, үүрэгтэйгээ холбоотой асуух зүйл байхгүй. Би тухайн тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Улаанбаатар хотод миний биеийн байдал маш муу, тархи толгой өвдөж удаан, муу ярьдаг байсан, мөн зарим нэг зүйлийг сайн ойлгохгүй байдалтай байсан бөгөөд тэр үедээ мэдүүлэг өгсөн учраас буруу зөрүү ярьсан байна. Харин сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны үед миний биеийн байдал нилээд дээрдэж, сайн болсон байсан. Уг гэмтлийг би өөрөө явж байсан машинаас үсэрч унах үед түүнээс болж үүссэн гэмтэл байгаа юм. Манай нөхөр зодсон зүйл байхгүй. Би одоо 3 сартай жирэмсэн, биеийн байдал хэвийн байна. Гэр бүлийн харилцаа хэрүүл маргаангүй, зүгээр хэвийн үргэлжилж байна. Би О, Алтанхуяг нарыг ирсэн, надтай уулзсан талаар санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 30-32 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 152 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Огийн биед тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлөг дух, зулайн дэлбэнд аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн тал бөмбөлгийн хажуу ховдлын дунд хэсэгт цус хуралт, няцралын голомт, духны дэлбэнд хатуу хальсан доорх голомтлог цус хуралт, хамрын таславчийн мурийлт, баруун талын чихний дэлбээ, чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлөг дух, зулайн дэлбэнд аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн тал бөмбөлгийн хажуу ховдлын дунд хэсэгт цус хуралт, няцралын голомт, духны дэлбэнд хатуу хальсан доорх голомтлог цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын таславчийн мурийлт, баруун талын чихний дэлбээ, чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 103-105 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-05 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 06-07, 59 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-58 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 41 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн өмгөөлөгч Н.Болормаагийн хүсэлт 1 хуудас, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол 2 хуудас, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын хариу мэдэгдэх хуудас 2 хуудас, Б.Огийн хүсэлт 1 хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар 7 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд 4 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хөх чулуу гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр А.Тд зодуулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хохирогчоор мэдүүлэхдээ бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хөх чулуу гэх газар 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр А.Тд зодуулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хохирогчоор мэдүүлэхдээ бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Б.Огийн хохирогчоор мэдүүлсэн “Нэг сэрсэн чинь сумынхаа эмнэлэгт хэвтэж байсан. Нөхөр маань ухаангүй болтол зодсон байсан. Эмнэлгийн орон дээр сэрэхэд толгой, тархиар маш өвдөж байсан бөгөөд тухайн өдрөө Улаанбаатар хот руу ирсэн. Сумандаа 6 хоносон. Намайг манай нөхөр Т зодсон”, “нөхөр Тд хандаж одоо гэрт очихоор танай аав намайг мал энэ тэр гээд уурлаж загнана гэж хэлээд би өөрөө машинаас үсэрсэн юм. Тэгсэн чинь манай нөхөр намайг машинаас унаад газар хэвтэж байхад ирээд миний дээлийг гөвөөд босгож машиндаа суулгасан. Машин дотор сууж байхад нөхөр Сэгч рүү залгаад намайг машинаас үсэрсэн талаар хэлээд Сэгчтэй намайг гар утсаар яриулсан чинь чи үр хүүхэд, нөхрөө боддоггүй юм уу, тэнэг юм уу гээд намайг загнасан. Дараа нь сумын төв рүү эргэж ороод Жахын гэрт нь очоод толгойгоо бариулах гэсэн чинь толгой нь өвдөөд байгаа юм биш үү, эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлэлгүй шууд хөдөө гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 114-116, 1х-ийн 240-243/,
