Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Г.А

Хохирогч Ш.Б

Хохирогч Т.М /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д 

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2225005010347 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ш.Б ын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6x3.5 м2 төмөр гаражийн эзэмших эрхийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буюу өөртөө захиран зарцуулах эрх олгогдсон мэтээр хохирогч Т.М-т 2 200 000 төгрөгөөр худалдан борлуулж, 9 500 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт,

-2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б ын эзэмшлийн 6x3.5 м2 төмөр гаражийг “манай найзын граж, зарна гэсэн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.М-т төөрөгдөлд оруулж, хуурч 2 200 000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, улмаар 1 500 000 төгрөгийг бэлнээр авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Машиндаа завсар хийлгэх шаардлага гаргасан тул граш хайсан. Фэйсбүүк зар дээр том ногоон өнгийн грашны зураг байсан 7 дугаар микрт байрлалтай граш байсан ба 5 мл зузаантай грашийг 1 сая төгрөгөөр худалдаж аваад засаж янзалсан. Гэр бүлээрээ амралтаараа Улаанбаатар хот руу явахаад ирэхэд машин дотор маань үер орж сэлбэгүүд маань норчихсон байсан болохоор тохирсон үнээр нь бүгдийг нь зараад 500 000 төгрөгтэй болсон. Нэг залуу ирээд та энэ грашийг худалдаж аваа юу гэхэд нь тиймээ худалдаж авсан гэхэд та ийм том грашаар яадгын та өөр граш худалдаж авахгүй юм уу гэхээр нь очоод үзье гээд үзэхэд урагшаа харсан, хаалга нь дэлгээстэй граш байсан, би тэр грашийг үзэхэд далд цоож байсан шинжгүй, зэвэнд идэгдсэн байсан, грашийн хаалгаар тонгойж харахад шалтай гэсэн мөртлөө шалгүй, дүүрэн шороотой эвгүй санагдаад грашийг 2 200 000 төгрөг дэндүү үнэтэй байна, худаллдаж авахгүй, би 1 сая төгрөгөөр том граш худалдаж авсан гэж хэлсэн. М  уг грашийг Хутаг-Өндөр лүү авч явмаар байна гэхээр нь болохгүй, хоёулаа хулгайн хэрэгт орно гэхэд та энэ грашийн эзнийг гарч ирэхээр 1 500 000 төгрөгөөр надад аваад өгөөч гэхэд нь анхны эзэн нь 2 500 000 төгрөг гэхэд та надад итгэхгүй байгаа юм уу, би хууль хүчний байгууллагад ажилладаг гал сөнөөгч, би 1 500 000 төгрөгөөр авсан юм та грашийн эзнээс нь надаа аваад өгчих гээд грашийг хөдөлгөхгүй болсон гэхэд нь 1 500 000 төгрөг дээр баримт үйлдсэн. Түүнээс надад хүн залилах, хулгай хийх сэтгэл байхгүй.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б  мэдүүлэхдээ “Би ковидын үед граш дээрээ очиж чадаагүй байсан. Өнгөрсөн жил граш дээрээ очиход байран дээрээ байгаагүй. Нилээн хүмүүсээс асуусан, хэд хэдэн грашууд онгорхой байсан. Грашийн маань нүүрийг цэнхрээр будаж, цоожийг нь сольсон байсан.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.М мэдүүлэхдээ “Б  ахын ярьж байгаа зүйл үнэн. Би утасны дугаарыг нь хараад залгасан. Онгорхой граш байна гэхээр нь 2 жил гаруй хугацаанд хүлээсэн. Б  ах руу утасдаж асуудаг байсан, хааяа очиход онгорхой байдаг байсан. Б  ахыг залилж, хуурсан зүйл байхгүй. 2 жил гаруй хугацаанд онгорхой байсан тэр грашийг харж байсан. Б  ахыг буруутай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч Ш.Б ын цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

