| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00378/И |
| Дугаар | 00034 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00034
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1979 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, Асууд овогт Лхагвасүрэнгийн Сын нэхэмжлэлтэй /РД:*/
Хариуцагч: * тоотод оршин суух, 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Шарчууд овогт Эрдэнэцогтын Од холбогдох /РД: */
Д.Очы орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, хариуцагч Э.О, гэрч Д.Оч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э.О, Д.Оч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 17 сая төгрөгийг авч хэрэглэсэн. Гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг нь барагдуулж чадаагүй учраас Э.О нь үндсэн зээл, хүү, алдангийг Д.Очаас нэхэмжилж тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан байсан. Уг зээлийн гэрээний мөнгийг би авч хэрэглэсэн байсан учраас Э.Оын Д.Очаас нэхэмжилсэн 39270000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлал дээр байхад нь 14 сая төгрөгийг дансаар бэлэн төлж үлдэгдэл 25270000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр Очы нэр дээр эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Уг шүүхийн шийдвэр гарсан 25270000 төгрөгийг би бүрэн төлж барагдуулсан. Нөхөр Ж.Алтанжолоогийн данснаас 8870000 төгрөг, Очы данснаас нэг сая төгрөг, Оын дансанд бэлнээр 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 сая төгрөг, 400000 төгрөгийн шатахуун хийж өгч дуусгасан. Би шүүгчийн захирамжинд заасан төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд одоо Д.Очд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нь хэрэг болоод надаас нэхээд байгаа тул Э.Оаас Д.Очы орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх зээлийн гэрээг иргэн Д.Очтай 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 сарын хугацаатай байгуулсан. Зээлдүүлсэн 17 сая төгрөг нь Аз өсөх билэг ХХК-ний буюу авто ломбардны мөнгө юм. Би Очд 17 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд Оч төлбөрөө барагдуулаагүй. Энэхүү мөнгийг би Аз өсөх билэг ХХК-д зээлийн гэрээг дахин 2 сараар сунгасан гэж хэлсэн. Зээлийн гэрээнд хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох заалт байгаа. Энэ алдангийг тооцуулахгүйн тулд зээлийн гэрээг 2 сараар сунгасан гэж тэр компанид хэлсэн юм. Гэхдээ бодит байдал дээр зээлийн гэрээг албан ёсоор бичгээр сунгаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тохирсон ёсоор зээлийн гэрээ дуусгавар болох ёстой гэж үзэж байсан. Хөрөнгө оруулсан компаниас намайг шүүхэд ханд гэсэн боловч би эд нарыг бодоод шүүхэд өгөхгүй яваад байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Оч бид хоёрын хооронд 25270000 төгрөгийг төлөх эвлэрлийн гэрээ байгуулагдсныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 1095 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байсан учир би шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Шүүх албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичиж шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх боломж бүрдүүлж өгсөн боловч С, Оч хоёр надаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгөхгүй байгаач гэж гуйсан учир би өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн албанд өгөөгүй. Би Саас шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн 25270000 төгрөгийг бүрэн авсан нь үнэн. Маргах зүйлгүй. Харин Л.С нь шүүгчийн захирамжинд заасан 25270000 төгрөгийг төлж дуустал алдангийг тооцохгүйгээр сарын 10 хувийн хүүг өгөөд явъя гэж тохиролцсон байсан юм. Иймд шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх зээлийн хүү нь 39100000 төгрөг болж байгаа юм. Гэвч би энэ мөнгөнөөс 15 сая төгрөгийг одоо бэлэн өгөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг дараа нь өгөхөөр тохиролцсон тохиолдолд уг байрны гэрчилгээг нь өгнө. Хуулийн хугацаанд төлбөрөө төлсөн байсан бол ямар ч асуудал үүсэхгүй байсан. Д.Оч эгч бол надаас авсан 17 сая төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Д.Очы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ….. 2015 оны 12 дугаар сард Л.С надтай тааралдаад Банк бус санхүүгийн байгууллага байгуулах гэж байгаа юм та надад үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад зээл авч өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би банкнаас зээл авах боломжгүй гэж хэлэхэд хувь хүнээс нэг сарын хугацаатай зээлж аваад өгөөч гэсэн. Тэгээд С өөрөө Оыг олж дагуулж хүрч ирээд надтай зээлийн гэрээ байгуулсан. Э.О бид хоёр тэгээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээ байгуулж би орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд нь тавьсан. Хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан. Тэгээд О гэрээ байгуулсны дараа миний дансанд 17 сая төгрөгийг хийсэн. Тэр мөнгийг нь би тэр дор нь нэг цаг ч болголгүй Сын дансанд хийсэн. Уг 17 сая төгрөгнөөс би нэг ч төгрөг аваагүй. С гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир О миний нэрээр шүүхэд хандсан. Тэгээд эвлэрүүлэн зуучлагч дээр ирэхэд С надад Оын нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлнө гэсэн учир би Отай нэхэмжилсэн 39270000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч уг 39270000 төгрөгнөөс С 14 сая төгрөгийг эвлэрүүлэн дээр байхад бэлнээр өгсөн тул үлдэх 25270000 төгрөгийг төлөхөөр О бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан 25270000 төгрөгийг С 2 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулсан. С бид хоёр Э.