гэрч А.Тын мэдүүлсэн “Тэгээд эхнэр, бид хоёр 18 цагийн үед шууд гэр рүүгээ явсан бөгөөд гэр рүү явах замд Хөөсгөл гэх газар манай эхнэр надад эгчдээ загнуулснаа яриад бас манай аав, ээжид загнуулдгаа ярьж уйлаад машинаа зогсоо, би бууна гэсэн. Тэгэхээр нь би чи тэгээд буугаад хаачих гээд байгаа юм бэ гэхэд эхнэр маань зогсохгүй бол би үсэрлээ гэхээр нь би хурдаа хасч байтал эхнэр маань хаалга онгойлгоод үсэрсэн. Би хамт тоормос гишгэж машинаа зогсоогоод буухад эхнэр маань 5 метр орчим зайд газарт уначихсан ухаангүй байсан. Би гүйж очоод тэвэрч аваад яаж байна гэхэд гайгүй гээд ёолж байсан. Тэгэхээр нь би аав руугаа утсаар ярьж эхнэрээ машинаас үсэрсэн талаар хэлээд утасны сүлжээ тасарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-23/,
гэрч С.Гын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед гэрийнхээ гадаа сургуулиасаа ирж байгаа хүүхдүүдээ тосоод зогсож байтал Т цагаан өнгийн жижиг тэрэгтэй гэрийн гадаа ирж зогсоод Б ах байна уу гэж асуухаар нь би байхгүй, гадуур явж байгаа гэж хэлсэн. Яасан бэ зүгээр үү гэж асуухад О харин малын хашаан дээрээс унаад толгой нь өвдөөд байна, бариулах гэж явж байна гэсэн. Би нөхрөө 21 цагийн үед гэртээ ирэхээр нь Огийн бие тааруу эмнэлэгт хэвтэх гээд явсан, хоёулаа эмнэлэг дээр очих уу гээд бид хоёр эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,
гэрч А.Огийн мэдүүлсэн “Манай хоёр хүүхэд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төв рүү цэнхэр өнгийн “Бонго” машинтай явсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад манай хүү Т 95514733 дугаарын утаснаас залгаад аав байна уу гээд аав Атэйгээ ярьсан. Тэгсэн чинь О машинаас уначихлаа гэж хэлсэн. Тэгээд аав нь юу болсон талаар асуухад дуугаралгүй утсаа салгасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-39/,
гэрч Х.Хын мэдүүлсэн “би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сумын төв рүү ороод эмнэлэг орж ээжтэйгээ уулзчихаад буцаад 16 цагийн орчим гарахад эмнэлгийн хүлээлгийн өрөөнд О ухаангүй хэвтэж байсан бөгөөд Т хажууд нь байхаар нь би юу болсон талаар Таас асуухад надад манай эхнэр мориноос унасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-50/,
гэрч Б.Оийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай хамаатны эгч надад Отгонсүрэнг эмнэлэгт хэвтсэн байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэхдээ малдаа өвс тавьж өгч байгаад малын хашааны дээвэр дээрээс унасан гэж байна, эмнэлэгт ирэхдээ өмдөндөө шээсэн байна гэнээ гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос Эрдэнэмандал сум руу явсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн үед Эрдэнэмандал суманд ирээд шууд эмнэлэг дээр ирэхэд дүү маань ухаангүй эмнэлэгт хэвтэж байхаар нь би нөхөртэй нь уулзаад юу болсон талаар асуухад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед бид 2 малдаа өвс хаяж өгч байсан юм, тэгсэн чинь О малын хашаан дээрээс уначихсан гэж хэлсэн. Би харанхуй шөнө болсон хойно юу хийж байсан юм гэхэд нөхөр нь эгчээ би цагийг нь андуурсан байна, 7 цагийн үед гэсэн. Тэгээд би юм асуугаагүй”, “Тухайн үед О манайд байсан бөгөөд Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөхөд миний бие дагуулж очоод мөрдөгчтэй уулзахад нь би цагдаагийн үүдэнд дүүгээ мэдүүлэг өгөхөд нь хүлээж байгаад дуусахаар нь аваад харьж байсан. Надад мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55, 2хх-ийн 05-06/,
гэрч П.Аийн мэдүүлсэн “гар утсыг авахад Т байсан бөгөөд ааваа О машин явж байхад явдал дунд машины хаалга онгойлгоод уначихлаа гэж хэлээд уйлаад байхаар нь чи яг хаана явж байгаа юм гэж асуухад гар утасны сүлжээ нь унаад холбоо барих боломжгүй болсон. Тэгээд өдөр би хонин дээрээ явж байхад манай хүүхэд Т мотоцикльтой над дээр ирээд Огийн бие нэг л тавгүй болчихлоо гэхээр нь хариуд нь би яаралтай сум руу авч гэж хэлээд явуулсан. Араас нь би гэртээ ирэхэд Т эхнэрээ аваад сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 73-75/,