            3. Хохирогч Ш.Б ын “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн ертөнцийн зүгээр урд талын хойшоо, урагшаа харсан эгнээний, урагш харсан 113 дугаартай гараж байхгүй алга болсон байсан. Тухайн үед Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн орчимын гаражуудын газрыг чөлөөлж зөөвөрлөж байсан юм. Тэгээд миний гараж хулгайд алдагдсан байсан. 2021 оны 06 дугаар сард гараж дээр очиж байсан. Тэрнээс хойш очихгүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр очсон юм. Миний гараж нь 6x3.5 метрийн урттай, төмөр, гараж өнгө нь саарал өнгийн, хаалга нь 3 хаалгатай 2 том дэлгэдэг хаалгатай нэг босоо хаалгатай дотор талдаа нууц цоожтой гадна талдаа зүүдэг цоожтой байсан юм. М аас гаражаа бүрэн бүтэн хүлээн авсан одоо хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй. Гаражаа алга болсныг мэдээд би Л  гэх хүнтэй утсаар холбоо барихад манай газрыг улс хурааж аваад удаж байна. Би чиний гараж хайчсан эсэх талаар хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. Би өөрийнхөө гаражийн дугаарыг асуухад миний гараж 113 дугаартай байсан байна гэж хэлсэн. Надад лав энэ талаар Л  ямар нэгэн зүйл хэлээгүй. Шүүх хуралд оролцох боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 15, 18, 132 дахь тал/

            4. Хохирогч Т.М ын “2021 оны 10 дугаар сард гараж хайж явж байтал Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн хойд талд байрлах гаражнууд дундаас авах гэж явж байгаад Б  гэдэг хүнтэй уулзаж асуусан. Би Б  ахтай уулзахад манай нэг найзын гараж байгаа хотод байдаг юм. Холбоо барьж байгаад зарах эсэхийг тодруулж байж болно гэж хэлсэн. Тэгээд өмнө нь нэг очсон чинь тухайн саарал өнгийн гараж нь дээр нүүрэн дээр нь өөрийнхөө утсаа бичээд залга гэж утсаа бичсэн байсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 2021 оны 10 дугаар сард худалдаж авахаар болж бичгэн гэрээ хийж 2 200 000 төгрөгөөр худалдаж авахаар болж би Б  ахад 1 500 000 төгрөгийг бэлнээр өгч эзэн нь ирэхээр нь үлдсэн 700 000 төгрөгийг өгөхөөр тогтсон юм. Тэгээд би тухайн гараж нь дотор эд зүйлийг цэвэрлэж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд тухайн гаражийг кранаар хөлсөлж ачуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах газар гаражуудын дунд байрлуулж тухайн гаражид гагнуурын ажил хийж, хог шороог нь машинаар ачсан. Гараж авахад онгорхой түгжээгүй байсан. Би тухайн гаражийг авахдаа Б  ах манай найзын гараж гэхээр нь авсан юм. Б  ахын гаражийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Б  ахаас би 1 500 000 хүлээн авсан. Гаражийн эзэн Б  ах надад засварын 500 000 төгрөгийг өгсөн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11, 20 дахь тал/

5. Сэжигтэн Г.Б гийн “ 2019 оны зун Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн урд талын гаражууд дундаас гараж 1 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан чинь нэг архи уусан согтуу эрэгтэй хүн би гаражаа 2 200 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд та гаражаа авахаа болиод миний гражийг авчих гэхээр нь үзсэн чинь хаалга үүд нь дэлгээтэй, дотор нь хүмүүс орж бааж, шээсэн гараж байхаар нь аваагүй юм. Тэгээд надаас тэр эрэгтэй хүн 100 000 төгрөг аваад гараж авах хүн сураглаж байгаарай гэж хэлээд явсан. Гаражаа зарчихвал та мөнгөө суутгаад аваарай гэсэн юм. Тэрнээс хойш тэр залуутай уулзаагүй. М  гэх залуу зарах гараж байна уу гэхээр нь би 2019 онд нэг залуутай уулзаж байсан юм гаражаа 2 200 000 төгрөгөөр зарна гэж байсан, эзэнгүй байгаа гэж хэлсэн. М  гэдэг залуу 1 500 000 төгрөгийн бэлэн өгөөд эзэн нь ирэхээр 700 000 төгрөгийг өгнө гэж хэлээд бид хоёр бичгэн гэрээ үйлдэж надад 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тэгээд би М аас ингэж авч болох юм уу гэж асуусан чинь зүгээрээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дахь тал/