Оыг шийдвэр гүйцэтгэлийн албанд битгий өгөөч гэж гуйсан нь үнэн. Тэгээд Од хүү төлье гэж хэлж байсан нь үнэн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Э.Оаас Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 5 дугаар байрны № 122 тоотод байрлах 30.4 м.кв талбайтай Ү-1307000972 дугаартай Д.Очы орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.О нь 20 сая төгрөгийг авсны дараа буюу одоо 15 сая төгрөгийг, дараа нь үлдэх 5 сая төгрөгийг хэдийд төлөхөөр хугацаа тохирсны дараа Д.Очы орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэж өгнө. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Д.Оч нь өөрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад бүх эрхийг нэхэмжлэгч Л.Сд итгэмжлэлээр олгосон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзвэл хариуцагч Э.О нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Очд 17000000 /арван долоон сая/ төгрөгийг 02 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиололд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 5 дугаар байрны № 122 тоотод байрлах Д.Очы орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Д.Оч нь биелүүлээгүй учраас Э.О нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж Д.Очаас үндсэн зээл 17 сая төгрөг, зээлийн хүүнд 6800000 төгрөг, алданги 15470000 төгрөг, нийт 39270000 төгрөгийг нэхэмжилж барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхээр шаардсан ба тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Б.Эрдэнэмөнхийн дэмжлэгтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл гаргагч Э.О нь 14 сая төгрөгийг эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дараа хүлээн авсан учир 39270000 төгрөгийг гаргуулах шаардлагаас хасч тооцон үлдэх 25270000 төгрөгийг гаргуулах, төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар шаардсаныг Д.Оч нь маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 1095 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.
Өөрөөр хэлбэл: Э.О, Д.Оч нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 17 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээний харилцаа Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № 00148 дугаартай эвлэрлийн гэрээг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 1095 дугаартай захирамжаар баталгаажуулснаар дуусгавар болсон байна.
Уг шүүгчийн захирамжаар Д.Очаас 25270000 төгрөгийг гаргуулж Э.О олгохоор тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан боловч шүүгчийн захирамжинд заасан 25270000 төгрөгийг нэхэмжлэгч Л.С нь Э.От 02 жилийн хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 сая төгрөгийг дансаар, өөрийн нөхрийн дансаар 8870000 төгрөгийг, Очы дансаар дамжуулан нэг сая төгрөгийг, 400000 төгрөгийн шатахуун өгөх зэргээр төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй ба Д.Оч нь Э.Оаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлсэн 17 сая төгрөгийг 39270000 төгрөг болгож төлж барагдуулснаар үүрэг дуусгавар болсон байна.
Харин тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 1095 дугаартай захирамж гарснаас хойш Э.О Д.Оч нарын хооронд дахин зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт.... Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана ... гэж заажээ.
Гэтэл хариуцагч Э.О нь шүүгчийн захирамж гарснаас хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаны хүү 39100000 төгрөг болж байгаа боловч миний хувьд 20 сая төгрөгийг буюу одоо 15 сая төгрөгийг аваад үлдэх 5 сая төгрөгийг хэдийд төлөхөөр тохиролцсон тохиолдолд Д.Очы орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өгнө гэж байгаа нь Э.О Д.Оч нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 17 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 1095 дугаартай захирамж гарснаар дуусгавар болчихоод байхад хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн хүү 39100000 төгрөг болсон үүнээс 20 сая төгрөгийг аваад Д.Очы орон сууц өмчлөх гэрчилгээг өгнө гээд байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болох нь харагдаж байна.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Оч нь үүрэг гүйцэтгүүлэгч Э.Од үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон байх тул хариуцагч Э.Оаас Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 5 дугаар байрны № 122 тоотод байрлах 30.4 м.кв талбайтай Ү-1307000972 дугаартай Д.Очы орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлснийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Сд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 242 дугаар зүйлийн 242.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Оаас Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 5 дугаар байрны № 122 тоотод байрлах 30.4 м.кв талбайтай Ү-1307000972 дугаартай Д.Очы орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Л.Сд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400953 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.