гэрч М.Лын мэдүүлсэн “Өвчтөн Б.О нь манай эрүүл мэндийн төвд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагт хүргэгдэж ирэхдээ ухаан санаа нь балартсан, орчны харилцаа сул, байрлал хэвтрийн, дөрвөн мөч эмх замбараагүй хөдөлгөөнтэй, дөрвөн мөчний үзүүр хүйтэн, дуудахад нүдээ нээнэ, асуултанд хариулахгүй, команд биелүүлэхгүй, өмдөндөө шээсэн байдалтай, баруун чихний ар хэсэг, баруун чихний дэлбээ хөхрөл, бага зэргийн хавантай, биеийн байдал нь хүнд байсан бөгөөд нөхөр нь гээд нэг залуу манай эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд юу би юу болсон талаар Таас асуухад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас 22 цагийн орчимд эмнэлгээс гэр рүүгээ яваад гэртээ очоод малын хашаанд дээрээс өвс буулгах гэж байгаад манай эхнэр малын хашаан дээрээс унасан бөгөөд унасны дараа ухаан алдаагүй гэртээ орсон, 03 дугаар сарын 21-ний өдрөөс биеийн байдал нь муудахаар нь авч ирсэн гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өглөө өвчтөн Огийн нөхөр Т ирээд өчигдөр ар гэрийнхнээс нь айгаад үнэнийг нь хэлж чадаагүй юм, одоо үнэнийг нь хэлье гээд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой хөдөө гэртээ харихаар нөхрийнхөө хамт “Портер” маркийн машинтай явж байх замдаа гэнэт явж байсан машинаас үсэрсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-80/,
гэрч Г.Оын мэдүүлсэн “бид хоёр өрөөнд нь хамт сахиж байхад 12 цагийн үед манай дүү О гайгүй хөдлөөд, нүдээ нээгээд хараад ухаан орсон. Тэгэхээр нь бид хоёр юм асууж үзье гээд гэж хоорондоо яриад А Огээс аниагийн дүү намайг таньж байна уу, тийм бол толгойгоо дээш, доош нь хөдөлгөж дохиорой гэж асуухад О толгойгоо дээш, доош нь хөдөлгөөд таньж байна гэдэг байдлаар толгойгоо хөдөлгөсөн. Тэгэхээр нь А аниа нь дахиад юм асууя чи тийм гэвэл толгойгоо дээш, доош нь хөдөлгөөрэй, үгүй гэвэл толгойгоо хоёр тийш нь хөдөлгөөрэй гэхэд О толгойгоо дээш, доош нь хөдөлгөөд ойлголоо гэж илэрхийлсэн. Тэгээд А Огээс аниагийн дүү хашааны дээвэр дээрээс унасан уу гэж асуухад О толгойгоо зүүн, баруун тийш нь хөдөлгөөд үгүй гэж илэрхийлсэн. Дараа нь А аниагийн дүү машинаас үсэрсэн үү гэж асуухад мөн толгойгоо зүүн, баруун тийш нь хөдөлгөөд үгүй гэж илэрхийлсэн. Тэгэхээр нь А аниагийн дүү хүнд цохиулсан уу гэж асуухад толгойгоо дээш, доош нь хөдөлгөж дохиод тийм гэж илэрхийлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86/,
гэрч Г.Аын мэдүүлсэн “Тэр үед Б.Огийн нөхөр болох Т байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад малын хашаан дээр байж байхад шургааг мод нь хугарч, тухайн хашаан дээрээс унасан гэж хэлсэн. Тыг тэгж хэлэхэд нь би итгэсэн болохоор өөр зүйл асууж тодруулаагүй. Эмчийг орж ирэхээс өмнө би Б.Од хандаж миний дүү эгчийгээ таньж байна уу гэж асуухад толгойгоо дохисон. Тэгэхээр нь би намайг таньж байгаа юм байна гэж бодоод аниа нь дүүгээсээ юм асууя гэхэд мөн адил толгойгоо дохисон. Тэгэхээр нь би аниагийн дүү миний асуусан асуултад тийм бол толгойгоо дохиорой, үгүй бол толгойгоо зүүн баруун тийш нь болгоорой гэж хэлээд асуулт асуусан. Эхний асуулт нь миний дүү машинаас үсэрсэн юм уу гэхэд үгүй гэж толгойгоо зүүн баруун тийш болгосон. Тухайн асуултыг нэг биш удаа асуусан бөгөөд тэгэхэд яг нэг адил хариулт өгсөн. Хоёр дахь асуулт нь миний дүү хашаан дээрээс унасан юм уу гэхэд үгүй гэж толгойгоо зүүн баруун тийш болгосон. Тухайн асуултыг нэг биш удаа асуухад яг нэг адил хариулт өгсөн. Гурав дахь асуулт нь миний дүүг чиний нөхөр болох Т цохисон юм уу гэж асуухад толгойгоо дохиж тийм гэсэн хариулт өгсөн бөгөөд тухайн асуултыг нэг биш удаа асуухад яг нэг адил хариулт өгсөн. Тэр үед манай эгч О байсан бөгөөд Б.Ог миний асуусан асуултад ямар хариулт өгснийг сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91/,
гэрч Б.Бийн мэдүүлсэн “Би юу болсон талаар хүргэн Таас асуухад малын хашаан дээрээс унаад ийм болчихлоо гэж ярьсан. Чи үнэнээ хэл гэж хэлэхэд танайд аавыг хүргэж өгчихөөд хөдөө гэр рүү явж байтал О уурлаад явж байсан “Портер” машинаас үсрээд ийм болсон юмаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-94/,
гэрч А.Огийн дахин мэдүүлсэн “Манай хүүхэд Т нь эхнэр Ог цохиж, зодож байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172/,
гэрч Ч.Эын мэдүүлсэн “Тухайн хэлтэст ажиллах хугацаанд Архангай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д утсаар холбогдож О гэх хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахуулахаар даалгасны дагуу тус хэлтсийн мэдүүлэг авах зөвшөөрөлтэй өрөөнд О гэх эмэгтэйг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тухайн үед О гэх эмэгтэйг ганцааранг нь оруулж, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, өөрөөр нь уншуулж гарын үсгийг нь зуруулж, болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авсан. Тухайн үед Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй гээд нэг хүнтэй хамт ирсэн бөгөөд хамт ирсэн хүнийг нь гаргаад О гэх хүнийг ганцааранг нь байлгаж байгаад мэдүүлэг авсан. Хэн нэгэн хүн Огийн өмнөөс нь мэдүүлэг өгөөгүй. Б.О өөрөө мэдүүлгээ өгсөн. Тухайн үед нөхөртөө зодуулаад нэг мэдэхэд сумын эмнэлэгт сэрсэн талаараа мэдүүлж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 01-03/,
гэрч Н.Мын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 20-ны үед гэж санаж байна, О нь машинаас унаж гэмтсэн гэж сонссон. Тухайн үед Т 95514733 дугаарын утаснаас над руу залгаж эгчээ О машинаас уначихлаа гэж ярьсан. Тухайн үед би О яагаад машинаас уначихдаг билээ гэхэд Т надад хандаж бид хоёр хамт явж байгаад О уурлаад би машинаас үсэрлээ гэхээр нь би машинаа зогсоох үед шууд өөрөө үсрээд уначихлаа гэж надтай ярьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 08-09/,
Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Улаанбаатар хотод миний биеийн байдал маш муу, тархи толгой өвдөж удаан, муу ярьдаг байсан, зарим нэг зүйлийг сайн ойлгохгүй байдалтай байсан бөгөөд тэр үедээ мэдүүлэг өгсөн учраас буруу зөрүү ярьсан байна. Харин сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Уг гэмтлийг би өөрөө явж байсан машинаас үсэрч унах үед түүнээс болж үүссэн гэмтэл байгаа юм. Манай нөхөр зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 30-32/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 152 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 103-105/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 06-07, 59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.О нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Худал мэдүүлэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.О нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хөх чулуу гэх газар 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр А.Тд зодуулж, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэж хохирогчоор мэдүүлэхдээ бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.О нь 5 сартай жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар, түүний эмнэлэгт үзүүлсэн баримтуудаар нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Од хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
МУлсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Бгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Шүүгдэгч Б.Огийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