6. Г.Б гийн мөрдөгчид гаргаж өгсөн М , Г.Б нарын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хавтаст хэргийн 38 дахь тал/,

            7. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/4312 дугаартай “Төмөр гараж /6x3.5 м2/ 1 ширхэг 9.500.000 төгрөг/ зах зээлийн үнэ/” гэсэн үнэлгээ. /хавтаст хэргийн 30-32 дахь тал/

            8. Г.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/,

            9. Гэрч Д.Л “миний бие 2004-2015 оны хооронд 7 дугаар хорооллын замын урд талд 14500 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газар эзэмшиж байсан. Би өөрийн эзэмшлийн газартаа хүмүүсийн гаражийг түрээсээр байршуулдаг байсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан Ш.Б  гэх хүн өөрийн төмөр гаражаа миний газарт байрлуулж байсан. Энэ гаражийг Б ын гараж гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Хаалга нь дээр нь тоо байх ёстой тэрийг будчихсан байгаа учир би хэлж мэдэхгүй байна. Надаас ямар нэгэн хүн гараж худалдаж авах талаар төмөр гаражуудын эзнийг нь хайж сурагласан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Б ын эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6*3,5 харьцаатай грашийг эзэмших эрхийг хүч хэрэглэхгүйгээр, Иргэний хуульд заасан захиран зарцуулах эрх олгогдоогүй байхад хохирогч Т.М-т худалдан борлуулсан. Мөн найзын грашийг автомашины грашийн эзэн ирэхээр үлдэгдэл 700 000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-гхүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлөгдсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д   дүгнэлтдээ “Ш.Б ын грашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан, хулгайлсан эд хөрөнгөө өөрийн хөрөнгө мэтээр танилцуулж хохирогч Т.М-т залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтаар зүйлчлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үзэх байх, урьдчилан хэлэлцүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тодруул гэсэн боловч 2 хохирогч, 2 зүйл хэсгээр зүйлчилсэн. Хохирогч нарын өгсөн мэдүүлгийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Хохирогч Ш.Б  нь Согоот багт граштай байсан, уг грашийг нь 2022 оны 7 дугаар сард байхад нь байхгүй байсан гэдэг. Тухайн граш нь ямар эзэмшлийн газар дээр хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байдлыг шалгуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Хөрөнгө буюу Ш.Б ын грашийг хэрхэн яаж хулгайлсан бэ, Б ын зөвшөөрөлгүй нууцаар авахыг хулгайн хэрэг гэж үзнэ. Тухайн үедээ түрээсийн грашуудыг байлгаж байсан гэх Д.Л гийн мэдүүлгээр шүүгдэгч, хохирогчийн хэлж байгаа 2021, 2022 онд грашийн эзэмшлийн газраас тухайн грашууд хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, гээгдэл хөрөнгө шиг байсан. Гэтэл гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Хохирогч Т.М надад граш авах хүсэл зориг байсан, граш хайж байсан, Г.Б надад граш хэлж, эдгээр хүмүүсийн хэлж байгаагаар 3 жилийн хугацаанд эзэн нь хэн юм бол гэж хэлсэн. Т.М өөрөө санаачлагаар 1 500 000 төгрөгийг Г.Б-д аваачиж өгсөн. Хулгайн хэрэг хаана байгаа вэ, мөн хохирогч Т.М-т хэрхэн залилж байгаа үйлдэл байгаа вэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-д заасан хууран мэхэлж төөрөгдүүлж хөрөнгийг авсан гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан буюу хэлж байгаа зүйлүүд нь гэмт хэргийн шинж бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Хохирогч Ш.Б  өөрийнхөө эд хөрөнгийг алдах, Т.М анхнаасаа грашийг өөр хүний эд зүйл мөнгө гэдгийг мэдэж байгаа мэтээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэргийг бүрэлдэхүүнтэй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол төлбөрийн асуудал яригдахгүй бөгөөд хохирогч Т.М , Ш.Б од эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Г.Б-ггэм буруутай гэж үзэх баримт байхгүй байна. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна, бусдын хөрөнгийг хулгайлах, залилсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасны дагуу миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол хор уршигийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Б ын цагдаагийн газарт гаргасан гомдол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ш.Б ын “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн ертөнцийн зүгээр урд талын хойшоо, урагшаа харсан эгнээний, урагш харсан 113 дугаартай гараж байхгүй алга болсон байсан. Миний гараж нь 6x3.5 метрийн урттай, төмөр, граж өнгө нь саарал өнгийн, хаалга нь 3 хаалгатай 2 том дэлгэдэг хаалгатай нэг босоо хаалгатай дотор талдаа нууц цоожтой гадна талдаа зүүдэг цоожтой байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Т.М ын “Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 2021 оны 10 дугаар сард худалдаж авахаар болж бичгэн гэрээ хийж 2.200.000 төгрөгөөр худалдаж авахаар болж би Б  ахад 1.500.000 төгрөгийг бэлнээр өгч эзэн нь ирэхээр нь үлдсэн 700.000 төгрөгийг өгөхөөр тогтсон юм” гэх мэдүүлэг, сэжигтэн Г.Б гийн “М  гэдэг залуу 1 500 000 төгрөгийн бэлэн өгөөд эзэн нь ирэхээр 700 000 төгрөгийг өгнө гэж хэлээд бид хоёр бичгэн гэрээ үйлдэж надаа 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн юм” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шижээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/4312 дугаартай үнэлгээ, “М , Г.Б нарын мөнгө хүлээлцсэн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ш.Б ын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6x3.5 м2 төмөр гаражийг иргэн Т.М-т 2 200 000 төгрөгөөр тооцон худалдаж, 1 500 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар залилах болон хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Г.Б нь уг гаражийг захиран зарцуулах эрхгүй гэдэгийг хохирогч Т.М мэдэж байсан бөгөөд Г.Б , Т.М нар аль аль нь гаражийн эзэмшигч, өмчлөгчийг хайсан боловч олоогүй гэж мэдүүлдэг. Хохирогч Т.М мэдүүлэхдээ “гаражийн эзэн нь олдохгүй байсан тул би Б  ах дээр очоод 1,5 сая төгрөгийг нь өгчихье, үлдсэн 700 000 төгрөгийг нь эзнийг олохоор өгөе гэж хэлээд мөнгөө өгч гаражийг хуучин байсан газраас 200-300 метр орчим газар зөөж байрлуулаад, будаж янзлаад хэрэглэсэн. Б  ах гаражаа буцааж авсан” гэж мэдүүлдэг, хохирогч Ш.Б  мэдүүлэхдээ “гараж маань алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд буцаж ирээд хайгаад явж байтал манай гаражийг өөр газарт зөөж тавьсан байсан. Тэгэхээр хүнээс асууж М тай утсаар холбогдсон. Гаражаа буцааж авсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “М  гараж хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь тэгвэл баримт үйлдэнэ гэж хэлээд 1,5 сая төгрөгийг авч баримт үйлдээд мөнгийг гараждаа хадгалж байсан” гэж мэдүүлсэн байна. Дээрхи мэдүүлгүүдээр Г.Б нь Т.М-т хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх үйлдэл, мөн Ш.Б ын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэх үйлдэл тус тус тогтоогдохгүй байна. Г.Б гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж, ашиг олох гэсэн шунахай сэдэлт тогтоогдохгүй байна.

 

            Иймд Орхон аймгийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Замт овгийн Гомбожавын Б д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-гцагаатгах нь зүйтэй.

 

            2. Хэрэгт хамаарал бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Г Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-гцагаатгасугай.

2. Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС